2024-10-23, Лхагва
-12 C
Ulaanbaatar

НББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа 2024 онд нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог арга хэмжээг дурдав. Юуны өмнө, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур бүрэлдэхүүн болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн зорилтод тусгасан хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хөгжил дагасан бүтээн байгуулалтыг хийх, эдийн засгийг тэлэхэд чиглэсэн төсвийн арга хэмжээг тусгасан байна.

Мөн, инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ оны долдугаар сард шинэчлэн баталсан Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх хүрээнд малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан долоон жилийг таван жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зардлуудыг тусгаж байгаа юм.

Ирэх оны төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7.0 хувьд хүрнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулгадаа онцолсон юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 25.3 их наяд, нийт зарлага 27.4 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь байхаар төсөлд тусгасан байна.

Сайдын танилцуулгын дараа Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулав. Тэрбээр, төсвийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэний зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгааг дурдаад, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх бодлого баримталсантай холбоотойгоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1,290.6 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 2,294.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгааг хэллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайд, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 299.0 тэрбум төгрөгийн 133 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсний 185.5 тэрбум төгрөгийн 91 төсөл, арга хэмжээ ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан, 113.5 тэрбум төгрөгийн 42 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байгаа юм. Харин 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Эрүүл мэндийн яамны дөрвөн хөтөлбөр, арга хэмжээг тусаагүй байгааг Ерөнхий аудиторын орлогч анхаарууллаа.

Аудитын ерөнхий газар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд, хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй, дотоодын үнэт цаас гаргаж төсвийн алдагдлын тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр тооцсон боловч үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй, шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, субьектив сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатайг дүгнэсэн байна.

Мөн, Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэх, “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-тэй уялдуулж шийдвэрлэх, хөгжлийн бодлоготой нийцсэн, төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсөвт тусгахыг төрийн аудитын байгууллагаас Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөмж болгож байгааг Ерөнхий аудиторын орлогч Ц.Наранчимэг онцлоод, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх, төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулахыг Засгийн газарт Аудитын ерөнхий газраас зөвлөж байна гэсэн юм.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img