2024-10-17, Пүрэв
-3 C
Ulaanbaatar

Ш.Болд: Хэвлийн хүмүүжил буюу оюун санааны хооллолт гэдэг маш чухал байж

ИРЭЭДҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙН ТУЛД ӨНГӨРСӨН ҮЕИЙН ЭРДЭМТДИЙН БҮТЭЭЛЭЭС ШИЙДЭЛ ОЛОХООР БАЙНА

Анагаах ухааны академийн ерөнхийлөгч,  академич, анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Болдтой ярилцлаа.

“Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть”-ийг хянан тохиолдуулж, эмхэтгэн хэвлүүлэх  ажлыг та ахалж байсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ? 

-Ковидын яг өмнө 2019 онд  Эрүүл мэндийн яам дэмжиж, “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээх ажлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлсэн юм. Уламжлалт анагаах ухааны 18 эрдэмтэн ажлын хэсэгт нь ороод, Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ төслийн эхний 50 ботийн санхүүжилт хийгдсэн.  2019-2022 оны хооронд эхний 50 боть нь бэлэн болоод байна. Энэ 50 боть дээр л төвлөрч ажиллаж байна.

-Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть гэхээр ямар хугацааг хамарч байгаа вэ?

-Хамгийн эртний бүтээл нь 1330 онд Хубилай сэцэн хааны үеийн Хүсэхүй гэж    монгол хүний хятад хэлээр бичсэн “Идээ ундааны жинхэнэ товч” гэж зохиол бий.

-Манайхан “Жангум”-ыг үзээд бишрээд байсан чинь түүнээс илүү хоол хийдэг, эрдэм чадалтай монгол оточ, жинхэнэ түүхэн хүн байжээ гэхээр сонирхолтой санагдсан шүү.

-Тийм ээ, Солонгосын кино шиг бодит амьдрал манай уламжлалт анагаах ухааны түүхэнд олон байна. Сүүлийн гучаад жил энэ бүхэн сайн судлагдаж байна. Энэ 50 ботийн эхний хориод боть нь дандаа эрт үеийн алдартай маарамбуудын зохиолыг төвд, манж, хятад хэлнээс орчуулж, монгол бичгээс буулгаж байна. Манж хэлнээс их сургуулийн манж хэлний багш нартай хамтарч хоёр ч зохиол орчууллаа.

Бид одоо,  ирээдүйд тулгамдаж байгаа эрүүл мэндийн асуудлыг уламжлалт анагаах ухааны аргаар шийдэхийн тулд өнгөрсөн үеийнхээ эрдэмтдийн гаргасан бүтээлийг эргэж харах хэрэгтэй байна.   Тэр дотроос шийдэх арга зам олохоор байна. Үнэхээр гайхаш төрөхөөр бүтээлүүд ч олдож байна. Мэдээж энэ 50 ботид тэр олон зохиолыг бүгдийг нь оруулж чадаагүй. 22-23 боть нь эрт үеийн зохиолын орчуулга.  Үлдсэн хэсэг нь сүүлийн 30 жилийн  уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтдийн бүтээлүүд, гурав дахь хэсэгт нь түүхэн бүтээлүүд багтаж байна.

Уламжлалт анагаах ухааны түүх, 1957 оноос хойш уламжлалт анагаах ухаан сэргэх анхны эх үүсвэр тавигдахад ямар эрдэмтэд оролцсон талаар бүдэг түүхүүд гарч ирж байна. Анхны сургууль байгуулагдсан түүх гээд түүхээ эргэж харж байна.

Одоо бид хоёрдугаар сард эхний 50 ботийнхоо нээлтийг хийх санаатай байна.

-Хүсэхүй идээ ундаа явдал мөр эрүүл мэндийн асуудлаар зөвлөдөг хүн байсан гэдэг. Та энэ хүний хэлж ярьж бичиж тэмдэглэж үлдээсэн зөвлөгөөнөөс орчин үеийн уншигч нарт юуг онцолж хүргэх вэ?

