2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Пап Францис францискан Карпинигаас 777 жилийн дараа Монголын нийслэлд хөл тавих гэж байна

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад өнөө орой хөл тавих гэж байна.Түүний айлчлал 9 дүгээр сарын 4 хүртэл үргэлжилнэ. Айлчлалын баг анхаарал татахуйц өргөн бүрэлдэхүүтэй байх нь.

Францисийг тус улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, өндөр албаныхан тэргүүтэй 200 гаруй хүн дагалдана гэсэн албан мэдээ түгээд байна. Зөвхөн айлчлалын сурвалжлах зорилготой гадны хэвлэлийнхэн гэхэд л 150 гаруйгаар тоологдож буй. Хэвлэлийнхэн дунд Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн түлхүү ирэх аж. Ирнэ гэж албан ёсоор бүртгүүлсэн 300 сүсэгтнээс гадна маш олон сүсэгтэн Монголыг зорьж ирэх нь тодорхой болчихсон.

Улаанбаатар хотын зочид буудлуудын захиалга аль хэдийнэ дүүрсэн, Степ аренад болох гэгээн мөргөлийн үйл ажиллагааны заалны суудал дууссан гэх мэтээс хэр олон сүсэгтэн намрын аялал жуулчлалд орлого, доллар оруулахыг багцаалдчихаж болно. Пап Францис нэг улсад очиход тухайн оронд 10-400 сая ам.долларын орлого оруулдаг гэх албаны тооцоолол бий.

Ингээд бодохоор өнөө зун орос, солонгосуудыг хуйлруулж нэгэнт тэсрэлт хийсэн аялал жуулчлалын салбарын орлого намрын улиралд ч ахиу гарах нь тодорхой болжээ. Сонирхуулж хэлэхэд манай улсад 1300 гаруй католик шашинтан амьдардаг. Харин манай бүс нутаг 1.3 тэрбум католик шашинтантай.

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний манай улсад хийх айлчлалыг дэлхий даяар анхааран ажиглах нь тодорхой. Хятад, Орост бүчүүлэн хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг оршиж буй өнөөгийн Монголд маш чухал ач холбогдолтой нь бүр ч ойлгомжтой. Буддын болон лалын шашнаас ялгаатай нь католик сүм дэлхийн бүх тивд тархсан байдаг. Дагагчдынх нь тоо гэхэд л 3.3 тэрбумаар хэмжигддэг.

Иймд, Ромын пап манай оронд ирэхдээ ямар ч стратегийн зорилт агуулсан байлаа, Азийн зүрхэнд ардчиллын галыг асаан ямар ч шашин шүтэх эрх чөлөөтэйгөө харуулах нь Монгол Улсын хувьд тусгаар тогтнолын дархлаагаа бататгаж авах таатай завшаан гэж харах хүн олон байна.

Ромын пап

Францискан лам Плано Карпинигээс 777 жилийн дараа Ромын пап Францис Монголын нийслэлд хөл тавьсны учир…

Ромын пап Францис Монголд айлчлах нь тодорхой болсны дараагаар манайхны “Facebook”, ”Twitter” гээд сошиал сүлжээнүүдэд “Гүег хаан тээр жил Ромын папыг дуудсан, одоо л ирж байна” гэсэн хошигнол талын түймэр шиг хурдан тархаж жинхэнэ “мем” болж хувирсан. Үнэхээр ч хаа байсан найман зууны тэртээ ид хүчээ авсан Монголын эзэнт гүрний хаан ширээнд суусан Гүег Хархорумд хүрэлцэн ирсэн тухайн үеийн Ромын пап IV Иннокентийн элч Плано Карпинигээр дамжуулан тиймэрхүү утгатай хариу албан захидал илгээсэн нь өдгөө Ватиканы номын сангийн архивт хадгалагдаж буй.

Монголын эзэнт гүрний үед хамаарах дипломат харилцааны хамгийн эртний баримт бичигт тооцогддог 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр монголоос гадна перс, латин хэлээр бичиж их хааны “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хаан зарлиг ил болга иргэн дүр хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичээстэй тамгыг хоёронтоо дарсан тэрхүү захидалд, “Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт… зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг танай элч нараас сонсов. Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг та нарт сонсгон дагуулъя. Тэнгэрийн хүчинд наран мандах газраас наран жаргах газар бүгдээрээ биднээ заяажээ.

Эдүгээ “бид харьяат болж хамаг эд агуурсаа та бүхэнд өгтүгэй” хэмээн чи шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй. Харин та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцэх аваас дайсан болно. Эл учрыг та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэхгүй, гагцүү Тэнгэр мэднэ” гэжээ. Гүег хаан ийн сүрийг үзүүлсэн захирангуй өнгө аястай захидал илгээх болсон нь цаанаа нарийн учиртай байж таарна.

Өнгөрсөн балар түүх рүү өнгийвөл 1241 оны дөрөвдүгээр сарын 9-нд одоогийн Польшийн нутаг дахь Легницийн ойролцоох тулалдаанд католик шашинтай баруун Европын нэлээд хэдэн хаан, вангийн нэгдсэн арми Монголын цэрэгт бут цохигджээ. Гэвч Монголын арми хамгаалалтгүй шахам үлдсэн өрнөд Европ руу цөмрөн оролгүй гэнэт нутгийн зүг жолоо залсан байдаг. Үүнийг ихэвчлэн Өгөөдэй хаан тэнгэрт хальж, хаан ширээг залгамжлагчийг тодруулах Их хуралдай зарласантай холбон үздэг. Хэдий тийм ч Европ даяар “татаруудын аюулын айдас” гээч хий үзэгдэл он удаан жил хэрэн хэсүүчилсэн.

