2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Допингийн хэрэгт холбогдсон Валиева дэвжээнд гарах эрхгүй болов

2022 онд Бээжингийн олимпын үеэр дэлхий дахиныг шуугиулж, хосгүй чадвараараа олны нүдийг баясгаж байсан Оросын уран гулгагч Камила Валиева олимпын дэвжээг мөн л дуулиан тарин орхиж байлаа.

Түүнээс хориотой бодис илэрсний улмаас олимпын бусад тэмцээнд оролцуулаагүйгээр үл барам ОХУ-ын уран гулгалтын шигшээ баг алтан медалиа хүртэж чадаагүй юм.

Энэ хэрэг шалгагдах гэж сунжирсаар саяхан нэг мөр шийджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Лозанна дахь Спортын арбитрын шүүх ОХУ-ын 17 настай уран гулгагч Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзэн дөрвөн жилийн хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ.

Валиева 2022 оны Бээжингийн олимпод оролцож байх үед нь түүний сэргээшийн дээжээс триметазидин хэмээх хориотой бодис олсон юм. Ингээд 2023 оны есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Валиеватай холбоотой хэргийн сонсгол болж, улмаар 2023 оны 11 дүгээр сард нэмэлт хоёр хурал зохион байгуулагджээ.

Эдгээр хуралд Валиева видео холбоогоор холбогдон оролцсон байна.

Улмаар Валиева допинг хэрэглэсэн гэх хэрэгтэй холбоотой хурал өндөрлөж, энэ долоо хоногт шийдвэрээ зарласан бөгөөд Спортын арбитрын шүүхийн шийдвэрт Камила Валиеваг допингийн эсрэг журмыг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Валиева допинг хэрэглэсэн гэсэн шийдвэр гарсан тул түүнийг дөрвөн жилийн хугацаанд тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна.

Тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийн хугацаа шинжилгээ өгсөн өдрөөс буюу 2021 оны 12 дугаар сараас эхлэн тооцогдох аж. Ингэснээр 2025 оноос эхлэн Валиева дахин мөсөн дэвжээнээ гарах боломжтой юм байна.

Валиева допингийн эсрэг журмыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан тул хэрэг мөрдөгдөх хугацаанд түүний хүртсэн бүхий л цол хэргэм тэр дундаа Европын аварга, Олимпын наадмын багийн аварга цолыг хураах аж.

Спортын арбитрын шүүхээс гаргасан хэвлэлийн мэдээлэлд өгүүлснээр, Валиева допингийн эсрэг журмыг санаатай зөрчөөгүй гэдгээ баталж чадсан бол ийм хатуу шийтгэл түүнд оноохгүй байсан гэнэ.

Валиевагийн шинжилгээнд өгсөн дээжинд триметазидин илэрснийг Валиева болон түүний өмгөөлөгчид эсэргүүцээгүй аж.

Валиева гэм буруутай нь тогтоогдож, түүний спортын амжилтуудыг цуцалснаар 2022 оны Европын аваргаар Оросын өөр нэг уран гулгагч болох Анна Щербакова тодрох юм.

Хэн, юу хэлэв?

Спортын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Камила Валиева болон түүний дасгалжуулагч Этери Тутберизе нар одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байна. “Р-Спорт” сонины мэдээлснээр, Валиеваг бэлтгэл хийж байх үед нь түүнд спортын арбитрын шийдвэрийг дуулгасан гэнэ.

Түүнчлэн энэ мэдээлэл гарсны дараа Валиева инстаграм хуудсандаа гунигтай аян дээр гулгаж байгаа бичлэгийн хэсгээ оруулжээ.

Валиеваг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасантай холбоотойгоор Кремлийн төлөөлөгчид ч байр сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ шийдвэрийг “улстөржсөн шийдвэр” хэмээн нэрлэжээ.

“Давж заалдах зэрэг механизм байдаг бол тэдгээрийг ашиглах ёстой. Бид тамирчдынхаа ашиг сонирхлыг эцсээ хүртэл хамгаалах ёстой” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг 30 хоногийн дотор Швейарын Холбооны шүүхэд хандан давж заалдах боломжтой бөгөөд ийнхүү давж заалдахгүй бол шийдвэр эцсийнх, талууд зайлшгүй мөрдөх шаардлагатай болдог юм.

Валиеваг тодорхой хугацаанд тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг WADA дэмжин хүлээн авсны дээр дэлхийн улс орнуудад хандан, хүүхдэд допинг хэрэглүүлэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хууль батлахыг уриалжээ.

Түүнчлэн Америкийн Допингийн эсрэг агентлагийн тэргүүн Трэвис Тайгерт ч энэ хэрэгтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн байна.

“Олимпод шударгаар өрсөлдсөн тамирчид шударга ёс удаан хугацааны дараа ч гэсэн тогтсонд баярлаж, тайвширна гэж найдаж байна. Гэхдээ үүний зэрэгцээ системийн золиос болсон, Оросын өөр нэг тамирчин, энэ удаад 15-хан настай охины төлөө бидний сэтгэл зүрх шаналж байна” хэмээн Трэвис Тайгерт мэдэгджээ.

Валиева холбогдсон допингийн хэрэг

Валиева нэр холбогдсон допингийн дуулиан 2022 оны олимпын ид дунд дэгдсэн юм.

Тухайн үед 15-хан настай байсан Валиева шилдгүүдийг өнгөлж, багийнхныхаа хамтаар алтан медалийн болзол хангаж, дэлхий дахины анхаарлыг татаад байсан тэр үед Валиевагийн сорьцноос допинг илэрсэн гэх таагүй мэдээлэл цацагдсан юм.

Валиева 2022 оны Оросын аварга шалгаруулах тэмцээний үеэр өгсөн сорьцоос триметазидин хэмээх хориотой эмийн бодис илэрч, энэ сорьцыг Стокгольмийн лабораторид шалгаж эхэлсэн ч үр дүн нь гаралгүй ихээхэн удаж байв.

Хэрэг мандсаны дараа Спортын арбитрын шүүх Бээжинд хуралдаж, Валиеваг ганцаарчилсан төрлөөр оролцох тэмцээнд орохыг зөвшөөрч байлаа. Тухайн үед Валиева 16 нас ч хүрээгүй, сорьц өгөх үедээ “хамгаалагдсан этгээд” байсан тул ийм шийдвэр гаргаж байв.

Гэсэн ч нэгэнт ийм мэдээ сонссон Валиева ганцаарчилсан төрөлдөө амжилт гаргаж чадсангүй, тэрбээр энэ төрөлд дөрөвдүгээр байранд орсон юм. Түүнчлэн Валиевагийн сорьцны асуудлаас болж Оросын уран гулгалтын багийнхан алтан медиалаа одоо хүртэл гардаж аваагүй л байна.

Бээжингийн олимпын үеэр дуулиан дэгдэхэд л Валиева өвөөтэйгээ хамт амьдарч, нэг сав суулга хэрэглэдэг байсны улмаас допинг биеэс нь илэрсэн байж болзошгүй хэмээж байв. Түүний өвөө нь эмчийн заалтаар триметазидин эмийг уудаг аж.

Ингээд хэргийг шалгах ажил удааширсаар, хоёр жил орчим үргэлжилсний эцэст Валиева гэм буруутайд тооцогдож, эрхээ хасуулсны дээр өмнө нь хүртсэн цолоо хураалгахаар болов. Тэрбээр сорьцод хамааралтай хугацаанд буюу 2022 онд Европын аварга болж байсан юм.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img