2024-07-17, Лхагва
26 C
Ulaanbaatar

Зохиомжийн оньсого буюу жазз гарагийн дуу

10 жилийн өмнө бид утга зохиолын салбараа өнөөдрийнх шиг болоосой гэж хүсэж байсан, яльгүй хожимдсон ч гэлээ тэр байдалд зарим талаар дөхөж очсонд баяртай байна. Тодруулбал, 10 орчим жилийн өмнө олон нийтийн буюу хар массын утга зохиол түүний нэгэн ангилал болох “эмэгтэйчүүдийн уран зохиол”-ын тухай хэд хэдэн шүүмж бичээд эцэстээ шүүх хүрээд дуусаж билээ. Гэтэл өнөөдөр уран зохиолын хүрээнийхэн төдийгүй мэргэжлийн бус энгийн уншигчид хүртэл хар массын зохиол гэж юу болох, хэн хэн тэрхүү массын бүтээлүүдийг үйлдвэрлэдэг болохыг сайтар мэддэг, зөв сонголт хийдэг болжээ. Зохиомол нэр барин зоргоороо бурагч хар массынхан ч өөрсдийгөө хүлээн зөвшөөрөөд өнгө мөнгөнийхөө ажилд шамдах болж.
Хэвлэлийн газрууд ч төлөвшлөө. Гол учир нь манай элит уран зохиол жамаараа хөгжиж байхад “арилжааны эрээчигчид” өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхгүй, элит гэж зүтгэлдсээр байсанд л хамаг буруу нь оршиж байсан юм, гэтэл тэр байдал цагийн эрхээр засагджээ. Үүнд, нөлөөлсөн нэгэн чухал хүчин зүйл нь манай уран зохиолд дараагийн шинэ үе бүрэн төлөвшин гарч ирсэнтэй холбоотой. Уран зохиолын төрлүүдээс хамгийн мэдрэмтгий нь яруу найраг байдаг учир шинэ үеийнхэн өдгөө ид шүлэглэцгээж байна. Яваандаа зарим нь үргэлжилсэн үг рүү орж таарна.
Тэрхүү уран бүтээлч бол нэн шинэ үеийн дараагийн хүчирхэг төлөөлөгч, яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс. Тэрбээр 2023 онд “Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал” хэмээх ном хэвлүүлсэн юм. Мөнхүү урт бөгөөд содон нэртэй ном нь зохиомжийн хувьд сонирхолтой.
“Цуврал шүлгүүд” гэх тодотголтой уг бүтээл нь “САХИУСАН ТЭНГЭР БА ЛУСЫН ДАГИНА”, “ТЭНЭГҮҮДИЙН ТОВЧОО”, ДАЛАВЧТАЙ БҮСГҮЙД ЗОРИУЛСАН ШҮЛГҮҮД”, “ЭРВЭЭХЭЙ”, “БУДДАГИЙН ТУХАЙ ШҮЛГҮҮД”, “ҮХЛИЙН ГАЛТ ТЭРЭГ”, “ХАРЫН БАЙР БА МАНДАЛГОВЬ”, “ЖАЗЗ ГАРАГ ДЭЭРХ ЖОН КОЛТРЕИНИЙ ШИЛТГЭЭНД ӨНГӨРҮҮЛСЭН ТАВАН УЛИРАЛ”, “ХҮҮБЭРДИЙН ГУНИГТ ШҮЛГҮҮД”, “НҮДНИЙ ШИЛ ШИГ ХАМАР ДЭЭР ТОХООТОЙ СУПЕРМАРКЕТУУД”, “ИВАЙДА АРСЛАН (Хэрмэл дуучин Геспи)” гэх 11 бүлэгтэй.
Эхний 7 бүлэг нь тус бүр 8-10 шүлэгтэй. Номыг нэрлэсэн бүлэг буюу “Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал” гэх найм болон есдүгээр бүлгүүд тус бүр 5, аравдугаар бүлэг нь 3, арван нэгдүгээр бүлэг нь 11 шүлэгтэй. Номд нийт 97 шүлэг орсон байна.
“Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал” гэх наймдугаар бүлэг нь “Хаврын бэлгэ эрхтэн”, “Зуны үдшийн тачаал”, “Намрын гар хангалга”, “Хүний амьдралын жирийн нэг өвөл”, “Тав дахь улирал “Салаавч”” гэсэн таван шүлгээс бүрдэж байна.
