2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Доктор Б.Эрдэнэдалай: Эрх баригчид яг өмнөх шигээ сонгуулийн газар зүйг өөрт ашигтайгаар зурж чадлаа

УИХ 128 гишүүнтэй болж, тэднийг сонгохдоо 78 гишүүнийг тойргоос буюу мажоритар тогтолцоогоор, 48 гишүүнийг намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгох болсон билээ. Өнгөрсөн 12 дугаар сарын 21-ний өдөр УИХ-аар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг баталсан. Уг төслийн дагуу Монгол Улс нь сонгуулийн 13 тойрогт бүсчлэгдэн хуваагдахаар болоод буй. Тодруулбал, хөдөө орон нутгийг 7 бүс, Улаанбаатарт хотыг 6 бүсэд хуваасан юм. Ийнхүү тойргийг бүсчлэн хуваах нь ямар нөлөөтэй талаар МУИС–ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Сонгууль бүрийн өмнө л сонгуулийн хуулийг өөрчилж, түүнийг дагаад тойрог, мандат хуваарилалтыг өөрчилдөг. Энэ удаа ч мөн өөрчиллөө. Тойргийн бүсчилж хуваасан дээр судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-2024 оны “УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох” тогтоолын төслийг парламентад суудалтай олонхийн намын бүлгээс санал болгож оруулсан. Төслийг УИХ-ын гишүүдийн 72.3 хувийн саналаар дэмжиж, батлаад байна. Тогтоолыг хэлэлцэх үед аль нэг нам, гишүүдээс төслийг өөрчлөх санал гараагүй.

Парламентад суудалтай АН, ХҮН намууд тухайн саналыг “дэмжиж байна” гэдэг зөвшилцөлд гарын үсэг зурсан. Ингэснээр энэ хавар УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар боллоо. Эрх баригчид сонгуулийн тойргийг бүсчилэн хувааж буй үндэслэлээ Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой холбон тайлбарлаж байгаа.

Эрх баригч нам сонгуулийн газар зүйг өөрт ашигтайгаар зурдаг өмнөх жишгийн дагуу явлаа. Үүнийг олон улсад жерримандер гэдэг нэр томъёогоор илэрхийлдэг л дээ. Шуудхан хэлэхэд эрх баригчид “Аль тойрог улаан, аль нь цэнхэр билээ, аль нь биднийг дэмжих билээ, яавал бид гарах вэ” гэж бодож байгаад зурсан тойргийн хуваарилалт.

-Гэхдээ УИХ-д суудалтай хоёр нам үг дуугүй дэмжлээ шүү дээ. Эрх баригчдад ашигтай, тэдэнд ашиггүй бол тэгмээргүй юм?

-Парламентад суудалтай нөгөө хоёр нам “үг дуугүй” шахуу дэмжсэн нь сонирхол татаад байна. Магадгүй үүний цаана ямар нэг хэлцэл, эрх ашиг байх шиг. Ингэж хардаж болохоор байна. Тийм эсэх нь сонгуулийн дараа л харагдана даа.

-Жерримандер гэдэг ойлголтыг тодруулж тайлбарлаж өгөөч?

-Сонгуулийн тойргийг хэн, хаагуур, хэрхэн зурах вэ гэдгээс хэнд, аль намд ашигтай байх вэ гэдэг хамаарал гарч ирдэг. Жерримандер анх АНУ-д гарч ирсэн нэр томъёо юм. Товчхондоо, эрх баригчид өөрсдөө улиран сонгогдох давуу тал бий болгоход ашигтайгаар сонгуулийн тойргийн зураглалыг зурахыг хэлж байгаа юм.

АНУ-ын Масачусеттс мужийн амбан захирагч Элбридж Жерри өөрийн намд ашигтай нөлөөлөх сонгуулийн тойрог зурах хууль хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор 1800 оны эхээр энэ нэр томъёо гарч ирсэн байдаг. Манайд үе үеийн сонгуулийн өмнө эрх баригч нам аль нь бидэнд ашигтай вэ гэдэг өнцгөөс сонгуулийн тойргийн зургийг зурж ирсэн.