-Хүсэхүйн  зохиолыг 1970-аад онд Өвөрмонголд Хөх луу гэдэг мундаг орчуулагч эртний хятад хэлнээс монгол бичигт буулгасан юм. Тэгээд би Хөх луу гуайтай 1999 онд  Хөх хотод уулзаад, “Таны энэ  эх сурвалжийг хятад хэл дээрх эхтэй нь харьцуулаад, крилл үсгээр буулгаж болох уу” гэж хүссэн юм. Тэгэхэд Хөх луу гуай нэлээд настай хүн байв. Түүнээс зөвшөөрөл аваад, хятад эх сурвалжийг нь олох ёстой болов. Хүсэхүйн зохиол Юань улсын үед хэвлэгдсэн боловч тэр үеийн хэвлэл дэлхийд бараг олдохгүй болсон. Хятадын Минь улсын үеийн хэвлэл нь Японоос  олдсон юм. Түүнийг гадны эрдэмтэд англи хэлээр тайлбартай  орчуулсан байв. Англи болон  эртний хятад, монгол бичиг гурван эх сурвалжийг нийлүүлж байгаад буулгасан. Маш олон жишээ хэлж болно.

Идээ ундааг эмийн ургамалтай хавсарч хэрэглээд, эрүүл байх, урт наслах аргыг л заасан. Хамгийн гол нь хоол ундтай хольж хэрэглэж байгаа эмийн ургамалыг зөв таних, орц найрлагыг зөв тогтоох нь чухал.

Тэгж чадвал одоо ч энэ аргуудыг хэрэглэж болохоор.

Хүсэхүй Хубилай хаанаас хойших Монголын хаадын ордонд ажиллаж байжээ. Хубилай хааны үед байгаагүй ч энэ үед Монголын их хаадын зоогийг хамаарч байсан улсуудын бичиж тэмдэглэж үлдээсэн тэмдэглэлүүд байсан. Ямар зоог идвэл урт наслах вэ. Юу идвэл монгол хатад  оюун ухаантай, бяр чадалтай, гоо үзэсгэлэнтэй хүүхэд төрүүлэх вэ. Тийм аргуудыг хүртэл нарийн судалж байгаад, 1330 онд нэгтгэж бичсэн байдаг.

-Яаж ухаантай хүүхэд төрүүлэх вэ гэдэг одоо ч манай уншигчдын  мэдэхийг хүсч байгаа сэдэв.

-Ер нь энэ тухай сайхан заасан байгаа юм.

Ухаантай, бяр чадалтай, гоо үзэсгэлэнтэй хүүхэд яаж төрүүлэх вэ гээд гурван янзын арга байна. Аргууд нь энгийн. Эндээс оюун санааны хооллолт гэж сонин санаа гарч байгаа юм.

Хүн зөвхөн хоол унд идсэнээр өөрийн тэжээлийн хэрэгцээг хангадаг юм биш. Авсан тэжээлээ оюун санаагаараа задалж, оюун санааг илүү ажиллуулдаг хэлбэр байжээ. Оюун санааны хоол хэзээнээс эхлэх ёстой гэхээр эхийн хэвлийд бүрэлдсэн ургийн анхны сараас нь эхлэдэг. Эх юу бодож, юу сэтгэж, юу үнэрлэж, юу мөрөөдөж байгаа нь урагт шууд нөлөөлдөг учраас хэвлийн хүмүүжил буюу оюун санааны хооллолт гэдэг асуудал маш чухал байсан.

– Эх юу идэх вэ?

-Эх тодорхой хязгаарлагдмал хоол иднэ. Бэлгэдлийн чанартай зүйлс бас байсан. Туулайн мах идвэл уруул сэтэрхий хүүхэд төрж магадгүй. Сэрүүн чанартай мах идэхээр хүүхэд нь уушгины өвчтэй болох эрсдэлтэй.

