2024-04-21, Ням
-0 C
Ulaanbaatar

Хайх, олборлох эрхийн баталгаа дордсоны учир

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

– Эд хөрөнгийг дайчлан хураах, хууль бусаар халдах нь хувийн хөрөнгө оруулагчдыг хамгийн их айлгаж, шууд дайжин зугатахад хүргэдэг. Орчин үед ийм зүйл гарах нь ховор ч дэлхийд Венесуэл, манайд Канадын “Хаан Ресурс” компанитай холбоотой асуудал байж л байх –

Түрүүчийг ЭНД дарж уншина уу

АШИГТ МАЛТМАЛЫН ӨМЧЛӨЛ БА АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, ОЛБОРЛОХ ЭРХИЙН БАТАЛГАА

Ашигт малтмалын өмчлөл

Ром-германы гаралтай эрх зүй биет бус эд юмсыг хуулиар эзэмших ( эзэмших эрх нь хуулиар хамгаалагдах) боломжийг үгүйсгэх хандлагатай байдаг бол Англи- саксоны гаралтай эрх зүй эсрэгээр нь эрх, эрх мэдэл, эрх дарх зэргийг эзэмших тухай ойлголтод нээлттэй хандаж иржээ.

Эзэмших эрх нь өмчлөх эрхийн нэг бүрэлдэхүүний хувьд хоёр эрх зүйн бүлийн хоёуланд суурь ойлголт боловч Ром-германы гаралтай эрх зүй нь биет бус эд юмсад эзэмшлийн ашиг сонирхол буй болохыг хүлээн зөвшөөрдөггүй байдал нь дээрх хоёр системээс өмчлөх эрхийн тухай ойлголтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг байна.

Тухайлбал, газрын эрх зүйн хувьд Ром-германы гаралтай эрх зүй нь газар өмчлөгчөөс өөр субъектэд тухайн газар, түүний хэвлийг ашиглахтай холбоотой өөр бусад биет бус хөрөнгийг (эрх ) өмчлөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин Англи- саксоны гаралтай эрх зүй нь газар, түүний хэвлийд олон төрлийн эзэмшлийн эрх байхыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд газар өмчлөх тухай биш харин газар, түүний хэвлий дэх баялгийг ашиглахтай холбоотойгоор үүсэж буй болсон ашиг сонирхлыг өмчлөх тухай буюу биет эд хөрөнгө дэх биет бус эд хөрөнгө өмчлөх хууль зүйн хийсвэрлэлийн тухай ярьдаг. Энэ нь ашигт малтмал хайх, олборлох эрхэд хамаарах бөгөөд олон улсын ашигт малтмалын эрх зүйд дээрх эрхийг “mineral right “, “mineral title” гэж нэрлэдэг.

“Ашигт малтмалын эрх (mineral right) гэж тухайн өгөгдсөн газарт бүх төрлийн, эсвэл тодорхой ашигт малтмал хайх болон олборлох эрх, эсвэл ашигт малтмалаас нөөц ашигласны төлбөр (роялти) авах эрх юм” гэж хуулийн толь бичигт тайлбарлажээ (Merriam-Webster”s Dictionary of Law). Ер нь Үндсэн хуульт ихэнх орнуудад өмчийг нийтийн ба хувийн өмч гэсэн хоёр том бүлэгт хуваах ба манай улсын Үндсэн хууль ба Иргэний хуульд мөн л өмчийн дээрх хоёр хэлбэрийг хуульчилсан байна.

Wikipedia.org веб хуудсанд “Нийтийн өмч (Public property) гэж хүмүүс нийтээрээ хамтран өмчилж буй өмч юм.

Харин хувийн өмч (private property) гэж эсрэгээр нь хувь хүн, эсвэл хувь хүний санхүүгийн сонирхлыг төлөөлүүлэхээр зохион байгуулагдсан компани гэх мэт бизнесийн нэгдлийн өмчилж буй өмч юм. Харин төрийн өмч (State ownership) эсвэл нийтийн өмч (public ownership), Засгийн газрын өмч (government ownership) эсвэл нийтэд нь төрийн өмч (state property) гэж нэрлэдэг энэ ойлголт нь тухайн өмчийг өмчлөх эрх дэх хувь хүн эсвэл хамт олны бус, харин төрд олгогдсон (шилжүүлсэн ) эд хөрөнгийн эрх (property interest )-ын тухай ойлголт юм” гэжээ.