-Мэдээж эрх баригч намд эрх нь байгаа хойно тэд өөрсдөдөө ашигтай хувилбараар л зурж таарна. Тэгэхээр сонгуулийн тойргийг өөр хэн зурах вэ гэсэн асуултыг тавих цаг болсон юм биш үү?

-Олон улсад сонгуулийн тойргийг тооцдог тусдаа, аль нэг намаас хараат бус институт ажилладаг жишиг бий. Тэр институт нь сонгуулийн тойргийг гаргахдаа, хүн ам, газар нутаг зэргээр олон талаас нь тооцоолж хардаг. Ингэж тооцохдоо сонгогч болон нэр дэвшигч аль аль талын улс төрийн эрхийг зөрчихгүй байх гэдэг дээр фокуслаж тооцооллыг гаргадаг сайн туршлагууд бий.

-Сонгуулийн тойргийг бүсчилснээр УИХ-ын гишүүдийн төлөөлөх чадвар нэмэгдэх үү?

-Монгол Улс анх удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн ямар тогтолцоотой байх вэ гэдгийг зааж өглөө. Үүний дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Нийт 126 гишүүний 78 нь мажоритар системээр, 48 нь пропорциональ системээр сонгогдоно. Мажоритар системээр буюу тойргоос сонгогдох 78 гишүүнийг улсын хэмжээнд 13 тойрогт бүсчлэн хуваана.

Улаанбаатарт 6, орон нутагт 7 тойрог болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэхдээ хүн амын тоонд харьцуулбал гишүүний тоо цөөн байгаа тулд ард түмний төлөөлөх чадварыг сайжруулах зорилгоор нэмсэн гэх үндэслэлийг тодотгосон. Гэвч тойрог хуваарилахдаа энэ үндэслэлээ огт тусгаагүй байгаа нь хачирхалтай.

Бид өмнө нь нэг мандатад ноогдох сонгогчийн тоо хэт зөрүүтэй гэж шүүмжилдэг байсан шүү дээ. Хөдөө орон нутгийн хувьд Улаанбаатар хотоос цөөн сонгогчтой хэрнээ УИХ-д сонгогдох гишүүдийн тоо илүү байсан нь энэ удаа яг л хэвээрээ орж ирсэн.

-Та жишээ хэл дээ?

-Сонгинохайрхан дүүргийн 220 орчим мянган сонгогчид 5 мандат хуваарилсан хэрнээ Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг нийлсэн 146 орчим мянган сонгогчтой тойрогт 7 мандат хуваарилсан байна. Өмнө нь бид 76 гишүүн сонгодог байсан бол одоо мандатаар 78 болж хоёр гишүүнээр нэмсэн боловч нэмсэн гэх хоёр гишүүний мандат хөдөө орон нутагт.

-Уг нь эсрэгээрээ байх ёстой?

-Харин тийм, уг нь эсрэгээрээ байх ёстой шүү дээ. Судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд Улаанбаатар хотын сонгогчдын төлөөллийг нэмэх хэрэгтэй, хөдөө орон нутгаас хэд дахин илүү хүн амтай ч нийслэлээс цөөн гишүүн сонгогддог гэдгийг олон жил ярьсан. Гэтэл энэ огт биеллээ олоогүй. Энэ мэт жишээнүүдээс харахад л эрх баригчид өөрсөддөө ашигтай байдлаар сонгуулийн тойргийг зурсан гэдэг нь ил тод харагдаж байна.

Бас Баян-Өлгий аймгийг сонгуулийн нэг тойрог болгосон асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэх боломжтой. Учир нь хүнийг үндэс, угсаагаар ялгаварлах нь Үндсэн хуулиар хориотой. Үнэхээр Баян-Өлгий аймаг УИХ-д төлөөлөлгүй болчихно гэж үзэж байгаа бол намын жагсаалт буюу пропорцианалиар сонгогдох гишүүдийнхээ төлөөлөл дээр оруулах бүрэн боломжтой байсан.

