2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Оросын компаниуд ажиллах хүчний хомсдлоо хүүхдүүдээр нөхөж байна

Украины дайн, хэсэгчилсэн дайчилгаанаас үүдэн Оросын залуус олон мянгаараа хилийн чанадыг зорьсны улмаас энэ улсын аж ахуйн нэгжүүд ажиллах хүчний хомсдолд орсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа.

Өмнө нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудаас ажилчид ирж, Оросын компаниудад ажилладаг байсан ч улс төр, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлмөрийн цагаачдын тоо ч буурч, улмаар гаднаас ирсэн ажиллах хүч Оросын компаниудын ажиллах хүчний хомсдолыг нөхөх боломжгүй байгаа аж.

Тиймээс Оросын ажил олгогчид хүүхдүүдийг ажиллуулах арга сэджээ. Тодруулбал, 2023 онд 14-өөс дээш насны хүүхдүүдэд зориулсан 42 мянган ажилын байр зарласан байна. Энэ нь 2022 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт бөгөөд 2022 онд 14-өөс дээш насныхныг ажиллуулах ажлын байр 14,5 мянга байсан гэж “Ведомости” мэдээлжээ.

Өсвөр насныхныг голчлон хүргэлт, сурталчилгааны ажилтан, худалдагч, кассчнаар ажилд авч байгаа гэнэ. Худалдаа болон бизнесийн туслах салбарт өсвөр насны хүүхдүүдийг олноор ажилд авч байгаа аж.

Өсвөр насныхныг ажилд авах хандлага нэмэгдсэн талаар Superjob, Ozon, Ашан, “Вкусно и точка” зэрэг компаниуд ч баталжээ.

Цахим худалдаа эрхэлдэг Ozon компанийн төлөөлөгчдийн өгүүлснээр, тухайн байгууллага 2022 оноос эхлэн өсвөр насныхныг ажиллуулж эхэлсэн бөгөөд одоо 16-17 насны 50 хүн тус компанид ажиллаж байгаа гэнэ. Харин Францын томоохон сүлжээ болох Ашан компанийн Орос дахь салбарт 2023 онд 14-17 насны 448 өсвөр насны хүүхэд ажилд оржээ.

Дайн болсны дараа Оросын зах зээлээс гарсан барууны компаниудын нэг болох МакДональдс сүлжээний суурин дээр байгуулагдсан “Вкусно и точка” түргэн хоолны сүлжээ зоогийн газрын ажилтнуудын 70 хувь нь 15-25 насныхан байгаа бол 2023 онд 19 мянган өсвөр насны хүүхдийг ажилд авсан байна.

“Өсвөр насныхныг ажиллуулах нь улам бүр ихэссэн, энэ чиг хандлага 2024 оны зун гэхэд улам нэмэгдэж, хүүхдүүд олноор ажиллах байх” гэж “Анкор” компанийн брэнд хөгжүүлэлтийн менежер Анна Яковлева “Москва Таймс” сонинд ярьжээ.

Түүний өгүүлснээр газар тариалан, хөдөө аж ахуй, зочид буудлын салбарт ч өсвөр насныхныг ажилд авах сонирхол улам нэмэгдсэн аж.

ОХУ-д 14-өөс дээш насны хүүхдүүдийг ажилд авахыг зөвшөөрсөн хууль 2023 оны зургадугаар сарын нэгнээс үйлчилж эхэлсэн юм. Энэ хуульд зааснаар, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан нөхцөлд хүүхдийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр 14-өөс дээш насныхныг ажилд авах боломжтой юм байна.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн хомсдолоо багасгаж, цалингийн зардлаа ч хэмнэх боломжтой болсон гэж Стратеги боловсруулалтын төвийн захирал онцолжээ. Гэвч өсвөр насныхан сурахын хажуугаар ажилладаг тул Оросын компаниудад нүүрлэсэн ажиллах хүчний хомсдолыг бүрэн дүүрэн нөхөж чадахгүй гэж шинжээчид онцолж байгаа юм.

Энд дуулгахад, Украин дахь дайн, цэргийн дайчилгаанаас үүдэн Оросын иргэд олноор цагаачилсны улмаас тус улсын компаниудын 86 хувь нь ажиллах хүчний хомсдолтой нүүр тулжээ. ОХУ-ын эдийн засгийн бүхий л салбарт ажиллах хүчний хомсдол хурцаар тавигдаж байгаа аж.

Тухайлбал, тээвэр зуучлалын компаниудын 88 хувь, худалдааны байгууллага, үйлчилгээний салбарын компаниудын 86 хувь% банкны салбарын 85 хувь, IT компаниудын 83 хувь нь ажиллах хүчний хомсдолоо шийдэхэд хүндрэлтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img