Дээр дурдсан тодорхойлолтын эхний өгүүлбэр нь өмчийн эрх зүйн ямар нэгэн субъектэд хамаарах эд хөрөнгө тухай бол дараагийн өгүүлбэр нь өмчийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн эд хөрөнгийн шаардлагатай холбоотой тэдгээрийн субъектив эрхийн тухай ярьж байна.

Түүнээс гадна “Эд хөрөнгийн эрх” гэж тухайн хувь хүн болон байгууллагын эд хөрөнгийн эрхийн хувь хэмжээ, эрхийн хугацаа, эрхээ хадгалах ба бусдад шилжүүлэх, эсвэл шилжүүлэхэд хориг тавих эрхийг хэлдэг” гэж тайлбарласан байна.

Ер нь өмч (property)- ийн тухай эдийн засгийн ухагдахуун нь маш өргөн байх агаад доктор С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг”-тээ өмч гэдгийг 1.-т “…үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйл олж авахаар тодорхойлогдох …

Хүмүүсийн хоорондын объектив түүхэн өөрчлөгдөх харилцааны тогтолцооны эдийн засгийн ухагдахуун, 2-т “… хувь хүн буюу хамт олонд тодорхой нөхцөл ба тодорхой хэлбэрээр эд хөрөнгө хамаарахыг илэрхийлсэн хууль зүйн ухагдахуун, 3-т “Өмчийн эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн хууль зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг бүрдүүлдэг эрх зүйн институт” гэж тайлбарлажээ.

“The Concise Encyclopedia of Economics “-т “Эдийн засгийн ухагдахуун: Эд хөрөнгийн эрх гэдэг нь Засгийн газрын ч бай, хувь хүмүүсийн ч бай өмчлөлд буй баялгийг (эдийн болон эдийн бус) хэрхэн ашиглахыг тодорхойлох онцгой эрх мэдэл юм. Төрийн захиргааны албадлага болон нийгмийн хавчлага эд хөрөнгийн эрх эзэмшигчийн сонгосон тэр л ашиглалтыг нийгэм хүлээн зөвшөөрч байдаг.

Дээрх тайлбарт эд хөрөнгийн эрхэд нүдэнд харагдаж, гарт баригдах биет хөрөнгөөс гадна байгалын баялагт шинээр үүсэж болох эдийн бус хөрөнгийг тодорхойлсон байна.

С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг”-тээ “өмчлөх эрх” гэдгийг “тодорхой этгээдийн өөрт байгаа эд хөрөнгийг хуулийн шууд хэм хэмжээ хязгаарын хүрээнд өөрийн үзэмжээр ба ашиг сонирхолоор болон бусад этгээдийн нөлөөллөөс үл шалтгаалан эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн өмчлөх эрхийн 3 бүрэлдэхүүнд дараах тайлбарыг өгсөн байна:

  1. “Эзэмших эрх” өмчлөгчийн мэдлийн нэг; эд юмс шууд нөлөөлөх боломжийг бүрдүүлж, эд юмсыг мэдэлдээ бодитойгоор байлгах эрх; эрх зүйн субъектэд хуулиар бэхжүүлсэн эд хөрөнгө;
  2. “Ашиглах эрх” өмчлөгчийн үндсэн эрх мэдлийн нэг; эд юмсийг түүний зориулалтаас шалтгаалан хэрэглэх  эдлэх), түүнээс гарах үр шим ба орлогыг авах эрх;
  3. “Захиран зарцуулах эрх” өмчийн эрхийг бүрдүүлдэг нэгэн чухал эрх мэдэл; захиран зарцуулах эрх нь эд юмсын өмчлөгчид байна; захиран зарцуулах эрх нь эд юмсын хууль зүйн хувь заяаг шийдвэрлэнэ гэж тус тус тайлбарлсан байна.

Өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрх нь зөвхөн өмчлөгчид, харин эзэмших, ашиглах эрх нь уг өмчийг хуулийн дагуу эзэмшиж буй өөр этгээдэд байж болно л гэсэн үг юм. Тиймээс ашигт малтмал буюу нийтийн өмч (төрийн өмч) болох ашигт малтмалыг өмчлөх эрхийг бүрдүүлдэг чухал эрх мэдлийн нэг нь болох захиран зарцуулах эрх (хууль зүйн хувь заяаг шийдэх эрх) нь төр (УИХ )-д, харин эзэмших ба ашиглах эрх мэдлийг (эзэмших: хуулиар олгогдсон талбайн хил хязгаарын дотор хайх олборлох; ашиглах: олборлож, худалдсанаар гарах үр шим ба орлоыг авах) эрхийг төр (УИХ) хуулиар (Ашигт малтмалын тухай) тогтоосон хугацаа ба болзол, нөхцөлөөр олгодог гэсэн ерөнхий ойлголт гарч байна.

Дээр дурдсанаас болон мөн Үндсэн хуулийн 6.1 ба 6.2 ба Ашигт малтмалын тухай үе үеийн хуулиудын 5.1 ба 5.2 дугаар заалтуудаас харахад 1994, 1997, 2006 онуудад батлагдан гарсан Ашигт малтмалын тухай хууль болон одоо нийтээрээ хэлэлцэж буй хуулийн төслийн аль нэгнийг нь хар цагаанаар нэрлэх, сайн муугаар дуудах, ялангуяа эдгээрийн аль нэг нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй байгаа гэдэг дүгнэлт нь эрх зүйн хувьд огт үндэслэлгүй бөгөөд асуудлыг дэвэргэсэн, нэр төр хөөцөлдөж улс төрийн ашиг хонжоо харсан яриа, дүгнэлтүүд байна. Харин асуудлын гол нь ашигт малтмал хайх, олборлох эрх (ашигт малтмал эзэмших, ашиглах эрх) олгох хугацаа, болзол, нөхцөлийн хүрээ хязгаар, түүний биелэлтэнд тавих хяналт зохицуулалтын тухай асуудал болохоос өмчлөх эрхтэй холбоотой асуудал огт биш гэдгийг ойлгох цаг болсон байна.

Үндсэн хуулийн заалтыг бүгд цээжээр мэддэг тул Ашигт малтмалын тухай 1994, 1997, 2006 оны хуулиудын 5 дугаар зүйл болон хуулийн шинэ төслийн 4 дүгээр зүйлд “…байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал… төрийн өмч” , “төр өмчлөгчийн хувьд…энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.” гэж тус тус заасныг иш татан уншигч Танаа толилуулж байгаа бөгөөд энэ нь миний дээр дурдсаныг нотлож байна.

Ашигт малтмал хайх, олборлох эрх ба түүний баталгаа

Ашигт малтмал хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа эхлэхээсээ аваад дуустал бүх үе шатандаа өндөр эрсдэлтэй, цаг хугацаа хөрөнгө их шаардагддаг бизнес тул энэ төрлийн бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэхийг бодлогоороо дэмжиж буй улс орнууд уг эрсдлийг бууруулах, хуваалцахын тулд ашигт малтмал хайх, олборлох эрхийн баталгааг хангахад их ач холбогдол өгдөг бөгөөд хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө тийм бодлоготой улс орон руу шилжин урсаж байдаг гэж хэлж болно.

АНУ-аас бусад бүх Үндсэн хуультай улс орнуудад байгалийн баялаг төрийн өмчлөлд байдаг бөгөөд төр ашигт малтмалыг өмчлөгчийн хувьд ашигт малтмал хайх, олборлох эрх олгох, эзэмшиж хадгалах, шилжүүлэх, цуцлах хугацаа ба болзол, нөхцөлийг хуулиар тогтоодог бөгөөд үүнийг олон улсын ашигт малтмалын эрх зүйд “mineral tenure” гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын орд нээж илрүүлсний төлөөх тухайн ордод шинээр үүсэж бий болсон эдийн бус хөрөнгийн эрхийг ойлгодог байна.

