2024-10-17, Пүрэв
2 C
Ulaanbaatar

Эрүүл мэндийн коуч З.Мөнхнасан: Шууд илүүдэл жинтэй нь бус түүний цаана байгаа асуудалтай нь тулж ажилладаг

Эрүүл мэндийн коуч З.Мөнхнасан өмнө нь их дээд сургуульд зан төлвийн багш байхдаа “Оюутан байхад нь ёс зүй төлөвшүүлэх гэж хичээх бус   хүүхэд байхад нь ажиллах ёстой юм байна” гэж үзсэн гэнэ.  Одоо тэр  дунд сургуулийн багш нарт сэтгэл хөдлөл, ёс зүй зааж эхэлжээ. Тэрбээр   АНУ-ын Эморийн их сургуульд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чиглүүлэгч багшаар сурч төгссөн.  Энэ удаа түүнтэй эрүүл мэндийн коучийнх нь хувьд ярилцлаа

-Эрүүл мэндийн коуч юу хийдэг вэ?

– Хүмүүс өвдсөн хойно бус өвдөхөөс нь өмнө эрүүл мэндийн коуч ажиллах хэрэгтэй байгаа юм. Ер нь монголчууд коуч авдаггүй. Америкт  бол эрүүл мэндийн коуч гэж байна. Амьдралын дасгалжуулагч, одоо бүр сүнсний дасгалжуулагч гэдэг мэргэжил гарсан шүү дээ. Хүнд сэтгэл зүйн гурван хэрэгцээ байдаг. Хайр, аюулгүй байдал, хамгаалагдсан байдал чухал. Энэ сэтгэл зүйн гурван хэрэгцээ бий. Энэ дутагдахаараа стресс үүсдэг. Жишээлбэл эрэгтэй эмэгтэй хоёр амьдарч байхад хайр, аюулгүй байдал хамаатай байдал гэсэн мессежийг бие биедээ өгөхгүй болохоор бухимдал төрөөд байдаг. Би болоод байна нөхөр л болохгүй байна гэдэг.

Мишель Обама “Нөхөр л болохгүй байна” гээд сэтгэл зүйч дээр очиход болохгүй байсан хүн нь би өөрөө  байсан гэж  Опратай  ярилцахдаа хэлж байна лээ. 

Хүн өөрийгөө мэддэггүй. Эрүүл мэндийн коуч   гэдэг өөрийг чинь өөрт нь танилцуулаад, өөрийг чинь өөрөөр чинь олуулаад, өөрөөр нь эдгээдэг.      

 Хүмүүс зөвхөн сэтгэл зүйн стресс байдаг л гэж боддог. Гэтэл бидний биед химийн, биологийн стресс явагддаг. Сэтгэл зүйн стресс  хүн  дээд хүчтэйгээ  холбогдож чадахгүй болоход  үүсдэг гэж үздэг. 

-Дээд хүч гэхээр шашинтай холбогдох уу?

– Дээд хүч нь хүн болгонд өөр байна. Жишээлбэл Буддын шашинтай хүн бурхан Будда, Дарь эх бурхан ч гэдэг юм уу, Христийн шашинтай хүмүүсийн хувьд Эзэн тэнгэр Есүс Христ.  Бөө шүтлэгтэй хүмүүсийн хувьд онгод тэнгэр нь гэх мэтээр хүн бүрт өөр байдаг. Хэн юу шүтэж байгааг буруутгах арга байхгүй. Шүтэж байгаа эх сурвалжтайгаа холбогдож чадахгүй бол оюун санааны  гэх юм уу сүнсний ч гэж болохоор стресс үүсдэг байна. 

Бас ясны стресс гэж байдаг. Таван янзын стресс байдаг. 

-Өвдгөөр өвдөхийг та амьдралдаа тэнцвэрээ олохгүй байгаа  гэдгээр тайлбарлаад байсан уу?

– Сэтгэлийн шарх судлал гэсэн тусгай  шинжлэх ухаан бий. Нуруу өвддөг бол таны  амьдралын ачаалал дэндүү их байна гэж тайлбарладаг.

-Амьдралаа үүрч явдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ? 

-Өвдөг өвдөж байгаа гэдэг та амьдралд тэнцвэрээ олохгүй байна гэдгийг өвдөг чинь өвдөж, танд дохио өгч байна гэсэн үг.

-Настай хүмүүс өвдөгний үе солих хагалгаанд ороод байдаг. Түүнээс арай өөр ойлголт гэсэн үг үү?

-Хүн өвчнөө өөрөө л бий болгодог. 160 см хүн хэдэн кг жинтэй байх ёстой билээ. Гэтэл тэрнээс илүү ачаа үүрүүлдэг. Илүүдэл жин сэтгэлээс үүддэг. 

Эерэг сэтгэл зүй дээр илүүдэл жинтэй хүнийг “Танд хуримтлагдсан энерги байна” гэж тайлбарладаг. Та энэ энергээ задлаач ээ, гадагшлуулаачээ гэдэг мессеж өгч жин нэмэгддэг. Эрүүл мэндийн дасгалжуулагчид яаж ажиллах аргыг зааж өгдөг. Хамгийн түрүүнд тантай 45-60 минут ярилцдаг.  Энэ ярилцлагаараа  илүүдэл жин, эсвэл бөөрний өвчин, элэгний өвчлөлийн  цаана нуугдаж байгаа сэтгэл зүйн шалтгааныг олдог. 

