2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Зуун жил бүжиглэсэн 110 настай Эйлийн Крамер

Манай сайтын “Будаггүй амьдрал” булангийн тод зочдын нэг бол дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй өндөр настнууд. Өөр, өөрийнхөөрөө ертөнцөө бүтээж яваа тэдний амьдрал олон олон хүнд урам зориг, итгэл найдвар өгдөг. Энэ удаагийн зочин маань дэлхийн хамгийн ахмад бүжигчин эмэгтэй. “Амьдрал бол бүжиг” гэдэг үгийг амьдралаараа баталсан түүний ертөнцөд тавтай морил.

Эйлийн КрамерЦас малгайлан орж, манайд ид хүйтэрч байхад Австралид аагим халуун эхэлж дэлгэр зун болж байдаг. Зуны энэ үдэш ”амьд эрдэнэ” хэмээн нэрлэгдсэн, өдгөө 110 нас хүрч буй, Эйлийн Крамерын амьдралын тухай гайхам сайхан нэвтрүүлгийг цэнхэр дэлгэцээр үзлээ.

Эйлийн “100 жилийн турш бүжиглэж байна” гэхийг сонсоод итгэж өгөхгүй гайхашрав. Тэр бүтэн зууны турш бүжиглэсэн гэж үү… Нэг л сэтгэлд бууж, ухаанд багтахгүй байсныг нуух юун.

Эйлийн Крамер1914 онд 11 сарын 8 төрсөн гээд л бодохоор бүхэл бүтэн нэгэн зуун, хүн төрөлхтөний түүхийн амьд гэрч болж үлдсэн цөөхөн хүний нэгэн юм.

Бүдүүн баргаар тоймлоё л доо. Дэлхийн 1, 2 дугаар дайн, атомын бөмбөг, хүйтэн дайны үе, сансар судлал, машин техник, онгоц пуужингийн хөгжил, наад зах нь гэхэд гутал хувцас, харандаа бэх, харилцаа холбоо цахим сүлжээнд ортол ямар ихийг үзэж, ямар сониныг туулаа бол гэж төсөөлөхөд л гайхам.

Сидней хотынхоо алдарт гүүрэн дээр, цагаахан даашинзаа намируулж, цал буурал үсээ задгай тавьсан Эйлийн Крамер найз нартайгаа төрсөн өдрөө тэмдэглэсэн шигээ явж байх нь дэлгэцээр хөвөрнө. Бүжгийн ажлаа хийсээр яваа эгэл жирийн хэрнээ “эгэлгүй” энэ эмэгтэй зохиолч, зураач, жүжигчин, загвар зохион бүтээгч, бүжиг дэглэгч- балетмейстер хүн аж.

Австралчуудын хайртай бүжигчин эмэгтэй 109 насныхаа ойд уригдсан гийчин зочиддоо бүжгийн хичээлээ зааж баяраа давхар тэмдэглэж байгаа нь энэ.

Түүний ярианаас санаанд тод үлдсэн хэсгийг уншигчидтайгаа хуваалцъя.

