2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Ертөнцөөс өөрсдийгөө тасалсан Амиш хүмүүс

Hью-Йоркийн метронд явж байлаа, хүн сэлүүхэн зогсоол дээрээс XIX зуунаас гэнэт амилан гараад ирэв үү гэмээр хэдэн хүн орж ирэв. Улбар урт шар сахлаа зассан байдал, үс гэзэгнийх нь тайралт, хүүхэд хүүхнүүдийн малгай, хувцас гээд бүх зүйл нь өнөөдрийн биднээс тэс ондоо. Хуучны кинон дээр гардаг шиг дүр төрхтэй эдгээр хүмүүсийг “амиш” хэмээнэ. Нийгмээс салан тусгаарлаж ихэд нууцлаг амьдардаг улс. Амиш хүмүүс өөрсдөө метронд орж ирээд бидэнтэй зэрэгцэж сууна гэдэг маш гайхалтай, ховор тохиолдол төдийгүй ямар нэгэн зайлшгүй шалтгааны улмаас ийн явж байгаа нь ойлгомжтой.

Амиш

НҮБ-ын төв байрны ойролцоо нэгэн гудамжинд “Амиш” гэсэн ресторан байсанд дотроо ихэд олзуурхан тэднийг олоод харчих санаатай ортол, ямар юмных нь амишууд байхав.
Нидерландын үндэсний хоол идээд урамгүйхэн гарч билээ.

Өндөр хөгжил, өндөр шилэн байшингуудаараа дэлхийд гайхагддаг Нью-Йорк хотын хойдхон тал, Вермонт мужийн Сант Лоренсе дүүрэгт амьдрах амиш хүмүүсийн амьдралд гял цал америкийн өнгө аяс байтугай ул мөр ч байхгүй. Тэд зуу зуун жилийн өмнөх хуучин амьдралаа яг тэр хэвээр нь хадгалж, модоо түлж галаа өрдөж, харуй бүрий унахад шилэн керосин дэнлүүгээ асааж, битүү амбаарт том том шоо дөрвөлжин мөсөө өрж хүнсээ хийн хөргөж, хар өнгийн бүхээгт морин тэргээ хөллөж ахуй амьдралаа залгуулна.

Амиш1693 онд шведийн Жакоб Амманы номлолыг даган сүслэсэн христосын энэ жижиг урсгалынхан Швейцар, Швед, хойд Франц, Нидерланд, өмнөд Германаас гарал үүсэлтэй хүмүүс юм. XVIII зууны эхэнд, олон учир шалтгааны улмаас Америкт цагаачлан ирж суурьшин төвхнөсөн түүхтэй.

Христос шашины хамгийн хуучинсаг урсгалтай энэ улс өөрсдийгөө Адам, Евагийн үр сад гэдэгт хатуу итгэж, библийнхээ ёс журмаа чандлан барьж өдөр тутмынхаа амьдралдаа ягштал мөрдөнө. Үүнийгээ амиш хүний зарчим хэмээцгээнэ.

АмишӨнөөдөр Америкийн 10 гаруй мужид суурьшсан нийт 360 мянга гаруй амиш хүмүүс бий. Тэд Индана болон Охайо зэрэг хэд хэдэн мужид тархан амьдарцгаана. Энэ олон жижиг бүлгүүдийн хооронд бага зэргийн л ялгаа анзаарагддаг. Охайо мужийн амишийн байрууд улаан өнгөтөй байхад бусдынх нь тийм биш. Мөн морин тэрэгний өнгөөрөө ялгарах нь бий. Зургаа даруулахыг шашны эсрэг хэмээж нүүрээ харуулахыгаа ч цээрлэх хэсэг байгаа.

1890 оноос хойш төрсөн амиш хүний авахуулсан зураг огт байдаггүй. Хүүхэд төрж хүн нас барахад гараар бичсэн захиа мужийн төвд илгээдэг нь архивт 90.000 гаруй хувь байдаг. Зарим амишууд бүгдийг гараар хийх ёстой хэмээж юу ч хэрэглэхийг зөвшөөрөхгүй байхад зарим бүлгийн олон хүүхэдтэй айлд 1950 онд үйлдвэрлэсэн дизелээр асаж, гараар эргүүлж мушгидаг угаалгын машин, хуучин загварын оёдлын машин хэрэглэнэ.

