2024-10-19, Бямба
3 C
Ulaanbaatar

Б.Дарамбазар: Бумши бясалгал бол сэтгэлгээгээ зөв голдиролд оруулах дасгал

МУИС-ийн Филисофи, шашин судлалын тэнхмийн Буддын гүн ухааны докторант, “Чухагт Эрдэнэ” соёл, гэгээрлийн төвийн тэргүүн Б.Дарамбазартай ярилцлаа.

– “Мянган ногоон Дарь эхийн дэлгэр хурал”-ыг энэ ням гарагт хийх гэж байна-

​-Танай төвөөс анх удаа олон нийтийг хамарсан “Мянган ногоон Дарь эхийн дэлгэр хурал” зохион байгуулах юм байна. Энэ арга хэмжээнийхээ талаар сонирхуулаач?

-2023 оны аравдугаар сарын 22-ны ням гаригт билгийн тооллоор намрын адаг сарын шинийн наймны бэлгэт сайн өдөр тохиож байгаа. Энэ өдөр “Мянган ногоон Дарь эхийн дэлгэр хурал”-ыг бид МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд, сүсэгтэн олон маань ногоон Дарь-Эхийн мандал шиваа уншина. Дарь-Эхээ мянган удаа уншина.

Мөн Гэцанпэлийн даллага тэргүүтэн уншиж, буян хишгээ арвижуулан бататгана. Уг арга хэмжээндээ зориулж манай төвөөс Дарь-Эхийн мандал шивааг төвөд болон крилл галигтай, бас монголоор орчуулаад товхимол болгож гаргасан. Буян хураах номын үйл ажиллагаанд оролцогч болгоны гарт энэхүү ном хүрч байгаа. Тэгэхээр шинийн 8-ныхаа үйл ажиллагаанд бүгд энэ номоо авч ирээд хамтдаа уншина гэсэн үг.

Тухай бүрт нь бид Дарь-Эхийнхээ тайлбар, мандал шиваа гэж юу болох, ногоон Дарь-Эх ямар учиртай бурхан юм, буян хишиг арвижуулдаг Гэцанпэлийн даллагыг яагаад авах ёстой юм, тэрийг авснаар ямар ач тустай зэргийг тайлбарлана.

-Ингэхэд Дарь-Эхийн мандал шивааг хурснаар ямар ач холбогдолтой вэ?

-Ер нь цаг үе хатуу, ширүүн болох тусам Дарь-Эх, Манал хоёрыг сайн хурж байвал ач тустай гэдэг. Янз бүрийн өвчин зовлон дэгдээд ирэх тусам Манал бурхны хүч ихэснэ. Яагаад гэвэл өөрийнх нь ам тангараг “Хамаг амьтныг өвчин зовлонгоос гэтэлгэнэ” гэдэг. Тэгэхээр хүн төрөлхтөн эрүүл энх байхын тулд Маналыг уншдаг. Хүмүүсийн буян жаахан доройтоод ялангуяа эд таваар оюун санаагаар үгүйрэх, сэтгэл санааны гутралд орох зэргээс сэргийлээд Дарь-Эхийн мандал шивааг уншдаг юм.

Дарь-Эх нь эмэгтэй хүний дүрээр хамаг амьтанд тусална гэсэн ам тангарагтай. Сударт тэмдэглэснээс үзвэл Дарь-Эх нь хааны гүнж байхдаа бясалгал бүтээл хийсээр байгаад гэгээрэлд хүрээд шидийг олсон байдаг.

Ингэхдээ олон хуваргуудад тахил ерөөл өргөөд амьтанд тусална гэдэг андгай тангараг тавьж байсан хэмээдэг. Тэр буяны үрээр бясалгал бүтээл хийсээр байгаад гэгээрлийг олсон гэдэг. Тэр үед нь Адаа гэдэг бурхан Дарь-Эхийг сайшааж, “Гэтэлгэгч Дарь-Эх” гэдэг нэр хайрласан гэсэн тайлбар бий. Дарь-Эх хамаг амьтныг зовлон бэрхшээлээс ялангуяа ад зэтгэр, элдэв өвчин зовлонгоос нь түргэн гэтэлгэдэг нь ийм учиртай. Тиймээс Дарь-Эхийг “Гэтэлгэгч эх”, “Түргэн баатар эх” гэж нэрлэх нь бий. Ер нь Бурхан багшаас авахуулаад Дарь-Эхийг сайшаан магтаж бүх бурхадуудын үйлсийг өөртөө хураасан гэж үздэг.

Олон амьтдын тусын тулд бүх үйлээ зориулна гэж Жанрайсаг бурхны тааллаас мэндэлсэн болохоор Дарь-Эх бол үгүйрлийг арилгана гэдэг. Төвөдөөр Пунсалдулмаа гэнэ. Ер нь 21 Дарь-Эх байдаг. Тэр дотроо Пунсалдулмаа бол үгүйрэлийг арилгагч бурхан юм.

