2024-07-22, Даваа
21 C
Ulaanbaatar

Баарны хамгаалагчаар ажиллаж байсан химийн технологич католик сүмийн тэргүүн болсон нь

Хэдхэн хоногийн дараа манай оронд айлчлахаар ирэх Ромын пап Францисыг Гэгээн ширээт улсын төрийн сэнтийд заларч байсан урьд өмнөх 265 католик сүмийн тэргүүнээс олон түмэнд хамгийн нээлттэйгээс гадна хамгийн содон нь гэж тодорхойлж болохоор.

Италийн төрийн эрхэнд Бенито Муссолини гарч ирэн фашист дэглэм тогтоосны дараа Аргентин руу зугтаж дүрвэсэн төмөр замын ажилчин Марио Жузеппе Бергоглиогийн гэр бүлд отгон буюу тав дахь хүүхэд нь болж мэндэлсэн тэрээр өдгөө 87 настай ч хөлбөмбөг, латин америк бүжгэнд хорхойтой хэвээр, Моцарт, Вагнер нарын сонгодог хөгжим сонсон Достоевскийн зохиолуудаас цээжээр эшлэдэг нэгэн.

Ромын папРомын пап Францис эрх ямба дагасан элдэв онцгой хангамж, тав тухад хэзээний дургүй, амьдралын туйлын минималист хэв маягтай хүн ажээ. 1969 онд лам болсон Хорхе Марио Бергоглио католик сүмийн зэрэг дэв бүхнийг алгасалгүй аажмаар ахисаар 2001 онд Аргентины кардинал болохдоо өмнөх кардиналын сууж байсан тансаг харшнаас татгалзан хөлсний жижигхэн орон сууцанд амьдарч, өөрөө хоолоо хийдэг байжээ. Тэрээр кардиналд гаргаж өгдөг хувийн жолоочтой лимузин машиныг сул зогсоож Буэнос Айресын нийтийн тээврээр зорчдог байсан гэдэг.

2013 оны хавар Ромын пап болохдоо тэрээр хөрөнгө мөнгө, эд баялгаас татгалзсан бүлгэмийг үүсгэн байгуулсан католик шашны гэгээнтэн Ассисийн Францисыг хүндэтгэн нэрийг нь сонгосон Гэгээн ширээт улсын анхны төрийн тэргүүн болжээ. Үүнээс гадна ямар ч үр ашиггүй дэмий зардал хэмээн үзэж, өнө эртнээс Ромын папын эрх мэдлийн бэлгэдэл болсоор ирсэн хувийн тамгатай алтан бөгж хийлгүүлэхээс татгалзсан юм.

Тэр ч бүү хэл Ромын папын сүрлэг ширээний оронд энгийн буйдан сандал тавьж өгөхийг хүсэн Ватикан дахь ордныхоо өрөөнүүдийн тоог үлэмж цомхотгожээ. Үүний дараа ч тэрээр ордонд нүүж орохоос цааргалан нэлээд хугацаанд зочид буудалд амьдарсан аж.

Янз бүрийн арга хэмжээнд оролцсоны дараа түүнд үнэтэй бэлэг барих нь элбэг. Хэдийгээр даруу төлөв амьдралын хэвшилтэй ч тэрээр бэлгийг хүлээн авдаг.

Ромын папМэдээж дараа нь худалдаж, олсон мөнгийг буян үйлсэд зориулахын тулд. Жишээ нь 2013 оны зун АНУ-ын “Harley Davidson” компани 100 жилийнхээ ойгоор тансаг мотоцикл, арьсан хүрэм бэлэглэхэд дээр нь гарын үсгээ зураад дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан 350 гаруй ам.доллараар борлуулж буяны байгууллагад хуваарилсан нь бий.

Ромын пап Франциск дан ганц библийн судар уншдаг нэгэн биш. Тэрээр дэлхийн сонгодог зохиолчдын, тэр дундаа Ф.Достоевскийн бүтээлүүдийг унших дуртай аж. Ф.Достоевскийн гүн гүнзгий утга бүхий философийг ойлгоогүй хүн жинхэнэ санваартан болох нь эргэлзээтэй гэж хэлсэн удаатай. Ромын пап XI Пийн нэрэмжит сургуулийн багш, сурагчдад сургааль айлдах үеэрээ, “Хүний сэтгэл рүү өнгийж чадсан зохиолчид, жишээ нь Ф.Достоевскийн бүтээлүүдийг уншиж байхыг зөвлөе. Тэрээр хүний амьдралын уй гашууг яруу сайхан хайр энэрэл хэрхэн дэвтээдгийг дэлгэж чадсан юм” хэмээжээ.

