2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Хагас зуун жил эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэн өөрийгөө илчлэв үү?

1970-аад онд Японыг донсолгосон цуврал дэлбэрэлтэд оролцсон хэрэгт тус улсын иргэн Сатоши Киришимаг сэжиглэн, 50 орчим жил түүний инээмсэглэсэн төрх бүхий зураг Япон даяар цагдаагийн газрын “Эрэн сурвалжлагдаж буй хүмүүс” буланд өлгөөтэй байлаа.

Хагас зууны туршид түүнийг цагдаагийнхан эрэн хайсан ч эрлийн учгийг барьж авч чадаагүй байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт гэнэт л нэгэн эр өөрийгөө дэлбэрэлтийг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж буй тэр хүн хэмээн зарлажээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Токио хотоос холгүй орших хавдрын эмнэлгийн өвчтөн өөрийгөө цагдаагийнхан 50 жил хайж буй Киришима хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ түүний баримт бичиг дээр огт өөр нэр байх бөгөөд одоо цагдаагийнхан түүнийг чухам хэн болохыг тогтоохоор ДНХ шинжилгээ хийж байгаа гэнэ.

Эмч нарын өгүүлснээр, өөрийгөө Киришима хэмээн нэрлэсэн өвчтөн эдгэшгүй хүнд хэлбэрийн хавдартай аж.

Киришима холбогдсон цуврал дэлбэрэлт

Сатоши Киришима “Японы дотоод болон гадаад империализмтэй тэмцэх” зорилготой хэмээн дүрэмд нь тусгасан, Дорнод Азийн Зэвсэгт Японы фронт хэмээх Японы зүүний хэт даврагч байгууллагын гишүүн байжээ.

Энэ фронт 1972 онд Токиогийн их сургуулийн түүхийн ангийн оюутан Масаси Дайдози үүсгэн байгуулсан аж.

1972-1975 оны хооронд энэ фронтынхон Мицубиши зэрэг үндэстэн дамнасан томоохон корпорациудын эсрэг хэдэнтээ зэвсэгт халдлага үйлджээ.

Тэдний зохион байгуулсан дэлбэрэлтүүдийн улмаас олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан байна.

1974 оны наймдугаар сард тэд Хирохито зэнэ хааны галт тэрэг явж өнгөрч байсан төмөр замын гүүрийг дэлбэлэхийг оролдсон ч бүтэлгүйтжээ.

1975 оны тавдугаар сард цагдаагийнхан Дайдози болон түүний эхнэр Аяко зэрэг фронтын удирдлагын долоон хүнийг баривчилсан байна.

Харин энэ байгууллагын гол гишүүдээс гагцхүү Сатоши Киришима болон Хасаити Угазин нар зугтаж чадсан бөгөөд тэднийг үндэсний хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн аж.

Хэт даврагчдын хувь заяа

Японы өөр нэг зүүний хэт даврагч байгууллага 1975 онд Куала-Лумпур дахь АНУ-ын Консулын газарт хүмүүсийг барьцаалж, 1977 онд Японы онгоцыг барьцаалан, улмаар Японд баривчлагдсан фронтын гишүүд болох Норио Сасаки, Аяко Дайдози /фронтыг үүсгэн байгуулагчийн эхнэр/ болон Юкико Экида нарыг суллуулжээ.

Харин фронтыг үүсгэн байгуулагч Масаси Дайдози болон дэлбэрэлт зохион байгуулагчдын нэг Тосиаки Масунага нар цаазын ял сонссон бол үлдсэн нь олон жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.

Үүсгэн байгуулагч Дайдози цаазын ялаа хүлээж тэсэлгүй, 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр бие нь муудаж, шоронд нас баржээ. Харин Масунага одоо хэр нь цаазын ял сонссон хүмүүсийн камерт хоригдож, зүүний хэт даврагчдын үзэл санааны талаарх ном бичсээр байгаа гэнэ.

1975 онд цагдаагийнханд баригдаагүй үлдсэн Хасаити Угазин 1982 онд баривчлагджээ.

Харин Японы улаан армийн дайчдын сүрдүүлгийн ачаар суллагдсан Юкико Экида 1995 онд хуурамч бичиг баримтаар Румын руу нэвтэрсний улмаас саатуулагдан түүнийг Япон руу шилжүүлж өгсөн байна.

Харин Норио Сасаки, Аяко Дайдози болон Сатоши Киришима нар өнөөг хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа аж.

Киришима ял сонсох уу?

Японы цагдаагийнхны мэдэгдсэнээр, Киришима одоо 70 настай байх ёстой гэнэ.

Тэрбээр 1975 оны дөрөвдүгээр сард Токиогийн Гинза хотын нэгэн барилгад тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн, алан хядах ажиллагаанд оролцсон болон тэсрэх бодис хууль бусаар хадгалсан, ашигласан хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Түүнийг 50 жилийн туршид хайсан ч олдоогүй. Харин гэнэт хавдрын эмнэлгийн өвчтөн өөрийгөө Киришима хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байна.

Нэгэнт амьд явах хугацаа бага үлдсэн тул үйлдсэн гэм нүглээ наманчилахаар өөрийгөө илчилсэн байж болзошгүй гэж олон нийт үзэж байгаа гэнэ.

Гэхдээ баримт бичиг дээр нь огт өөр хүний нэр байгаа нь цагдаагийнхнаас зугтаж, баригдахгүйн тулд хуурамч баримт бичгээр олон жил амьдарсан байж болзошгүй гэж Японы зарим хэвлэл мэдээлжээ.

Ингээд цагдаагийнхан хавдрын эмнэлгийн өвчтөний хэлсэн үг үнэн эсэхийг шалгахын тулд ДНХ шинжилгээ хийсэн байна.

Хэдийгээр хавдар тусаж, үхлээ хүлээж байгаа эр Киришима мөн гэдэг нь ДНХ шинжилгээгээр тогтоогдсон ч тэрбээр үйлдсэн хэргийнхээ төлөө ял шийтгэл хүлээх нь эргэлзээтэй гэнэ.

Японы зарим хуульчдын өгүүлснээр, түүний үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Засгийн газар 50 жилийн өмнөх хэргийн буруутанд ял шийтгэл оноохоор тусгай журам хэрэгжүүлсэн ч хорт хавдрын сүүлчийн шатандаа орсон тэрбээр ял шийтгэлээ сонсоход нас нь хүрэхгүй байх магадлалтай аж.

Өөрийгөө Киришима гэж зарласан өвчтөн эр амьдрах нас хэдхэн сараар хэмжигдэж байгаа тул үлдсэн цаг хугацаагаа жинхэнэ нэрээрээ дуудуулж өнгөрөөхийг хүссэн хэмээн мэдэгджээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img