2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

63-тай модел Ирвин: Биеэ зөв авч явдаг, гэр бүлдээ түшигтэй хүн бүр орчлонгийн хамгийн сайхан эр

“Хүн сайхан байх учиртай. Аа гэхдээ хөөрхөн, сайхан хоёрын хооронд ялгаа бий. Зүс царай өнгөлөг, бие бялдар тэгш, чанга байхад л эр хүн уг нь болчихож байгаа юм. Дээр нь яахав, сахал зохивол тавьчихад гэмгүй. Эр хүнийхээ бас нэг онцлог шинжээ харуулаад аятайхан л харагддаг юм. Гэхдээ сайхан эр хүний хамгийн гол зүйл нь биеэ зөв сайхан авч явахаас гадна гэр бүлдээ нөмөр нөөлөгтэй байх. Ийм бол та тэгээд энэ орчлонгийн хамгийн сайхан эр хүн" хэмээн Ирвин Рэндл ярьж байна. Тэр 63 настай. Багш мэргэжилтэй. Америкийн Хьюстон хотын дунд сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хүрд цээжлүүлэхээс эхлээд ахлах ангийнханд математикийн ойлгоход адармаатай бодлого, арга теоромыг 25 жилийн турш заасан нэгэн. Тэр сайн багш, сайн аав, сайн өвөө. Загварлаг, дэгжин Ирвин мастерын зэрэгтэй.

Жаран нас давсан ч өнгөлөг зүс царайтай,тэгш сайхан биетэй яваа тэрээр “People”, Cosmopolitan”,“ Esquire”, “Essence”, “TMZ’-гийн дуранд өртжээ. Ирвиний “ид шид” ингээд дуусахгүй. Телевизийн нэвтрүүлэгт орж, хичээлээ зааж, загвар үзүүлж, түмэн завгүй амьдардаг.

Фэйсбүүк болон цахим орчинд угийн дургүй багш найзуудтайгаа яриа хөөрөө болж суутал, нөхөд нь түүнийг “Чи дуугүй л хэдхэн зургаа фэйсбүүктээ тавьчих” гэж ятгаж, шахахыг зэрэгцүүлсэн гэдэг. Тэгээд л 2016 оны нэгэн амралтын өдрөөр Ирвин хамгийн анх хэд хэдэн зураг фэйсбүүктээ оруулчихаад нэг их юм бодолгүй унтаад өгч. За тэгээд өглөө болдгоороо болж, Ирвин зуны сургуультай тул хичээлийнхээ бэлтгэлийг хийхээр босчээ. 7:30 цагийн үед компьютерийн өрөөндөө бичиг цаасан дунд сууж байтал шавь нар нь гэнэтхэн л бөөн шуугиан болоод явчихаж.

Ирвэн багш
Ирвин багш хичээл завсарлагааны үеэр

Сурагчид нь зэрэг зэрэг “Багшаа, багшаа, мистер Ирвин таны зураг интернэтээр дүүрэн, хаа сайгүй байна” гэж залгацгаав. Утасных нь дуудлага хэсэгтээ хангинасан гэдэг.

Түүний эгэл жирийн амьдрал энэ өдрөөс хойш орвонгоороо эргэчих шиг л болж. Амралтын өдрийн орой оруулсан хэдэн зургийг нь хэдэн мянган хүмүүс шэйр хийж, инстаграм түүний зургаар “амьсгалж” байв. Төд удалгүй танихгүй хүмүүс ч олноороо залгаж эхэлжээ.

Ирвэн багш
Ач хүүтэйгээ

Мөнгө хэрэг болох үедээ хааяахан залгадаг охин нь хүртэл Лос Анжелос хотод нь өглөөний таван цаг болж байхад утасдаж “Ааваа таны зураг Facebook, Twitter, Instagram-аар дүүрчихэж. Ёстой аймаар хурдтай тархаж байна” гэхэд нь Ирвин сандарч “Зогсоох арга байна уу, миний охин” гэж л дээ. Гэтэл охин нь утасны цаана хахаж цацан инээснээ гэнэтхэн таг болчихов. Тэгсний эцэст “Ааваа та одоо яагаад ч нэмэргүй, үүнийг хэн ч зогсоож чадахгүй” гэжээ.

загвар
Түүний хоёр шавь дээд сургуулиа онц төгсөөд баяртаа багшийгаа урьжээ.

