2024-10-16, Лхагва
6 C
Ulaanbaatar

Н.Даваа: Цахилгаан эрчим хүчийг атгасан хүчтэй эзэнт улс болох боломж бидэнд бий

"Бэст энержи сэйвинг" ХХК-ийн төслийн удирдагч Н.Даваатай ярилцсанаа хүргэе.

-Цахилгаан цэнэг хуримтлуулагч хийх санаагаа хэрхэн олсон бэ?

-Би 2008,2009 онд Ганц худгийн хориход хоригдож байсан үе. Хорих өрөө маш хүйтэн, тааз мөстөөд дусаал дусдаг, дусаалаас хамгаалж гялгар уут нөмөрч хэвтэцгээдэг. Тэгээд боддог байлаа л даа. Бага тог хэрэглэн дулаан гаргадаг халаагуур хийх талаар, эрчим хүчний эх үүсвэрийн тухай. Гэхдээ тэр санаа нэлээн дээрээс надад төрдөг байсан юм.

Аав маань Нисэхээс тэтгэвэртээ гараад ДЦС-IV-ийн худгуудад сахиур хийдэг болсон. Өвлийн хүйтэнд тэр худгуудыг 10 кВт-ын тенээр халаадаг байсан. Халаалтын тенүүд нь шатчихна. Тэгээд нөгөө худгуудад нь хөлдөх аюул нүүрлэдэг. Харин аав минь энэ асуудлыг өөрөө шийдээд нэг кВт-ын гэрэл асаагаад худгуудаа хөлдөөхгүй бүр дулаахан байдаг байсан. Өөрөөр хэлбэл нэг кВт-ыг 10 кВт-аар орлуулж чадсан гэсэн үг. Тэгээд л би хоригдож байхдаа яаж энэ хүйтнийг дулаан болгох вэ гэж бодоод аавынхаа аргыг хэрэглэхээр шийдсэн.

-Тэгээд хорих өрөөгөө халаасан юм уу?

-Үгүй. 2009 оны зун батлан даалтаар суллагдаж гарангуутаа л гэрлийн халаагуур хийсэн. Тэрийгээ патентаар баталгаажуулж авсан. Энийгээ ашиглахын тулд халуунд тэсвэртэй гэрлийн шил хийх хэрэг гарсан. Тэр халууныг тэсвэрлэх гэрлийн шилийг Голландын PHILIPS-ийн лабораторт хандсан. Гэтэл тэд манай хамгийн сайн гэрлийн шилийг хийдэг салбар маань Шанхайд байдаг. Тэнд ханд гэсэн хариуг өглөө.

-Та жаахан ойлгомжтой тайлбарлаж өгөөрэй. Технологийн гол давуу тал нь юу юм бэ?

-Гэрлийн халаалтдаа халуунд шатдаггүй карбон гэрэл шинээр хийлгэж ашигласан. Мөн сансрын хиймэл дагуулд ашигладаг (-200Co) бас 12 мянган метрийн өндөрт нисдэг онгоцонд (-70Co) хэрэглэдэг халаалтын технологийг монгол гэрт тааруулаад оруулсан гэж хэлж болно. Вакум технологийг маш олон туршилт хийсний эцэст монгол гэрт оруулж чадлаа. Ингээд халаагч буюу манайхаар паар хийгээд хятадуудад танилцуулсан. Паар гэсэн хэрнээ дотроо усгүй байсанд тэд их гайхсан.

-Тэрийг яаж шийдсэн гэсэн үг вэ?

-Пааранд 10 литр ус байна гэж үзвэл тэр усыг 200 гр шингэнээр орлуулан халаана гэсэн үг л дээ. Тэрийгээ нөгөө гэрлээрээ халаана. Тэгэхээр 2 кВт-аар халдаг паар чинь 0,5-аар л хална. Энэ технологи эрчим хүчийг хэмнэсэн ажил. Энэ санаагаа бас патентжуулж авсан.

-Анхны гэр халаах халаагуурыг бий болгох гэж хэдэн жилийг зарцуулав. Хэнтэй хамтарч хийсэн бэ?

-Гурван жил бид толгой өндийхгүй ажилласан. Анх шинэ технологи, шийдэл сонирхдог хүмүүстэй хамтарсан болохоор амар байсан. Мөн ОХУ-д цэргийн сургууль төгссөн Энхбаатар гэдэг хүнтэй хамтарч ажилласан.