-Илүүдэл жинтэй байна гэдэг цаана нь асуудал нуугдаад байдаг байх нь ээ?

-Тийм.  Шууд илүүдэл жинтэй нь бус асуудалтай нь тулж ажилладаг.  “Сүү хөөрүүлэхэд хусам олддог” гэдэг шиг далимд нь жин нь буурна. 

-Та идэж байгаа зүйлсээс хүний зан араншин шалтгаадаг гэсэн?

–  Ам руу орж байгаа идэх юм, амнаас гарч байгаа үг хоёроо л хянаж байгаарай гэж   би оюутнуудад хэлдэг. Хоолыг энерги авах гэж иддэг. Хүн гэдэг өлсвөл юу ч хамаагүй иддэг амьтан уу?

Бид чинь оюун ухаантай хүн шүү дээ. Эрүүл мэндийн коуч бол сэтгэл зүйч биш, эмч биш хоол зүйч биш. Гэхдээ энэ гурвыг  гурвууланг нь оролцуулж эерэг сэтгэл зүй бий болгож, урамшуулж хоол ундных нь учрыг олуулаад, сэтгэл зүйтэй  нь ажилладаг.  Эрүүл мэндийн коучийнхаа ажлыг би сурталчилдаггүй. Надад хангалттай олон үйлчлүүлэгч бий. 

-Бие өвдөнө гэдэг сэтгэл өвдөнө гэсэн үг гэл үү?

-Яарч сандарч хоол идэх, ууртай байхдаа идэх, гунигтай байхдаа хоол идэхээр хоол боловсруулах эрхтэн хүлээж авдаггүй.  Эрүүл хоол байлаа ч яарч сандарч идвэл хор болдог. 

“Хоолны дэглэм хэрэггүй” гэж эрүүл мэндийн дасгалжуулагчид үздэг. Хүнд стресс үүсгэхгүйгээр,  тааваар нь байлгаж байгаад гурван сарын хугацаанд биеийг нь эмчлээд, хоолыг нь зөв болгоод,  тааваар нь хөдөлгөөн хийлгэдэг. 

-Хоол идэхгүй байхаар  стресс үүсэх нь?

-Химийн, биологийн стресс биед үүсдэг.  Коуч эхлээд тантай ярилцаад  өвчний шалтгааныг нь олж түүнтэй л  ажилладаг. 

– Даралт ихсэлт, харвалт залуужиж байна гэдэг. Та ийм хүмүүст юу зөвлөх вэ?

-Би эмч биш. Гэхдээ коуч хүний үүднээс  хэлэхэд даралт ихсэнэ гэдэг цус өтгөн байгаатай холбоотой. Уур бухимдалтай байхад  судас нарийсдаг. Нарийн судсаар өтгөн цус урсахад хүрвэл судас задарна. Харвалт болно. Харвахгүйн тулд цусаа шингэн байлгах ёстой. Цусаа шингэн байлгана гэдэг ус уухаас эхэлнэ.

Хүчиллэг хоол цусыг өтгөн байхад нөлөөлнө. Манай залуус  хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон чипс их идэж байна.  Энэ идэх эмгэгийн ард дандаа сэтгэл зүйн асуудал явдаг.  

 Зүрх цусаа шахдаг эрхтэн.  Хөдөлгөөн хийгээд байхад цусны эргэлт сайн байдаг.  Хөдөлгөөн хийхгүйгээр чипс, кола, түргэн хоол өөх тос болохгүй бүтэхгүй бүх юмыг идээд цусаа өтгөрүүлээд байна. Энэ зуршил шууд өөрчлөгдөхгүй. Доод тал нь гурван сар, зургаан сарын дараа өөрчлөгдөнө. Хүн зүгээр хэлэхэд өөрчлөгдөхгүй. Танд урам зориг өгөх, тархинд аз жаргал ялгаруулах дофамин,   серотонин  даавар ялгаруулж байж  гурван сар болоход бүх юмныхаа учрыг олно. 

Хүний биед гурван янзын тархи байдаг. Зүрхэнд бас гэдсэнд бас тархи байна. Зүрхэнд байдаг тархи маш хүчтэй. Зүрхэнд хэрэгтэй юм нь хайр. Хамгийн хүчтэй зам тархинаас зүрх хүрэх зам гэдэг шүү дээ. Гэдэсний мэдрэмж худлаа хэлдэггүй. Сэтгэл тавгүй болохоор гэдэс сонин болчихдог шүү дээ. 

-Хүүхдүүд  тавгүй болохоороо “Гэдэс өвдөөд байна” гэдэг шүү дээ?