-Бүсчилсэн тойргийн давуу талыг та хэрхэн харж байна вэ?

-Төслийг санаачлагчид улс орны эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого барина, үүнтэй уялдуулсан гэдэг тайлбар хэлж байгаа. Үнэхээр үнэн бол энэ давуу тал болно. Улс төрчид угаасаа нэг аймаг, дүүргээс хамааралтай болчихсон байгаа нь өнөөгийн үнэн. Харин бүсчилснээр улс төрчдийн нөгөө нэг сумын сургууль, цэцэрлэг шийдэж өгөх гэдэг байдал буурч, бүс нутгийн хөгжил хардаг болно гэж найдаж байна. Мэдээж хэт жижиг жалга довны үзэл буурна гэж харж байна.

Гэхдээ нөгөө талаас үүнийг манай УИХ-ын зарим гишүүд өөрсдөө буруу ойлгоод байх юм. Саяхан УИХ-ын нэг гишүүн өгсөн ярилцлагадаа “Би орон нутагтаа хийсэн юмтай учраас сонгуульд нутагтаа нэр дэвшинэ” гэж ярина лээ. Тэр гишүүний хэлснийг сонсохоор тойрогтоо ажил хийсэн хүмүүс сонгуульд давуу талтай гэсэн өнгөтэй утга анзаарагдсан. Уг нь тэдний орон нутагтаа хийсэн ажилд бус хуулийн төсөл санаачилж, батлах тал дээр хэр санал санаачилгатай оролцсон нь чухал байх учиртай.

Гэтэл “Би хийсэн юмтай хүн тул бүсчилсэн тойрог чухал” гээд яриад сууж байна. Энэ бол маш буруу хандлага. Тэгээд ч орон нутагтаа “хийсэн юм” гээд байгаа нь төсвийн мөнгөөр тухайн орон нутагт хийсэн бүтээн байгуулалт. Бүр тодруулж хэлбэл иргэд бидний татварын мөнгөөр бидэнд зориулж хийсэн зүйлс шүү дээ.

-Тэгвэл бүсчилсэн тойргийн сул тал нь юу вэ?

-Шинээр гарч ирж байгаа нэр дэвшигчид болон залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл, мөн парламентад суудалгүй жижиг улс төрийн намуудаас нэр дэвшигчид сонгогдох магадлал их бага болно. Ялангуяа, сүүлийн жилүүдэд жендэрийн квотын асуудлыг маш их ярилаа, олон нөлөөллийн кампанит ажил хийгдэж бодлогын түвшинд нөлөөллөө. Үүний үр дүнд Сонгуулийн тухай хуульд 30 хувийн жендэрийн квотыг оруулсан.

Гэхдээ нөгөө талдаа сонгуулийн тойргийг шинэчлэхэд олон жил зорьсон асуудлаа хязгаарласан бодлого болчихлоо. Эмэгтэйчүүд гарч ирнэ гэдэг магадлал шууд буурна. Олонд сайн танигдсан цөөн тооны эмэгтэйчүүдэд боломж олдож магадгүй, харин олон эмэгтэйчүүдийг парламентад гаргаж ирье гэдэг бодлого нь хэрэгжихгүй л болчихлоо.

Хамгийн том сул тал бол сонгуулийн зардал шууд өснө. Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ олон аймаг, дүүрэг дамжсан том газар нутагтай тойрогт сонгуулийн сурталчилгааг 18 хоног хийх ёстой. Энэ нөхцөлд олонд танигдаагүй шинэ хүмүүс сонгогдох боломж байхгүй гээд хэлчихэж болно. Санал өгөх өдрийн өмнөх хугацаа буюу огт сурталчилгаа хийхгүй 24 цагийг хасвал 17 хоногт дөрвөн аймаг дамжиж сурталчилгаа хийнэ.