Ромын папМонголчууд дутуугаа заавал ч үгүй гүйцээнэ гэдгийг ойлгохын дээдээр ойлгож байсан Ромын пап IV Иннокент Легницийн тулалдаанаас даруй дөрвөн жилийн дараа христийн шашинтнууд руу довтлохгүй байх баталгаа авахын тулд эвийг эрэн найрсаг харилцаа тогтоохыг хүсч, үүний сацуу христийн шашинд орохыг ятгасан дипломат албан захидлыг Монголын эзэнт гүрний удирдагчид бичсэн аж. 1245 оны гуравдугаар сарын 13-нд бичсэн “Cum non solum” хэмээх захидлаа Монголын их хаанд хүргэхийг тэрээр итали гаралтай католик шашны францискан урсгалыг дагагч хар лам Жованни да Пиан дел Карпини буюу Плано Карпинид даатгажээ.

Хожим “Монголчуудын түүх” номоороо алдаршсан Плано Карпини IV Иннокентийн байрлаж байсан Лионоос 1245 оны дөрөвдүгээр сарын 16-нд улаан өндөгний баяраар дагалдагчдынхаа хамт аяллаа эхэлж, хүнд хэцүү урт зам туулан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд 1246 оны наймдугаар сарын 24-нд хүрэлцэн ирж Гүюгийг албан ёсоор хаан ширээнд залах ёслолд оролцсон гэдэг. Албан захидалд юу гэж өгүүлснийг мэдээд Гүег хаан ихэд бухимдан Ромын пап ламд дээр өгүүлсэнчлэн ширүүхэн хариу илгээжээ…

Тэгвэл үүнээс яг 777 жилийн дараа, мөн л наймдугаар сарын сүүлээр 266 дахь Ромын пап Францис Монголын өнөө цагийн нийслэл Улаанбаатарт хөл тавих нь. Түүнд өрнөдийн ертөнцийг анх түрүүнд Монголын эзэнт гүрэнтэй холбож өгсөн дипломатч хар лам Плано Карпинитэй төстэй зүйл цөөнгүй нь анхаарлыг минь эрхгүй татсан юм.

266 дахь Ромын пап Плано Карпинигийн адил итали гаралтай. Плано Карпини 60 хол давсан насандаа Монголыг зорьж байсан бол Ромын пап Францис 86 настай. Тэрээр Ромын пап болохдоо хөрөнгө мөнгө, эд агуурсаас татгалзан юуны түрүүнд ядуу зүдүү хүмүүст итгэлийн гал бадраан тэтгэх зорилготой францискан бүлгэмийг үүсгэн байгуулсан католик шашны гэгээнтэн Ассисийн Францисыг хүндэтгэн нэрийг нь сонгосон Гэгээн ширээт улсын анхны төрийн тэргүүн. Тэгвэл Плано Карпини ч францискан урсгалыг үнэнчээр дагагч хар лам байжээ.

Өөр нэг анхаарал татсан зүйл гэвэл, Ромын пап Францис манай оронд Плано Карпинигээс 777 жилийн дараа айлчлах болсон явдал. Санамсаргүй тохиолоор тэгж таарсан байж болох юм. Гэвч христийн шашны гол шүтээн аав, хүү болон ариун сүнсийг гурвалсан 7-гийн тоогоор илэрхийлдэг аж.

Ромын пап

Гэгээн ширээт улсын тэргүүн, Ромын пап Францисын Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хөтөлбөр:

Наймдугаар сарын 31, Пүрэв гариг.

18.00. Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц Италийн Ром хотын “Фиумичино” олон улсын нисэх буудлаас хөөрнө.

Есдүгээр сарын 1, Баасан гариг.

  • 10.00. Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана. Хүндэт зочныг Монгол Улсын албаны зохих хүмүүс угтаж авна.

Есдүгээр сарын 2, Бямба гариг.

  • 09.00. Ромын пап Францисыг Монгол Улсад албан ёсоор угтан авах ёслол Сүхбаатарын талбайд болно.
  • 09.30. Ромын пап Францис Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзана.
  • 10.20. Ромын пап Францис Төрийн ордны “Их Монгол” танхимд Монголын төр засаг, иргэний нийгэм ба гадаадын дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзаж эхний айлтгалаа хэлнэ.
  • 11.00. Ромын пап Францист УИХ-ын дарга Г.Занданшатар бараалхана.
  • 11.10. Ромын пап Францист Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхана.
  • 16.00. Ромын пап Францис Улаанбаатарын Гэгээн Петр, Паул Гэгээнтнүүдийн катедрал сүмд Ватиканы Монгол дахь төлөөлөгч, кардинал Жоржио Маренго, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүстэй уулзан хоёр дахь айлтгалаа хэлнэ.

Есдүгээр сарын 3, Ням гариг.

  • 10.00. Ромын пап Францис “ХҮН” театрт экуменик болон шашин хоорондын уулзалтад оролцож гуравдахь айлтгалаа хэлнэ.
  • 16.00. Ромын пап Францис “Steppe Arena” ордонд олныг хамарсан талархал магтаалын мөргөл үйлдэнэ.

Есдүгээр сарын 4, Даваа гариг.

  • 09.30. Ромын пап Францис сайн үйлстүүндтэй уулзаж, одоогоор эцэслэн тогтоогүй байрлалд “Нигүүлслийн өргөө”-ний нээлтийн ёслолд оролцож дөрөв дэх буюу сүүлчийн айлтгалаа хэлнэ.
  • 11:30. Ромын пап Францисыг үдэх ёслол “Чингис хаан” олон улсын нисэх буудалд болно.
  • 12:00. Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрнө.
  • 17.20 Ромын пап Францисын хөлөглөсөн “ITA Airways” компанийн тусгай онгоц Ром хотын “Фиумичино” олон улсын нисэх буудалд газардана.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img