2024-12-05, Пүрэв
-12 C
Ulaanbaatar

“Эрдэнэс Монгол”-ын манлайлал

Монголын хамгийн том төрийн өмчит компанийн үе үеийн захирлууд “Эрдэнэс Монгол”-ыг Сингапурын “Темасек” шиг болгож хөгжүүлэх агуу “мөрөөдөл”-тэй байж ирсэн.

Бүр арваад жилийн өмнөөс л энэ компанийн жишиг загварыг судлахаар арлын улс руу томилолт өвөртлөн мордоцгоодог байлаа. “Баялгийн сан”-тай болно гэж бас Норвеги руу мөн ч их явсан даа.

Гэвч тэрхүү гэгээн мөрөөдөл нь эх орондоо ирээд л “замхарч” алга болно. Захирлууд нь солигдоод тэгсхийгээд өнгөрнө.

Үндэсний баялгийн сангийн хууль гэж “дуншаад” төрдөггүй хуулийн төсөлтэй цөөнгүй Засаг, салбарын яамдууд зууралдаж ирсэн ч нэг л явж өгдөггүй.

Эрдэнэс Монгол”-ыг ирээдүйн Баялгийн сан болгох амбиц сонгуулийн дараа Засгийн эрх авсан намын бодлого, уул уурхайн салбарт эзэн суух сонирхолтой улс төрийн фракцуудын “зодоон” зэрэг олон хүчин зүйлийн улмаас “Эрдэнэс Монгол” үнэндээ “цаасан” дээрх компаниас хэтэрч чаддаггүй байв.

Стратегийн ач холбогдол бүхий стратегийн ордуудын төрийн хувь эзэмшил “Эрдэнэс Монгол”-д УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор олгогдсон хэрнээ тэднийгээ хөдөлгөх эрх мэдэлгүйн дээр ашигт малтмалын эдгээр ордын тусгай зөвшөөрлийг хэдхэн улс төрчид дээр дооргүй хуваагаад эзэмшчихсэн тийм л нөхцөлд амьдарч ирсэн нь үнэн.

НаранцогтМанлайллын дутагдалтай, компанийн бүтэц, үйл ажиллагаа тодорхойгүй, оновчгүй, нэгдсэн стратеги төлөвлөлтгүй, хүний нөөцийн чадамжгүй гээд олон олон зовлонд ээрэгдсэн “Эрдэнэс Монгол” компанийг С.Наранцогт захирал удирдаж эхлээд нэг жил болоогүй байна.

Маш амаргүй, олон хүнд асуудалтай тэр эхлээд тулгарсан. Магадгүй, энэ бүхэн түүнд урьд өмнө төсөөлж байгаагүй томоохон сорилт болсон биз ээ. Гэхдээ тэр жил хүрэхгүй хугацаанд Засгийн дэмжлэгтэйгээр чамгүй олон ажлын ард гарчээ. “Эрдэнэс Монгол” нэгдэл бодлого, зарчмын хувьд ерөнхийдөө зөв хандлага, менежментээ тогтоож байгаа нь харагдана.

Төрд буцаан авсан компаниудыг тойрсон элдэв хэл ам, улс төрд бугшсан фракцуудын үйл хөдлөл, янз бүрийн захиалгат хэвлэлийн дайралт гээд нэгдлийн Гүйцэтгэх захирал “есөн шид”-ийн л адармаатай юм үзэж яваа.

Наранцогт“Эрдэнэс Монгол”-ын удирдлагад ирсэн хүн бүр ийм замналыг туулдаг нь бичигдээгүй “хуультай” л даа.

Оюу Толгой, Таван толгой хоёроос өөр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсан “Эрдэнэс Монгол” нэгдэл өнөөдөр “Монгол Улсын баатар” Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Эрдэнэс Баянбогд” ХХК зэрэг 5 компанийг нэгдэлдээ нэгтгэв.

Олон улсын хөрөнгийн биржид IPO гарах нэрийдлээр Уул уурхайн яамны харьяанд очсон “Эрдэнэс Тавантолгой” компаниа буцааж авсан нь “Эрдэнэс Монгол”-ын зөв алхам байв. “Нүүрсний хулгайчид”-тай тэмцэв. Асуудлууд мэдээж дуусаагүй, шийдэгдээгүй байна.

Ердөө нэг сарын өмнө (7.05) Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Цемент Шохой” ТӨХК-ийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд шилжүүллээ. Хувь эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” хэрэгжүүлэх эрхтэй боллоо.

Ингээд тоймлоод харвал, үйл ажиллагааны цар хүрээний хувьд төрийн өмчит, уул уурхай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүх компанид “Эрдэнэс Монгол” гэдэг “аав” дээрээ ирлээ.

Талын нэг тарсан, хувь хувьсгалын олон этгээдийн гарт хууль бусаар ороод байсан “хүүхдүүд”-ээ өрх гэртээ цуглуулж авсан “эцэг” улам ч хашир хариуцлагатай ажиллан, өнөө олон жил яригдсан Баялгийн сангаа ном ёсоор нь байгуулах боломж аажмаар нээгдэж байна гэж хэлж болно.

Засгийн газраас “Эрдэнэс Монгол”-ын дүрэмд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж, нэгдлийн охин, хараат компаниудыг Зэс, металлын групп болон Нүүрс, эрчим хүчний группын зарчмаар ажиллуулахаар болсон нь бүтэц, хийгээд бодлогын хувьд илүү цэгцтэй, ойлгомжтой болгож байгаа.

Тус нэгдлийн 15 жилийн үндсэн чиглэл, 5 жилийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, үр дүнгийн төсөөллөө хийсэн нь ирээдүйд ямар зураг, томьёогоор явах вэ гэдгийг мөн ойлгомжтой, тодорхой болгож өгсөн гэж бодогдоно.