Мөн ном нь ерөнхийдөө цаг хугацааны тухай бөгөөд цаг хугацаа хэмээх аугаа хүчинд үл автах юу ч үгүй тул түүний урсгалд амьдралын мөн чанарыг уяж бичихдээ 5 улирал, 12 сарын урсгалыг өөрийн өвөрмөц содон мэдрэмжээр нээжээ. Тав дахь улирал бол найрагчийн сэтгэлд орших бөгөөд манай нэртэй яруу найрагч Л.Өлзийтөгсийн алдарт “Ертөнцийн хязгаар дахь модон гүүр”-т: “Дөрвөн цаг таван улирлын дөрөөн чимээг анирдан суудаг” гэсэн мөрүүд байдаг санагдана.
Жазз ба панк рок урсгалын найрал гэмээр түүний мэдрэмжээс:
«Үлгэрийн өрнөл лугаа үүлс цуван нүүсэн
Өнө эртний тэнгэрээс үдшийн оддыг түүсэн
Үлэмж гоо моддын үзүүрийг шүргэн ниссэн
Дюк Эллингтоны аялгуу зүрхэн дотор хэссэн
Хурц шаргал нарны гэрэл дор саатаж амьдарсан
Урц овоохойн тухай өнөө хэр дуулж хамтарсан 
Этта Жеймс алтан гургалдайн хоолойгоор уянгалахад
Эцгийн нутаг Архангайд алаг гүү унагална
Салаавч хэлбэртэй том том навчис тэнгэрээс унана
Сарны тэмтрүүлүүдийг зөөж ядарсан орон зай сунана
Салбадайнууд тэжээхийн тулд сөхөртлөө ажилладаг салхины орон 
Сая жил өнгөрсөн ч бид өөрчлөгдөхгүй, цаг хугацаа хорон» (Элбэгтөгс.О. “Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал” УБ. 2023. 94) гэх шүлэг төрсөн байна.
Энд “үүлс цуван нүүх”, “моддын үзүүр шүргэх”, “нарны гэрэл дор саатах”, “алаг гүү унагалах”, “навчис тэнгэрээс унах” зэрэг уламжлалт яруу найргийн дүрслэлүүд байна. Бас “үдшийн оддыг түүсэн”, “аялгуу зүрхэн дотор хэссэн”, “салаавч хэлбэртэй том том навчис”, “сарны тэмтрүүлүүдийг зөөж ядарсан орон зай сунах”, “салбадайнууд тэжээхийн тулд сөхөртлөө ажиллах” зэрэг тэр бүр уншиж дадаагүй, танил бус өвөрмөц мэдрэмжүүдийн дүрслэлүүд оржээ.
Ямар боловч уламжлалт монгол шүлгээс тэс өөр, эдгээр өвөрмөц дүрслэлүүд нь нэгдэн нийлж тав дахь улирлын цаг хугацаанд, мөнөөхөн жазз гарагийн хахь ондоо ертөнцөд дэвшинэ.
Хэлний мэргэжилтнүүд Jazz гэдэг үгийг тайлбарлах гээд учрыг нь ололгүй ХХ зууны үг гээд орхисон байдаг бөгөөд хөгжмийн энэхүү урсгал нь 1910-аад оны үед Африк уламжлал бүхий New Orleans хотын хар арьстнуудын дунд анх үүсээд ихэд шүүмжлэгдсэн боловч орчин үеийн рок хөгжмийн эхлэл болон төлөвшсөн ямар ч нотонд үл захирагдах чөлөөт хэлбэрийн урсгал бөгөөд төгөлдөр хуур, саксфоны хослол дуугаралт голлох байртай байсан гэдэг.
Тийм ээ, яруу найрагчийн төсөөлөлд оршин байх ЖАЗЗ гараг руу мэдрэмжээрээ дэвшин чадваас түүний эхний болон дараагийн бүлэг шүлгүүдийг уншин тайтгарна буйзаа.
***
Номыг унших эрхэм абугай шүлгийг нэг нэгээр нь салгах бус цувралыг бүхлээр уншваас энэхүү номын агуулгын цараа руу дөтлөнө гэдгийг хэлэх нь зөв болов уу. Ерөнхийдөө энэхүү номд багтсан шүлгүүдийн нэг онцлог бол “цаг хугацаа”-ы хам сэдэв юм. Цаг хугацааны хам сэдэв “Сахиусан тэнгэр ба лусын дагина” цуврал шүлгүүдээс тод харагдана. Утга зохиол нь дотоод бүтэц, бүрдэл бүхий тодорхой тогтолцоотой байдаг.