Аргентин хүн бүр тангод багаасаа татагддагийн нэгэн адил Ромын пап Франциск ч энэ бүжигт “нугасгүй”. Залуу зандан насандаа тэрээр найз бүсгүйтэйгээ харуй бүрий болтол бүхнийг умартан танго бүжиглэдэг байжээ. Сахил хүртсэнийхээ дараа Буэнос Айресын жуулчид очих дуртай Бока дүүрэгт бүтэн сайн өдрүүдээр танго бүжиглэх хосуудыг ойр хавийн кафегээс ажиглан харж суун тайтгардаг байсан гэнэ.

Иймээс ч 2014 оны арванхоёрдугаар сарын 17-нд 78 насных нь төрсөн өдрөөр Ватиканы Гэгээн Петрийн талбайд залуучууд “Ромын пап Францсит зориулсан танго” хэмээх ер бусын флешмоб зохион байгуулж, олон зуун хос нэгэн зэрэг бүжиглэсэнд гайхах зүйлгүй.

Ромын пап

266 дахь Ромын пап түүнчлэн хөлбөмбөгийн хорхойтон бөгөөд хүүхэд наснаасаа өнөөг хүртэл Буэнос Айресын “Сан Лоренсо” багийг хөгжөөн дэмжиж иржээ. Ариун Мариагийн нэрээр тангараглан 33 жилийн тэртээ телевиз үзэхээс бүрмөсөн татгалзсан түүнд тус баг хэрхэн тоглосон талаар Ватиканыг хамгаалдаг Швейцар торгон цэргийн нэг нь тодорхой ярьж өгдөг гэнэ.

100 гаруй жилийн түүхтэй “Сан Лоренсо” Өмнөд Америкийн хамгийн нэр хүндтэй Либертадоресын цомыг 2014 онд анх удаа хүртэхэд тус багийн төлөөлөгчид юуны түрүүнд Ватиканыг зорьж түүнтэй уулзан цомоо үзүүлж, өөрийнх нь нэртэй тоглолтын хувцсыг дурсгаж байжээ.

Католик ламын сахил хүртэхээсээ өмнө ирээдүйн Ромын пап цэвэрлэгчээс авахуулаад баарны хамгаалагч хүртэл ямар ч ажлаас цэрвэлгүй амьдралаа залгуулахаас гадна их сургуулийн төлбөрөө төлдөг байсан аж. Тэрээр Буэнос Айресын их сургуулийг химийн технологич мэргэжлээр төгсчээ.

Ромын папРомын пап Францис цаг үеэсээ хоцролгүй интернетийн нийгмийн сүлжээнүүдийг анх удаа сургааль номлолд ашигладаг болсон байна. 2016 онд тэрээр Instagram-д хувийн хуудас нээсэн нь өдгөө 10 сая гаруй дагагчтай болжээ. Энэ оны гуравдугаар сарын 13-нд Ромын папаар сонгогдсоныхоо 10 жилийн ойгоор анхны подкастаа цацсан нь олны дунд “Папкаст” нэр аван ихэд түгсэн билээ.

Ромын пап

Ер нь залуудаа эгэл олны дунд бужигнан амьдралын сайн, мууг амсч хэрсүүжсэн нь хар багаасаа нийгмээс тусгаарлагдан шашны сургуулиар хүмүүжсэн өмнөх Ромын папуудаас түүнийг эрхгүй ялгаруулна. Тэрээр, “Шашин, лам хуврагууд гадаад ертөнцөөс нуугдан аюулгүй байдалдаа санаа зовних нь эрүүл бус үзэгдэл. Ард олныхоо дунд байж, гудамжинд хөхөрч няцартлаа нүдүүлбэл нүдүүлж, муу муухай бүхэнтэй нүүр тулан итгэл үнэмшилдээ үнэнч байж чаддаг тийм л шашин, тийм л шашны зүтгэлтнүүд хэрэгтэй гэж би үздэг” гэсэн нь түүнийг санваартнаас гадна хувь хүн талаасаа хэн болохыг бэлхнээ хэлээд өгөх биз ээ.

Манай оронд ийм л содон католик сүмийн тэргүүн хөл тавих гэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img