Дээрээс нь бүх хэсэгт сурталчилгааны самбар хадах, мөрийн хөтөлбөрөө тараах, сонгогчидтой уулзалт хийж танилцуулах, ухуулагч олныг ажиллуулах шаардлагатай. Жишээ нь, ухуулагчийг аваад үзье. Аймаг, дүүрэгт 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах боломжтой. Эндээс бүх сонгогчид хүрэх ёстой гэж үзвэл, 200 мянган сонгогчтой тойрогт 500 хүртэлх ухуулагч ажиллуулах нь.

Эдгээр ухуулагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй урамшуулал өгч болно хуулиараа. Үүнийг тооцъё л доо, 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлж байгаа дүнгээр 660 мянган төгрөг гэж тооцвол, нэг нэр дэвшигчийн зөвхөн ухуулагчийн урамшууллын зардал нь 165 сая төгрөг болохоор байна.

Гэтэл цаана нь дахиад сонгуулийн кампанит ажлын бусад олон зардал бий. Сурталчилгаа хэвлэл, уулзалт арга хэмжээ, шатахуун, тээвэр гээд олон зүйл бий. Тэгэхээр бүсчилсэн тойрогт нэр дэвшигчээс асар их хэмжээний зардал гарна гэсэн үг. Эндээс бодлогоор өрсөлдье гээд байгаа хүмүүст боломж байхгүй.

Бодлогоор өрсөлдөх хүмүүст ээлгүй сонгуулийн тойргийн зураг гэсэн үг. Эмэгтэйчүүдийн гарч ирж чадахгүй байгаа үндсэн шалтгааны нэг бол санхүүжилт. Тиймээс л квот тогтооё, намын жагсаалтад сөөлжүүлж оруулья гэж бодлого гаргасан. Гэвч энэ тойргийн бүсчилсэн зургаар бол бидний олон жил ярьсан эмэгтэйчүүдийн квот хангагдах нь эргэлзээтэй болж байна.

Шинэ болон олонд танигдаагүй нэр дэвшигч, жижиг намуудад халтай, эрх баригч болон том намуудад ашигтай хуваарилалт болсон. Сурталчилгааны 18 хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг гэсэн гурван аймагт багтаж өөрийгөө таниулж, сурталчилгаагаа хүргэнэ гэдэг маш хүнд, өргөн хүрээгээр зохион байгуулах хэрэгтэй болж байна.

Хүн хүч, санхүүжилт хэрэгтэй болно. Энэ нь танигдаагүй, шинэ хүмүүст боломж олгохгүй байдалд хүргэх нь тодорхой. Дахиад хэлье, энэ сонгуулийн зураг бол эрх баригчид буюу засаг захиргааны нэгж бүрт намын хороо, үүртэй намуудад ашигтай, тэдэнд ялах боломжийг өгнө.

Манайд одоогоор ийм нам нь МАН, АН хоёр л байгаа шүү дээ. Тэдгээр намуудын нэгжүүд нь сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхэд аль хэдийнээ бэлтгэлээ хангаад, өргөн хүрээнд сонгогчдод хүрэх боломжтой болчихсон байх нь тодорхой шүү дээ. Гэтэл ийм нөөц, бүтэц байхгүй нэр дэвшигч, намуудыг хувьд сонгуулийн кампанит ажлыг хийх боломжгүй. Тойрог томссон учраас парламентад суудалгүй улс төрийн намууд эвсэл болж орохоос өөр аргагүй.

-Сонгуулийн зардлыг буруулахыг судлаачид үргэлж ярьдаг гэтэл энэ сонгуулийн тойргийн зургаар зардал чамгүй өсөх нь ээ?

-Бүсчилсэн том тойрог дээр сонгуулийн зардлыг буруулна гэж эрх баригчид тайлбарлаж байгаа. Гэхдээ бодит байдал дээр эсрэгээрээ өрнөнө. Жишээ нь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймагт дэвшиж байгаа нэр дэвшигч сурталчилгааны материалаа айлуудад өгнө, самбараа байршуулна, ухуулагч ажилуулна, уулзалтуудаа хийнэ гээд зардал гурав дахин нэмэгдэнэ. Увс, Завхан, Ховд, Говь-Алтай гэсэн дөрвөн аймгийг нэгтгэсэн том тойрог хүртэл байна шүү дээ.

