2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

АХМАД-ДУНД -ЗАЛУУ” ҮЕИЙГ ХОЛБОХ ГУРВАН ЦАГИЙН ХЭЛХЭЭ

МАМБХолбооны Ерөнхийлөгч, Техникийн ухааны доктор Бавуугийн Чинзориг

Монгол Улс эдүгээ цагийн Уул уурхайн салбарыг түүхийн дансандаа 100 жилээр бүртгэж хураагаад байгаа энэхэн цаг мөчид, эх орондоо “Ашигт малтмал баяжуулалтын технологи-инженер” бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоог үүсгэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй билээ.

Түүхийн энэхэн мөчид мэргэжлээрээ овоглуулж, холбоогоо тэргүүлж байгаа миний хувьд оюуны нэгэн суварга бүтээхсэн хэмээн бодож явсан юм. Тэгтэл эрдэс баялгийн тоймч, сэтгүүлч Гонгорын Идэрхангай маань надад:

…Би уул уурхайн салбартай холбогдоод арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон сайхан уурхайчид, энэ салбарын сор болсон эрхмүүдтэй ярилцлага, хөрөг нийтлэл цөөнгүй туурвисан байна. Тэдгээрийн дотор баяжуулагчид багагүй хувийг эзэлнэ. Тэднийхээ ярилцлага, сэтгэгдлийг эмхэтгэн цуврал бүтээл болгон танай холбооны ойд зориулан гаргах бодолтой байна” гэлээ.

Уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн The Mongolian Mining Journal сэтгүүлд арав гаруй жил тоймчоор ажилласан тэрбээр мөнхүү салбарын мэргэжлийн хэвлэл “Эрдэс баялгийн тойм” сониныг үүсгэн байгуулж, салбарын хөгжлийн төлөө өөрийн дуу хоолойгоо мэргэжлийн сэтгүүлчийн ган үзэг, үгийн шидээр хүргэсээр байгаа билээ.

Ийнхүү эрхэм сэтгүүлчийн эмхэтгэсэн ярилцлагын бүтээлээ бид “Зуун дамнасан монгол баяжуулагчид” хэмээн нэрийдэхээр тогтон таны мутарт тэргүүн дэвтрээ дэлгээд байна.
Баяжуулагч инженерүүдийг дотооддоо бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн ярилцлагаар энэхүү бүтээлийн эмхэтгэл маань эхэлж, шинжлэх ухаанаар жигүүрлэсэн эрдэмтэд, өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил үйлсээрээ бахархаж буй залуус, дунд үеийн баяжуулагчдын сэтгэгдлийг эмхэтгэлдээ шигтгэн оруулсныг эрхэм уншигч болгооно уу.

Энэхүү бүтээлийг уншиж суухад “ахмад – дунд – залуу” үеийг холбох гурван цагийн хэлхээ, өнгөрснийг дурсах гэгээн бодрол, мэргэжил нэгтэнд магтаалын үг өргөх хүнлэг сэтгэл, мэргэжил, бүтээлээрээ бахархах их үйлс, хөгжилд хөтлөгч “ашигт малтмал баяжуулах” боловсролын үнэ цэнэ нэвт шингэж хөтөлнө.

Эмхэтгэл бүтээлийн сүүлийн хуудсыг би бээр дотоод сэтгэлийн дутуу орон зайгаар хаасан нь дараагийн дэвтрийг хүлээсэн хэрэг ажээ. Иймийн тулд Г.Идэрхангай сэтгүүлчийн дараа, дараагийн цувралыг эмхэтгэн гаргах үйлсийг Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбооноос дэмжин ажиллах болно.

Монголын баяжуулагчдын гэгээн үйл хэргийг ямагт тольдон, эх орны хөгжилд оруулж буй гайхамшигт мэргэжлийг үргэлжид өндөр өргөж явах их үүрэг бидэнд ногдсоныг ухамсарлах сайхан байна.

Эрхэм уншигч таны оюуны мэлмий тунгалаг байхын ерөөл өргөе…

БАЯЖУУЛАГЧ” ХЭМЭЭХ НЭРЭЭСЭЭ Л СОДОН, САЙХАН СОНСОГДОХ МЭРГЭЖЛИЙНХЭН

“Эрдэс баялгийн тойм” сонины Ерөнхий эрхлэгч Г.Идэрхангай

Эрдэс баялгийн салбарт арваад жилийн өмнөөс хөл тавьж, мэргэжлийн сэтгүүлчээр ажиллаж ирсэн маань хувь тавилангийн азтай тохиол учрал, амьдралын минь шинэ бөгөөд гэгээн сайхан замнал юм аа.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ-энэхүү аугаа том салбарт ажил мэргэжил, үйл хэргээрээ манлайлсан, эдүгээ манлайлж яваа эрхмүүдтэй танилцан нөхөрлөж, алдар гавьяаг нь олон нийтэд дэлгэрүүлэх буянтай ажил надад ирсэнд бэлэгшээдэг.

