2024-10-20, Ням
-3 C
Ulaanbaatar

Шоронгийн сэтгэлзүйч ажлаа сайн хийсэн бол, сэтгүүлч ил цагаан зарлаагүй бол…

Одоогоос хэдэн жилийн өмнө Замын-Үүдэд нялх балчир охин алга болж, тухайн үедээ бөөн шуугиан болж байв. Охины сураг өнөө ч таг чиг. Хайртай охиноо хүлээсэн ээжийн харуусал шаналлын нулимс хатаж ч амжаагүй байхад Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-нд 12 настай охин сураггүй болж олныг түгшээлээ. Харамсалтай нь охиныг эрлийн багийнхан гурав хоног хайсны эцэст цогцсыг нь олсон юм. Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс охины цогцсыг олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноос хойшх мэдээлэл өнөөхөндөө олонд ил болоогүй байна. Гэмт хэрэгтэн зохих шийтгэлээ хүлээсэн тухай мэдээлэл хэсэг хугацааны дараа хөврөх байх.

Одоо бидэнд балчир үрсээ буруу санаатны гарт цаг бусаар ахиж алдахгүйн тулд яах ёстой вэ, юун дээр анхаарах учиртай вэ гэсэн асуултуудад хариу хайх гарц л үлдсэн. Шоронгийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч ажлаа сайн хийсэн бол, сэтгүүлч ил цагаан зарлаж мэдээллэж шуугиан тариагүй байсан бол…, тэгээгүй бол, ингээгүй бол… Ингэж харамсч халаглам олон асуулт эргэдээд л байна. Үүний тулд бид саяны эмгэнэлт явдал дээр юун дээр, яагаад алдчихав гэсэн асуултад хариу хайх учиртай.

Арван хоёрхон настай охиныг хөнөөсөн Г.Гантулга гэж хэн бэ?

Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай. Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байж. Ганбаатарын Гантулга гэгч нь 19 настайгаасаа гэмт хэрэг үйлдэж, хорихоос хоёр ч удаа оргож байсан гэмт хэрэгтэн. “Ийм гэмт хэрэгтэнд гадаадын улс орнууд цахим чийп суулгаж хянадаг. Тодорхой орон зайд хязгаарлаж, нийгмээс тусгаарлах ёстой” гэсэн цагдаагийн үг санаанаас гарч өгөхгүй юм. Нээрээ яагаад ийм зартай хэрэгтнүүдийг шоронгоос суллахдаа цахим гав зүүж болохгүй гэж. Сошиалаар эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн гэх үндэслэлээр дурын хүнд цахим гав зүүдэг болсон энэ үед шийдэж ядах юмгүй гарц.

Засан хүмүүжүүлэх газруудад нийгмийн ажилтан гэсэн албан ёсны албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суудаг. Тэд хүмүүжигчдийн сэтгэл зүйд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл яагаад тэд ажлаа олигтой хийхгүй байна вэ? Цуврал алуурчид, онц ноцтой хэрэг үйлдсэн хэзээд ч засрашгүй гэмт хэрэгтнүүд бага насаа хүчирхийллийн орчинд өнгөрүүлсэн байдаг тухай сэтгэл зүйчид онцгойлж хөндөцгөөдөг.

Засан хүмүүжүүлэх газрын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн анхаарах ёстой нэг том өнцөг бол энэ. Гантулгын бага нас яаж өнгөрснийг өнгийгөөд харчихсан бол тэр сайн хүмүүжигч гэж үнэлэгдэж хугацаанаасаа өмнө суллагдахгүй л байж. Суллагдсан ч цахим гавтай, хатуу хяналтан доор чөлөөлөгдөх байж. Түүний бага нас хэрхэн өнгөрснийг түүнтэй хамт хүмүүжигдэж байсан Т бидэнд ярьсан юм.

Гантулга хүүхэд насандаа Хүндэт харуулын 032 дугаар ангийн зэргэлдээх цэцэрлэгийн өөдөөс харсан хуучны цагаан байрнуудын нэгэнд өсчээ. Аав нь цэргийн хүн байсан гэнэ. Гантулгыг багад нь их дарамталж зовоодог байсныг тэрээр гал хамууддаа ярьж суужээ. Үүнийгээ сэтгэл зүйч, нийгмийн ажилтандаа ярьсан болов уу, тэд бага насыг нь ухаж сонирхож асуусан болов уу?! Айлын том хүүхэд учир аавын хүчирхийллийг Гантулга илүү амсдаг байж.