-Ямааны мах сэрүүн чанартай гэдэгтээ орох уу?

-Бас болохгүй болох нь. Өндөг бусад хоолыг зөв зохицуулж хэрэглэхгүй бол хүүхэд нь гарсны дараа яр шархтай, одоогийн манайхны хэлдгээр диатизтай хүүхэд төрнө гэж үздэг байжээ.

-Ухаантай хүүхэдтэй болохын тулд яах ёстой гэлээ?

-Оюун ухаантай хүүхэдтэй болохыг хүсч байгаа хүн бол сайхан тогос, сайхан шувуудыг харах хэрэгтэй гэж байгаа юм. Монголд тогос байхгүй ч Мин улсын үеийн номонд Монгол хааны  жирэмсэн хатан тогос зуруулаад, харж байгаа зураг бий.

Бяр чадалтай, эр зоригтой хүүхэдтэй болохын тулд харцага гэх мэт шувуудыг харах хэрэгтэй. Харсан эхийн нүдээр дамжиж урагт нөлөөлдөг юм байна л даа.

Гоо үзэсгэлэнтэй хүүхэдтэй болохын тулд үнэт эрдэнийн чулуу барьж үз, сайхныг хар гэх мэт сонирхолтой зөвлөгөө байсан. Үнэт чулуугаар хийсэн хөөрөг барьж үзэх хэрэгтэй юм байна л даа.

-Монголын хаад маш нухацтай зөвлөхүүтэй байжээ. Эрүүл урт наслахын тулд юу, идэж уух вэ гэдэгтээ ч анхаарч байж дээ?

-Буянт хаан хязгаар нутгаа эргээд буцах замдаа бөөрний үрэвсэл болоод (жил, зургаан сараар явдаг юм байна) ирэхэд нь Хүсэхгүй эмч эмчилсэн байгаа юм. Эмчлэхдээ идээ ундаагаар эмчилсэн. Бөөрөнд сайн эмийн ургамалуудыг амт чадлыг нь зөв тохируулж өгөөд, бөөр нь эдгэснээс гадна залуу хатан нь жирэмсэн болж хүүтэй болжээ. Тэгээд Хүсэхүй эмчид өргөмжлөл гардуулсан тухай тэмдэглэл байгаа юм. Монголчууд  идээ ундааг эмийн ургамалтай хослуулж хэрэглэж байж. Идээ ундаа бол эмчилгээний нэг ерөндөг, өвчин үүсгэгч нэг нөхцөл мөн л дөө.

Гэхдээ түүнийг Монголд ургадаг ургамалуудтай хольж, хоол ундандаа хэрэглэвэл илүү ач холбогдолтой. Хятадууд маш их эмийн ургамал хэрэглэж байна шүү дээ. Манайд ч бас ингэж хэрэглэдэг уламжлал хаадаас эхлээд байжээ.

Энэ мэдлэг тасарсан байна. Одоо дахин сэргээх боломжтой гэж бодож байна.

-108 боть гарна гэдэг Монголын уламжлалт анагаах ухааны маш их материал хуримтлагдсан байх нь?

-Тэгсэн гэсэн үг. Сүүлийн гучин жилд хувь хүнд, бидэнд гэхэд л 215 монгол эрдэмтдийн бичсэн гар бичмэл, барын ном  цугларсан байна шүү дээ. Гэхдээ энэ зөвхөн төвд хэлээр бус тод монгол, монгол бичгээр, манж, хятад хэл дээр бий.  Тэр битгий хэл 1811 онд ойрд монголчууд халимагууд, Ижил мөрөнд нүүж очсоныхоо дараа эртний орос хэлнээс анагаах ухааны номыг тод үсгээр орчуулж байжээ. Тэр нь манай Үндэсний номын санд ганц хувь хадгалагдаж байна. Монголчуудын орчуулсан бүтээл гэхэд л 200 гаруй байна. Энд байгаа мэдлэгүүдийг XXI зуунд тулгарч байгаа эрүүл мэндийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэвэл маш их ач холбогдолтой.