Түүний зургийн доор зөвхөн Африкийн Нигер (Найжирия хэмээх дууддаг) улсаас л гэхэд 7 сая хүн лайк даржээ.Тун удалгүй захирал нь ангид нь орж ирж “Ийм юм болно гэдгийг чи төсөөлж байсан уу” хэмээн сонирхож лавласан гэдэг. Цочирдлоосоо бүрэн гараагүй, хамаг биенийх нь хар хөлс цувсан Ирвин тэр үед захиралдаа бие нь таагүй байгааг хэлж чөлөө хүсчээ. Захирал нь ч түүнд “Гэртээ хариад сайхан уужирч ав” гэж хэлээд чөлөө өгчээ.

Түүний зургуудыг анх шэйр хийж цааш нь тараасан залуу нь ядаж байхад ”#Чиний эмээгийн зүрх сэтгэлийг булаах эр“ гэсэн утга бүхий сүртэй тодотгол биччихсэн байж. Залуугийн хуваалцсан зургууд тэр даруй даян дэлхийгээр тархжээ.

Ирвин багш, # тэмдэг болон өнөөх сүржин үгсийг хармагц л дүрсхийж “надад хэн нэгэн эмээгийн зүрх сэтгэлийг татах гэсэн тийм санаа бодол огт байхгүй” хэмээн бухимдсан гэдэг. Сошиал давалгаа залуугийн сүржин үгээр зогссонгүй. Олон орны хүмүүс өөр өөрийн хэлээр “ Энэ хэн гэгч өвөө вэ” гээд бичилцэж гарч. Тэр бүхэн Ирвинд тун таагүй санагдаж байжээ.

загвар
“Мөнгөн үнэг” бүлгэмийнхэн.

Гэнэтийн шоконд орсон мань эр хэсэг амсхийж, тайвширч аваад хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншиж гарав. Хүмүүс Ирвинд дандаа сайн сайхан өөдрөг урмын үгс илгээжээ. Зургуудыг нь харж, урам авснаа, сайхан байгаад нь талархаж, бахархаж суугаагаа илэрхийлсэн хүмүүс маш олон байж. Хэдэн зуу, хэдэн мянга, хэдэн сая хүн түүнийг ийн магтаж, хайрлан хүндэлж буйгаа бичсэн олон олон сэтгэгдэл нүднийх нь өмнө хөврөв. Энэ бүхнийг уншмагц Ирвин багшийн сэтгэл эргэж бухимдал нь нэг л өөр мэдрэмж болж хувирчээ. Нэг л хачин хэрнээ нэг л таатай мэдрэмжид эзлүүлснээ Ирвин бүр хожим дурссан нь бий.

Түүнд дэлхийн 50 гаруй орны 25-35 насны залуусаас биеэ сайхан авч явдагт нь талархаж, энгийн эрэгтэй хүн гэдэг ийм сайхан буйг дэмжсэн олон чат иржээ. Хувцасны сонголт хэлбэр загварыг нь биширсэн хүмүүс бүр сайхан хувцаслах зөвлөгөө хүртэл сонирхох болж. Ямар хувцас, гутлыг аль дэлгүүрээс авбал зүгээр болох тухай, өнгөний хослол дээр хэрхэн анхаарах тухай гээд олон зүйлс дээр санал бодлыг нь сонирхож эхэлсэн байна.

загвар
“Буурал үнэг”-үүд үр хойчистойгоо хамт

Ирвинд модел загвар өмсөгч болно гэж бодол огт төрж байгаагүй аж. Багш болохыг мөрөөдөж явсан хүү хэтдээ хүслээ гүйцээж багш болжээ. Гэхдээ тэр зургадугаар ангиасаа бие,царайндаа тааруулан хувцасаа тун донжлог сонгодог хүү байж. Зургууд нь телевиз, интернетээр тархсанаас хойш Ирвин “Надад болон манай гэр бүлд маш том хариуцлага ирлээ гэж харж байна. 50-иас дээш насныхандаа сэтгэлийн эрч хүч өгөх зорилготой боллоо” хэмээн ярьсан удаатай.

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Маш олон хүн хандаж байна. Яг тан шиг хүн баймаар байна гэсэн мэссэж хүүхэд залуучуудаас их ирдэг. Зарим нь бүр энэ хувцас надад зохиж байна уу гэж хүртэл асуудаг.

