2024-05-20, Даваа
9 C
Ulaanbaatar

Уламжлалт анагаахын зах зээлийн тухай 8 баримт

Монголын уламжлалт анагаах ухааны талаар 8 баримтыг хүргэж байна. Энэхүү мэдээллээ бид уламжлалт анагаахын эмч Д.Чулуунцэцэгийн сэтгүүлч Б.Янжмаад өгсөн ярилцлагыг эх сурвалж болгон бэлтгэлээ. Тэрээр Монголын уламжлалт анагаах ухааныг хилийн чанадад сурталчилж түгээж, уламжлалт анагаах ухааны 160 гаруй эмийн фармакопи клиникийн судалгааг хийж Монголдоо баталгаажуулснаас гадна арав гаруй нэр төрлийн уламжлалт эм танг Европод хүлээн зөвшөөрүүлж стандартыг нь батлуулж чадсан эмч юм.

  • Одоогоор баруунд хамгийн нэр хүндтэй Азийн уламжлалт эмнэлэг гэвэл Хятад эмнэлэг, Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлэг, сүүлийн үед Далай ламын нөлөөгөөр Түвд эмнэлэг тодорч байна. Монголын уламжлалт анагаах ухаан барууныхны анхаарлыг татаад багагүй хугацаа өнгөрч буй. Уламжлалт монгол эмнэлэг Торгоны зам, чөлөөт худалдааны сүлжээгээр явагдсан мэдлэг солилцооны үр дүнд XVIII зуун гэхэд оргилдоо хүрсэн, Энэтхэг, Түвд, Хятадын анагаах ухааны мэдлэгүүдийг нэгтгэж авсан агуу ухаан аж. Монголын уламжлалт анагаах ухааныг 5000 жилийн түүхтэй гэж үздэг байна. Хүннү, Түрэг, Кидан, Чингэсийн эзэнт гүрний үед эрчимтэй хөгжиж байж. Хаадын эмнэлэг гэж байсан тухай түүхчид онцолдог.
  • Уламжлалт анагаахын тангуудын талаарх мэдээлэл хангалттай бий. “Ноёны уудаг норов дүнтэн” гэгдэж асан “Норов 7” гэж танг гэхэд л ноёд л ууж, биеэ тэнцвэржүүлдэг байжээ. Энэ танг 404 өвчнийг анагаах увидас чадалтай, дархлааг сайжруулж, хүнийг залуужуулах үйлчилгээтэй хэмээдэг.
  • Уламжлалт анагаахын эмч Д.Чулуунцэцэг “Уламжлалт анагаах ухааны эмчилгээ яаж идэж уух вэ гэдгээсээ л эхэлнэ. Дөрвөн улиралдаа зохицуулж идээ ундаагаа, хувцсаа тохируулах учиртай. Бид хүн эмчлэхдээ сэтгэл засал хамт хийдэг. Ямар ажил хийж байна, ямар хоол идэж байна гээд л эхэлнэ. Ядаргаанд орсон бол бариа засал хийх үү, зүү төөнүүр хийх үү бүх юмыг нь судалж оношилж байгаад цогцоор нь эмчилнэ. Уламжлалт эмнэлгийн үнэ цэнэ өсч байгаа нь үүнтэй холбоотой. Цогцоор нь эмчилнэ гэдэг уламжлалт эмнэлгийн давуу тал. Монголын уламжлалт анагаах ухааныг гадныхан био, натурал гэж харж байна. Биднийг байгалийн эмчилгээ хийдэг гэж харж байна шүү дээ. Тэгэхээр энэ салбарт дэлхийн брэнд үйлдвэрлэх боломжийг хөгжлийн гарц гэж үзэх учир¬тай. Польшид бидний уламжлалт эм танг цай, кофе шигээ л хэрэглэдэг” хэмээн онцолжээ.
  • Уламжлалт анагаах ухааны салбар 1937-1959 оны хооронд бүрэн устаж хориотой болсон гашуун түүх өнгөрсөнд бий. 1973 оноос эрчимтэй сэргээж эхэлжээ. Одоогоор Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар УИХ-аас 1999 онд баталсан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлого болон 2015 он хүртэл баримтлах үндсэн чиглэл гэж бий. Төр засгаас ингэж анхаарсан ч бодлогын хүрээн дэх бодитой дэмжлэг өнөөдрийг хүртэл үгүйлэгдсээр байгаа. Эмийн ургамал, эм танг олон улсад зөвшөөрөгдөхүйц чанар, стандарттай болгох, лицензжүүлэх, эмийн ургамлын нөөц ихтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах, цаашдаа тарималжуулах гэх мэтэд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж уламжлалт анагаахынхан онцолдог.
