2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

А.Бат-Эрдэнэ: Инээд гэдэг нийгэмд алт эрдэнээс үнэ цэнтэй зүйл

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэтэй хөөрөлдлөө.

-Шог зургийн моринд дөрөөлөхөд анх хэн танд жолоо цулбуурыг нь атгуулав?

-Анх намайг шог зурагт уруу татсан хүнийг аавыгаа гэж боддог. Цэцэрлэгт байхаас минь л “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлийг цүнхэнд хийгээд өгчихдөг байв. Тэр үед аавд хот хүрээ рүү ямар нэг хуралд оролцоход том цүнх өгдөг байж.

Нэгдлийн дарга хүн байсан юм л даа. Тэр цүнхэнд амьхандаа л өмч таслан ЗХУ, Вьетнамын дайн, Херлуф Бидструпын уран шог, Байды ахын 100 шог зэрэг янз бүрийн ном хийнэ. Цэцэрлэгээс ирээд хийх зүйл байх биш нөгөөхөө л эргүүлж тойруулна. Цаас, харандаа аваад Вьетнамын дайчдыг хооронд нь байлдуулж зурна.

-Өө, их хар бага наснаасаа харандаа цаастай нөхөрлөж?

-Цэцэрлэгийнхээ ахлах бүлгийн зургийн аварга нь болж байсан санаанаас гардаггүй юм. Тэр урам зоригоороо нэгдүгээр ангиасаа зураг зурж эхэлсэн. Зургийн уралдаан л зарлавал оролцчихсон л явна. Харин бусад хичээлдээ ёстой таг.

Сургуулиа төгсөхөд жүжигчний юм уу, зургийн ангид орох сонголт миний өмнө байлаа. Багшийн дээд сургуулийн зургийн анги ирэхэд 127 хүүхдээс 123 дугаар байранд арай гэж багтан орж билээ. Харин ур чадвараараа бол дээгүүр оноо авсан. Ерөөсөө л зургийн чиглэл хөөх хувь заяатай байжээ гэж өөрийгөө боддог.

-Та аль нутаг усны хүн билээ?

-Би Дундговь аймгийн Хулд сумын хүн. Манай аав 1945 оны дайнд оролцож явсан юм билээ. Ар талын хангамжийн Адьяа гэхээр андахгүй. Зарим хүн таньдаг юм. Хошууч цолтой, өвчний улмаас армиас халагдсан. Хязгаарт бас үүрэг гүйцэтгэсэн хүн. Ээж маань аавтай дайнаас өмнө ханилсан юм гэсэн. Хөнгөн шингэн хүн байж билээ. 94 нас хүрээд бурхан болсон.

Би хамгийн бага нь болохоор их эрх. Манай аав, ээж хоёр заставт ажиллаж байсан юм гэсэн. Ээж нэг удаа жалганд бие засч байтал шувуу шиг юм шоволзож гэнэ. Тэгэхээр нь нүдний булангаар нэг хүн байгааг заставтаа хэлж улмаар тэр тагнуулыг барьж байсан гэдэг юм.

Амьд байхад нь энэ тухай сонинд нэг удаа ч болтугай яриулчих минь яав даа гэж харамсаж суух юм. Одоо харин хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн ахын “Ээжтэйгээ байхад баян байсан” гэх шүлгийг уншаад өөрийн эрхгүй уйлна. Ээжийн тухай дуу сонсоход бас л эвгүй болно.

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды таны багш гэдэг байх аа?

-Хулд сумаас дөрвөн ч шог зураач төрсөн байдаг юм. “Тоншуул” сэтгүүлийн хэд гэхэд л 20-иодхон хүн байдаг. Тэдний дөрөв нь манай сумаас төрсөн гэдгээр би бахархдаг. Алдарт Байды нутгийн ах төдийгүй багш минь байгаа юм. Нутгаасаа хар багаасаа гараад явчихсан. Би бол багшийнхаа буянаар “Тоншуул” сэтгүүлтэй хувь заяагаа холбосон дунд үеийн төлөөлөгч.