-Ковидын эхэн үед хүмүүс яахаа мэдэхгүй байсан. Гэтэл П.Нямдаваа академич та хоёр   эхний дуугарсан хүмүүсийн нэг байсан.  Ковидыг эмчлэх асуудал бүгдийн хувьд тулгамдаж байсан. Гэхдээ манай уламжлалт анагаах ухаанд арга зам байсан юм байна.

-Байсан. Ковид, сарс, улирлын томуу ч бай өмнө нь яг одоогийнх шигээ бус ч тодорхой хэмжээнд байж л байсан. Уламжлалтын эмүүд Мана-4, Норов-7, Лидэр -7, Чацаргана- 5 гээд уламжлалтын эмүүд одоогоос 300-400 жилийн өмнөөс хэрэглэгдсэн. Одоо ч хэрэглэгдэж байна.

Энэ хугацаанд өвчний үүсгэгчүүд зөндөө хувирч байгаа.

Тэр болгонд энэ эмүүд хэрэглэгдээд л байгаа юм. Тэгэхээр монголчууд ямар ухаантай аргыг зөв олж хэрэглэж байв. Хамгийн гол нь өвчний үе шатанд тохируулж тангаа зөв хэрэглэх учиртай. Энэ тангуудыг өвчнийг эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэхэд хэрэглэж болдог онцлогтой. Ковидын үеэр манай уламжлалт анагаах ухаан боломжит нөхцөлүүдээ ашиглаж, тодорхой хэмжээнд тус дөхөм болсон. Одоо ард түмэн Мана-4, Норов-7 гээд бүгд сайн мэдэж авсан. Үнэхээр гайхамшигтай эмүүд. Ноёдын уудаг Норов-7, маний уудаг Мана 4 гэж хүмүүс ярьдаг байсан. Тааж (тодруулж өгдөг) мэддэг Танчэн 25, аргаа барахад Агар 35 гэж ярьдаг байсан. Залуу эмч нарт ингэж сургадаг.   Судас, шээсээр өвчнөө оношилж чадахгүй тохиолдолд  Танчэн 25 гэдгийг өгөөд явуулдаг. “Өдөрт гурваар, хоёр өдөр уугаад ирээрэй” гэхэд  өвчнийг нь хөдөлгөөд, тодруулаад өгдөг гэсэн утгатай.   Аргаа барахад Агар 35 гэж  тан залуу эмчид заавал байх ёстой. Оношилж чадахгүй бол Агар-35 өгөөд явуулдаг. Хэрэв хий өвчин байвал түүнийг дардаг. Биш байвал өвчин нь хөдөлчихнө. Хийн өвчин биш байна гэдэг мэдэгддэг.

5000 жор байна гээд та бод доо. Энэ болгон өөр өөрийн ач холбогдолтой, нууц увдис чадалтай.

-Европ эмийн  даслын тухай их ярьж байна шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд ийм асуудал байдаг уу?

-Ерөнхийдөө дасал болох нь гайгүй байна. Би сая Норов-7, Мана -4 танг ажиглаж байхад олон зуун жил маарамбууд хэрэглэж ирсэн, одоо ч хэрэглэж байна. Мана-4 танг дөрвөн улирлаар, тэр бүү хэл 365 хоног болгоноор  янз янзаар найруулдаг байсан. Өөрөөр хэлбэл тухайн өвчин, улиралд тохируулж найруулдаг байж. Хаврын улиралд аль найрлагыг нь илүү тавих вэ. Намар, өвөл алийг нь тавих вэ гэдгээрээ ялгаатай байсан. Нарийн яривал гоё ойлголтууд бий.