Зохиолын агуулга оршин тогтнох хэлбэр нь зохиомж, байгууламж байдаг бөгөөд энэ талаар “Зохиомж гэдэг нь зохиолд гарч байгаа зан төрх, хэв шинж, ер нь уран сайхны дүрийн бүтэц байгууллыг нээн гаргах арга хэрэгслийн бүхий л амьд тогтолцоо юм” (Ц.Хасбаатар, 1980, хууд. 112) хэмээсэн байдаг. Яруу найрагч эхний цуврал шүлгээ 12 сараар зохиомжилжээ. Цуврал нь 12-р сараар эхэлж, сүүлийн шүлэг 11-р сараар төгсөнө.
Ингэхдээ тухайн сард мэдрэгдэх мэдрэмж, тохиох үйл түүнээс үүдэн гарах сэдэл зэрэг дотоод сэтгэлийн мөн чанарт хандах эрэлхийллээр шүлэг эхлэх аж. Жишээлбэл 5-р сарыг өгүүлэх “Лусын дагины мөрөөдөл” шүлэгт:
“Хэн ч надтай үлдэхийг хүссэнгүй бүгд явлаа
Хүйтэн цас ч гэсэн нулимс шиг урсан ариллаа
Тагтан дээрээ гарч гүн амьсгалж юуг ч юм хүлээнэ
Тамхи татаж, өөртэйгөө хөзөрдөж, дэмий холхино
Талын салхинд зогсож, сэтгэлээ зогооно
Туйлдаж ядарсан биеэ тордож, дурлалаа зогсооно” (Ө.О.Э, 2023, хууд. 13) хэмээсэн бол 6-р сарыг өгүүлэх “Хүүхдийн баярын сар” шүлэгт:
“Дугуй гогцоо хэлбэртэй өнгө өнгийн бөмбөлөг 
Дургүй хүрмээр хүүхэд насны дурсамжийг тээнэ
Том хүн болчихсон хойноо хаа нэг хүүхэд насныхаа тухай
Тодрох дурсамж бүрийг нь халуун наранд ээнэ” (Ө.О.Э, 2023, хууд. 14)
Арван хоёр сараар зохиомжлон бичихдээ 4 ба 6-р сарыг сахиусан тэнгэр, лусын дагинасын сар гэсэн атлаа бусад саруудыг биш гэснээс зохиогчийн өөрийн дотоод эргэцүүлэл илэрнэ.
“Зугтах биш амьдралаас
Зууралдах хэрэгтэйг ойлгох сар
Зуудаг нохой шиг өтөл нас хормой бараадаж
Зугуухан дөтлөх үхэл холоос ажиглах сар
Хүүхэд шиг гэнэн бас хэрсүү байх хэрэгтэй
Хүрээлэн буй үзэгдэл юмсыг зураглах хэрэгтэй хүүхэд наснаасаа нимгэлэх хэрэгтэй
Хүнд наснаасаа суралцаж, ирээдүйн 
Хүнд ачаанаас нимгэлэх хэрэгтэй 
Зургаадугаар сар сахиусан тэнгэр лусын дагинасын сар” (Ө.О.Э, 2023, хууд. 14)
“…Асан дүрэлзэх нарны алтан утсыг хөвөрдсөөр
Аавынхаа гэрийн буурин дээр бууж хэсэг саатан
Эсэн энхийн бэлгэдэл сүүн цацлаа өргөж 
Эх нутгаасаа үдсэн ээждээ очин үнсүүлэх 
Дөрөвдүгээр сар сахиусан тэнгэрийн сар” (Ө.О.Э, 2023, хууд. 12)
Мөн хоёр шүлгээс харахад 6 болон 4 дүгээр сарын тухай өгүүлэхдээ өөрийн бага нас, аав ээжийнхээ тухай өгүүлжээ. Цуврал шүлгээс “сахиусан тэнгэр, лусын дагинас”-ын тухай бэлгэдэлт ойлголт илэрнэ. Зохиогчийн өөрийн амьдралын хамгийн дотно дурсамж, нандин үеийн бэлгэдэл илэрсэн учраас 4 болон 6 сарын шүлэгт “сахиусан тэнгэрийн сар мөн” хэмээн бичсэн гэсэн таамаг дэвшүүлээд “Яагаад бусад саруудыг биш гэсэн бэ?” гэх асуултыг гагцхүү зохиолчид өөрт нь үлдээе.