  • Хүний бие гэдэг сар, жилээр хувиран өөрчлөгдөх ч гар, хөл, чих, арьс, нүд гээд тус бүрдээ зуун зуун дурсамжуудыг хадгалсаар ирдэг юм байна.
  • Эйлийн КрамерНадад маш ганган толь бий. Би тольгүйгээр нэг өдөр ч байж үзээгүй. Толь гэдэг энэ сайхан эд, миний амьдралд маш том орон зай эзлэдэг. Аль бага балчир байхаасаа л бие, гар хөлнийхөө бүх хөдөлгөөн, харцаа, хараагаа хүртэл толинд харж байж өөрчилнө, засна, сайжруулна.Ганц би ч биш, бүжигчин, жүжигчин урлаг уран сайхны хүмүүсийг тольгүйгээр төсөөлөхийн аргагүй.
  • Өндөр настай учраас би олон цагаар зогсож, үсэрч харайж бүжиглэж чадахгүй нь хүн бүхэнд мэдээжийн ойлгомжтой. Гэхдээ гоё сайхан хувцас өмсөж, ээмэг бөгжөө зүүж, нүүрээ хөнгөхөн будаж, уруулаа шунхдаж, нүүрэндээ өнгө өгөөд толинд харахад ямар сайхан байдаг гээ. Өөрийгөө гоёж дуусахад сэтгэл сэвхийгээд л ирнэ. Тэгээд л хийх ажилдаа яаран ордог доо. Эмэгтэй хүний л зан.
  • Эйлийн КрамерБи гоё ганган байх их дуртай, хүмүүст дандаа сайхан харагдах юмсан гэж одоо ч гэсэн боддог. Толиныхоо өмнө суучихаад, хэдэн цагаар ч хамаагүй бүжиглэж, бүжигээ дэглэж байхад цаг өнгөрч буйг огт анзаардаггүй. Ийн ажиллаж байхад олон мянган дурсамж сэтгэл зүрхэнд амилж, яг л хөвж яваа үүл мэт санагддаг. Бие цаанаасаа хөнгөрөх нь гайхалтай мэдрэмж шүү. Нэг ёсны бясалгал, баяр баясал, амралт, бие, ой ухааны дасгал юм даа, бүжиг гэдэг. Бясалгангаа, амьдралын сайхныг таашаангаа ажлаа хийнэ гэдэг агуу тансаглал биш гэж үү.
  • Алаг дэлхий бөөрөнхий, амьдрал хэмээгч ээлжтэй гэдэг юутай үнэн. Нэгэн үед хүн болгон надаас ахмад байлаа. Гэтэл одоо би хамгийн настай нь. Ингээд бодоход заримдаа итгэмээргүй ч азтай юм аа гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.
  • Би Сидней хотын унаган охин. Нүд гялбам цэнхэр далайдаа сэлж, биеэ наранд шарж, элсэн дээр хөл нүцгэн гүйж өссөн. Хот маань надаас 60 гаруйхан насаар ах гээд бод доо. Ингэхээр би их “залуухан” байгаа биз (хөгжилтэй инээв).
  • Эйлийн КрамерАав ээж хоёр маань намайг, нэг л өдөр мундаг эрдэмтэн болно хэмээн ярьж мөрөөддөг байлаа. Тэр үед нэг найзынхаа төрсөн өдөрт уригдаж очив оо. Тэнд нэг их сонин хүнтэй таарсан юм. Нэрийг нь таг мартчихаж. Тэр хачирхалтай хүнийг манай найзууд “Хүний хувь заяа, төөрөг тавиланг мэргэлж яг хэлдэг” гэж өөр зуураа шивнэлдээд л…

Хүүхдүүд нэг нэгийгээ дуурайдаг хойно, би өнөөх хүнээр хувь заяагаа мэргэлүүлэхээр яваад очлоо. Тэр хүн “Чи тайзан дээр л байх тавилантай. Дуучин болох хувь заяатай охин байна” гэдэг байгаа. Энэ үг л миний сэтгэлд үүрд үлдчихсэн. Ингээд 1933 онд нутгийн багшаар дуу, төгөлдөр хуурын хичээл заалгаж, удалгүй Сиднейн Хөгжмийн сургуульд сурсан даа. Аяндаа л бүжиг миний сэтгэлийг татаж, Австралийн хамгийн анхны орчин цагийн бүжгийн хамтлагт, цыган бүжиг бүжиж эхэлсэн.