-Үгүйрэл гэдгийг тодотгохгүй юу?

-Хүн төрөлхтөнд хоёр янзын үгүйрэл байдаг. Оюун санааны болон эд таваарын үгүйрэл. Хүний ухаан дутах, сэтгэл санаа хямрахаас өгсүүлээд оюун санааны үгүйрлийг эрдэм ном л арилгана. Тиймээс Дарь-Эх бол эрдэм ном сурч байгаа хүнд их хань нөхөр болдог. Барцад саадыг нь арилгана гэсэн тангарагтай. Хүн эрдэм ном сураад ялангуяа сэтгэлээ хайр энэрлээр тэжээж, оюун санаагаа эрдмээр тэтгэчих юм бол тэр үгүйрэл нь арилна. Үүнийг дагаад эд таваарын үгүйрэл арилна.

Хүн сэтгэл санаагаар их зовоод, шаналаад ирэх тусам дагаад буян хишиг нь доройтдог. Ингээд ирэхээр эд таваар нь хомсдоод л хийж байгаа ажил нь ч урагш муутайхан байна. Тэгвэл Дарь-Эхийн мандал шиваа нь “Хүү хүссэн нь хүүтэй болох болтугай, эд хүссэн нь эдээ олох болтугай” гэсэн өөрийн ам тангарагтай. Тэрийг нь арван зүгийн бурхан бодисадва нар сайшааж, Дарь-Эхийг улам их адислаж, хүч чадал оруулсан гэдэг.

-“Чухагт Эрдэнэ” соёл гэгээрлийн төвийнхөө үйл ажиллагааны талаар та манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага л даа. Ерөнхийдөө манай төв дөрвөн үйл ажиллагаа голлож явуулдаг.

Эхнийх нь бурхны сургаалыг хүмүүст ойлгуулах, нийгмээ танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт явуулдаг. Бодь мөрийн зэрэг, Чойрын анхан шатны мэдлэг, төвөд хэл бичиг хосолсон сургалт явуулж байна. Төвөдөөр унших хүсэл эрмэлзэлтэй хүн олон байдаг. Ялангуяа Чойрын номыг үзэхийн тулд төвөд хэл сурах шаардлага үүсдэг. Үгүйдээ л гэхэд гэртээ байгаа судраа үсэглээд сурчихъя гэсэн хүсэлтэй хүмүүс манай сургалтыг зорин ирдэг. Үүнээс гадна бид зөв амьдрах ухааны сургалтыг давхар явуулж ирсэн.

Манай төвийн хоёр дахь үндсэн ажил бол номын орчуулга. Монголын тодорсон Богдуудын намтар, дөрвөн бумын бясалгалын номыг тэргүүтнийг орчууллаа. Бид бүхэн орчуулга дээрээ голчилж анхаардаг.

Бас нэг тогтмол явуулдаг үйл ажиллагаа бол бясалгал. Бумшийн бясалгалыг 2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирлээ.

Мөн манай төв шинийн нэгэн, найман, 15, заримдаа 25-нд, 29-нд болон Бурхан багшийн их дүйчин өдөр, зулын 25, цагаан сараар онцгойлон ном хурдаг. Тухайлбал, шинийн 1-н болгонд дандаа хүүхдүүдэд зориулсан ном хурна. Ер нь шинэ сарын эхэнд сайн үйлийг хийх юм бол тухайн сардаа их өгөөжтэй байна гэсэн дүйчин өдрийн тайлбар бий.

Монголчууд маань шинэ сар гарлаа гэж их бэлгэшээдэг шүү дээ. Тэр утгаараа шинийн 1-н болгонд хүүхдүүддээ зориулж ном хурдаг. Хүүхдүүд эрүүл энх байх юм бол эцэг эх амар амгалан байх нь тэр. Ирээдүй зөв сайхан өсч хүмүүжиж байвал үндэстэн сайн сайхан байна гэсэн үг. Үүнийг зорьж ном хурдаг даа. Харин шинийн 8, 15-нд Дар-Эхийн мандал шиваа хурдаг. Үүнээс гадна өдөр тутамдаа энэ төв дээрээ лам нар маань ном хурж байна.

-Та сая Бумшийн бясалгал явуулдаг гэлээ. Энэ нь бусад төрлийн бясалгалаас юугаараа ялгагддаг юм бэ?