АмишАрван жилийн өмнө нэг газарт интернетгүй компьютер дээр зөвхөн нягтлан няравын бүртгэл хийхийг сүмээс нь зөвшөөрчээ. Гудамжиндаа нийтийн утастай хэсэг байхад, өөр газарт өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй хүн тэргэнцэр гэх мэт эмчилгээний тоног төхөөрөмж ашиглаж хэрэглэхийг зөвшөөрөхөөс гадна хүмүүсийг дугуй унахад дургүйцэхгүй.

АмишМөргөлөө хийх нь бас олон янз. Зарим газар чив чимээгүй хурдан мөргөдөг байхад, ганц мөрийг арван таван минут орчим хэртэй чангаар уянгалуулан дуулж маш удаанаар мөргөх хүмүүс ч бий. Заавал мөргөж байж хоолоо идэх нь бүх газар хууль. Пеннсилваны хавиар суурьшигчид недарландын герман аялгуутай, Индиана мужийнхан швед дуудлагатай герман хэлээр хоорондоо ярьдаг хэдий ч ойлголцоход бэрхшээл гардаг байна. Амишуудыг харахад ялгагдахгүй, бүгд адилхан. Эрчүүд нь гар хийцийн хармаагүй бараан өмд өмсөнө. Бүс хэрэглэж болохгүй тул татуурга мөрөвч зүүнэ.Захгүй, товчгүй цагаан цамцаар ижилсэж гэрлээгүй насандаа сахлаа байнга хусаж, эхнэр авмагцаа сахал тавьж хусаж эрхгүй болдог байна.

Хүүхнүүд нь өвдгөө давсан урт, бараан голдуу өнгөтэй даашинзаар жигдэрч, хар оймс, шаахай өмсөнө. Товч хориотой учир зүүгээр хатгах юм уу аль эсвэл төмөр дэгээ, бүч оёж тогтооно.Өдөр тутамдаа хар өнгийн мөрөвчтэй хормойгчтой, харин сүм, хурим, оршуулга, баяр наадамд очихдоо хормойгч, малгайгаа цагаанаар солино. Амиш бүсгүйчүүд хэзээ ч үсээ тайрч, нүүрэндээ энгэсэг тавьж, гоёл чимэглэл зүүхгүй. Хээ хуар бүхий өнгөлөг сайхан хувцас ч өмсдөггүй.

АмишБүгд хамтран ажлаа нугална. Айл хотлоороо цугларан нэгэндээ шинээр байшин барихад нь тусална. Сүүлчийн ургацаа хураасны дараах мягмар, пүрэв гаригуудад найр хуримын хөлд дарагдана. Залуу хосууд сүмдээ хуримласнаар амьдралаа шинээр эхэлнэ. Сүйт хар хүү нь эмэгтэйдээ цаг эсвэл шаазан сав суулга бэлгэнд өгч, хүүхэн нь хуримлахдаа цэнхэр даашинзаар гоёно. Гэхдээ урууландаа буддаггүй, хуруундаа бөгжгүй, гартаа цэцэггүй хадамд гарна.

Хэдэн цаг үргэлжлэх хуримын ёслолын дараа найр эхэлж, хоол цай болж, дуу хуур өрнөнө. Бүр үлгэр домог хүртэл хүүрнэнэ. Дундад зууны үеийн хөгжим дарж дуулна. Яг л тэртээ дундад зуунд цаг хугацаа өнө мөнхөөр гацчихсан юм шиг жигтэй сонирхолтой хурим, найр амишуудын дунд л өрнөнө. Шинэхэн гэрлэсэн хосууд хагас, бүтэн сайн өдрүүдэд ах дүү найз нарынхаа гэрээр зочилон бэлэг авч зугаацах нь хуримынхаа бал сарыг хийж байна гэсэн үг.