Маарамбууд, хуучин цагийн эмч нар магадгүй зарим өвчинд тухайн эмийн хүч хүрэхгүй байвал хоёр, гурван эмийг нийлүүлж хавсруулж хэрэглэдэг арга бий.   Мана-4 танг буцалгачихаад, аль нэг эмээ даруулж уудаг. Хэрэв энэ өвчин өөр хувилбараар гараад ирвэл дахиад  тэр тэрийг нэмэхэд амт чадлын хувьд яг таараад өмнөхөөс илүү үйлчилнэ гэдгийг мэддэг байж.

-Моносынхон Дармон эм хийсэн нь энэ ханиаданд сайн байна гээд эмийн сангуудад ирэнгүүтээ дуусчихдаг юм билээ. Хятадын Лянхуа гээд эмийг бас сайн гэх юм. Ойролцоо найрлагатай юм уу эсвэл өөр өөр эмүүд сайн нөлөөлөөд байна уу?

-“Монос” гаргасан  хоёр эм бол үнэхээр сонирхолтой. Нормон гэдэг нь Норов-7 байхгүй юу. Дармон гэдэг нь Дарву-5. Гэхдээ Норов -7 бол тан юм. Өвчний цочмог үед нь илүү хэрэглэнэ. Өвчнийг боловсруулах, хураах, нядлах үйлчилгээтэй.   Архагшаад ирвэл Дармон нь сайн.  Энэ хоёр бол үнэхээр сайн.

-Эмийн хэлбэрт оруулахаар уламжлалт тангийн хувьд дэвшил гарч байна гэж үзэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Үйлчилгээ нь адилхан. Үйлчилгээг нь эд нар судалж байгаа юм. Буцалгаж уудаг эмийг өмнө нь буцалгачихаад, хуурай ханд болгоод, түүнийгээ шууд халуун усанд хийгээд уух нь илүү хялбар. Тэгж уух нь өмнө нь жинхэнэ ёсоор найруулсанаас ямар ялгаатайг судлаад, шууд хамаарах хүчтэй ялгаа байхгүй учраас хэлбэр өөрчилж. Тан эмийг хөдөө явж байгаад уухад бас хэцүү.  Хаана  буцалгаж уух билээ. Тэрийг нь уухад хялбар болгож, хэлбэрийг нь өөрчилж байгаа юм уу даа.

Хятадын  Лянхуа эм манай шинэ гарсан эмүүдтэй ойролцоо үйлчилгээтэй юм уу?

-Ойролцоо, зарим нэг ургамалууд нь адилхан. Хятадуудын хэрэглэж байгаа эмийн найрлагын технологи арга нь манайхаас жаахан өөр, хэлбэрүүд нь өөр байна. Хятадууд голдуу буцалгаж хэрэглэдэг. Манай уламжлалт анагаах ухаанд буцалгаж уудаг тан, буцалгахгүй уудаг үрэл  талх хэлбэр ч бий. Зарчмын ялгаатай. Гэхдээ  хэрэглэдэг түүхий эдүүд нь төстэй.

-Монголд ургадаг эмийн ургамалаар тан хийж байна, гаднаас түүхий эд оруулж ирж байна. Нөлөө, хүчин чадал нь өөр үү?

-Манай уламжлалт анагаах ухааны ихэнх жорууд Энэтхэгээр дамжаад, Төвөд, Төвөдөөр дамжаад наашаа орж ирсэн. Гарал нь ихэнхидээ халуун орны ургамалын жорууд их орж ирсэн.  Тэрийг манай маарамбууд Монголд ургадаг ургамалаар орлуулах гэж их оролдож байгаа. Тийм ч учраас төв халхын ногоон тан гээд зөвхөн Монголд ургадаг ургамалуудаар найруулсан  тангууд ч бий.

Манай эмэнд ордог ургамлын гаралтай түүхий эдийн 50-60 хувийг гаднаас авдаг. Яагаад гэвэл манайх эрс тэс уур амьсгалтай. Сэрүүн газар ургадаг ургамал нэг өөр.  Хүйтэн өвчинд халуун эмчилгээ, халуун өвчинд хүйтэн эмчилгээ хэрэглэдэг. Тэгэхээр бидэнд гаднаас гарцаагүй авах ёстой ургамалууд гэж бий. Түүнийгээ зөв таньж, цаг хугацаанд нь авах, хугацаандаа хэрэглэх учиртай.

