2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

С.НАРАНЦОГТ: Урт хугацаанд тогтвортой, эрүүл өсөлт бий болгох нь “Эрдэнэс Монгол”-ын шинэ сэргэлт

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.

– Уурхайг технологийн дагуу зөв ашиглаж үр ашгийг нь хүртээд технологийн дагуу хаах нь маш чухал –

-Монголын уул уурхайн стратегийн чухал орд газруудыг хариуцдаг аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяан дор нэгтгэж, группийн зохион байгуулалтад оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Нэг компанийг удирдах, нийт группийн хэмжээнд ажиллах хоёр мэдээж маш их ялгаатай. Таны хувьд ажлаа юунаас эхэлсэн бэ, богино хугацаанд гарсан өөрчлөлт, үр дүнгээсээ онцлооч?

-Тийм л дээ, группын зарчмаар ажиллах компаниудын нэгдлийг удирдах онцлог бий. Компаниуд нэг алсын хараа, нэг үнэт зүйл, нэг зорилготой, нэгдсэн стратеги төлөвлөгөөтэй, үйл ажиллагааны уялдаа холбоо, сайн засаглалыг нэвтрүүлж ажилласнаар хувьцаа эзэмшигчийн нийт үр өгөөжийг нэмэгдүүлэх учиртай.

Энэ бол бидний хийх ёстой эхний ажил юм. Нэгдлийн компаниудын инженер техникийн ажилтнуудынхаа 400 гаруй төлөөлөлд стратеги төлөвлөгөөгөө танилцуулж хэлэлцүүллээ. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулахын зэрэгцээ үндсэн үйлдвэрлэл, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд охин компаниудад хугацаатай үүрэг даалгаврууд өгч биелэлтийг нь хангуулж ажиллаж байгаа.

Ингэснээр үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүн мэдэгдэхүйц сайжирсан нь эхний хагас жилийн тайлангаас тодорхой харагдлаа. Толгой компанийн хувьд бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх, сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх, төсөл хөтөлбөрийн үнэлгээ, санхүүжилтийн тогтвортой зөв механизмыг бүрдүүлэхэд нэлээд цаг хугацаа зарцуулж байна. Нэгдлийн хэмжээнд мөрдөгдөх бодлогын баримт бичгүүд зэрэг бичиг цаасны ажлын хүрээнд компаниудынхаа дүрмийн шинэчлэлийг хийж дуусгалаа.

-Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөлгөөний үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл цаашид баримтлах стратеги төлөвлөгөөгөө зарласан. Монголын бүх баялаг үндсэндээ “Зэс, металийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр том салбарт хуваагдаж, үнэ цэнэ, үр ашгийг нэмэгдүүлэх шинэ менежментээр ашиглагдах нь. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт яг ямар ахиц дэвшил гарна гэж төсөөлж байна вэ?

-Зөвлөгөөний үеэр танилцуулсан стратеги төлөвлөгөөний гол агуулга бол нэгдлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, урт хугацаанд амжилтад хүргэх цаашдын замын зураг юм. Миний хувьд бизнесээ цогцоор нь харах, урт хугацааны тогтвортой, эрүүл өсөлт гаргах нь чухал гэж боддог учраас стратеги төлөвлөлтийг нэн тэргүүнд боловсруулах ёстой чухал асуудал гэж үзсэн.

Тодорхойгүй ирээдүйн талаар таамаглаж, түүнд зориулсан төлөвлөгөө гаргах нь амаргүй ч бүх боломжоо дайчилж хамгийн боломжит хувилбараар хийх ёстой гэж бодож байгаа юм. Богино хугацааны гэрээтэй гүйцэтгэх захирлууд ийм ажил хийж өөртөө ажил удахыг хүсдэггүй байж болох ч манай шинэчлэлийн баг энэ ажлыг хийх ёстой гэж үзэж байгаа.

Ингэж үзээд уг ажлыг гүйцэтгэх бүтцээ гаргаж хийж эхэлсэн. Стратеги төлөвлөгөөний хувьд хамт олныг нэгэн зорилгод зангидаж, түүнд хүргэх итгэл үнэмшлийг төрүүлсэн сайн талтай. Нэгдлийн ирээдүйн дүр зураг тодорхой, түүнд хүрэх стратегид бүх нөөцөө зарцуулах амлалттай тохиолдолд компаниудад ажиллагсад ч мөн итгэл үнэмшилтэй ажиллана. Стратеги төлөвлөгөөгөө хувьцаа эзэмшигч буюу Засгийн газраар батлуулж ажил хэрэг болгосноор таны асуусан Монгол Улсын нийгэм, эдийн засагт мэдэгдэхүйц сайн үр нөлөө үзүүлнэ.