Олон улсын практикт ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохдоо тусгай хуулиар эсвэл гэрээгээр гэсэн хоёр төрлийн арга хэрэглэж ирсэн бөгөөд хуулийн дагуу эрх зөвшөөрөл олгож түүний бүртгэлийг хөтөлдөг арга түгээмэл хэрэглэгдэж байна. Дийлэнх тохиолдолд энэ эрхийн албажуулсан хэлбэр нь лиценз байдаг байна.

1994 ба 2006 оны хуулиудад ашигт малтмал хайх, ашиглах эрхийг тодорхойлохдоо хэлбэр талаас нь, тухайлбал “…гэрчилгээг тусгай зөвшөөрөл…, эсвэл “…тусгай зөвшөөрөл гэж… эрх олгосон баримт бичгийг” хэлнэ гэсэн байхад 1997 оны хууль болон одоо хэлэлцүүлж буй хуулийн төсөлд “…лиценз (тусгай зөвшөөрөл) гэж … эрхийг” хэлнэ гэж агуулга талаас нь тодорхойлсон нь эдгээр хуулийг ойлгох, хэрэгжүүлэх, тайлбарлахад арга зүйн болон онолын ихээхэн ялгааг авчрахаар байна.

Орчин үед олон улсын ашигт малтмалын эрх зүйд ашигт малтмал хайх, ашиглах эрхийг ихэнх тохиолдолд лиценз/концесс-ээр дамжуулан, эсвэл гэрээгээр олгож байгаа бөгөөд энэ олгогдож буй эрхийн хугацааг оновчтой, зохистой тогтоох асуудал бодлогын чухал асуудлын нэг хэвээр байсаар байна.

Хайгуул хийх санаа сэдэл бий болсоноос хойш олборлолт эхлүүлэн эрдсийн бүтээгдэхүүн гаргаж эхлэх хүртэлх хугацааг ашигт малтмалын эрх зүй судлаачид “gestation period” буюу утгачлан орчуулбал “бойжилтын үе” гэж нэрлэн судалж байна. Хөрөнгө оруулагчын хувьд энэ үе хамгийн эрсдэлтэй нь бөгөөд энэ хугацааг судлаачид дунджаар 9-13 жил байсан гэж тогтоосон байна. Ер нь ашигт малтмал хайх ашиглах үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтын хувьд (байгалийн шинжлэх ухааны ангилал, үе шат биш) дараах гурван үндсэн үе шатад хуваагдаж иржээ: хайгуулын, бэлтгэл, олборлолтын үе шат.

Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах үр дагаварыг харгалзан ингэж ангилдаг бөгөөд хайгуулын үе шатны зорилго нь орд нээх (орд нээсэн бол олборлох эрх авах онцгой эрх нь дагалдаж явдаг); бэлтгэл үе шатны зорилго нь олсон орд нь эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг тооцох, баталгаажуулах, дараагийн санхүүжилтийг олох; олборлолтын үе шатны зорилго нь уурхай болон баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах, олборлосон бүтээгдэхүүн борлуулах (борлуулалтын эрх нь бас багтаж явдаг), ашиг орлого олох байдаг.

Тийм учраас олон улсын практикт ихэнх тохиолдолд хайх, олборлох (ашиглах гэж ч нэрлэж болох) хоёр төрлийн эрх олгодог (бэлтгэл үе шат нь олборлох үе шатанд багтдаг) бөгөөд 1994, 1997, 2006 оны хуулиудад ийм зохицуулалттай явж ирснийг шинэ хуулийн төсөлд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт гэж дөрөв болгон тоог нь нэмэгдүүлсэн байна.

Олгох эрх, зөвшөөрлийн тоог нэмэгдүүлсэнээр хүнд суртал нэмэгдэж байгаагаас гадна эрэл, хайгуул гэж хоёр хуваасны эрх зүйн зохицуулалтын зорилго нь ойлгомжгүй, боловсруулалтын тусгай зөвшөөрөл энэ хуулиар биш өөр хуулиар зохицуулах харилцаа байх ба олон улсын жишиг нь гэсэн тийм байдаг.

