2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Австрийн царс мод Арнольд Шварценеггер

Бага нас

Тэрээр өнөөдрөөс 76 жилийн тэртээд, Австри улсын Таль хэмээх хөдөөний буйдхан тосгонд Густав Шварценеггерын хоёр дахь хүү болон мэндэлжээ. 1800 оны үеийн жирийн даруухан хуучин байшингийн нэг давхарт нь ойн цагдаагийнх, хоёр давхарт нь Густав Шварценеггер эхнэр, тэрсхэн хоёр хүүтэйтэйгээ амьдарч байв. Таль тосгоны эргэн тойрон тариан талбай цэлийнэ. Жаахан цаашилбал үхэр мал бэлчсэн нүд алдам ногоон нуга хөндий үргэлжилнэ.

Австрийн хөдөөний малчин, тариаланчдын эгэл борог амьдрал энэ газарт үеийн үедээ ийн үргэлжилсээр ирж. Хөдөөний хүү Арнольд ганцхан насны зөрөөтөй ахтайгаа хөөцөлдөн хөлсөө асгартал гүйлдэж, аль эртний XI зууны үед баригдсан хуучин сүмийн хавиар тоглож өдрийг өнгөрөөдөг байлаа.

Арнольд Шварценеггер
Амьдарч байсан гэр нь

Түүний ээж Аурелия, хэтэрхий цэвэрч нэгэн. Өвдөглөн сууж байгаад шалныхаа банзыг нэг нэгээр нь хичээнгүй гэгч нь угааж гарна. Хөөсөрч шуугих усаар шалаа зулгартал үрж, зай завсрыг нь сойздон ёстой нэг гялалзаж, гялтайтал цэвэрлэнэ. Орны даавуу, алчуурыг яг л цаас мэт ирмэг гартал нугалж эвхэж тавина. Хэн нэгний гар хүрч хөдөлгөхөд хачин дургүйцдэг, хахир, нямбай нь дэндсэн эзэгтэй байж.

Аав Густав нь орон нутгийнхаа цагдаагийн дарга. Дэлхийн II дайны үед Германы армид элсч, Польш, Францыг эзлэхэд оролцож, улмаар Ленинградын аймшигт бүслэлтийн өдрүүдэд фронтын эхэнд Герман армийн төлөө зүтгэж явсан нэгэн. Сталинградын төлөөх тулалдаанд шархадсан учир 1943 онд цэргээс чөлөөлөгдсөн түүхтэй.

2003 онд Арнольдыг Калифорни мужийн амбан захирч болох үед эцэг Густавын энэ түүх сөхөгдөж, хэвлэлээр цацагдан олон хүний анхаарлыг татаж хэл амны бай болжээ. Дайнаас биендээ шархтай, ухаан сэтгэцдээ гүн сэвтэй ирсэн Густав гэр орондоо хатуу дэг журамтай, хөвүүдээ чанга гараар “баздаг” харгис эр байж.

Ганцхан насны зөрөөтэй, жаахан хоёр хүүгээ, хооронд нь эсрэг тэсрэг болгож, яс өрсөлдүүлэн уралдуулдаг гаж зуршилтай хүн байв. “Хэрэгтэй л юм хийж бай” гэж байнга номлож, үгийг нь дагахгүй аваас суран бүсээр хайр найргүй шавхуурдан гуядаж, алгадаж, үсдэн зоддог байсан аавынхаа тухай Арнольд гуниг дүүрэн дурсамж ярьдаг.

Арнольд Шварценеггер
Хүсэл дүүрэн хүү

Нэгэн өдөр Арнольд сургуулиа тараад анх удаа Грац хотоор ахыгаа даган зугаалжээ. Тэгж явахдаа кино театрын үүдэнд сурталчилгааны зураг байхыг олоод харчихаж. Булчин шөрмөс нь овойж товойтол зангирсан гайхам том эр ташаа тулан зогсож байгаа зургийг анх харсан Арнольд хөдөлж чадахгүй болтлоо мэл гайхжээ. Хүнээс ийм их зангирсан булчин гардаг аа хэмээн гайхан гайхан бодож цаашилтал өнөөх гайширхуулсан бодибилдинг Рег Паркийн зурагтай америкийн сэтгүүлүүдийг зарж байхтай таарчихав.Ингээд л хүү Рег Паркийн тоглосон киног үзэж сэтгэл нь догдолж, сэтгүүлийн зургаас нүдээ салгаж чадахаа болив.