-“Эрдэнэс Монгол” толгой компани цаашид удирдлагын манлайлал хэрэгжүүлж, түүнээсээ үр ашиг хүртэж оршин тогтоно гэж үзэж байгаа. Гэтэл өмнөх жилүүдийн хуримтлагдсан өр төлбөр, засаглалын алдаа онооноос үүдэлтэй асуудал бэрхшээлүүд багагүй бий. Энэ бүхнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ? Хүнд сурталгүй, түргэн шуурхай удирдлагаар хангах нөхцөл бодит байдал дээр бүрдэж чадсан уу?

-Бүх түвшний удирдлагын манлайллын дутагдал нь өнгөрсөн хугацаанд бий болсон хуримтлагдсан өр төлбөр зэрэг олон асуудал, мөн түүнчлэн байгуулагдсан зорилгоо биелүүлээгүй үндсэн шалтгаан болсон гэж дүгнэгдсэн. Манлайллыг нэгдлийн хувьцаа эзэмшигч Засгийн газраас эхлүүлсэн, одоо бүх түвшинд хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Өөрчлөлт шинэчлэлт тасралтгүй, тууштай хийгдэнэ. Таны асууж байгаа хүнд суртлыг арилгах, ил тод байдал, ашиг сонирхлоос ангид ажиллах, үр бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон олон өөрчлөлт шинэчлэл нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн “Шинэ сэргэлт” болох юм.

Мэдээж олон жил хуримтлагдсан асуудлууд нэг өдөр шууд өөрчлөгдөхгүй, энэ хэвээр нь хадгалах зарим сонирхол нэлээд байгаа ч олон нийт, дийлэнх ажилтнууд дэмжиж байгаа болохоор үр дүн баталгаатай гарах болно.

-Салхитын уурхайд хэрэгжүүлэх уурхайн хаалтын жишиг төлөвлөгөөг Монгол Улсад анх удаа танай харьяаны “Эрдэнэс Силвер Ресурс” компани MERIT төслийн багтай хамтран боловсруулж дуусгалаа. Толгой компанийн захирлын хувьд Та ач холбогдол талаас нь хэрхэн харж байна вэ?

-Юуны өмнө энэ санаачилгыг гаргаж төслийг хэрэгжүүлж байгаа МЕRIT төслийн баг хамт олонд болон санхүүжүүлэгч Канадын Засгийн газарт талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Уурхайг технологийн дагуу зөв ашиглаж үр ашгийг нь хүртээд технологийн дагуу хаах нь маш чухал асуудал юм. Нуулгүй хэлэхэд манай улсад энэ ажил яг олон улсын сайн стандартын дагуу хийгдэхгүй явж ирлээ. Баялгийг сорчилж олборлоод нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг технологийн дагуу хийхгүй байгаль орчныг сүйтгээд орхидог явдал нэлээд байна. Энэ нь орон нутагт уул уурхайг дэмжихгүй байх бас нэг шалтгаан болж байгаа юм. Иймд Салхитын уурхайн хаалтыг жишиг төлөвлөгөөний дагуу хийж үлгэрлэх нь маш чухал ажил болно.

Цаашид бүх уурхайг Салхитын энэ жишгээр хаалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Миний хувьд, Дундговь аймгийн уугуул иргэнийхээ хувьд ч, мөн толгой компанийн захирлын хувиар ч энэ ажлыг маш сайн дэмжиж төслийн багтай хамтран ажиллаж байгаа. Төслийн хамт олон энэхүү жишиг төслийг хэрэгжүүлэхээр холбогдох дүрэм журманд өөрчлөлт оруулах ажлыг салбарын яамтай хамтран ажиллаж цаашид бусад уул уурхайн компаниуд жишиг төлөвлөгөөг мөрдлөг болгон хэрэгжүүлэх боломжтой болгож буй нь уг төслийн гол үр дүн юм.эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img