  • Уламжлалт анагаах ухааны талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа бий. Ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны аргыг түлхүү ашиглах, албан ёсоор эрүүл мэндийн системд нэвтрүүлэх, гүнзгийрүүлэн судлах зөвлөмжийг ДЭМБ-аас 2000 онд гаргаж байж. “Ужиг өвчнөөс сэргийлэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн тайландаа энэ талаар дурдсан байдаг аж. “Эрүүл мэндийн зардлын 80 хувь нь архаг өвчний эмчилгээнд зарцуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд зарцуулсан мөнгө ирээдүйн эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулахад чухал хөрөнгө оруулалт болно” хэмээн ДЭМБ тайландаа онцолжээ. Бүр тодруулж хэлбэл ирээдүйд архаг өвчтэй хэрэглэгчдийн гол сонголт нь байгалийн эмчилгээ гэсэн үг.
  • Зэс, нүүрснээс хэд дахин илүү үнэ хүрэх шинэ бүтээгдэхүүн бол манай уламжлалтын эмч нарын ур чадвар, байгалийн эм тангийн үйлдвэрлэл юм. Дэлхийн хэмжээнд байгалийн эмийн худалдаа 2005 онд гэхэд л 65 тэрбум долларт эргэлдэж байжээ. Д.Чулуунцэцэг эмч сэтгүүлч Б.Янжмаад өгсөн ярилцлагадаа “Хамгийн ойрын жишээ татахад “Helmut Kaiser” компанийн 2012 онд гаргасан “Уламжлалт анагаах ухаан Хятадад ба дэлхийд” гэсэн зах зээлийн судалгаагаар 2005 онд хятад эмийн худалдаа 14 тэрбум хүрч байсан бол 2010 онд 48 тэрбум ам.доллар болтлоо өссөн байсан. Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлгийн хувьд эмийн бүтээгдэхүүнээс гадна бариа засал, иллэг, сувиллын үйлчилгээ, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний чиглэлээр илүү хөгжсөн байдаг. Монголын уламжлалт анагаах ухаан бол уул уурхайгаас тав дахин их арилжааны хүчин чадалтай зах зээл гэдгийг бид шийдвэр гаргагчдад ойлгуулахаар хичээж байна. Монгол эмнэлэгийн мянган чадварлаг эмч байхад л Оюутолгойгоос илүү хэмжээний орлого бий болгоно” хэмээн онцолж байжээ.
  • 2005 онд ДЭМБ-аас алсын хараагаа тодорхойлохдоо уламжлалт анагаах ухаанд том итгэл найдвар тавьж, уламжлалт анагаах ухааны ашиг орлого 2050 он гэхэд 5 триллион долларт хүрнэ гэсэн тооцоолол гаргажээ. Дэлхийн ардын эмнэлгийн уламжлалтай гурван орны нэг Монголд энэ их урсгалаас эх орон руугаа доллар татах боломж бий. Бэлчээрийн мал аж ахуй, байгаль ахуй, уламжлалт анагаахдаа тулгуурлаад цогц сувилал байгуулчихад л эрүүл мэндийн жуулчлал манай улсад хөгжих бүрэн боломжтой.
  • Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бүтээсэн байгалийн эмчилгээний арга технологи гэж өмнө дурдсан. Байгалийн эмчилгээг дэмждэг хүн амын хувь Бельги, АНУ, Австрали, Франц, Канадад тасралтгүй өсч буй судалгаа бий. Сүүлийн 20 жилд байгалийн эмчилгээ барууны хөгжингүй орнуудад эрэлт ихтэй болжээ. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Түвд зэрэг улсууд төрийн бодлогоороо дэмжүүлэн, өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортод чиглэсэн эдийн засгийн салбар болтол нь хөгжүүлээд байгаа юм.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img