Дээр дурдсан үе шатны үйл ажиллагаа явуулах эрхийн хугацаа, мөн уг эрхийн хадгалах, шилжүүлэх эрх, уг эрхийн цуцлах болзол нь хир зэрэг баталгаатай, тогтвортой байх нь эрх зүйн зохицуулалтын талаас хөрөнгө оруулагчийн хувьд тун чухал бөгөөд ашигт малтмалын олон улсын эрх зүйд үүнийг “security of tenure “ буюу эрхийн баталгаа гэж нэрлэж байна.

Эдгээр нөхцөл, болзол дотроос нэгд: эрхийн хугацаа хангалттай урт байхаас гадна, хуульд шууд тодорхой заасан ( тухайлбал 4 жил хүртэл биш шууд 4 жилийн хугацаатай гэх мэт ); хоёрт: уг эрхийг хадгалах, сунгуулах, шилжүүлэх, барьцаалах эрх эдлэхэд тавигдах хязгаарлалт бага бөгөөд тодорхой; гуравт: эрхийн хугацаа дуусгавар болох болон цуцлах үндэслэл бас маш тодорхой бөгөөд субъектив хамаарал багатай байх явдал дээр дурдсан эрхийн баталгааны маш чухал элемент юм. Тусгай зөвшөөрөл (лиценз)-ийг бусдад шилжүүлэх эрх (transfer right ) –р хангагдах баталгааг хөрөнгө оруулагч нар бусад зарим элементээс илүү чухалд тооцдог байна.

Ашигт малтмалын тухай 1994 оны хуульд эрхийн хугацааг тогтоохдоо зарим тохиолдолд шууд заасан, заримд нь “доошгүй”, “дээшгүй” гэсэн үгээр дээд, доод хязгаар тогтоож байсан бол 1997 ба 2006 оны хуулиудад шууд зааж тогтоож байсан бол шинэ хуулийн төсөлд “хүртэл” гэдэг үгээр хугацааны дээд хязгаарыг тогтоож байгаа юм байна. Ингэснээр төрийн албан тушаалтан хугацааг дур зоргоор тогтоох, эсвэл хээл хахууль авах үүд хаалга нээж өгч байна.

1994 оны хуульд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийн дийлэнх нь субьектив хамааралтай, түүнээс гадна тусгай зөвшөөрөл олгосон байгууллагаас өөр байгууллага уг зөвшөөрлийг цуцлаж болохоор байгаа нь төрийн байгууллагын хүнд суртлыг баталгаажуулсан заалт болсон байна.

1997 оны хуульд лиценз цуцлах үндэслэлийн хоёр нь обьектив шинжтэй, лиценз эзэмшигчээс өөрөөс нь хамаарах үндэслэл байх бөгөөд гуравдахь үндэслэлээр цуцлахад нөхөх олговрыг бүрэн төлөх тул ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах лиценз эзэмшигчийн эрх бүрэн хамгаалагдаж баталгаажсан байна. Харин 2006 оны хуульд нэмэгдэж орсон хоёр үндэслэл нь субьектив хамааралтай тул эрхийн баталгаа ямар нэг хэмжээгээр суларч болохоор байна.

Шинээр хэлэлцүүлж буй хуулийн төсөлд цуцлах үндэслэлийг 13 болгон нэмэгдүүлсэнийн зэрэгцээ уг үндэслэлийг хянаж тогтоох, баталгаажуулах төрийн захиргааны олон байгууллага болон бусад олон субъектүүд оролцохоор байгаа нь хүнд суртлыг ихээр нэмэгдүүлэхээс захиргааны хэргийн шүүхийн маргаан ихсэх магадлалтайн гадна дээр дурдсан эрхийн баталгааг маш их дордуулж байна.

Эд хөрөнгө нийгэмчлэх, дайчлан хураах

Нэгэнт эд хөрөнгийг нийгэмчлэх, дайчлан хураах эсвэл эд хөрөнгийн эрхэнд хууль бусаар халдах хураан авах асуудал бол хувийн хөрөнгө оруулагчдыг хамгийн их айлгадаг, шууд дайжин зугатаж явахад хүргэдэг асуудал билээ. Орчин үеийн улам бүр даяаршиж буй улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөлд ийм зүйл гарах нь ховор боловч бас тодорхой жишээ дурдаж болох билээ. Дэлхийд гэхэд Венесуэл улс, манайд гэхэд Канадын “Хаан Ресурс” компанитай холбоотой асуудал байж л байх.

