2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Ромын пап Францис: “Гуравдагч хөршийн ид шид”-ийн философи тань монголчууд та бүхний жинхэнэ баялаг юм

Ромын пап Францис гадаадад хийсэн 43 дахь айлчлалаа өндөрлөөд Улаанбаатараас Ромыг зорихдоо онгоцны бүхээгт уламжлал ёсоор дагалдаж яваа сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийжээ. Монголын сэтгүүлчдийн асуултаар эхэлсэн хэвлэлийн бага хурлын талаар “Vatican News” цахим хуудсанд мэдээлсэн байна.

Д.Жаргалсайхан (“Де Факто”):

-Гэгээнтэн таныг Монголд морилон ирсэнд ихэд талархаж байна. Айлчлалын тань гол зорилт юу байв? Үр дүнд нь хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Монголд айлчлах санаа католик шашны жижигхэн нийгэмлэгийн тухай бодож байхад минь анх төрж билээ. Би айлчлалуудаа католик шашны нийгэмлэгүүдэд зочлох, мөн тухайн ард түмний түүх, соёл, мөн онцлог далдын ид шидтэй нь танилцаж харилцан яриа өрнүүлэх зорилгоор хийдэг.

пап

Сайн мэдээ түгээх евангелийг шашинд элсүүлэх прозелитизмтэй адилтган үзэхгүй байх нь чухал. Прозелитизм аливааг ямагт хязгаарладаг. Бенедикт папын хэлж байснаар, итгэл үнэмшил прозелитизмээр бус сэтгэл таталцлын хүчээр нэмэгддэг зүйл. Евангелийн тунхаг янз бүрийн соёлыг хоорондоо харилцахад хүргэдэг билээ. Энэ нь шашны колоничлолоос тэс өөр үйл явц юм.

Миний хувьд Монголын ард түмэнтэй ойр танилцан дотно яриа өрнүүлэхийг зорьсон. Сүмийн энэхүү аяллыг дагалдахдаа би бээр Монголын ард түмнийг, түүний соёлыг ихэд хүндэтгэв. Би айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байна.

М.Уламбадрах (“Сүлд” телевиз):

-Өнөө цагт соёл иргэншил хоорондын зөрчилдөөнийг гагцхүү яриа хэлэлцээгээр шийдвэрлэх боломжтой гэж Гэгээнтэн та айлдсан. Тэгвэл Улаанбаатар Европ, Ази хоорондын олон улсын яриа хэлэлцээний тавцан болох боломжтой юу?

-Би боломжтой гэж үзэж байна. Учир нь танай улсад тийм яриа хэлэлцээ өрнүүлэхэд нэн таатай нэгэн сонирхолтой хүчин зүйл бий. Би түүнийг “гуравдагч хөршийн далдын ид шид” гэж нэрлэмээр байна. Та бүхэн Улаанбаатарыг далайгаас хамгийн алслагдсан улсын нийслэл гэж боддог бол бид Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдогоор нь хардаг. Танай улс Орос, Хятадын аль алинтай сайн харилцаатай тул эл хоёр хөршөө жигшсэндээ бус, даян дэлхийтэй үнэт зүйлсээ хуваалцан бусдын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөг нийтлэг универсал шинж чанартайн хувьд өөр бусад аль ч улстай харилцан яриа өрнүүлж чаддаг нь тэрхүү “гуравдагч хөршийн ид шид” тань гэлтэй.

Хачирхалтай нь, түүхийн туршид бусад газар нутгийг эрэлхийлэх явдлыг ихэвчлэн колоничлол, эс бөгөөс дарангуйлж давамгайлах санаархалтай хольж хутган андуурдаг байжээ… Бүр үргэлж шүү.

Харин тэрхүү эндүүрдэг зүйлсээс ялгаатай нь та бүхэн бусадтай харилцан ярилцахыг эрэлхийлдэг “гуравдагч хөршийн ид шид”-ийн философитой ажээ. Энэ нь надад үнэхээр таалагдсан. “Гуравдагч хөршийн ид шид” тань та бүхний жинхэнэ баялаг юм.