Амишууд гэр бүл салахыг, гадны хүнтэй гэрлэхийг зөвшөөрөхгүй хатуу чанга хуультай. Хуучин шашины итгэл үнэмшлээс болж хөгжил дэвшилтэт бүхнээс татгалзаж зорьж очих хүнд хаалгаа тас хааж, өөрсдийнхөө соёлт ертөнц рүү гарч явах үүдийг ч дангинатал цоожилсон улс.

“Бурханы жинхэнэ үрс” гэх амишууд өнөр өтгөн, хүүхэд олонтой. Нэг айл долоогоос арав хүүхэдтэй байх эь энүүхэнд. Харамсалтай нь цус ойртолт муугаар нөлөөлж эхлэж байгаа аж. Эрдэмтдийн судалгаар хүүхдүүдийн дунд ховор тохиолдох удамшлын өвчин, урьд өмнө илэрч байгаагүй үл мэдэх цусны өвчин илэрч. Мөн одой хүүхдүүд төрж, нярай хүүхдийн эндэгдэл өндөр байгааг эрдэмтэд олж тогтоожээ.

АмишИйм байдлыг нь цус ойртолт гэх мэт шинжлэх ухаанчаар тайлбарлахыг амишууд хүлээж авахгүй. Хөгшин залуугүй “Бидний үйлийн үр” хэмээн гунигтайяа эвлэрнэ. Өвдөж шаналсан нэгнээ хорвоогийн мөнх бусыг үзүүлэх үед ганцаардуулахын зовлонд унагахгүй. Хамтран байгуулсан сангаасаа удирдагч зөвлөлөөрөө дамжуулан сэтгэл харамгүй тусална. Хэдэн мянган километр замыг туулсаар зорин очиж хоол хүнс хувцас хунар хэрэгтэй бүгдээр нь тусалдаг сайхан заншилтай. Үр хүүхдээ төрүүлэхдээ орчин цагийн эмнэлэг биш гэртээ байгаа мэт тохижуулсан байранд амаржина. Тэднийг ойлгодог, мэддэг сайн эмч сувилагч эх баригч гаднаас авчирч шинэ хүнээ угтаж авна.

АмишЭртний уламжлалт эмчилгээгээ өнөөдөр ч ашигласаар байгаа хүмүүс бол амишууд. Арьсан дээр гарсан үү, хайрст үлд өвчнийг хавар цагийн багваахай цэцгийн хандаар арилгаж, хонин нүдэн цэцэг, зөгийн бал бүхий тусгайлан бэлддэг цайгаар ханиад, хамрын шуухинаагаа дарж, таван салааг битүү хавдар гэмтэлд ашиглана. Сармис, цагаан гаа зэрлэг сонгины үндсийг дарж сар болгоод орой бүр цайны халбагаар ууна.

АмишТэд боловсролынхоо дээд түвшнийг наймдугаар анги төгсөхөд л хангалттай гэж үзнэ. Их, дээд сургуульд орж суралцах хүн бараг байдаггүй. Сургууль нь мэргэжлийн дадлага өгөх хичээл орж, бусад шинжлэх ухааны хичээлийг заахаас илүү янз бүрийн гар урлал, амиш түүхээ л заана. Гэхдээ зөвхөн өөрсдийнхөө арга барилаар заана.

Сургуулиа төгсөөд бүгд л фермерийн амьдралтай нүүр тулна. Өнөр өтгөн ам бүлээ тэжээх биеийн хүчний их ажилд бэлтгэгдэнэ. Бүх амиш хөгшин залуу ялгаагүй өөрийн хийх ажил, хүлээх хариуцлагатай. Хөвгүүд аав ах нараа даган өвс ургацаа хурааж, малын хороо, барилга дээр ажиллана. Охид гэр орны эцэс төгсгөлгүй ажлуудад зүтгэнэ. Хоол хийх, цэвэрлэх, оёх хатгах, цэцэг навч тарьж арчлах, сааль сүүний ажлыг ээж эмээ нарынхаа хатуу хяналтан доор хийж сурдаг.