Эйлийн КрамерДараа нь Шинэ Зеланд, Энэтхэг Мумбайд тоглолт хийж анхны хайртайгаа учирч аз жаргалтай он жилүүд хөврөөд л ажиллаад л, аялаад л явлаа. Парис, Нью-Йорк, Лондон, Кэйптаун гээд сайхан газруудаар явсан. Тэр дундаас бүхнээс онцгой нь, бүгдээс сайхан нь “сайн хүн”, “сайхан хүмүүс”-тэй уулзаж нөхөрлөх байлаа. Парист алдарт Луйс Армстронгтой уулзахад тэр надад “Твист” бүжиг зааж өгч байсан нь санаанаас гардаггүй юм. За тэгээд нэрт дуучин Элла Фицджеральд гээд яривал дэлхийн сор гэгдэх хүмүүстэй таарч явснаа яахан мартахав.

1917 он. Ээж, ахынхаа хамт

Бодоод байх нь ээ аливааг хайрлах хайр гэдэг хүний хамгийн дээд эрхэм чанар. Миний хайртай залуу Баруч Шадми маань кино найруулагч байв. Бид хоёр хамтарч 1960 -аад онуудад адал явдалт болон анимэ кино хийж байсан юм. Би нийтдээ 400 гаруй том, жижиг дүрийг бүжиглэж бүтээсэн шүү. Ид сайхан ажиллаж байтал тэр маань гэнэт цус харвачихсан. 18 жил түүнийгээ асарч тойлсон ч 1987 онд таалал болсон доо.

110 настан

Хоёр дахь нөхөр маань яг над шиг бэлэвсэрч үлдсэн 80 гарч яваа Билл Туквиллер гэдэг сайхан эр байлаа. Би тэр үед 70 гаруй настай байсан юм. Биесээ хайрлаж маш аз жаргалтай амьдралыг хамтдаа туулсан. Нөхрөө алдсаны дараа 60 жилийн хойно, 99 настайдаа сэтгэлд уяатай төрөлх хот Сиднейдээ ирсэн. Шувуудын дуу, модны үнэрийг нь жигтэйхэн ихээр саначихсан ирсэн дээ. Эх орон элгэн садандаа эргэж ирэхэд намайг хайрлан тэвэрч авсан.

Би дөч гарсан хойноо гэр бүл зохиосон болохоор тэр үү үр хүүхэд заяасангүй. Гэвч амьдрал намайг өдий болтол бүжиглүүлэж байгаад аз жаргалаар дүүрэн явдаг.

Төгсгөлд өгүүлэх нь:

Гайхалтай намтартай бүжигчин эмэгтэй нутагтаа ирээд арваад жил болжээ. Энэ хугацаанд, хоёр том бүжгэн жүжиг, гурван бүжгийн кино, хоёр бүжгийн фестиваль, телевизийн цувралууд, тайзны тоглолтууд, гурван видеонд бүжиглэжээ. Мөн хоёр ч ном бичиж хэвлүүлсэн аж. Хүртсэн шагналууд нь хэдэн аравнаар хэмжигдэнэ. Хөл хорионы үед зохиолоо бичиж, уран зураг зурж, есөн бүжигчнийхээ хувцасны загварыг гарган оёж байсан гэнэ.

Эйлийн Крамер

Эйлийн Крамер ахмад үеийнхэнд сэтгэлийн урам зориг өгч амьдралаас сайн сайхныг олж харах, хүнд хэрэгтэй зүйл хийж бүтээхийн баяр баясгаланг биеэрээ үлгэрлэдэг нэгэн. Урлаг эрүүл мэндийн институттэй хамтарч мөнгө босгохоос гадна төрсөн өдрүүдэд бүжиглэж олсон мөнгөө шинэ залуу бүжигчдийн бэлтгэлийн заал, хувцас, тоглолтын театрын түрээсэнд зориулдаг аж. Мөнгөн гялгар балетын модон шаахай- каски өмсч, гялалзаж гялтагнасан ээмэг бөгжөөр гоёсон Эйлийн Крамер туяхан бугуйн дахь бугуйвчаа шажигнуулан уян зөөлнөөр үелзэн бүжиглэх нь мөнгөн дагина үүлс дундуур хөвөх мэт ихэмсэг, янз донжтой харагдана.

Эйлийн Крамер

  Эйлийн Крамер

Эйлийн Крамер

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img