-Тэгэхээр энэ тойргийн зургаар ямар хүмүүс сонгогдох дүр зурагтай байна?

-Орон нутагт намын анхан шатны нэгжүүдтэй, олон жил тухайн орон нутагтаа ажилласан том намуудын нэр дэвшигчид, мөн тойргоо олон жил “усалчихсан” нэр дэвшигчид сонгогдох магадлал илүү.

Сонгогчид олон нэр дэвшигч нэр дэвших тусам танигдсан хүнээ сонгох хандлагатай байдаг. Яагаад гэвэл манай улсад сонгогчдын боловсрол маш тааруу. Хэдийгээр гурав, дөрвөн аймаг нийлээд нэг тойрог болж байгаа ч гэлээ тэндээс нэг аймагт нь дэвшихээр бэлдэж, санал худалдан авсан нэр дэвшигчдэд магадлал нэмэгдэнэ. Үүнээс гадна одоо парламентын гишүүн байгаа хүмүүст давуу байдал үүснэ.

Тэд орон нутагт танигдах олон үйл ажиллагаа идэвхтэй хийсэн байхаас гадна улсын төсвийн мөнгөөр хийсэн ажлуудыг “би санаачилсан” гэдэг манипуляци хийчихсэн байдаг. Манай улс төрчдийн гол хийж байгаа зүйл л энэ шүү дээ. Үүнийг нь улс төрийн боловсрол багатай сонгогчид “энэ хүнийг сонгохгүй бол энэ сургууль баригдаж дуусахгүй, энэ зам дуусахгүй” гэж итгэж, сонгодог.

Тэгэхээр сонгууль болохоос зургаахан сарын өмнө сонгуулийн тойргийг ийм газрын зургаар хийе, энэ нь санал худалдан авах гэсэн улс төрчдийн оролдлогыг хаана гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй тайлбар юм.

-Сонгогчдоос өндөр мэдлэг шаардах нь дээ. Тухайлбал 5 гишүүн сонгох тойргийн иргэн 18 хоногт багадаа 30 улс төрчийн мөрийн хөтөлбөр, танилцуулгатай танилцаж, сонголтоо хийх нь?

-Яг үнэн. 10 мандаттай тойргийн сонгогч саналын хуудас дээр 10 хүнийг дугуйлна. Тэр тойрогт нэр дэвшигч дор хаяж 50-60 хүний танилцуулга, мөрийн хөтөлбөртэй танилцаад нэр дэвшигчийг таньж мэднэ гэдэг бол сонгуулийн сурталчилгааны 18 хоногт боломжгүй зүйл шүү дээ. Тэгэхээр ер нь бол сонгогч талдаа маш нүсэр кампанит ажил болно. Яахав энэ нь сонгогчдын боловсролдоо анхаардаг, сонгогчид нь тодорхой хэмжээний улс төрийн боловсролтой улсын хувьд байж болох л байх.

Манай улсын онцлог тийм биш. Ийм учраас сонгогчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг харьцуулан сонголт хийхээс илүү өмнө нь таньдаг байсан, бэлэг сэлт өгч байсан, ямар нэг байдлаар тусалж байсан, таньдаг мэддэг хүнээ сонгох хандлагатай л гэсэн үг. Энэ нь эргээд дээр ярьсанчлан хэдийн танигдаж чадаагүй бол зөв хүн байгаад, зөв бодлого дэвшүүлээд сонгогдох магадлал нь багасна гэдгийг л бас харуулаад байгаа юм.

-Саналын хуудас гэж их нүсэр юм байх нь ээ?

-Саналын хуудсын хувьд ч сонгогчдод амар биш байх болно. Мажоритараар сонгогдох 50-60 нэр дэвшигчдийн нэрсээс сонголт хийхээс гадна, намын жагсаалтыг бөглөх хэрэгтэй болно.