-Энэ бол лам ч бай, жирийн иргэн ч бай бүх нийтээрээ хийж болох бясалгал юм. Дээдэс мэргэдээс уламжлан тогтсон дөрвөн бясалгал байдаг. Өөрөөр хэлбэл, бурхны шашны суурь бясалгал гэсэн үг. Лам хүмүүс энэ дөрвөн бясалгалыг хийчихээд номоо үзвэл илүү хурдан ойлгож сурна. Хүний хилэц нүгэл ариусна. Буяныг их хураана гэж үздэг. Тиймээс хамгийн эхлээд бумшийг хийдэг.

-Бумши нь дөрвөн төрлийн бясалгалаас бүрддэг гэсэн үг үү. Тус бүрийнх нь онцлогийг ярьж өгөөч?

-Итгэлийн, базарсад, мандал, мэгзэм гэсэн дөрвөн бясалгал байгаа. Энэ нь хүнийг зөв амьдрах, улмаар ном эрдэм үзэж гэгээрэхэд нь замчилж өгдөг суурь бясалгал юм. Итгэлийн бясалгал нь хүнийг дотоод итгэл үнэмшилтэй болгоход тусална. Хэрэв бурхан багшийн сургаалиар явах гэж байгаа бол итгэлийн бясалгалаас “Бурхны шашин гэж юу юм, яагаад шүтэж байгаа, шүтсэнээр ямар ач холбогдолтой юм. Шүтнэ гэж яг ямар утга учиртай юм. Тухайн хүний зүгээс ямар үүрэг хүлээх юм” зэргийг танин мэдэж авна. Энэ бясалгалыг хийчихээр бурхны шашны талаар тодорхой хэмжээний ойлголттой болчихож байгаа юм.

Бурхны шашныг шүтсэнээр хүн өөрөө өөртөө итгэх итгэлтэй болдог. “Хүн бол өөрөө өөрийнхөө аврагч юм байна” гэдгийг энэ бясалгалыг судлаад хийгээд ирэхээр мэдэрнэ гэсэн үг. Хоёрдугаарт нь Базарсадын бясалгал байна. Хүн өөртөө итгэлтэй боллоо ч гэсэн зарим үед санаснаар болдоггүй. Өвдөнө, ажил үйлс бүтэхгүй байх тал бий. Хүнд сайн санаад явж байхад элдэв саад бэрхшээл зөндөө тулгардаг ч юм уу. Энэ нь юутай холбоотой юм бэ гэхээр бидний олон төрөл дамжаад хураачихсан хилэнцэт нүгэлийн урхагаас үүдэлтэй.

Нүгэлийн үйлийн нөлөөгөөр бид зовлон бэрхшээл зүдгүүртэй таараад байна гэж бурхны шашны үзэлд бий. Тэрийг ариусгах хэрэгтэй болно. Энгийнээр, хүн өөрөө өөрийгөө сэтгэл оюунаа ариусгах ёстой. Бие махбодио ч бас цэвэрлэх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Яг тэгж ариусгах нь Базарсадын бясалгал юм. Дараагийнх нь Мандалын бясалгал. За хүн өөртөө итгэлтэй байгаад оюун бодол, сэтгэл санаагаа ариусгалаа ч гэсэн хүний хамгийн гол амин сүнс бол хүнлэг чанар. Энэрэнгүй үзэл. Хүн хүнлэг чанар энэрэнгүй үзэл байхүй бол чийггүй ургамал лугаа адил.

Тэгэхээр хүнд энэрэл нигүүсэл амархан төрчихдөггүй юм байна л даа. Буянтай харгалзана. Буянтай хүнд энэрэл нигүүсгэл, бодь сэтгэл амархан төрнө. Харин буян бага байх юм бол бодь сэтгэл гэх нэрийг ч сонсохгүй. Тэр хүнлэг энэрэнгүй чанараа улам хөгжүүлэхийн тулд буяныг хураах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, оюуны бядтай болох. Үүний гол хүчин зүйл нь Мандал өргөх байдаг. Мандал өргөснөөр хүний сэтгэл зөөлрөөд хүнд уурлах нь багасна. Хүнийг хайрлах, энэрэх сэтгэл өөрийн эрхгүй төрөөд эхэлдэг. Нөгөө талаар өөдрөг үзэл суудаг.

Аливааг өөдрөгөөр харж чаддаг оюуны бяд сууж байгаа хэрэг. Дөрөв дэх нь Мэгзэмийн бясалгал. Хүн ерөөсөө зөв амьдрах нь ухаанаас улбаатай. Эцсийн эцэст зөв амьдралыг авах, гээхийн ухаанаар л зохицуулна. Энэ ертөнцийн амьдрал юу юм. Үхэл гэж юу юм. Хойд нас гэж яриад л байх юм. Чухам нь яадаг юм. Ерөнхийдөө танин мэдэхүйн зүйлийг хоёр тоймлодог. Самсара буюу сансар ертөнцийн юмс. Нөгөөх нь нирваан буюу гэгээрэлтэй холбоотой. Энэ хоёрын аль алиныг ойлгоход ухаан хэрэгтэй. Тэгэхээр Мэгзэмийг бясалгалж байж оюун ухаанаа хөгжүүлдэг.