Нэрт зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Миний дургүй сарууд” шүлгийг санагдуулах энэ цуврал шүлгийн нэг онцлог бол амьдралын тухай зохиолчийн өөрийн үзэл санаа, дотоод бясалгал сургаал маягийн өгүүлэмж юм. Өгүүлэмж нь сахиусан тэнгэр, лусын дагинаст хандсан мэт мөртөө түүгээр дамжуулан бусад хүмүүст хандсан далд утгаар илэрчээ.
Эдгээр дүрслэлээс үзэхэд сургамжилсан мэт атлаа ертөнцийн мөн чанарыг таньж аливааг ухаарсан сэтгэлгээний өвөрмөц байдал харагдах бөгөөд толгой сүүл холбосон уламжлалт хэлбэр нь шүлгийг хөгжимлөг, хэмнэлтэй болгосон буй. Ер нь яруу найрагч О.Элбэгтөгсийн шүлгүүд уншихад саадгүй байдаг нь толгой сүүлийн холболтын логик хийгээд мөр, шадын холбоост оршино.
Номд багтсан “Тэнэгүүдийн товчоо” цуврал шүлгийг тэрээр 2021 онд бичжээ.  Үүнээс өмнө дэлхий нийтээрээ цар тахал, хөл хорионд орж нийгмийн амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн билээ.
Иргэдийн сэтгэл зүйн байдал тогтворгүй болж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр амьдралд нийцэхгүй зэргээс үүдсэн тухайн үеийн төр, иргэн гэсэн сөргөлдөөнт байдлаас үүдэн энэхүү цуврал шүлгийг бичсэн гэж үзлээ. Нэг ёсондоо нийгмийн үнэн нүүр төрхийг далдаар шүлэглэсэн цуврал шүлгүүд байх бөгөөд “Удвал” гэх дүрээр төрийг төлөөлүүлжээ.
Цуврал нь: 
“Дурлахаараа бүгд хүүхэд болдог болохоор
Дураар томоогүй насандаа хайртай” (Ө.О.Э, 2023, хууд. 21) гэх бага насны тухай өгүүлэмжээр эхэлж, Удвалд татагдаад дараа нь хоригдож, сүүлдээ оргон зугтаж, эрэн сурвалжлагдаж, итгэл найдвараа алдаж буй тухай өгүүлэх аж.
Цуврал шүлэгт: 
“Аялсан дуу шиг чихэнд амтагдах
Аяа миний хүүхэд нас
Авралгүй зүүдний хар нүхнээс
Асан дүрэлзсэн сүүлт од юм” (Ө.О.Э, 2023, хууд. 21) гэх тунгалаг мөрөөр эхэлнэ.
“Нуугдаж тоглох шиг залхуутай амьдралд
Нууц гэж байдаггүй 
Дурлахаараа бүгд хүүхэд болдог болохоор
Дураар томоогүй насаа зүхдэггүй 
Алгаа хооронд нь үрээд л 
Атга чихэртэй болно гэж төсөөлдөг
Бага насандаа хачин хайртай учраас
Балар харанхуй тойрогт уначихаагүй” (Ө.О.Э, 2023, хууд. 21) гэх бага насны тухай хэсэг түүний гэнэн томоогүй үеийг өгүүлж буй мэт атлаа итгэл найдвар бөхөөгүй гэрэлт он жилүүдийг илтгэж байна.
Дараагийн цувралууд Удвалтай учрах урьдач нөхцөл болох агаад түүний дүрийг: 
“Чоно шиг улаан нүдтэй
Чүдэнз шиг турьхан гартай
Удвалын царайг харах болгондоо 
Урагдсан зүрхэнд минь түймэр үүсдэг” (Ө.О.Э, 2023, хууд. 24) гэжээ. “Чоно шиг улаан нүдтэй” төр, харин “Урагдсан зүрхэнд минь түймэр үүсдэг” гэх мөрөөр эрх мэдэлд шунахуйг дүрслэн утга далдалжээ. Энэ тухай VI цувралд ч мөн бичсэн байна. Шүлгийн ерөнхий утгыг сүүлийн шүлэг бүхэлдээ агуулна.