Жаал хүү өнөө Рег Паркийн өдөр тутамд дасгалаа хэрхэн хийдгийг унштал “Өглөө бүр 5 цагт босож эхний дасгалаа хийж, тэгээд 2 дахь бүр 3 дахь удаагийн дасгал” гээд явж өгчээ. 14 настай Арнольд хүү, яг түүн шиг хийе гэж бодоод шууд л дасгал хийж эхэлсэн гэдэг.

Хүү орныхоо арын хананд нэртэй бодибилдингүүдийн зургийг нааж, тэдэн шиг болно хэмээн өдөр шөнөгүй харан харан мөрөөдөхөд нь ээж нь тийм ч дуртай биш. “Миний хүү, хөөрхөн охидын зураг наагаад харж бай” хэмээн зөвлөнө.

Харин аав нь “Хөл бөмбөг тогло, цанаар гулга. Булчинтай болох гээд байвал мод түлээ сайн хагал. Чи цагдаа болох хэрэгтэй” гэж хэлнэ. Тэр бүхнийг хүү зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөнө. Тэр үеийн австри залуус, 18 нас гараад л гэрлэнэ. Үр хүүхэдтэй болно, бүх насаараа хаашаа ч явалгүй зөвхөн ажил хийнэ.

Арнольд ШварценеггерАвстри залуусын маш энгийн хэрнээ, тодорхой уйтгартай, баригдмал амьдрал хүүд өдөр ирэх тусам таалагдахгүй болж байлаа.

Тэрээр “Тэр үеийн Герман- Австричууд үр хүүхдээ хатуу чанга гараар өсгөнө. Миний хүүхэд нас ийм амьдрал дунд өнгөрсөн. Ямар ч хүүхэд аав ээжээрээ хайрлуулж, тэднээсээ урмын үг сонсч, сэтгэлдээ баяртай жаргалтай байх шиг сайхан юм хаа байх билээ. Манай аав, намайг хэзээ ч магтаж байгаагүй. Магтах нь бүү хэл огт хайрлаж байгаагүй юм. Тэгсэн хэрнээ ахыг минь үргэлж сайшааж магтана.  Биднийг “Ээждээ цэцэг түүж ир” гээд явуулна. Яг нэг газраас, ив ижилхэн цэцэг түүгээд очиход, минийх муу, ахын цэцэг гоё болж таарна. Хөдлөх болгонд минь ахаасаа үлгэр ав хэмээн хэлж, сургах тутамд нь би улам л өөрийнхөөрөө зүтгэж, хүсэл дураараа явж, жавтий хүртнэ.

Аавыг зодох бүрд миний аав биш байх гэж хүртэл боддог байсан” хэмээн ярьсан удаатай.

Том болох тутам Арнольд аавынхаа өөдөөс сөргөж “Чи намайг зодож чадахгүй. Би эндээс явна, гэхдээ бүр явна. Хараарай, би баян, нэртэй мундаг хүн болно” гэж байнга хэлдэг байж.

Арнольд Шварценеггер

Тэр тоолондоо “Америк л явъя, эрх чөлөөтэй л амьдаръя” хэмээн бодож, дасгалаа тасралтгүйгээр хичээнгүйлэн хийнэ. Үг нь үнэн болж, үйл нь биеллээ олсныг уншихад яагаад ч юм тээр жилүүдэд Арнольдын “бие нь төдийгүй сэтгэл нь” гэрээсээ бүрмөсөн явчихсан байжээ гээд дүгнэчихмээр.

Арнольд Шварценеггер

1971 онд түүний ах 24 настайдаа машины ослоор амь алдаж, 1972 онд эцэг Густав нь өөд болсон юм. Тэр аав, ахынхаа хэнийх нь ч оршуулганд огт очоогүйгээр үл барам, хожим нь “Надад ихээр гашуудан харамсах зүйл алга даа” хэмээн хэлж байж.