-Өртөг зардал хэмнэсэн их хэрэгтэй бүтээл санагдлаа. Энэ паар хэр их дэлгэрсэн бэ?

-Мянгаад айлд тавигдсан. Тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан. Бид бүх л дарга нартай уулзаж энэ бүтээлээ танилцуулж явлаа. Бараг бүгдээрээ ойлгодоггүй. Сүүлдээ өөрөө ч залхсан. Азийн хөгжлийн банкнаас зээл авах гэлээ олдоогүй. Дараа нь цэцэрлэг халаах ажил руу орсон. Дараа нь Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдад ч танилцуулсан. Тэр үед шахмал түлш хийгээд тэр нь дэлбэрээд асуудал гараад байдаг. Э.Бат-Үүлд танилцуулах гэж 30 ширхэг халаагуур авч орж байсан. Ингээд хэдэн халаагуур үйлдвэрлүүлэх гээд Хятадад эргээд очтол манай бүтээгдэхүүнийг хийдэг дөрвөн үйлдвэр нээгдээд ажиллаж байдаг юм байна.

-Юу гэсэн үг вэ. Энэ чинь манай Монголын патентыг хулгайлсан гэсэн үг биз дээ?

-Сүүлийн үед патент авах нь дэмий юм байна гэж бодоод байгаа. Патент авах нь олон улсад зарлачихаж байгаа гэсэн үг. Ялангуяа хятадууд шиг ашиг орлогыг нэгдүгээрт тавьдаг патент зэргийг нэг тоодоггүй газарт бол нэг л үйлдвэрлээд эхэлчихвэл зогсоох боломжгүй. Жишээ нь нэг жижигхээн зүйлийг нь өөрчлөөд хэдэн мянгаар нь үйлдвэрлэчихдэг.

Харин Монголынх, монгол хүний зохиож бүтээсэн зүйл гээд улсын нэрээр явбал өөр байх. Бусдаар баг, хувь хүнээрээ бол тийм амар биш. Эрчим хүчний хэмнэлттэй паар, цахилгаан бага хэрэглэдэг паар гэх зэрэг 10 гаруй патент би эзэмшдэг. Багийнхан маань нэмэгдэхээр 20 гаруй бий. Эдгээрээс 4-5-ыг олон улсын патентын байгууллагаас авсан. Олон улсад патентад бүртгүүлэхийн тулд маш их хөрөнгө, мөнгө цаг хугацаа шаардагддаг.

-Цахилгаан цэнэг хуримтлуурыг цоо шинээр бий болгосон юм уу. Өөр улс оронд бүтээдсэн байсан зүйл үү?

-Эхний бүтээл бол дэлхийд байгаагүй цоо шинэ зүйл биш. Сансрын уудамд хэрэглэгдэж байсан технологийг монгол гэрт тааруулаад оруулаад ирсэн гэсэн үг. Үүнд мэдээж өртөг зардал нь асар хямдарч, ажиллагаа нь хялбар болно. Энийг шууд ОХУ, Хятадаас оруулж ирэхэд асар үнэтэй. Би ганцхан хоолойг нэг жипний үнээр авч байсан. Өртгийг нь бууруулахын тулд өөрийн улсын нөхцөлд боломжоо харгалзан үзнэ. Тухайлбал хөнгөн цагаан болон зэсээр хийдэг эд ангийг төмөр болгох гэх мэт. Энэ явцдаа юм бүтээх чадваруудыг эзэмшдэг. Вакум болгох арга болон гагнуур хийхийг аргыг маш сайн эзэмшсэн шүү.

-Энэ технологид Японы Мацүшита, Тесла компаниуд маш том хөрөнгө оруулалтын санал тавьсан гэсэн. Яагаад тэр их мөнгөнөөс татгалзсан юм бэ?

-Энэ асуултад хариулахын өмнө нэг тайлбар хэлье. Шинэ технологи бол мөнгө биш ялалт юм. Тэр технологийг эзэмшиж байгаа улс орон орчин үед ялж байдаг гэсэн үг. Орчин үед улс орнууд зэр зэвсгээр биш технологийн ялалтын төлөө өрсөлдөж байна. Ер нь түүхийн явцад ч ийм л байсан. Жишээ нь Монголын эзэнт гүрэн 150 жил Хятадад ноёлж байсан. Гэтэл ганцхан өнчин ядуу зарц тариачинд л ялагдсан шүү дээ. Тэр тариачин буу зохион бүтээлгээд ялчихсан. Бас Напелоны арми маш их хүчирхэг байсан.