-Бидний таван цул эрхтэн сэтгэл зүйтэй холбоотой. Бөөр өвдөх ч  сэтгэл зүйтэй холбоотой. Бөөрний дээд гормон гэж байдаг. Тэр стрессийг зохицуулдаг гормон юм. Байнга стресстээд байвал бөөр зохицуулж чадахаа байгаад өвдөж эхэлдэг. Бөөр дийлэхээ болиод эхлэхээрээ элэг рүү шилжүүлдэг.  Элгийг өвчлүүлдэг. 

-Гэдсэнд байдаг “тархи” яаж ажилладаг вэ?

– “Харилцааны чадвартай хүн ажилд авна” гээд байдаг. Харилцааны чадвар юунаас эхлэх вэ гэхээр хамгийн түрүүнд анхаарал төвлөрүүлж, өөрийгөө ойлгож мэдэх чухал байдаг. Би яахаараа уурлаад байна вэ?

Би уурлахаараа яадаг юм гэж хүн өөрийнхөө сэтгэл зүйн учрыг олоод эхлэхээрээ “Би өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна” гэсэн сэтгэл төрөөд, сэтгэл зүйгээ хянаж сурдаг. Өөрийнхөө сэтгэл зүйг ойлгосон хүн бусдыг мэдэрдэг. Манай нэг найз жаахан юм болохоор сүйд болдог. Юун сүртэй юм бэ гэж боддог байлаа. Тэр багаасаа айдастай орчинд өссөн. Түүнийгээ бусад руу цацаад байдаг. “Чи ёстой атаархуу юм аа” гэж байгаа хүн өөрөө атаархуу байдаг.    “Чи муу аймхай” гэвэл өөрөө  аймхай байж магадгүй. Хүн өөрт байдаг сэтгэл хөдлөлөө бусад руугаа нялзааж байдаг. 

-Нэг хүн олон хүнд  нөлөөлж байдаг гэж та хэлсэн?

-Толин эс гэж хүнд бий. Та бид хоёр найзлаад, ойртоод байвал миний толин эс танд нөлөөлөөд, таных ч надад нөлөөлнө. Энэрэх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэхэд бусдад ч бас нөлөөлнө. Нэг хүн өөрчлөгдөхөд арван хүн өөрчлөгдөж байдаг. Найзууд адилхан зантай болчихсон байдаг шүү дээ. Толин эс нөлөөлдөг.  Хүний тархи тайван аюулгүй мэдрэмж авсан үедээ сурах чадвартай болдог. 

-Сүнсний коуч гэж мэргэжил бий болсон гэсэн шүү дээ. Сүнсийг бас дасгалжуулах хэрэгцээ байна гэж үзсэн байх нь ээ?

-Эрүүл мэндийн коуч сэтгэл зүйн стресстэй ажиллана. Бидний биед мэдсэн мэдээгүй химийн, биологийн  стресс явдаг. Түүнтэй ажиллана. Сүнсний  болон ясны стресстэй ажилладаггүй. 

Ясны стресс яагаад үүсдэг гэхээр хүн байнга стресстээд  байхаар “Ядаргаа ясандаа тулна” гэдэг шиг ясны бүтэц өөрчлөгдөж эхэлдэг. Ясны стресстэй эрүүл мэндийн коуч ажиллахгүй. Уламжлалт анагаах ухааныхан ажилладаг. 

Сүнсний коучийн талаар би нэг их юм хэлж чадахгүй. Гэхдээ өөрийнхөө сонссон зүйлээс хэлэхэд бидний сүнсэнд  хамгийн хэрэгтэй зүйл нь хайр. Хайр өөрийгөө хайрлахаас эхэлнэ. “Гэгээнтэнд хүртэл өнгөрсөн амьдрал” байдаг гэдэг шүү дээ. Гэтэл бид дандаа  өөрийгөө буруутгаж байдаг. Хорин насандаа тэгэх байсан юм. Гучин насандаа тэгэх байсан юм гэдэг. Өөрийгөө буруутгаад төгс байдлыг хүсээд бусдаас төгс байдлыг хүсээд байдаг. Бусдыг хайрлах өөрийгөө хайрлахаас эхэлнэ.

Өөрийгөө хайрлаад эхлэхээр сүнс баярладаг. Өөрийнхөө алдаа дутагдал бүх юмыг хүлээн зөвшөөрнө гэдэг өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг.

Алдаатай оноотой нь л хүлээн зөвшөөр л дөө. Буддын шашинд бол сүнс нэг биеэс нөгөөд дамжаад явдаг гэж үздэг. Христийн шашинд болохоор сүнсийг мөнх гэж үздэг. Шашингүй улсуудын хувьд өөрийгөө хайрлаж бусдыг хайрлаж явахад ядаж л сэтгэл хангалуун байна. Баахан хүнийг гомдоочихдог. Хөгшрөөд үхэхийн өмнө нөгөөдүүл чинь бодогдоод, хайрын ажлаа хийхгүй болохоор сүнс стресстээд,  хэчнээн гоё хоол идэж, сайхан машинд сууж явсан ч нэг л гуниглаад байдаг. Хүн бүхэн хорвоо ертөнц дээр өгөгдөлтэй ирдэг. Түүнийгээ хийгээд явж байхад сүнс баярлаж байдаг. Дургүй ажлаа хүчээр хийгээд байхаар хүн стресст орж байдаг. 

    

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img