-Шог зураач гэдэг ер нь хэн юм бэ?

-Хошин шог урлаг нэгэн үе хаягдсан. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр улаан хивсний ёслол болж байлаа гэхэд л шог зураач дотогш орох эрхгүй байдаг байсан нь нууц биш.

Эрт үед хааны хажууд байдаг алиа салбадай хааныг баясгаж, бүүр шүүмжилж байсан ч хаад алиа салбадайгаа цаазалж хороодоггүй байсан. Тэр хаад инээд гэдэг ямар ч алт эрдэнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэдгийг мэдэрсэн ухаантнууд байж. Би шог зураачдаа алиа салбадай гэж байгаа юм биш. Хамгийн гол нь нийгэмд инээд бэлэглэдэг ховорхон хүмүүс гэж өргөмжилж байгаа хэрэг.

-Хэдэн оноос хэвлэлд бүтээл чинь нийтлэгдэж эхлэв дээ?

-Би 1983 онд анхны шог зургаа “Эрүүл мэнд” сонинд өгч хэвлүүлсэн. Тэр үед оюутны сарын стипенд 200 төгрөг байсан. Улаанбаатар зочид буудлын хуйцаа зургаан төгрөгийн үнэтэй. Шог зураг маань хэвлэгдсэн чинь шагналд нь 75 төгрөг ирлээ.

Хөдөөний хүүхэд мөнгөгүйдэж гачигдахын зовлонтой ч шог зураг зураад мөнгө олоод байж болох юм байна гэж оюутан байхдаа амтшиж эхлэхгүй юу. Багшийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа эхнэртэйгээ танилцаж, хоёр сайхан үрийн эцэг эх болцгоосон.

-Төгсөөд шууд л “Тоншуул” сэтгүүлийн зураач болсон уу?

-Дундговь аймгийн Гурвансайхан суманд багшилсан. Эхнэр хүүхэд маань хотод болохоор маш их ганцаардаж гансарна. Энд ажиллаж аж төрөхдөө л урлаг бол мөнгө олох хэрэгсэл биш хүмүүний аж төрөхүйн мөн чанар, утга учир болохыг таньж мэдэрсэн.

-Яаж мэдрэв?

-Гурвансайханы номын лангуун дээр тоосонд дарагдан хэвтэж байгаа олон номон дундаас яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Оддын аялгуу” шүлгийн түүвэр, Америкийн зохиолч Жек Лондоны “Мартин Иден” романыг олж авсан минь миний амьдралыг цоо шинэ утга учиртай болгосон.

Тэр их ганцаардал дунд энэ хоёр номоос би урлагийн гайхамшгийг олж харсан. Тэнд би хичээлээ заачихаад өдөр шөнөгүй зургаа зурахдаа жинхэнэ урлаг гэдэг халтуур биш юм байна гэдгийг мэдсэн.

-Тэр үед хотод ажилд орно гэдэг тэнгэрийн умдаг атгахын дайтай хэцүү байсан гэдэг. Улаанбаатарт яаж нэг орж ирэв?

-“Тоншуул” сониноос Ц.Байды багшаас захиа их ирнэ. Хүүхдийн номын зургийн том мастер С.Идэрхангай гэдэг хүнээс Боловсролын яамны “Оюун түлхүүр” сэтгүүлд зураачаар ажиллах санал албан бичгээр ирэхэд магнай хагарам баярласан. Хотод ирнэ гэдэг үнэхээр л сайхан байлгүй яахав.

Зуун дөчөөд мянган хувь хэвлэгддэг “Хөдөлмөр” сонинд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч Тангадын Мандир багш маань миний зургуудыг тэргүүн нүүрэн дээр хэвлүүлдэг байлаа. Тэгж л Монголын зургийн их урлагт орж ирсэн хувь тавиландаа би их баярладаг. Тэр үед “Оюун түлхүүр” сэтгүүл далан таван мянга, “Тоншуул” сонин далан мянган хувь хэвлэгддэг байсан. Ерэн оноос хойш хүүхдийн “Соно”, “Мөөжиг жөөжиг” сэтгүүлүүдийг нөхдийн хамт гаргаж нэг хэсэг явлаа.