Нэг нөхөр Напелон дээр очоод уурын хөдөлгүүрээ танилцуулаад сүүлдээ хотоосоо хөөгдсөн. Тэгэхээр нь Англид танилцуулаад англичууд усан онгоцондоо уурын хөдөлгүүрийг хийж тавиад Францын дэлхийн хамгийн хүчирхэг флотыг бут цохисон.

Түүнээс хойш Английн эзэнт гүрэн далайн эзэнт гүрэн болсон түүхтэй. Энэ бол хэн технологийг гартаа авна тэр ялдаг гэсэн үг. Одоо таны асуултад хариулъя. Яагаад та нар мөнгийг сонгоогүй вэ гэж. Дэлхийг эзэгнэж болох технологийг 100 мянгахан доллараар арилжих нь харамсалтай шүү дээ.

-Танай энэ технологийн гол давуу тал нь гэвэл?

-Ойлгоход амархан. Бидний цэнэг хуримтлуур нь 40 тонны нэг контейнер нь 5.7 МВт. Теслагийнх 2.2-2.5 МВт. Хоёр дахин хүчтэй байгаа биз. Тэгсэн мөртлөө 50 хувь хямд. Энэ хүчин чадлыг Европ, Америк руу гаргавал “эзэлнэ” биз дээ. Одоо үед бүх юм эрчим хүч. Эрчим хүчгүйгээр бүтдэг зүйл энэ дэлхийд ховор. Гэтэл манай улс ингээд эрчим хүчний хараат байгаад байж болох уу.

-Манай улс эрчим хүчний технологиор дэлхийд гарах боломжтой гэж харж байна тийм үү?

-Бүр цахилгаан эрчим хүчийг шийдвэрлэдэг хамгийн хүчтэй эзэнт улс болох боломж байгаа. Бид шинэ үеийн цахилгаан цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх хэрэгтэй. Дэлхийд battery storage үйлдвэрлэдэг Мацүшита, Тесла, Samsung, LG гээд батарей үйлдвэрлэдэг дөрөвхөн компани бий шүү. Яагаад манай улс тавь дахь нь болж болохгүй гэж. Эд нараас японыМацүшита 300 сая доллараар дэмжье гэж байна. Дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд дулааны цахилгаан станцаасаа татгалзаж байна. Австрали нүүрсний том цахилгаан станц барьж байгаад зогсоочихлоо.

Цахилгаан станц ашиггүй юм байна гээд цахилгаан цэнэг хуримтлуурыг Тесла, Samsung, LG зэргээр бариулчихаж байна. Дэлхийн улс орнууд цахилгаан цэнэг хуримтлуурлуу шилжиж байна. Нэг гигаватт (ГВт) цахилгаан эрчим хүчийг манай цахилгаан цэнэг хуримтлуураар 2-3 ГВт болгож өсгөх боломж байна. Үүнийг хийхэд 5-р станцаар яах юм бэ.

-Таны ярианаас та болон танай багийн хүсэл мөрөөдөл хийж бүтээснийг төр засаг тоодоггүй юм шиг санагдлаа. Үнэхээр ойлгодоггүй юм уу эсвэл ойшоож үзэхгүй байна уу? Хувийн шалтгаан байна уу?

-Би Л.Оюун-Эрдэнэ сайдтай Баяр докторынхоо хамт уулзсан. Бас Сангийн сайд, Үндэсний аюулгүй байдал гээд дарга нартай уулзаж л байна. Л.Оюун-Эрдэнэ сайдад залуу хүн учир юмыг сэргэг соргогоор харж чадах байх гэж найдаж байгаа. Өмнө нь Ч.Сайханбилэгтэй уулзахад “Цэцэрлэгүүд халаасан чинь сайхан ажил болжээ. Засгийн газраас 10 тэрбумыг шийдье. Дөчин мянган айл өрхийг хямд үнэтэй цахилгаанаар халаая” гэсэн юм. Надад 10 биш таван тэрбум байхад болноо л гэсэн. Тэгсэн Сангийн яамны лимит хэтэрсэн байна гээд тэр санхүүжилт бүтээгүй. Цагдаагаас бас энэ хүнд санхүүжилт өгвөл төр эргүүлчихнэ гэдэг юм гэсэн.