Дүү нар нь ч хэцүү хатуу орчинд өсч өндийцгөөж. “Аав бидний зүрхэнд ордог байсан” гэж хэлснээс нь харахад хүчирхийллээс хүчирхийлэгч төрдгийг тэр амьдралаараа баталчихаж. Түүний дүү нар ерээд онд арьс түүхийн эдийн “Цайз” зах дээр гарч амьдралаа босгож, амьдралынхөө төлөө зүтгэсэн аж. Харин Гантулга л гэмт хэргийн зам руу эргэлтгүй хазайжээ. Анх наймаачин хятадуудын арьс нэхий шир хулгайлж дээрэмдэн шоронгийн хаалга татаж байж.

Тэр зургаан удаагийн хэргээр ял шийтгэл эдэлсэн нэгэн. 19 настайдаа буюу 1995 онд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, зургаан сарын ял сонссоноос гурван жилийн дараа буюу 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдэж 12 жилийн хорих ял авч байж. 1999 онд ял эдэлж байхдаа хорих ангиас оргож, хулгайлах гэмт хэрэг давтан үйлдэж, хууль хяналтын байгууллагаас хоригдол Г.Гантулгад 2.3 жилийн хорих ял нэмж оноожээ.

Тэрбээр хорих ангид байхдаа хоёр ч удаа оргож байж. Хүүхэд хулгайлах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, хоригдож байхдаа 2009 онд мөн оргож, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй 2014 онд гар утас худалдааны төвд танхайрч, олон тооны утас хулгайлсан хэрэгт зургаан жилийн хорих ял сонсож байжээ.

2016 оны есдүгээр сард Төв аймгийн Баян сум дахь Хорих 415 дугаар ангиас “Сайн засарч хүмүүжсэн” гэх магадлангаар суллагдсан байна. Хэрэв сэжигтэн Г.Гантулга хуулиар оноогдсон ялаа бүрэн эдэлж дууссан бол энэ жил суллагдах байж. Өөрөөр хэлбэл, түүнийг Өршөөлийн хуульд хамруулаагүй, тэнсэн харгалзах, магадлангаар суллаагүй байсан 2023 онд суллагдах байсан гэсэн үг. Харамсалтай нь, түүнийг долоон жилийн өмнө суллажээ.

Энэ этгээдтэй Чойрын шоронд хамт хоригдож байсан Т хэмээх иргэн түүний талаар толгой сэгсрэн доорх зүйлийг ярьсан юм. Иргэн Т-гийн ярианаас нэмэр хачиргүйгээр цөөн мэдээлэл хүргэе. Гэмт хэрэгтэн нарсанд байхдаа их томоотой, илүү дутуу хөдөлгөөн гаргадаггүй, гутал хийдэг жижиг өрөөнөөсөө ч толгой цухуйлгадаггүй нэгэн байж. Гутлыг хромоос уруудуулаад их гоё хэвтэй, оёдол сайтай хийдэг болохоор шоронгийн дарга нар бүх төрлийн гутал хийж борлуулдаг байсан гэнэ. Хүмүүжигчид ч материалыг нь олж өгөөд буриад гутал хийлгэдэг байжээ.

Шоронгоос суллагдсан даруйдаа өөрөөсөө найм дүү бүсгүйтэй учирсан ч үр хүүхэд заяахгүй байсан учир үр шилжүүлэн суулгах талаар ярьж, өндөр үнэтэй үр шилжүүлэн суулгах хагалгаа ч хийлгэж байсан бололтой. Өмнө нь дөнгөж насанд хүрээд “аавын хаалга” татаж, шоронгоор залуу насаа үдсэн болохоор хань ижилтэй болж амжаагүй байсан гэнэ.

Шоронгоос оргосныхоо дараа “Цайз” зах дээр нуугдаж байгаад баруун хойшхи нэг аймаг руу оргон зайлж, жил хэртэй нэг айлын хүргэн болж “УАЗ-469” хөлслөн арьс нэхий авчран бөөндөж байгаад баригдсан байна. Хоригдлууд уйдахдаа цаг нөхцөөж буу халахдаа энэ бүхнийг мэдэж авчээ.

Хүн амьтантай огт муудалцахгүй ч уурлахаараа дуугаа хураагаад дотогшоогоо болчихдог, шатар тоглохдоо хэнд ч хожигдоггүй мөртлөө Мааньтын 500 хоригдлын тэмцээнд нэг ч удаа орж байгаагүй нь хүмүүстэй нийлдэггүй, зайгаа барьж зугтдагтай нь холбоотой байсан бололтой.

Жич: Манай редакц гэмт хэрэгтний сэтгэл зүй, онц ноцтой хэрэг үйлдэгчидтэй тэмцэж буй бусад улсын туршлага, шийдлийн талаар цуврал ярилцлага, нийтлэл бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img