Арнольд Шварценеггер
Ахтайгаа

Гэсэн хэдий ч ахаасаа үлдсэн ганц хүүд нь байнга анхаарал тавьж, Америкт авчирч, сургалтынх нь өндөр зардлыг төлж, санхүүгийн тал дээр харамгүй дэм болж, яг л аав шиг нь ханддаг аж.

Арнольд Шварценеггер
Ээжтэйгээ

Ээжийгээ насан эцэслэтэл нь хайрлаж, ойр дотно байж, одоог хүртэл дурсан ярьсаар суудаг юм. 21 настай цэл залуухан Арнольд 1968 онд Америкт ирж, амжилтын булгийг ёстой л оргилуулж. Гялалзсан амжилтын эзэн болсон тэрээр “би хувийнхаа амьдралд тийм ч амжилттай байж чадаагүй” хэмээн тодорхойлдог юм. Анхны найз охин, зургаан жил үерхсэн Барбара Бакер гэгч америк бүсгүй түүнийг “Австрийн царс мод” хэмээдэг байжээ.

Арнольд Шварценеггер
Найз охин Барбаратайгаа

Тэрээр “Арнольд бид хоёр Австрийн царс модны сүүдэр дор” гэдэг номоо 2006 онд гаргаж байжээ. Арнольд 1977 онд эхнэр болох Мария Шрайвертай /Жон Ф.Кеннедигийн охин дүүгийн хүүхэд/ танилцаж бараг арван жилийн дараа, 1986 онд гэрлэж дөрвөн хүүхэдтэй болцгоов. Энэ бүхний эцэст тэдний аз жаргалтай 25 жилийн амьдрал дуусгавар болсон билээ. Салалтын шалтгаан нь гэрлэлтийн гадуур төрсөн Жозеф Бөэна хүү нь байж. Арнольд буруугаа хүлээж, “Надаас болж эхнэр минь, хүүхдүүд маань, Жозеф хүү минь гээд бүгдээрээ зовсон. Үүнд хүүхдийн буруу огт үгүй. Бүгд миний буруу” гэж байв. Тэр Жозеф хүүтэйгээ дасгал сургууль хамт хийдэг байна.

Өнөөдрийн 76 настай Арнольд “Австриас хэл ч мэдэхгүй гав ганцаараа ирсэн залуухан хүү миний амьдралыг Америк улс орвонгоор нь өөрчилж, бүх л сайн сайхан боломжийг харамгүй өгсөн” гэж тэрээр ярих дуртай.

Арнольд Шварценеггер
Гэр бүлтэйгээ

Арнольд 450 сая ам.долларыг хүч, хөлсөөрөө босгосон тамирчин, жүжигчин, улстөрч, сайн бизнесмэн юм.

Арнольд Шварценеггер
Эхнэртэйгээ

Арнольд ШварценеггерАрнольд “Би энэ сайхан оронд хайртай. Австри нутагтаа ч хайртай. Америк улсад өөрийгөө өртэй гэж боддог” хэмээн ярьдаг нэгэн. Тэр хэлсэндээ хүрч амжилт, аз жаргал өгсөн Америктаа хэрэгтэй олон зүйлсийг санаачилан хийсэн, хийсээр ч яваа билээ.
Америкийн нэртэй Өмнөд Калифорнийн Их Сургууль дахь “Шварценеггер Институт”- ээр дамжуулан олон салбарт том том ажил явуулдаг. Бүр тодруулж хэлбэл Боловсрол, Эрчим хүч – байгаль орчин, Санхүү эдийн засаг, Эрүүл мэнд, сэтгэл санаа, сэтгэцийн талын эрүүл мэндийн гэх мэт салбарт дэмжлэг үзүүлдэг юм.

Арнольд Шварценеггер

Тэрээр “Арнольд Спорт фестивал” -ийг үүсгэн байгуулж байв. Мэргэжлийн Бялдаржуулагч – Бодибилдингийн тэмцээнийг 1989 онд зохион байгуулсан нь өдгөө 35 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ахмад дайчид болон өсвөр насны залуусын спортын тусламжийн хөтөлбөрийг дэмжиж эрүүл амьдрах тал дээр нь тусгайлан ажил өрнүүлдгийг нь ч онцлох учиртай.

