Н.Пүрэвдагва гуай энэ номыг орчуулах гэж есөн сар “зууралдсан” гэсэн. Үнэхээр ч ланжгар эд байна. Хуучны сайхан номууд шиг зузаан хавтастай, нүнжигтэй том үсгээр хэвлэжээ. Энэ бол судлаач Жеральд Мартины “Габриэль Гарсиа Маркес, намтар” зохиол билээ.
Габриэль Гарсиа Маркес гэж хэн билээ. Сүүлийн 50 жилийн турш ном нь хамгийн их борлогдсон, Нобелийн шагналт зохиолч шүү дээ.
“Зуун жилийн ганцаардал” нь үнэхээр адармаатай. Намтрыг нь уншсны дараа ахиад харвал баараггүй ойлгох ч юм билүү.
Маркесын намтрыг нь уншаад эхлэхээр удам судар, үүх түүх нь яах аргагүй “Зуун жилийн ганцаардал”-ыг санагдуулах юм. Хүмүүс энэ зохиолыг ойлгоход хэцүү байх нь аргагүй. Ээдрээтэй удам судар, эмзэг сэдвээ зориуд бүрхэгдүүхэн өгүүлж, хүмүүсийг төөрөгдүүлсэн бололтой.
Нэг номыг ойлгох гэж түүнээс ч зузаан ном унших цаг ирдэг юм байжээ. Хурандаа өвөө нь Маркесын бага насны баатар байсан, зохиолын олон дүрд нь шингэсэн хүн. Эмээ нь харин үлгэр домог их мэддэг. Аймшгийн зүйлс ярьдаг байсан нь зээ хүүгийнх нь домгийн сэтгэлгээ төлөвшихөд гүн нөлөөлсөн юм билээ.
“Зуун жилийн ганцаардал”-аа бичсэн түүх нь сонирхолтой. Тэрбээр машин барьж, “Замаа харж явах зуураа зохиолоо бодож болдог” гэж ярьсан удаатай. Гэрийнхэнтэйгээ амрахаар явах болсон тэр өдөр “Машинаа асаан хөдлөх үед л хаанаас ч юм мэдэхгүй нэг өгүүлбэр орж ирээд, толгойноос нь салахгүй эргэлджээ. Тэр нь “Олон жилийн дараа хурандаа Аурелино Буэндиа гэгчийн бие төмөр хайсны дэргэд буудуулахаа хүлээн зогсохдоо…” Тэгээд араас нь бүхэл бүтэн роман цуварч, урсан биежиж эхэлсэн гэдэг.
Олон жилийн дараа Гарсиа Маркес “Би гэртээ буцаж ирснийхээ маргааш бичгийн машин дээрээ сууж,18 сар толгой өндийлгүй бичсэн юм даа” гэж хэлсэн байдаг. Үнэндээ тэр романыг жил гаруйхан хугацаанд бичсэн бөгөөд энэ номын санааг сэтгэлдээ 18 жил тээж явсанаа бэлгэдэж ингэж хэлсэн хэрэг байлаа.
Жеральд Мартин харин Маркесын намтар дээр 17 жил ажиллажээ. Эхэндээ хүмүүс түүнд “Чи наад хүнтэйгээ уулзаж чадахгүй дээ, уулздаг юм гэхэд тэр чамд туслахгүй” гэцгээж л дээ. Юутай ч хэдэн сарын дараа мань судлаач номынхоо баатартай танилцжээ.
-Миний сэдсэн хэргийг сонсоод баяр хөөр болсон гэж хэлж чадахгүй. “Миний намтраар яах гэсэн юм бэ? Үхсэн хүний л намтрыг бичдэг шүү дээ” гэсэн боловч надтай нөхөрсөг аятайхан, тэвчээртэй харилцсан. Тэр үед ч, хожим ч “Бичсэн намтар чинь зохиомол бүтээл байх уу” гэж асуухад нь би ямагт “Үгүй ээ, зохиосон бүтээл биш, бодит намтар байх ёстой” гэж хариулдаг байлаа хэмээн зохиогч Жеральд Мартин номынхоо өмнөтгөлд өгүүлсэн байна лээ.
