С.Өнөр: УИХ-ын гишүүд ямар хуулийн төсөлд хэрхэн санал өгсөнийг иргэд мэдэх эрхтэй
Сүхбаатарын талбайд нээгдсэн Номын баяраар УИХ-ын Тамгын газрын асрын ойролцоо хэдэн хором зогсоход хариуцлагатай иргэдтэй таарч болохоор байв.
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ажилтанд хандан уйгагүй тайлбарлаж байсан нэгэн залуугаас санаа бодлыг нь сонирхлоо.
С.Өнөр эдийн засгийн сургуульд багшаар найман жил ажилласан, улс төрийн эдийн засаг судалдаг. Шаардлагатай мэдээлэл олж авахад хялбар биш байдаг нь энэ талын судалгаа хийхэд хүндрэл учруулж байсан гэв.
Тэрбээр хэлэхдээ “Парламентаас нээлттэй мэдээллүүд гаргаж тавьсан нь сайшаалтай ч хүмүүс энэ олон хуудас судалгаа, материалыг цаасаар нь худалдаж авна гэдэг хэцүү. Тийм учраас эдгээр мэдээллийг аль болох онлайн болгох хэрэгтэй. Судалгааны эмхэтгэлээс гадна хамгийн наад захын мэдээлэл бидэнд байхгүй байна. УИХ-ын гишүүд нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдаан дээр яаж санал өгөөд байгаа мэдээлэл эмх цэгцтэй байдаггүй.
Иргэд өөрсдийг нь төлөөлж байгаа УИХ-ын гишүүд хэзээ, ямар хуулийн төсөлд хэрхэн санал өгсөнийг мэдэх эрхтэй.
Гэтэл энэ мэдээлэл хоцрогдож ирдэг. Эсвэл түмэн янзын албан бичиг бичиж байж нэг юм олж авдаг.
Энэ мэдээлэл ил бол хоёр нүүр гаргаж байгаа гишүүдийг сонгогчид нь мэдэж авах боломжтой.
Бидэнтэй уулзахдаа сайхан амлалт хэлдэг ч санал өгөх болохоороо лоббид автаад эсрэг санал өгдөг байж магадгүй. Г.Занданшатар дарга энэ мэдээллийг ил болгох тухай ярьсан байна лээ. Гэхдээ тэр нь хэр хэрэгжиж байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Парламентын цахим хуудас руу ороод, УИХ-ын гишүүний нэр дээр дарахад тэр хүн байнгын хорооны ямар хуралд сууж ямар санал өгсөн нь гарч ирдэггүй хэмээн ярилаа.
П.Амаржаргал: Иргэдийн Үндсэн хуулийн мэдлэг боломжийн байна
Энэ зуур УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, хууль зүйн ухааны доктор, Үндсэн хууль судлаач П.Амаржаргал асрын гадна зогсоод, гартаа микрофон барин, уралдааны зар дуулгав. Ялагчид УИХ-ын Тамгын газраас гарын бэлэг гардуулах тухай ч мэдээллээ. Удаж төдөлгүй арав гаруй залуус цуглав.
Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой 15 асуултад 15 минутад багтаан хариулах аж. Нийт 23 иргэн оролцож, эхний гурван байрын эздийг дор нь шалгарууллаа.
Уралдаан зохион байгуулсан П.Амаржаргал зөвлөхөөс энэ талаар тодруулав.
-Иргэдийн Үндсэн хуулийн мэдлэг хэр байна гэж дүгнэв?
Эхний хоёр байрт 15 оноо авсан хоёр хүн орсон. Харин гуравдугаар байрт орсон иргэн 14 оноо авсан. Иргэдийн Үндсэн хуулийн мэдлэг боломжийн байна. Хамгийн доод оноог авсан иргэн зургаан оноо авсан.
-Энэ уралдааныг зохион байгуулахдаа Ухаалаг самбар, технологи ашиглах шиг боллоо?
– Google программ ашиглаад, 15 минутад зохион байгуулсан юм.
Оролцогчид ухаалаг утсаа ашиглан асуултад хариулсан. Өөрсдөө хэдэн оноо авсан, алдсан нь гар утсан дээр нь маргаангүй гараад ирж байгаа юм.