-Та тийм төр эргүүлэхээр аюултай хүн юм уу?

-Миний төр эргүүлэхдээ ч биш л дээ. Монголын төр засаг гадна талаас хараат болсны шинж л дээ. Азийн хөгжлийн банк зээл гээд л зарласан. Тэр нь жишээ нь тодорхой өөр компанид зориулагдсан тендер байх жишээний. Тэр компани нь Хятадаас хуучирсан бараа материалыг Монголдоруулж ирдэг байх жишээтэй. Манай компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ганц ч удаа зээл авч чадаагүй. Байгууллагдсан цагаас л банкнаас зээл хүссэн. Ямар ч шалтгаангүйгээр зээл өгөх боломжгүй л гэдэг. Тэгэхээр халаагуураа их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй.

-Хувь хүнээс үүдсэн шалтаг шалтгаан гэж харахгүй байгаа юм уу. Энэ байдал юунаас болж байна вэ?

-Манай улсаас өөрөөс нь болж байна. Чөлөөт зах зээл бол өрсөлдөөн шүү дээ. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна. Гадаад талууд бол манайхыг энэ чигээр нь барих сонирхолтой байна. Хэрэв бид чөлөөтэй өрсөлдөөд ирэх юм бол дийлдэшгүй гэдгийг бусад улсууд мэдэж байна. XXI зуунд бүх юм өөрчлөгдөн хөгжиж байна. Гэтэл гадны олон зуун сая долларын хөрөнгөөр төсөл, тендер зарлахад дандаа ХХ зууны үеийн, хөгжлөөс хоцрогдсон хэн ч авахгүй хог авчирч шахдаг.

Гэтэл өнөөдөр нийслэл хотын Шувуун фабрик, Био кабинет, Налайхыг хар. Энэ газрууд халаалтандаа зарцуулж буй мөнгөний алдагдал нь жилдээ хэдэн тэрбум төгрөг байдаг. Энд тэнд баахан хэрэггүй байшин барина. Тэрэндээ баахан нүх ухаж, дулааны шугам явуулна. Хавь орчныг бужигнуулна. Гэтэл өмнөх хоолойнуудаа ч шинэчилж чадахгүй сууж байгаа хот шүү дээ. Оронд нь тэнд ганц контейнертай цахилгаан цэнэг хуримтлуур тавиад л шийдэгдчих асуудал.

-Танд танай багт дэлхийн шилдэг компаниудаас санал ирдэг. Гэтэл та хэд энд төр засгаас дэмжлэг хүлээгээд байгаад байдаг. Гадагшаа гараад тэрбумтан болох боломжуудыг та яагаад ашиглахгүй энд тэрсэлдээд суугаад байдаг юм бэ?

-Олон дарга нар тэгж хэлдэг. Үүнд учир бий. Юуны өмнө би, бид их мөнгө олох гэж энийг хийгээгүй. Яах гэж хүн болж төрсөн юм? Юуны тулд Монгол хүн болж төрсөн юм бэ гэдгээс л эхэлж бодох ёстой. Би Монгол газар шороон дээр монгол хүн болж төрсөн шүү дээ. Өвөг дээдэс маань энэ улс орондоо үнэ хүндтэй, эх орондоо гавьяатай явсан хүмүүс. Бид их мөнгөтэй болъё гэвэл дэлхийд ядах юмгүй гараад мөнгөжчихнэ. Гэтэл би энэ Монголдоо хийх юм байна бас Монголоосоо эхлээд дэлхийд харуулах зорилго байна. Бас би цэргийн….хүн. Эр цэрэг эх орноосоо урвадаггүй юм.

-Жижигхэн компанийн зарчмаар ажиллах биш том амбицтай яваад байгаа нь асуудал болчихоод байгаа. Заавал тэгэх хэрэг байгаа юм уу?