-Судлаачид ковид эхнийх ч биш эцсийнх ч биш гээд байдаг. Уламжлалтын судлаачид дараагийн түрлэгт хэр бэлтгэж байдаг вэ?

-Үүний тулд л 108 боть гэдэг том төсөл хэрэгжиж байна.

-Энэ ботиуд судлаач нарт зориулсан уу? Жирийн иргэд ойлгох хэмжээнд байгаа юу?

-Эхлээд анагаахын судлаач, эмч нарт сурах бичиг болгож ашиглах зорилгоор, дараа нь уламжлалт анагаахын шинжлэх ухааны үг хэллэгийг хялбаршуулсан байдлаар иргэдэд түгээх ёстой. Жишээлбэл “Идээ ундааны жинхэнэ товч” бол заавал анагаахын мэргэжлийнхэнд гэхгүй. Зонхилон тохиолддог зарим өвчнөөс сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой аргууд ч бий.    Тийм учраас шууд нийтэд хэрэглэж болно.

-108 боть гаргахад хэр их цаг хугацаа зарцуулж байна вэ?

-Ер нь гучаад жил ноцолдож байгаа. Яг жинхэнэ ажил хэрэг болсон нь сүүлийн дөрвөн жил гэсэн үг. Гэхдээ түүнээс ч өмнө бид тодорхой хэмжээнд орчуулсан, судалсан,  хэвлэж чадаагүй байсан номууд бий.  Зүгээр нэг орчуулахаас гадна үгийн тайлбар хийнэ. Эртний үгнүүдийг тайлбарлахгүй бол мэргэжлийн хүн ч уншихад түвэгтэй зүйлс олон.  Бусдаас  гуйхаасаа илүү өөрсдийн өвөг дээдсийн үлдээсэн хар авдарт байгаа эрдэнийг гаргах бололцоотой. Монгол хүний оюун ухаан, суу билэг үнэхээр гайхалтай юм.

Миндол номон хан Жамбалчойжиданзанпэрэнлэй гэж  уг нь ойрад гаралтай торгууд хүн. Тэр хүний ном хоёр ботиор орж байгаа. Тэнд нүдний өвчнийг эмчлэх талаар өөр ямар ч номонд байхгүй мэдээллүүд бий.

Төвөд хүн ч тэгж бичээгүй, энэтхэг, хятад эрдэмтэд ч ингэж  бичээгүй. Жамбалчойжиданзанпэрэнлэй бол зөвхөн 60-70 хуудас нь нүдний өвчний талаар байсан. Нүдний болор цайх, нүдний цагаа, нүдэнд мэс засал хийх тухай хүртэл бий. Тэр хүний бүтээлийг уншихад ний нуугүй хэлэхэд шар үс босдог.

  Гэтэл одоо уламжлалт анагаах ухаанаар нүдний тусламж үзүүлж байгаа юм  алга байна шүү дээ. Энэ номын орчуулга, тайлбартайгаа 530-аад хуудастай. Хоёр боть болгож хэвлэж байна. Орчуулахаас гадна бидний мэдэхгүй үгсийг ард нь төвөдөөр нь хадаж байгаа. Тийм учраас ажиллагаа ихтэй болсон.

-Монголын уламжлалт анагаах ухааны эх сурвалжуудын талаар хичээл заадаг уу?

-Сурвалж бичиг судлал орж эхэлж байгаа. Энэ бүхэн сэргээгдэн хөгжөөд, гуч гаруй жил болж байна. Бид зэрэгцээд өсч байна шүү дээ. Хорин хэдэн настай оюутан байсан. Одоо гучин жил уламжлалтын салбарт багшилж, судалгаа хийж,   хүн үзэж, эмчлээд явж байна.  

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img