Манайх нэр дэвшигчдийг саналын хуудас дээр эрэмблэхдээ нэр дэвшиж байгаа намынх нь анх байгуулагдсан буюу Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн огноогоор эрэмбэлдэг. Гэтэл сонгогч санал хураах өдрөөс өмнө сонголтоо сайн хийж амжаагүй бол саналын хуудас дээрх нэр дэвшигчдийн жагсаалтыг арагшаа ухаж уншиж дугуйлахаас илүү жагсаалтын эхэнд байгаа нэрсийг дугуйлах магадлал өндөр байдаг. Энэ нь дахиад л эрт байгуулагдсан том намуудад л ашигтай тусдаг.

Ийм дутагдал байдаг учраас зарим улсууд саналын хуудас дээр нэр дэвшигчийн нэрийн өмнө зургийг нь хамт хэвлэх, мөн нэр дэвшигчийн нэрсийг бичих дарааллыг шодож байгаад саналын хуудасны эхэн, дунд, төгсгөл гээд хаана ч хамаагүй оруулах байдлаар бичдэг жишиг ч байдаг. Энэ тохиолдолд сонгогч нэр дэвшигч, тэдний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртэй урьдчилж танилцахаас гадна, саналын хуудсыг бүрэн уншиж танилцан, хариуцлагатай сонголт хийхэд нөлөөлдөг ач холбогдолтой.

-Энэ нүсэр саналын хуудас нь сонгуулийн ирцэд нөлөөлөх үү? Нэг сонгогчийн санал өгөх байранд зарцуулах хугацаа нэмэгдэж таарах нь?

-Ирцэд нөлөөлж болзошгүй. Хүмүүс төвөгшөөх магадлалтай. Саналаа өгөхөөр орсон эхний хүмүүс удлаа, дараалал их үүсэж гээд л гэртээ ороод ирэхэд дараагийн хүн саналаа өгөхөөс залхуурах, цааргалах магадлалтай. Тэгэхээр сонгуулийн зохион байгуулалт талаас нь маш сайн зөв байлгах, сонгогчдод мэдээллийг их хүртээмжтэй, ойлгомжтой байлгах хэрэгцээ зайлшгүй үүснэ. Мөн тухайн мандатын тооноос дутуу, эсвэл илүү дугуйлсан саналын хуудсыг хүчингүйд тооцох тул хариуцлагатай хандаж нэр дэвшигчийг дугуйлахаас авахуулаад зөндөө анхаарах зүйлс гарч ирж байгаа.

-Ирэх хаврын сонгууль сонгогчдоос юуг илүү шаардах вэ?

-Тэгэхээр ирэх хаврын сонгуульд сонгогчид маш их хариуцлагатай байх хэрэгтэй болж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд нэг их удалгүй л санал өгөх өдөр болно. Тойрогтоо хэн хэн дэвшиж байгааг ч сонгогч анзаарахгүй өнгөрөх магадлалтай учраас манай сонгогчид маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Мэдээж нэр дэвшигчид технологийн дэвшлийг зөв оновчтой ашиглах байдлаар өөрийн мэдээллээ сурталчилгааны хугацаанд хүргэх шаардлага үүснэ. Сурталчилгааны уламжлалт хэвлэмэл материал зэрэг нь хүртээмж багатай, зардал өндөртэй байх нь. Нэгдсэн сурталчилгааны самбарыг энэ жил ашиглах байх.

Эцэст нь сонгогчдод хандаж хэлэхэд, Та үнэхээр зөв бодлого дэвшүүлж байгаа нэр дэвшигчийг дэмжмээр байвал сайн дураараа, цалингүйгээр сурталчилгаанд нь ухуулагчаар ажиллаарай. Энэ нь тухайн нэр дэвшигчийг дэмжиж буй том дэмжлэг болно. Манайд одоо байгаа буруу тогтолцоо бол сонгогчид нэр дэвшигчдийг “мөнгө” гэж хардаг. Ингэхээр бид буруу хүнээ сонгоод байгаа юм. Мөнгөтэй хүн нь сонгогддог, тэр нь төрд гарч ирээд татвар төлөгчдийн мөнгийг завшдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг энэ тогтолцоо бий болоод байгаа юм шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img