-Бид том хэмжээнд ажиллах хэрэгтэй. Ажиллаж мөнгө хийх биш асуудлыг сууриар нь шийдэх ёстой. Монголчууд бид Мацүшитагоос 300 сая доллар авч үйлдвэр байгуулж Европыг эрчим хүчээр хангах хэрэгтэй. Эхний ээлжинд шүү. Бид Засгийн газрыг мөнгө өг гээгүй хамтдаа хөгшин баян хөгшин баян Европын эрчим хүчний хүндрэлийг шийдэж их улс баян болъё л гэсэн.

-Яагаад Европ гэж?

-Тэдний нэг номерын асуудал бол эрчим хүч.

-Гэхдээ тэд өөрсдийнхөөрөө шийдээд явж байгаа юм биш үү?

-Шийдээд явж байна л даа. Гэхдээ бид тэднээс 2-3 дахин илүү хүчин чадалтай, хэд дахин хямд, овор багатай шинэ зууны цахилгаан эрчим хүчний технологи нийлүүлнэ шүүдээ.

-Танай бүтээгдэхүүнийг хэд хэдэн улсад үйлдвэрлэж байгаа. Энэ хангалтгүй юу?

-Бид “Eves” компаниа Сингапурт байгуулсан. Энэ бол Сингапур компани. Японд бас “Дай Ичи Дэнши” гэж компани байгуулсан. Тэгэхээр тэр компаниудын бүтээгдэхүүн нь тэр улсынх. Яагаад гэвэл Япон, Сингапур улсад бүртгэлтэй учираас.

-Харин танай компани Монголд хэзээ байгуулагдсан бэ?

-Манай “Бэст Энержи Сэйвинг” компани 2014 онд байгуулагдсан. Арван хүнтэй ажилладаг. Манай бүтээгдэхүүнийг ганцхан батарей гэж ойлгож болохгүй. Цахилгаан эрчим хүч хэмнэх төхөөрөмж, дулаан хуримтлуулах төхөөрөмж, цахилгаан цэнэг хуримтлуулах төхөөрөмж гээд маш олон төрөл болоод явчихсан. Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүлийн үед дөрвөн цэцэрлэгийг халаалгахаар болсон. Нэг ч нүүрс түлдэггүй маш дэвшилттэй гээд өргөжсөн нь тэр л дээ.

-Хэрвээ танай багт боломж олговол хотыг яаж өөрчлөх вэ?

-Маш богино хугацаанд дэлхийн жишиг нэг номерийн эко шийдэлтэй хот болгоно. Эрчим хүч шууд өөрчлөгдөнө. Гэр хорооллынхон чанаргүй цахилгаан хэрэглэхээ болино. Эрчим хүчний үнэ бууна.

-Гэр хорооллыг?

-Гэр хорооллын трансформаторуудын хажууд цахилгаан цэнэг хуримтлуур байрлуулан чадлыг 2-3 дахин өсгөнө. Гэр хорооллыхон хямд үнэтэй чанартай цахилгаанаар хангагдан гал түлэх шаардлагагүй болно.

-Цахилгаан станц хэрэггүй гэсэн үг үү?

-Хэрэгтэй. Эхнээсээ хийгдээд маш олон жил яваад ирсэн дэд бүтэц шүү дээ. Манайхаас нэмэлтээр тавиад цахилгаан станцуудын цэнэгийг 2-3 дахин л өсгөнө.

-Тань шиг давааг давсан хүмүүс ихэнхдээ “төр засагтаа” гомддог. Та гомддоггүй гэж үү?

-Огтхон ч гомддоггүй. Би энэ цаг үедээ маш их баярлаж явдаг. Гоё цаг үед, гоё газраа, гоё удам угсаанд төрсөн хүн би. Би дээд үеэ Сундуй гүнээр боддог. Тэр хүн 15 насандаа ноён болж байсан. 20 хэдхэн насандаа хаан болох байсан. Даанч цаг үе нь биш байсан. Гэтэл би яг цагаа олоод шоронд ороод, цагаа олоод гараад ирсэн. Тиймээс би хэнд ч, юунд ч гомддоггүй. Тэр ч байтугай намайг шоронд хийсэн хүмүүст гомддоггүй. Яагаад гэвэл намайг боловсруулаад дэмжээд өглөө. Би хөх тэнгэрээс зөвхөн хүчирхэг болгож өгөөч гэж хүсдэг байсан. Намайг хүчирхэг болгож өгсөн.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img