Тэдний нэгээхэн нь “Баяжуулагч” хэмээх нэрээсээ л содон, сайхан сонсогдох мэргэжлийнхэн. Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны (МАМБХ тулгын чулууг тавилцсан нэрт эрдэмтэн, тус холбооны “Хүндэт Ерөнхийлөгч” М.Дамдинсүрэн агсан, холбооны удаах Ерөнхийлөгч Г.Шархүү гээд үе үеийн удирдлагуудтай сэтгүүлч миний бие ойр дотно байж, мэдлэг оюуны их далайгаар нь бага ч болов аялж ирсэндээ ихэд олзуурхана.

МАМБХ-ны Ерөнхийлөгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг маань үйлс бүтээлээрээ салбартаа чинхүү үлгэрлэн манлайлагч эдгээр эрхмүүдийн ярилцлагыг “Баяжуулагч” сэтгүүлдээ мөнхлөн үлдээж, энэ ташрамд тэдний мэргэжлийн арвин мэдлэг туршлага, залуу мэргэжилтнүүддээ хандаж өгүүлсэн, санаа сэдэл авахуйц бодол сэтгэлийн нандин үгсийг нь “дамжуулах” боломжийг надад олгосон юм. Баяжуулагч инженерүүдтэй хийсэн цуврал ярилцлагууд маань эдүгээ нэгэн эмхэтгэл болох хэмжээнд хүрсэн байна.

Өнөөдрийн алдар гавьяатай баяжуулагч-инженерүүд “Монгол Улсын баатар” хэмээх өргөн хүндлэлтэй, уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”, “Монголроцветмэт” нэгдэлд тэртээх он жилүүдэд идэр насны оюун сэтгэлээ зориулж явсан, түүгээрээ үргэлжид бахархдаг нь ярилцлагуудын маань нэгэн онцлох, содон өнгө будаг байсныг тодотгоё.

“Зуун дамжсан Монгол баяжуулагчид” эмхэтгэлийн Тэргүүн дэвтэр нь сэтгүүл зүйн мэргэжлийн нэгэн төрөл жанр болох ярилцлагуудаар бүрдэж байгаа бөгөөд удаах цувралыг бид хөрөг, тэмдэглэл зэрэг нийтлэлийн бусад хэлбэрээр хүргэнэ.

Монгол Улсад “Ашигт малтмал баяжуулалтын технологи-инженер” бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо үүсэн байгуулагдсаны түүхэн 25 жилийн ой 2023 онд тохиож буй.

Бидний бэлтгэсэн эмхэтгэлийн Тэргүүн дэвтэр бэлэгшээлт ойгоор хэвлэгдэн уншигч Таны оюуны мэлмийд хүрч байгаа нь мөнхүү аз завшаантай хэрэг билээ.

Энэхүү ярилцлагуудыг эмхэтгэн, уншигч олны гар дээр хүргэх санал санаачлагыг дэмжиж, номын цагаан буяныг дэлгэрүүлж яваа Монголын Ашигт Малтмалын Баяжуулагчдын Холбооны Ерөнхийлөгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг, холбооны нарийн бичиг М.Долгор, Монголын Уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б.Буяннэмэх, “Соёолон Интернэшл” ХХК, “Оюу толгой” ХХК, “Оушн инженеринг” ХХК-ийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.
Уншигч Таны номын цагаан буян улам дэлгэрч байх болутгай.

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо, Уул Уурхайн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Хүрээлэн, Эрдэс баялгийн тойм ХХК хамтран эрхлэн гаргасан ЗУУН ДАМЖСАН МОНГОЛ БАЯЖУУЛАГЧИД ярилцлагын эмхтгэл бүтээл нь цаашид цувралаар гарах бөгөөд эхний дэвтэрт Д.Чулуун, С.Цэдэндорж, М.Дамдинсүрэн, С.Гэрэлтуяа, Ж.Баатархүү, Г.Шархүү, Ц.Оюунцэцэг, С.Давааням, Р.Дэлгэр, Г.Бадамхатан, П.Оюунсүрэн, М.Пүрэв-Очир, Л.Норовсүрэн гээд “Баяжуулагч” сэтгүүлийн анхны дугаараа эхлэн ярилцлагын зочноор уригдсан эрхэм хүндтэй баяжуулагчид, эрдэмтэн докторууд багтжээ.

Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооноос баяжуулах үйлдвэрүүдэд тууштай ажиллаж хөдөлмөрлөж яваа залуу баяжуулагчдын төлөөллийг “Баяжуулагч” сэтгүүлийн “Ажлын байранд” ярилцлагын буланд урьж эхэлсэн билээ. Ярилцлагын булангийн зочдын ажил, албан тушаалын онцлог болон ажиллах хугацаанд туулж өнгөрүүлсэн туршлагаас нь хуваалцаж номондоо орууллаа.

Эх орондоо Ашигт малтмал баяжуулалтын технологи-инженер бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоог үүсгэн байгуулсны 25 жилийн ойн баярын мэндийг Монголын нийт баяжуулагчиддаа өргөн дэвшүүлье.эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img