“Итгэл найдвар минь бөхөж унтарлаа
Элэг рүү минь амьдрал хүчтэй дэлслээ
Эвхрэн унаад би чангаар уйллаа
Эрээлжилсэн сүүдэр нөмрөн авлаа” (Ө.О.Э, 2023, хууд. 30) Итгэл үгүй болоход бүх зүйл үгүй болж буй цуврал шүлгийн “би” баатрын байдал тодорно.
Төрийн дарангуй үйл ажиллагаа үзэл суртлын шинжийг: 
“Сэрээд харвал цагаан гэрэл
“Сэрээ барьсан нүдгүй эмч”
Тархинд минь “бүх зүйл сайхан гэх”
Танил үгсийг суурилуулж дуусчээ” (Ө.О.Э, 2023, хууд. 30) хэмээн нээсэн.
Нийгэм рүү хандсан шүлгүүд үзэл суртлын байдал давамгайлаад уран зохиолын мөн чанараасаа холдож сулрах тал ажиглагддаг бол яруу найрагч О.Элбэгтөгсийн хувьд харин ч эсрэгээрээ байх агаад “Тэнэгүүдийн товчоо” цуврал шүлэгтээ өөрийн чадварыг тод харуулжээ. Нийгмийн үзэл суртлыг тусгаж, шүүмжлэлт өнгө аяс илэрсэн хэдий ч агуулгын уялдаа холбоог алдалгүй, шүлгийн эрчийг сулруулалгүй, нэгэн цул болгон, гол нь яруу мэдрэмжээ алдалгүй дүрслэлийн өвөрмөц хэлээр бүтээжээ. Удаах цуврал шүлэг нь Английн зохиолч Жорж Ороуэллийн “1984” номын үйл явдал, ерөнхий агууламжаас сэдэвлэсэн байх талтай хэмээн үзэж байна.
Номын хамгийн хүчирхэг өгүүлэмж бүхий бүлэг бол “ИВАЙДА АРСЛАН” (Хэрмэл дуучин Геспи) хэмээх цуврал юм. Энэ цуврал нь үлгэрийн хэлбэрээр бичигдсэн бөгөөд эхний шүлэгт “Ертөнц хэрхэн үүссэн бэ?” гэх гүн ухааны эргэцүүлэл бүхий асуултын хариултыг олохын тулд амьтад маргаж буй тухай өгүүлсэн нь цувралын агуулгын урьдач нөхцөл болжээ…
Яруу найрагч О.Элбэгтөгсийн “урт нэрт” ном шинэ мэдрэмжийг төрүүлж байгаа тул бид энэ номыг “Шинэ мэдрэмжийн эрэлхийлэл буюу жазз гарагийн дуу” гэж тодорхойлж байна. Цуврал шүлэг бичих явцад сэдэв, агуулгын эрч сулрах, нуршуу болж шүлгийн эрчим алдагдах хандлага байдаг бол энэ номд тийм зүйл ажиглагдсангүй харин ч сонирхолтой болгосон байна.
***
Яруу найрагч О.Элбэгтөгсийн “Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал” гэх ном нь нэг л шүлэг мэт цул хэлбэртэй, “өвөрмөц бүтэц” болсон бөгөөд түүний доторх шүлгүүд нь (таван улирал, арван хоёр сар.., гэх мэт) мөнөөхөн “өвөрмөц бүтэц”-ийн эд эсүүд болон зохирч байна. Энэ нь манай яруу найргийн хувьд цоо шинэ зүйл мөн.
О.Элбэгтөгс бол сэтгэлгээний өргөн цараатай, хурц гэмээр содон мэдрэмжтэй түүнийгээ онцгой сонин зохиомжоор биежүүлж, хатуу ч гэмээр өвөрмөц дүрслэлийн хэлээр “зодож” илэрхийлдэг бие даасан бодгал ертөнц юм байна. Насны хяраад өгсөөд ирэхийн цагт нь энэ залуугаас өвөрмөц зохиомж, шулуун хэл, содон соргог дүрүүд бүхий шинэ бүтээл (тууж, роман – Г.Б)-үүд хүлээж болмоор санагдаж байгааг нуугаад яах вэ?! Шинэ хүлээлт олон байх тусмаа л сайн буюу.
2024-01-04
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img