Амьдрал хэдий хэцүү ч би амьдралын гүнээс дандаа л аз жаргалыг хайж харж явдаг өөдрөг хүн. Цогтбаярын Жандал гэж Монголын нөхөрсөг шог зургийн их мастер өнөө хэдий үгүй ч ачийг нь мартвал түүн шиг нүгэл хаа байх билээ. Надад их урам онгод хайрласан энэ л хүмүүсийнхээ ачаар өдий зэрэгтэй явна. Шог зураг бол их зөрүүд урлаг. Тиймээс шударга сайхныг л дандаа төсөөлж явах учиртай.

-Өдий олон жилийн уран бүтээл овоо олон болоо биз?

-Их юм хийсэн. Нэгтгэж аваад шог зургийн ном гаргах юмсан гэж бодож байгаа. Гэхдээ хийсэн гэхээсээ илүүтэйгээр хийх юм их бий. Миний тэтгэвэрт гардаг гэж юу байхав. Улсад угаасаа албан ёсоор таван жил ажилласан уу, үгүй хүн шүү дээ. Тиймээс хийсээр, зурсаар байх болно.

Цаашдаа сэтгэлгээний шог зургийг түлхүү зурна гэж бодож байгаа. “Монголын мэдээ” сонинд нэг жил орчим ажиллахдаа бараг 500-гаад зураг зурсан байж билээ. Тэгэхээр багагүй бүтээл бий болов уу. Нэгдсэн тоо алга.

Би ер нь зохион байгуулалтгүй, юмаа цуглуулдаггүй нөхөр байгаа юм. Аа, харин хүүхдийн ном олныг хийсэн. УИХ-ын дөрвөн ч парламентыг дамжин нөхөрсөг элэглэл хийсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Ламбаатай хамтран үзэсгэлэн гаргасан. Парламентын зураач гэхээр шахуу нэг хэсэг ажилласан байх юм.

-УИХ-ын гишүүдийн зурагтай хөзөр хийсэн нь олонд бас нэлээдгүй хүрэх шиг болсон?

-Дандаа л дарга нар зурахын оронд намайг зураач гэх нэгэн байдаг л юм. Одоо харин ард түмнээ зурж сууна.

-Зуруулах янз бүрийн захиалга их ирнэ биз. Хамгийн сонин содон захиалга юу байв?

Бат-Эрдэнэ-Японы Элчин сайд консулуудынхаа дарга нь юм билээ. Нутаг руугаа буцаж байгаа хүн болгоныг надаар зуруулдаг уламжлал тогтсон.

Монголд ирсэн Элчин сайд болгоныг миний зургаар үддэг уламжлалтай. Монголд ирээд буцсаныг нь батлаж аль болох дуртай, дурсгалтай зүйлийг нь би ч шигтгэж өгдөг. Элчин сайдууд ч өөрсдөө хүлээдэг болсон сурагтай байна билээ. Мөн олон улсын нэртэй удирдагчдыг зурж үзсэн. Монгол зураач гэдгээ харуулж, гаргах гээд байгаа хэрэг л дээ. Тухайлбал, В.Путинд жанжин малгай өмсгөж зурсан.

-Та өөрийгөө янз бүрээр зурсан харагддаг. Энэ шувуу болгож зурсан нь ямар учиртай вэ?

-Залуучуудын холбоонд ажиллаж байхад туранхай болохоор нэг л урагшаа хамар, хоёр шанаа харагддаг учир намайг “Нугасны муухай дэгдээхэй” гэдэг байсан юм. Түүнээс үүдэлтэй зураг. Тарган галуу байгаа юм. Болоогүй ээ, тамхи зуучихсан байгаа биз.

-Таныг “шарз” буюу нөхөрсөг шогийн мастер гэдгийг хүмүүс мэднэ. Нийт хэдэн хүний хөрөг зурсан байх юм?