Арнольд 2021 онд, эхнэрээсээ салсны дараа, алдарт Лос-Анжелес хотынхоо хамгийн үзэсгэлэнт хэсэгт, өргөн уудам эдлэн газарт долоон унтлагын өрөө, долоон ариун цэврийн өрөөтэй, хувийн жимтэй, тусгай зориулалтын гал тогоотой, тансаг сайхан байр худалдан авсан юм. Тэр байранд нь үр хүүхэд, найз нөхөд гээд олны хөл тасардаггүй аж.

Тэрээр цар тахлын хүнд хэцүү үед 1 сая ам.долларын хандив өгч, эмнэлгийн тоног төхөөрөмж тарааж, хөл хорионы үед сэтгэл санаагаар унаж ганцаардсан хүмүүст урам зориг хүч тэнхээ өгч үлгэрлэж байв.

Арнольд Шварценеггер

Түүний оруулсан богино хэмжээний ведио бичлэгийг 13.3 гаруй сая хүн үзэж байсан удаатай. Instagram нь гэхэд 20 сая гаруй дагагчтай аж. Арнольд өглөө бүр 6 цаг орчимд босч, кофегоо ууж аваад, навчин тамхиа баагиулангаа ирсэн мэйлүүдийг уншиж хариу өгч, төлөвлөсөн ажлуудаа харна. Хамгийн түрүүнд малынхаа хашааг цэвэрлэнэ.

Түүний хайртай амьтдын заримаас сонирхуулъя. Тэр “Виски” нэртэй давжаа жаахан морь, “Лулу” хэмээх охин илжиг хоёртоо арай илүү хайртай. Тиймээс давжаа морь, илжиг хоёроо гэртээ байнга оруулж, шинэхэн жигнэмэг өгч эрхлүүлнэ. Идэж байгаа хоолныхоо салад ногоогоо тэдэнтэйгээ хуваалцаж, морь, илжиг хоёртойгоо байгаа зураг, ведиогоо сошиалаар хуваалцана.

Арнольд Шварценеггер
Хайртай хоёр нь

Мөн хэд хэдэн өөр үүлдрийн сайхан ноходтой. Аавынхаа нэрээр нэрлэсэн “Густав”нохой, “Дач”, австрийн алдарт хоол “Шни́цель” , “Гоймон”, “Интоор”-оор нэрлэгдсэн жижиг хав нохойтойгоос гадна “Шнилли”хэмээх герман нэртэй гахайн тоорой хүртэл байдаг юм.

Арнольд Шварценеггер
Тойроогоо эрхлүүлж буй нь

Түүний өглөө эрт заавал хийдэг ажлын нэг нь тэднийгээ хооллож ундлах. Тэгээд 7 цаг өнгөрөөд л машиндаа дугуйгаа ачиж аваад, өдөр бүр 1 цаг 30 минут орчим дугуй унаж, үндсэн таталт, гантельтай суулт хийж, штангтай төмөр өргөнө. Тэр идэр залуудаа өдөрт 5 цаг маш системтэйгээр дасгалаа хийж байсан гэдэг.

Одоо хүртэл аавынхаа “Хэрэгтэй л юм хийж бай” гэсэн үгийг мартаагүйгээр үл барам өнгөрсөн жил ийм нэртэй ном хүртэл хэвлэн гаргажээ. Энэ оны 1дүгээр сард Арнольд Шварценеггер 26 мянган еврогийн үнэтэй “AndemarsPiguet” брэндийн бугуйн цагаа дуудлага худалдаагаар 300,000 евро хүргэж, мөн бусад эд зүйлээсээ зарж олсон бүх мөнгөө өөрийнхөө байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санд” хандивласан юм. Швейцарын тансаг ангиллын энэ цагийг зөвхөн Шварценеггерт зориулан цор ганц хувь хийсэн байж.

 

 

Арнольд Шварценеггер
Хүүтэйгээ
Арнольд Шварценеггер
Оюутан

Арнольд ШварценеггерАрнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер Арнольд Шварценеггер

Арнольд ШварценеггерАрнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер
Яг л уран баримал мэт.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img