Кристина Кабрехас (“EFE” олон улсын байгууллага):

-Хятадын баригчид тус улсын католик санваартнуудыг Монголд очихыг зөвшөөрөөгүй. Та Хятадын католик шашинтнуудад хандан өчигдөр үг хэлэхдээ, улс орныхоо сайн иргэн болохыг уриалсан. Гэгээн ширээт улс Хятадтай одоогоор ямаршуухан харилцаатай байна вэ? Кардинал Зуппигийн Бээжин, мөн Украиныг зорих аялал юу болсон бол?

-Би кардинал Зуппид энх тайвныг эрэлхийлэх аялал хийхийг үүрэгдсэн юм. Үүний дагуу тэрээр Москва, Киев, АНУ, мөн Бээжинд очих төлөвлөгөө боловсруулсан. Кардинал Зуппи энх тайвны яриа хэлэлцээ хийх арвин туршлагатай, алсын хараатай хүн. Иймээс ч би дээрх чухал даалгаврыг гүйцэтгүүлэхээр түүнийг сонгосон юм.

Хятадтай бид нэг нэгнээ маш их хүндэтгэсэн харилцаатай. Би хувьдаа Хятадын ард түмнийг ихэд биширдэг. Ватикан Хятадын Засгийн газартай тус улс дахь католик бишоп санваартнуудыг томилох хамтарсан комисс байгуулан ажилласаар байна. Хятадын их сургуулиудад католик санваартнууд, католик шашинтай оюун эрдмийн хүмүүс уригдаж лекц унших нь элбэгшлээ.

Хоёр тал шашин шүтэх асуудлаар илүү сайн ойлголцолд хүрч, Хятадын иргэд манай Сүм тэдний соёл, үнэт зүйлсийг хүлээн авдаггүй, гадаадын хүчнүүдээс хамааралтай гэж ташаа бүү ойлгоосой гэж хүсэх юм.

пап

Фаусто Гасаррони (“ANSA” агентлаг):

-Гэгээнтэн та Оросын залуу католик шашинтнуудад хандан үг хэлэхдээ, “Аугаа их Орос” болон Их Петр хаан, II Екатерина хатан хааны өвийн тухай дурдсан явдал нэлээд маргаан дэгдээлээ. Таны хэлсэн үгэнд Украины иргэд ихэд дургүйцэж, тодорхой дипломат зөрчилд хүргэн таныг бараг л Оросын империализмыг өргөмжилж, Путины бодлогыг цаагуураа дэмжиж буйгаа харуулсан гэж үзэгсэд ч цөөнгүй байх шиг. Та чухам яагаад дээрх мэдэгдлийг хийх болсон бэ? Та империализм, тэр дундаа Оросын империализмын талаар ямар бодолтойгоо хэлнэ үү?

-Би аль ч орны католик шашинтнуудад улс орныхоо баялаг их өвийг залгамжлагчдын хувьд хариуцлагаа ухамсарлахыг үргэлж уриалдаг. Аугаа их Орос гэж би арвин их соёлын өвтэй гэдэг утгаар нь хэлсэн хэрэг. Оросын утга зохиол, сонгодог хөгжим хүн төрөлхтний хүнлэг гуманизмын үзэл бодолд ихээхэн хувь нэмрээ оруулсан шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд, Достоевскийн зохиолуудад хүнлэг байхын утга учрыг яаж тод томруунаар дүрслэн илэрхийлсэн билээ. “Аугаа их Орос” гэж би газар зүйн бус, соёлын аугаа их өвтэйнх нь хувьд хэлж, тэр сайхан өвөө хайрлан залгамжлахыг Оросын шинэ үеийнхэнд уриалсан юм.

Энд гэж хэлэхэд соёл хэзээ ч империалист байдаггүй. Соёл үргэлж хүмүүсийг харилцан ярилцаж ойлголцоход хүргэдэг үнэт зүйл. Харин соёлыг үзэл суртлын зэвсэг болгон ашиглахад тэр нь хор болж хувирдаг. Иймд соёлыг үзэл суртлаас ямагт ялгаж ойлгож байх шаардлагатай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img