-Би тооцоо гаргаж бодсон чинь жирийн ардаас эхлээд алдар цуутнууд, улс төрийнхөн гээд нийт 5000 орчим хүний хөрөг зурсан байна. Нийгмийн бүх л салбарынхныг зурж. Би нийт дөрвөн парламентын гишүүдийг зурсан. Шог зураг бол нийгмийг эрүүлжүүлэх ганц зэвсэг гэдгийг манайхан хараахан ойлгохгүй байна. Гэхдээ нэг үеийг бодвол урлаг ойлгодог болох шинжтэй.

Бат-Эрдэнэ-Хүний сэтгэлд хүрсэн бүтээл гэж байдаг даа?

-Олонд хүрсэн нь 76 гишүүний зурагтай хөзөр. “Гишүүдийг зурдаг зураач уу” гээд л хүмүүс угтана шүү дээ. Тэр хөзрөөр тоглохоор их сонин тоглолт болно л доо. Зарим нь “Чи болиоч. Юу гэж Гүндалайг Алтанхуягаар даруулах юм” гэх жишээтэй.

Гилийн боол, цэцгийн ноён гэж ярихаасаа илүү Ц.Нямдорж, Д.Арвин гэж хөзрөө нэрлээд л тоглож байгаа харагддаг. Зарим нь хадганд боож нандигнаад авдартаа хийчихсэн байхтай таарч байсан. Би таньдаг малчиндаа хөзөр өгсөн юм. Гэтэл нэг өдөр “Дорж гэдэг юм Н.Энхбаярыг авч явчихаад авчирч өгөхгүй юм” гээд л яриад байна. Тэгсэн нөгөө хөзрийнх нь улаан хүнийг л аваад явчихсан хэрэг. Тухайн үед улаан хүнийг нь Н.Энхбаяраар, хар хүнийг нь Ц.Элбэгдоржоор зурчихсан байсан юм. Хүмүүс их сонин юманд дуртай л даа.

-Шүүмжлэлд хэр их өртөж байв?

-Шүүмжлэлт зураг дээр тийм юм их гардаг байсан. Социализмын сүүл үе л дээ. Тухайн үедээ их зөрчилдөнө. Тухайлбал, би тролейбусыг яст мэлхийн дээр зурчихсан чинь “Монгол, Зөвлөлтийн найрамдлаар бүтсэн нийтийн тээврийн хэрэгслийг удаан гэж шүүмжилж, гаж юм зурсан байна. Ирж хурлаар ор” гэж дуудаж байлаа.

Мөнхбат, бид хоёр П.Жасрай гуайг сармагчин болгоод зурчихсан чинь жаахан эсэргүүцэлтэй тулгарсан. П.Жасрай гуай харин ухаантай хүн байсан учраас биднийг аварч байсан юм. Одоо бол өөр шүү. Бүх юм ил задгай, эрх чөлөөтэй болж.

-Өөрийнхөө зургийг хүмүүс хэр худалдаж авах юм бэ дээ?

-Миний амьдралыг ганц залгуулж байгаа юм чинь л наадах чинь. Энэ олон баяраар хамт олон, гэр бүл, найз нөхөд, амраг хосууд толгойгоо нийлүүлж байгаад л зуруулах жишээтэй. Өмнө нь шог зургийг доромжлол гэж ойлгодог байсан бол одоо зөв талаас нь хүлээж авч байна.

Гэхдээ хошин урлагийн зарим салбар хэт мөнгөнд ороод байгаа нь онцгүй шүү. Хошин урлагийн жүжигчдийн тоглолтын тасалбар тэнгэрт хадаж байна гэсэн сураг сонсогдсон. Үнэн бол буруу л зүйл байгаа юм. Хамаагүй мөнгөнд шунавал урлаг өөрөө мөхөх аюултай. Ард түмнээ мөнгөтэй, мөнгөгүй гэж ялгаварлан гадуурхаж байна гэсэн үг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img