загвар
Чөлөөт цагийн стиль

Эдгээр үгс, асуулт зүгээр нэг хэлээд өнгөрч байгаа төдий зүйлс биш. Миний явсан газар, өмссөн хувцас, жилээс жилд өтлөж байгааг минь хүртэл тэд үргэлж харж байдаг юм билээ. Тиймээс залуу хүний сэтгэлд төрүүлсэн тэр сайхан сэтгэгдэл, бодлыг нь арчаад хаячихгүй юмсан, урмыг нь хугалахгүй байхсан гэж хичээх болсон. Тэгээд ч би чинь багш хүн шүү дээ. Сайн эр, сайхан залуу байхыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа энэ залуус надад яг л хүүхдүүд шиг минь санагддаг. Би тэдэнд түргэн хоол битгий ид, ногоо жимсээ ахиухан хэрэглэ, чихрийн хэрэглээгээ тана, чихэртэй ундаанаас татгалз, gym-д яваарай гэж байнга сануулдаг. Хүний итгэл, сэтгэл шиг эрхэм зүйл хаана байх билээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Тэрээр өөрийнхөө биеийг төдийгүй сэтгэл санаагаа хүртэл байнга анхаардаг нэгэн. Өглөө бүр 7:45 – 4:15 цаг хүртэл хичээлтэй учраас өглөө 5 өнгөрч байхад сэрж 30 удаа суниана. Ажлынхаа дараа гэрийнхээ хажуугийн паркаар 3 майл буюу 5 хүрэхгүй км орчим гүйдэг аж.

Загвар
Ажил дээрээ

Нэгэн сурвалжилагч түүнээс наргиа болгож “Та тэгээд эмээ нарын зүрх сэтгэлийг татаж чадсан уу” гэж асуухад Ирвин зөндөө инээж хэсэг дуугүй байснаа “Нээрээ нэгэн удаа цочирдом мэссэж авсан шүү. Үнэн юмыг нуугаад ч яах билээ. Танихгүй эмэгтэй нэг удаа “Бямба гарагийн өдрийн 01.00 цагт сүм дээр заавал хүрч ирээрэй. Би бүх юмаа зохиуцуулсан” гэсэн мессэж ирүүлсэн нь санаанаас гардаггүй юм. Би ч ихэд гайхаж “Яах гэж очих билээ. Юу зохицуулсан гэж” гээд асуучихлаа. Гэтэл өнөө эмэгтэй “Хоёулаа гэрлэж, хурим хийнэ ээ” гэдэг байгаа. Би хариуд нь эхнэр хүүхэд, үр ачтай, гэр орноо авч явдаг хариуцлагатай эр хүн гэдгээ тайлбарлаж, өөр юу хэлэхээ сайн мэдэхгүй байгаа тухайгаа хэлсэн” гэж ярьжээ.

Дэгжин Ирвин багшийн ажлын зэрэгцээ амралтын өдрүүдэд моделын ажил хийнэ. Энэ ажлыг хийхэд нь хань, гэр бүл үр хүүхдүүд, найз нөхөд нь байнга тусалж дэмждэг аж. Тэрээр Лос Анжелос болон Нью- Йоркийн загварын өдрүүдэд модел болохоос гадна телевизийн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм байна.

“Амазон”-ы богино ханцуйтай цамц өмсөөд зургаа татуулахад л түүнд $20,000 ам доллар төлнө. Түүний ганцхан пост гэхэд $40,000 ам долларын ханштай. Ирвинийг дагагчдаас цөөхөн хувь нь уг бүтээгдэхүүнийг авахад л түүнд төлсөн мөнгийг хэд дахин нугалах учраас энэ мөнгө тэгтлээ гайхахаар үнэ биш. Дэлхийн 50 гаруй орноос дагагчтай түүнд иймэрхүү санал олон ирнэ.

Ирвин, ахимаг насны сошиалд нэр нөлөөтэй сайхан эрчүүдийг нэг нэгээр нь судлаж байгаад шилэн авч “ Мөнгөн Үнэг “ хэмээх бүлэг байгуулжээ. Зорилго нь их гоё. Хойч үе залуу эрчүүддээ үлгэр дууриал болж, үе тэнгийн эрчүүддээ урам хүч өгөх нь “Мөнгөн үнэг”-ийнхний гол зорилго.

Хамгийн гол зорилгыг нь одоо хэлье. Тэд “тусгай тусламж хэрэгтэй хүүхдүүд”-ийг сурган хүмүүжүүлэх багш ажилчдыг сургаж төгсгөх, боловсролд нь хөрөнгө оруулах зорилгоор хамтардаг.

Америкийн хот хотоос цугласан, буурал үс сахалтай, эр хүний тэгш сайхан биедээ тултал зохисон цэмцгэр дэгжин хувцасладаг эрчүүд зэрэгцэн алхахад хүмүүс тэр дор нь таньж, дагаж хуйлраад их гоё орчин үүсдэг аж. Дэгжин, ухаалаг, сайхан сэтгэлээрээ үлгэрлэнэ гэдэг бахдам сайхан. Ийм эрчүүдийг даган гэрэл гэгээ өөд тэмүүлсэн сая сая залуус дэлхийн өнцөг булан бүрд амьдарч яваа нь бүр сайхан.

Загвар

Загвар

Загвар

Загвар

 Загвар

Загвар

Загвар Загвар

Загвар

Загвар

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img