Мэгзэмийг бясалгахад түргэн, гүн, логик, дараалалтай, агуу сэтгэх ухаан хөгждөг. Бясалгалаар хүний оюун ухааныг хөгжүүлдэг долоон янзын арга байна. Хүний цээжлэх, ой тогтоох чадвар сайжирна. Юманд уужуу тайван ханддаг болно. Агуу сэтгэлгээ нь юмсыг том зургаар нь харна. Наад зах нь “Энэ нас битгий хэл хойт насны, өмнөх төрөл гэж байна. Удам судар ганцхан надаар дуусчихгүй, үргэлжилнэ. Хүн төрөлхтөн дэлхий ертөнц дээр үеийн үед амьдарна.

Тэгэхээр би өөртөө ногдох юмаа зөв зохистой хэрэглэх учиртай. Хэрэгцээнээс илүү гарсан юм шаардлагагүй” гэдэг ийм ухаан. Цаашлаад хоосон чанарыг ойлгодог ухааныг төрүүлэхийн тулд оюуны ой тогтоолтыг сайжруулдаг дасгалыг бясалгалаар хийдэг. Тэгэхээр Мэгзэм өөрөө маш гүн гүнзгий увдистай. Судрын ёс, тарнийн ёс ч гэж байдаг.

-Бумшийн бясалгалын түгээн дэлгэрүүлэхэд та бүхэн хэрхэн ач холбогдол өгч байгаа вэ?

-Бумши бол зөвхөн тайвшрал төдий өгдөг бясалгал биш. Сэтгэлгээгээ зөв голдиролд оруулах дасгал гэж хэлж болно. Тэр үүднээс хүмүүст өгөөжтэй. Бид аль болох олон хүнд хүртээхийг хичээж байна. Гэхдээ энэ нь судлах номоос өгсүүлээд нэлээд ажиллагаатай учраас тухайн хүнээс хичээл зүтгэл шаарддаг.

Дээрээс нь хугацаа орно. Үнэхээр Бумшийн бясалгал хийе гэж зорьж байгаа хүн цаг гаргах хэрэгтэй болно. 2017 оноос хойш давхардсан тоогоор 800-гаад хүн Бумшийн бясалгалд хамрагдаад байна. Манай бясалгал өглөө эрт 05.00-07.00 цагт явагддаг. Бясалгалын үеэр тодорхой дэг барина. Өөрийгөө задгай орхихгүй. Хянамгай хандана. Бясалгал онлайн, танхим хосолж явагддаг. Одоогоор манай танхимд 20 гаруй хүн ирж бясалгаж бусад нь онлайнаар дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байна. Жилдээ хоёр удаа зохион байгуулдаг.

Бид Бумшийн бясалгалаа боловсролын байгууллагуудтайгаа хамтраад аль болох шинжлэх ухаанчаар явуулах гээд байгаа юм. Тиймээс МУИС-тай хамтраад “Бодь мөрийн зэргийн сургалт хөтөлбөр-уламжлалт шинэчлэлт” гэсэн эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 26-нд зохион байгуулна. Эрдэмтэн мэргэд, судлаачид бүтэн өдрийн турш Бодь мөрийн зэрэгтэй холбоотой арав гаруй илтгэл хэлэлцүүлнэ. Бодь мөрийн зэрэг бол буддын шашны гол сургалтын хөтөлбөр. Үүнд хүн яаж гэгээрэх тухай бүх зүйл байгаа.

Ер нь Бодь мөрийн зэргийг бүх сүм хийдийн лам нар заавал үзэх ёстой. Өнөө үед энгийн хүмүүс ч үзэжбайгаа. Оюуныг хөгжүүлэх системтэй номыг зохиосон нь Бодь мөрийн зэрэг. Бодь гэдэг нь гэгээрэл, мөр нь түүнд хүрдэг замыг хэлээд байгаа юм. Зэрэг гэхээрээ дараалал. Бага, дунд, ахлах анги гэдэг шиг хүнийг оюуных нь шатаар ахиулсаар байгаад гэгээрэлд хүргэдэг ном л доо.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Мянган ногоон Дарь-Эхийн дэлгэр хурах үйл ажиллагааны талаар болон “Чухагт Эрдэнэ” соёр гэгээрлийн төвтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ямар хаягаар холбогдох вэ?

-Манай төв Чингэлтэй дүүрэг 6-р хороо, СУИС-ийн баруун талд 47б “San Apartment” оффисын 5 давхар 508 тоотод үйл ажиллагаа явуулж байна. Фэйсбүүкийн “Чухагт Эрдэнэ” пэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img