-Та Үндсэн хууль судлаач хүн иргэдтэй нүүр тулж харилцахад сонирхолтой байв уу?
-Миний хувьд Үндсэн хуулийг 23 жил судалж байна. 1215 оны Магна Хартийг монгол хэл дээр орчуулсан. Японы Үндсэн хууль, ОХУ, Германы Үндсэн хуулийг мөн орчуулсан. Ихэвчлэн оюутнуудтай харьцдаг. Өнөөдөр иргэдтэйгээ шууд харьцахад сонирхолтой байлаа гэв.
Тэмцээний ялагч О.Намуундарь: Нэг асуулт дээр би их эргэлзсэн, бараг таасан
-Ялагч болсонд баяр хүргэе.
-Сая санамсаргүй явж байгаад ийм тэмцээнд орчихлоо. Сая яагаад гайгүй хариулж чадсан гэхээр Нийгэм судлалын хичээлээр ЭЕШ өгсөн юм. Тийм болохоор энэ асуултууд ерөнхийдөө амархан санагдсан.
-Ямар асуултууд байсан бэ?
-Нэг их хүнд асуулт байгаагүй. Нэг асуулт дээр би их эргэлзсэн, бараг таасан. “Мал сүрэг Монголын ард түмний баялаг, юуны хамгаалалтад байдаг вэ” гэсэн асуулт байсан. “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж хариулсан. “Байгалийн баялаг хэний мэдэлд байх вэ” гэдэг асуулт дээр би өмнө нь алдаж байсан юм. “Ард түмний мэдэлд байна” гээд энэ асуултууд хамгийн сонирхолтой нь гэж болно.
-Оюутан гэсэн үү, Номын баяраар ямар асрыг зорьж ирэв?
-Би хуулиар сурч байгаа. Энэ удаагийн номын баяр гаднаас зочинтой байгаа, тэр хүнтэй таарчих юмсан гэж бодож ирсэн.
-Юу унших дуртай вэ?
-Уран зохиолын ном унших дуртай. Шүлэг яруу найрагт хайртай.
-Гоё бэлэг таарчээ?
-Таван алтан зоос байна лээ. Манай аав иймэрхүү зүйлст их дуртай гэв.
Л.Жаргалмаа: “Парламентын боловсрол” хөтөлбөрт ангиараа оролцмоор байна, захиалгаа яаж өгөх вэ” гэж их лавлаж байна
УИХ-ын Тамгын газрын асарт “Парламентын боловсрол” сэдвээр мэдээлэл өгч байсан Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Жаргалмаа хүмүүсийн асуултад хариулан тун ч завгүй зогсоно.
-Миний хувьд “Парламентын боловрол”-ын мэдээллийг иргэдэд өгөх зорилготой ажиллаж байна. Хүмүүс их сонирхож байна. Үндсэн хууль, парламент, УИХ гэхээр хол санагддаг зүйлсийг УИХ-ын Тамгын газраас хялбаршуулсан хэлбэрээр хүүхдийн насны онцогт тохируулан бэлтгэсэн гарын авлага, анимейшн, видео хичээлүүдээ танилцуулахад хүүхдүүд сонирхож хүлээж авч байна.
Хаврын номын баяраар тарааж байсан “Үндсэн үлгэр” номыг маань сураглаж байна. “Өсвөрийн парламент” хөтөлбөр хэзээ зарлагдах, бүртгэл хэзээ явагдах талаар их асууж лавлаж байна. “Парламентын боловсрол” хөтөлбөрийн мэдээлэл хүмүүст их хүрсэн байна. “Хэзээ эхлэх вэ, ангиараа оролцмоор байна, захиалгаа яаж өгөх вэ” гэж бас их лавлаж байна.
УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гарын авлага, багшийн гарын авлага гаргасан. Сая бас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооноос энэ хоёр гарын авлагыг авах сонирхолтой байгаагаа хэлсэн гэлээ.
Н.Намуун:Өнөөдрийн би бүтэхэд “Өсвөрийн парламент” хөтөлбөр их нөлөөлсөн
Н.Намуун арванхоёрдугаар ангид сурагч. 17 настай. 2021 оны “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн төгсөгч.
-“Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцоод чамд юу үлдсэн бэ?