Амиш

Гадаад ертөнцийг зориудаар маш бага сонирхдог учраа “Орчин үеийн машин техник, элдэв кино ший, ном сэтгүүл, зурагт, радио, комьютер интернет, гар утас бүгд гэр орон, улс нийгмийг ч хүртэл хүн чанар гэгч сайхан шинжээс нь салгаж аажмаар холдуулдаг чөтгөрлөг муу уршигтай” хэмээн тайлбарладаг. Амишуудын шашин шүтлэг, итгэл бишрэлийг нь хүндэтгэж Америкийн цэрэг армийн албаас чөлөөлдөг юм. Гэсэн хэдий ч нийгмийн ямар ч даатгалд хамаардаггүй амишууд улс орондоо татвараа яс төлсөөр иржээ.

АмишАмьдралын утга учир аз жаргал бол гэр бүл хэмээх Бурханыхаа сургаал үзлийг баримталж биесээ хайрлаж халамжилсаар насан эцэс болохыгоо жинхэнэ амьдрал хэмээн сүсэлнэ. Энэ жинхэнэ амьдрал, жинхэнэ аз жаргалын дэргэд хөгжил дэвшил тийм чухал зүйл биш хэмээн үзнэ. Эцэг эхчүүд бурханы өмнө үрсээ зөв сайн хүн болгох үүрэгтэй тул ах дүү төрөл садан, хөршүүдтэйгээ хамтран хоёр долоо хоног тутам гэр гэрээрээ ээлжилэн бурханы номоо ярьж заана.

АмишБага балчруудад насанд нь тохирсон дэг журам үйлчилнэ. Аав ээжийнхээ хүсэж буй бүхнийг дагах алба үгүй. Гэхдээ найз нартаа нэр хоч өгөх, шоглон гомдоох, хэрэлдэж муудалцах, тэнэгтэж сахилгүйтэх нь нүгэл бөгөөд том шийтгэлд унадаг гэж сургана. Бага насны хүүхдүүдээ элдэв зураг, төрх, дүрс, янз бүрийн төсөөллөөс хол байлгаж нүүр царайгүй энгийн даавуун хүүхэлдэйгээр тоглуулдаг байна.

Хөвгүүдээ арван зургаа, охидоо арван дөрөв хүрмэгц шүүхийн өмнө хариуцлага хүлээх насанд хүрсэн гэж үзнэ. Ийнхүү сүмийнхэн тэдний хэрэгт оролцохоо больж биеийг нь даалгана.

Баригдмал амьдрал, хатуу дэг журмаас залхаж дургүйцэх тохиолдол зарим нэгэн хүнд гарах нь мэдээж. Ийм авир нь гутамшигтай тул, амишууд дур зоргоороо тэр этгээдэд уурлаж, гаргаж буй авирыг нь үзэн ядахгүй. Гэсэн хэдий ч урьдын адил дотносон ярьж хөөрөхгүй, гар барихгүй, мэндлэх ч үгүй. Ажил хийлгэсэн хөлсийг нь зориуд өгөхгүй зовооно. Нүгэлтэн бүх гэмээ хүлээн шалдаа бууж, наминчлан мөргөж дахин ийм зүйл гаргахгүй гэж тангараг өгсөн цагт сүмдээ орох эрх өгдөг ажээ.

АмишАмишууд америкчууд шиг өндөр настны тусгай асрамжийн газар хэзээ ч очилгүй дасаж амьдарсан гэр орондоо байж, хүүхдүүддээ чадлынхаа хирээр туслан нялх ач үрсээ өсгөн бойжуулна. Ач гуч нь эргээд өвөө, эмээгээ насан эцэс болтол нь асарч халамжилдаг заншилтай. Тэд жигнэсэн нарийн боов, морины тах, тоноглол, хадуур,багаж хэрэгсэл, гараар урласан гоёмсог ор дэр, хөнжилүүд, сүлжсэн сагс, хормогч, гэр ахуйн зүйлс, агч модны сироп, шинэхэн хүнсний бүтээгдэхүүн, эрдэнэ шиш, тамхи, төмс ногоо, сайн чанарын бяслаг бүтээгдэхүүнээ тусгай зах зээл дээр гаргаж, худалдаж жижиг бизнесээ хөгжүүлнэ. Зарим хотын дэлгүүрүүдэд модны сайхан үнэр ханхалсан амиш хийцийн гэрийн тавилга онцгойрон харагдах нь хаа нэг таарна.

Амиш

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img