“Маркес амьдралдаа тохиолдсон чухал гэхээр явдлын тухай ярихдаа учрыг нь олоход бэрх, яаж ч ойлгож тайлбарлаж болохоор олон зүйлтэй холбож ярьдаг байсан юм. Таатай явдлын тухай бүр байж боломгүй явдлын тухай ч зохиож ярихдаа сийхгүй. Тэгсэн мөртлөө бодит үнэнийг дандаа барьдаггүй, ид шидийн холбогдолтой зүйл зовох юмгүй хэрэглэдэг. Сэтгүүлч, зохиолчдын толгойг эргүүлж, төөрүүлэхийг юман чинээ боддоггүй хүн. Түүний зохиож яриад буйн учрыг олох гэж би хэрдээ л үйлээ үзсэн дээ” гэж мань Жеральд учирлаж.
Намтрын эзэн, намтар бичиж байгаа хүн хоёрын хооронд таагүй харилцаа үүсэх нь цөөнгүй. “Харин надад гайхалтай аз тохиосон” гэж Жеральд өгүүлсэн юм. “Зохиолч, сэтгүүлч хүний хувьд Маркес надад өгөөмөр хандсан” гэнэ. Анх 1990 онд Хаванад уулзахдаа “Хийснээ надаар засуулахгүй байх гэсэн ганц нөхцөлтэй саналыг чинь хүлээж авч болох юм” гэж л дээ.
Жеральд гол баатар Маркесын намтрыг бичихийн тулд 300 шахам ярилцлага авсан. Фидель Кастро, Фелипе Гонсалес нарт Габо намайг “Надтай холбоотой хэргээр уулзаж болох хүн шүү” гэж хэлээгүй бол би тэдэнтэй уулзаж чадахгүй байсан нь лав гэж боддог хэмээн зохиогч бичжээ.
Номын баатрынхаа өгөөмөр сэтгэлийг арай л хэтрүүлээд ашиглачихав уу даа гэсэн бодол төрөхөөр нууцыг задалсан хэсэг ч байна.
Агуу зохиолч болж, нэр алдрын оргилд гартлаа Маркес сэтгүүлчийн ажил хийж амьжиргаагаа залгуулж явсан.
Францад удаан хугацааны томилолттой ажиллаж байхад нь сонин нь хаагдаж, мөнгө цаасгүй өлсч ядарч байх үедээ Испанийн жүжигчин 26-тай Тачиатай танилцаж, хамт амьдарч, цаадах нь бүр жирэмсэн болно. 13-тай байхад нь хожим гэрлэнэ гэж амласан ирээдүйн гэргий Мерседес Барчотой захидлаар харилцдаг мөртлөө шүү дээ.
Маркесыг алдарт хүрэхээс нь өмнөхөн зуурдхан ханилсан Тачиа бүсгүй эцэстээ ядуу сэтгүүлч залууг хаяж, хүүхдээ төрүүлээгүй ч хожим нь найз нөхдийн харилцаатай үлддэг юм билээ. Мөнгөгүй баларч явсан Маркес хог ухаж идтэлээ хэцүүдсэн удаатай. Их зохиолч ийнхүү зүдэрч явахдаа “Хурандаад хэн ч бичихгүй” бүтээлээ туурвижээ.
Агуу зохиолчийн 80 насны ойгоор 2007 онд Картахенад болсон арга хэмжээнд их зохиолчийн найз таван Ерөнхийлөгч, Испанийн хаан, бас Билл Клинтон хүрэлцэн иржээ. Картахенагаас явахын өмнө намтар зохиогч Жеральд, насан өндөр болсон Маркестай сүүлийн цөөн үг сольжээ.
-Тун сайхан ёслол боллоо, Габо.
-Тэр ч тэглээ.
– Миний дэргэд суусан ихэнх хүн уйлсан шүү.
-Би ч бас дотроо уйлсан.
– Их дурсамжтай үйл явдал боллоо. Би лав хэзээ ч мартахгүй ээ.
-Энд ирсэн чинь сайн хэрэг. Худал түүх зохиож яриагүйг минь хүмүүст дамжуулан хэлэх ганц хүн бол чи шүү дээ.