-Зургадугаар ангиасаа хойш сайн дурын байгууллага, оролцооны байгууллагад хамрагдсан. “Өсвөрийн парламент” бол миний оролцож байсан хөтөлбөрүүд дундаас хамгийн олон зүйлийг таньж мэдүүлсэн, нийгмийн оролцоо гэж юу вэ, хүүхэд залуусын оролцоо яагаад чухал гэдгийг мэдрүүлсэн. Өнөөдрийн би бүтэхэд энэ хөтөлбөр их нөлөөлсөн гэж боддог.
-Өсвөрийн парламентчийн хувьд ямар асуудалд анхаарч байв?
– 2021 онд Уур амьсгалын өөрчлөлт болоод тогтвортой хөгжилд анхаарал хандуулж байсан. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт болоод байгаа юм байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг мөрдөх ёстой юм байна. Бид Парисын хэлэлцээрт нэгдсэн юм байна. Энд хүүхдүүдийн зүгээс яаж ороцлох хэрэгтэй вэ.
Бидний өдөр тутмын жижиг үйлдэл ч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд хэрхэн нөлөөлж байдгийг ойлгосон.
-Энэ бүхний дараа дагаж мөрддөг болсон зуршил байдаг уу?
– Гэртээ хичээлээ хийж байгаад компьютерээ залгаатай орхидог байсан бол одоо тэгдэггүй, шүдээ угаахдаа аяганд ус хийх нь хэмнэлттэй. Би бас Нийслэлийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байгаа. Энэ зөвлөл маань ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологид анхаардаг.
-Хууль тогтоох явцыг анхаарч байдаг уу?
-Хүүхдийн асуудлаар хуульд ямар өөрчлөлт орж байгаа, боловсролын талаар ямар шинэчлэлт хийгдсэн талаар анхаардаг. Хүүхдийн боловсролд яаж анхаарч байгааг маш ихээр харж байгаа. Боловсролын дэд хороогоороо дамжуулан хүүхдийн эрхийн тухай олон зүйлийг хийж таниулж байгаа.
-Залуусын сонгуулийн оролцоо муу байгаа талаар яригддаг. Яагаад оролцоо муу байна гэж үздэг вэ?
-Би 2024 онд 18 нас хүрнэ. Сонгуульдаа идэвхитэй оролцоно гэж бодож байгаа. Залуусын хувьд парламентын боловсрол олж авч чадаагүй, бидний оролцоо чухал гэдгийг, биднийг төлөөлж байгаа хүмүүс парламентад сууж байгаа 76 гишүүн шүү дээ гэдгийг бүрэн ойлгоогүй байдаг шиг санагдсан. Оролцоо сул байгаа нь энэ талын мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой болов уу гэлээ.
Н.Намуун мөн “Жил бүрийн номын баярт ирдэг. Унших дуртай номоо авахаар ирдэг байсан бол энэ жил “Парламентын боловсрол”, Тогтвортой хөгжлийн талаар танилцуулж байгаа асруудаар орж харж байгаа. Би уран зохиолын номд дуртай. Энэ жил энд ирсэн гол шалтгаан өөрийн номыг борлуулах зорилготой байгаа. Миний шүлгийн түүвэр юм. Багаасаа шүлэг бичдэг байсан. Шүлгээсээ түүвэрлэж анхны номоо гаргасан юм” хэмээн ярилаа.
-“Надгүй би” гэхээр өвөрмөц юм аа. Яаж энэ санаа орж ирэв?
-Би багаасаа шүлэг уран зохиолын ном уншдаг байсан. Өсвөр насны хүүхдүүдэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Нийгмийн оролцоотой байх, хичээл номын хажуугаар өөрийгөө таньж амжаагүй, үерхэл нөхөрлөлийг таньж байдаг учраас олон төрлийн мэдрэмж төрдөг.
Заримдаа бидний үеийнхэн өөрсдийгөө олоогүй, бусдын амьдралаар амьдарч байгаа юм шиг санагддаг.
Өөрийгөө алдчихсан юм шиг мэдрэмж төрнө. Энэ мэдрэмжээрээ шүлэг бичиж, номоо нэрлэсэн гэж ярилаа.
Хэдийгээр Номын баярын өдрүүдэд бороотой байсан ч Сүхбаатарын талбай хөл хөгжөөнтэй байлаа.
.