Доктор С.Нарангэрэлийн “Эрх зүйн эх толь бичиг”-т “Нийгэмчлэх (улсын болгох): хувийн өмчид байгаа эд хөрөнгийг улсын өмчид шилжүүлэх улсын (төрийн ) нийгэмшил-эдийн засгийн бодлогын арга хэмжээ. … Ардчилсан улсуудад улсын болгох нь гагцхүү хуульд үндэслэгдэн улсын болгож буй эд хөрөнгийн өмчлөгчид эд хөрөнгөтэй адил тэнцүү нөхөн төлбөрийг олгох нөхцөл явагддаг.” гэж тайлбарласан байна. Wikipedia.org веб хуудсанд: Нийгэмчлэх (Nationalization) гэдэг ойлголтын тайлбар Доктор С.Нарангэрэлийн тайлбартай адилхан утгатай байна. Гэвч дээрх веб хуудсанд: АНУ-д “Eminent domain” , Англид “compulsory purchase”, Канадад “expropriation” гэж “иргэдийн өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр, эд хөрөнгөтэй нь тэнцүү мөнгөн нөхөн төлбөр олгох журмаар хувийн өмчийг дайчлан авах, эсвэл өмчлөх эрхийг хураан авахыг хэлнэ” гэж тайлбарлажээ.

Дээр дурдсанаас уншигч “нийгэмчлэх” гэдэг нь үнэ төлбөргүйгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, дайчлан хураан авах” гэдэг нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг мөнгөн нөхөн төлбөртэйгээр шилжүүлэн авахыг хэлж байна гэж ойлгосон байх аа. Өөрөөр хэлбэл дайчлан хураан авах гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнэ цэнийг хураан авч буй зөвхөн нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг хэрэгжүүлж байгаа үйлдэл байна.

Зах зээлийн эдийн засагтай орнуудад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг дайчлан хураан авах асуудлыг хуульчилж зохицуулахдаа хоёр асуудлыг маш тодорхой болгодог: нэгд нь дайчлан авах зорилго, зориулалт нь яг язгуур утгаараа нийтийн ашиг сонирхол мөн байх; хоёрт нөхөх олговор нь зах зээлийн эдийн засгийн орнуудад хэрэглэгддэг нийтлэг зохицуулалтаар тодорхойлогддог байх. Өөрөөр хэлбэл нөхөх олговорын хувь хэмжээ нь дор хаяж “алдагдсан боломжийн өртөг” (opportunity cost)–р тодорхойлогддог байх явдал юм.

Wikipedia.org веб хуудсанд: “алдагдсан боломжийн өртөг” (opportunity cost) гэж арга буюу татгалзсаны (сонголт өгөөгүй ) дараагийн хамгийн сайн сонголт гэж тооцож болох үйл ажиллагааны үнэ цэнээр тодорхойлогдох өртөг зардал гэж тайлбарласан байна. Ашигт малтмалын тухай 1997 оны хуульд газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөх олговрыг талууд “…тохиролцоонд хүрээгүй нөхцөлд хөндлөнгийн этгээдээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу…” 2006 оныход “…тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн…” тус тус тогтоохоор зохицуулж байсан одоо шинээр хэлэлцүүлж буй төсөлд зөвхөн газар биш бас ордыг улсын нөөцөд авах, мөн бүх тохиолдолд “…бодит зардалын нөхөх олговор…” олгохоор тусгасан байна.

Мөн нөөцөд болон тусгай хэрэгцээнд авахдаа ямар зорилгл зориулалтаар, ямар хугацаагаар авах тусгаагүйгээс гадна бүх тохиолдолд нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан талбай ба ордыг сонгон шалгаруултаар өөр этгээдэд олгохоор зохицуулсан нь зорилго нь дахин хуваарилалт юм байна гэдгээс өөрөөр ойлгох аргагүй мэт ойлгогдож байна.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img