“Эрдэнэс Монгол”-ын үе үеийн захирлууд компанийн хүрээнд хийх ажлаа төр засагт танилцуулах гэхээр өмнө нь охин компаниудын эмх замбараагүй байдал хүндрэл учруулдаг байсан.

Одоо тиймгүй, зөвхөн толгой компаниар дамжуулаад нэг шугамаар, асуудлаа нэг тогоондоо яриад шийдвэрлэхэд илүүтэй дөхөм болж буй биз ээ.

НаранцогтГадаадын хөрөнгө оруулагчид ч толгой эргэм олон охин компаниудтай холбогдож, хэрэгжих эсэх нь баталгаагүй төслүүд рүү орж явснаас ганц толгой компанитай ойлголцох нь хамаагүй дээр.

“Эрдэнэт үйлдвэр”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Бор-Өндөр”-ийг түшиглэн байгуулах Үйлдвэр, технологийн паркуудад хөрөнгө оруулагчдыг урихдаа нэгдлийн түвшиндээ ярилцаад шийдвэр гаргана гэсэн үг.

Зарим үр ашиггүй охин компаниудаа татан буулгаж, заримыг нь нэгтгэж, үйл ажиллагааны хувьд жигдрүүлэх хандлагыг баримталж байгаа нь “Эрдэнэс Монгол”-ын хувьд стратегийн зөв шийдэл.

С.Наранцогт захирал “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэнэ” хэмээн хэвлэлд өгүүлжээ.

Энэ хүрээндээ “Цемент Шохой” ТӨХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлантай биеэр танилцаж.

Чухамдаа “Эрдэнэс Монгол” нэгдэл шинэчлэн зохион байгуулагдаж, группийн зарчмаар ажиллаж эхэлснээс хойш охин, харьяа компаниудын улирал, хагас жил, жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг тогтмол сонсдог, тулгамдсан асуудлуудыг нь хамтдаа шийддэг болж байна.

Төрд буцаан авсанаас хойш жил тойрон маргаанаас салаагүй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК оны эхний хагас жилд 12.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн мэдээг түгээв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, “Эрдэнэс Монгол” компани, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд зургаадугаар сард “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент Шохой” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Энэ үеэрээ “Үйлдвэр төрийн өмчид шилжсэн цаг үеэс хойш Л.Наранбаатар тэргүүтэй удирдлагууд 10 жилийн дараа үйлдвэрлэлийг хүчин чадал нь хүргэжээ” хэмээгээд Засгийн газрын нэрийн өмнөөс талархлын үгээ илэрхийлсэн.

Үргэлжид хэл ам дагуулж ирсэн төрийн өмчит компанийг амаргүй цаг үед удирдаж амжилтад хүргэсэн гэх түүний үг “Эрдэнэс Монгол”-ын бусад охин компаниуд цаашид хэрхэн үр ашигтай ажиллаж болохыг давхар сануулсан хэрэг байлаа.

2023 оны эхний хагас жилд “Цемент шохой” ТӨХК нь шохойн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 96.3%-тай, охин компани “Хөтөл энержи дулаан” ХХК нь 109%-ийн гүйцэтгэлтэй ажиллаа гэсэн сайн мэдээг мөн “Эрдэнэс Монгол”-ынхонд дуулгалаа.

Тус компани Шохойн үйлдвэрийнхээ төслийн ТЭЗҮ-ийг хийж дуусгажээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ТЭЗҮ-гээ батлуулахаар өгсөн ба санхүүжилтын асуудлаа шийдвэрлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хэлцэл хийж байгаа аж.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн тухайд 2023 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөгөө 100.0-113.9 хувиар биелүүлжээ. Онцолбол, 19.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар, 18.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар, 302.7 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 2.97 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 113.9 хувиар тус тус биелүүлж ажилласан байна.

Эндээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд шилжиж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Цемент Шохой” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК бүгд ашигтай сайн ажилласан нь харагдана.

Гэхдээ бүх зүйл сайхан болчихсон гэсэн зүйл биш. Ээдрээтэй, адармаатай олон асуудал байсаар байна. Энэ бүхэнд “Эрдэнэс Монгол” нэгдэл хэрхэн манлайлал үзүүлэхээс хамаарна. Засгийн газар ч, “Эрдэнэс Монгол”-ынхон ч үүнийгээ сайн мэдэрч, асуудалд хандаж буй нь илэрхий байна.

“Төрийн өмчийн компаниудын сэргэлт Эрдэнэс Монголоос эхлэнэ” гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Аж үйлдвэржилтийн сэргэлт” зөвлөгөөний үеэр хэлж байв.

Тэрхүү сэргэлтийг Засгийн газар дагуулж явах учиртай. ЗГХЭГ-ын дарга нь өөрөө “Эрдэнэс Монгол”-ын нэгдлийн харьяанд байгаа компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тайлан мэдээг дэргэдээс нь сонсож, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг анхааралдаа авч байна.

Гэхдээ Засгийн газар “Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлд өндөр ач холбогдол өгч ажиллах нь зүй хэдий ч харьяа, компаниудынх нь бизнесийн шийдвэрт оролцохгүй байх учиртай. Энэ бол зарчим. Тийм ч бодлого, шийдвэртэй ажиллаж байгаа гэж найдна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл шийдвэрээ өөрөө гаргаад явах Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй болсон гэж харж байгаа.

Сонгон шалгаруулалтаар шинэчлэгдсэн удирдлагын багийн үйл ажиллагаа “Эрдэнэс Монгол”-ын манлайллыг олон нийтэд үзүүлэх биз ээ.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img