2024-10-28, Даваа
1.8 C
Ulaanbaatar

Г.Тэрбиш: Миний зохиосон “Увс нуур” халтуурны аятай байсан бол яалаа гэж Увсынхны сүлд дуу болохов

Монгол Улсын гавьяат жүжигчин, найраг баянхуурч, хөгжмийн зохиолч Г.Тэрбиштэй уулзаж хөөрөлдлөө.

– Алдарт Батсуурь аварга миний нагац ах л даа –

-Уулзсан хүмүүс нэг л цөвүүн цагт арга ядан аж төрж буй юм шиг их эвэр хошуулцгаах юм. Та сайхан өвөлжөөд байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Он сайхан гарлаа. Би ард түмний хайрыг нөмөрч, хайранд хучигдаж амьдарч байна. Манай Бавуугийн Лхагвасүрэн “Ээжийн цагаан сүү нөмөрч өссөөн” гэдэг шиг жаргаж л явна.

Энэ оны босгон дээр олон сайхан найрагчтай ойртож танилцлаа. Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, их эрдэмтэн Б.Ринчений шавь Т.Галсан ахтай өнгөрөгч намар төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа багшийн ойгоор Баянхонгор явахдаа бүүр сайхан дотнослоо.

-Та хоёр чинь өмнө нь хамтарч уран бүтээл хийх ч юм уу, хундага дарсны ард хамт сууж байгаагүй хоёр уу?

-Тэнгэр бид хоёрыг тэгж учруулаагүй байхгүй юу. Би Улаанбаатар хотод долоодугаар ангийн хүүхэд орж ирэхдээ Галсан найрагчийг “Төрд тэрсэлсэн, Баянхонгорт тэмээчнээр цөлөгдсөн хүн юм гэнэ ээ.

Их сургуулийнхаа ромбыг малгай дээрээ зүүчихээд “Би энэ сүйхэлжинг зүрхээрээ аваагүй тархиараа авсан юм” гэж хэлдэг ёж үгсийг нь мэддэг байснаас Галсан гуайг алиа шогч, ардын ерөөлч хүн байна даа гэж боддог байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадашийн цолны мялаалгын найран дээр бид хоёр “километр” зайтай суусан юм.

Нацагийн Жанцанноров багшийн ардын жүжигчний найран дээр бас л ойрхон сууж чадаагүй. “Өрөөсөн жигүүртэй шувуу” гэж дууны шүлгийн номоо нэгэнтээ өгснийг нь Шувуун фабрикийн уран бүтээлийн гэртээ орхичихсон. Харин намар хамт явахдаа гайхамшигтай соён гэгээрүүлэгч хүн гэдгийг нь мэдэрсэн. Тэгээд Галсан гуайд хамтарч дуу зохиоё гэсэн санал тавьсан юм.

-Өвгөн найрагч тэгсэн юу гэж байх юм бэ?

-Мөрдорж багш ардын богино дууг завхай дуу гэдэг байсан. Тиймээс би Галсан гуайд “Та надад завхай дууны шүлэг зохиогоод өг. Хошин дуу байвал бүүр сайн” гэлээ. Тэгсэн саяхан утасдтал “Хүрээд ир” гэж байна. Очтол “Тэмээчний омогшил” гэж их сайхан дууны найраг өглөө. Би гэртээ ирүүт аялгуу хийсэн. Баянхонгорын уугуул хүү, алдарт гарч яваа дуучин Баярмагнайгаар дуулуулах гээд байж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Чөлөөт уран бүтээлч болсон ч аккордианаа мөрнөөсөө тайлаагүй хэвээр, хөгжмөө туурвисаар явна. Гавьяаныхаа амралтанд гарсан ч гэсэн гандан буурахгүй л явна.

-Та ч урын сандаа овоо олон дуутай даа?

-Дан хөгжмийн бүтээл, найрал дуу, нийтийн болон мэргэжлийн дууны 450-иадхан бүтээл байна.

-Олонд танигдсан бүтээлүүд тань ч үнэхээр сайхан шүү?

-“Сайн байна уу, ээж ээ”, “Эрээн нуур”, “Наадмын морьдын тоос”, “Наран тотгот наадам”, “Увс нуур”, “Ганга нуур”, “Найман нуур”, Г.Жанчив агсны дуулсан “Дэлгэр мөрөн”, гавьяат жүжигчин Г.Батбаярын дуулсан “Галшарын унага”, дуурийн алдарт дуучин П.Ганбат агсан эхэлж дуулаад сүүлд нь ардын жүжигчин А.Дашпэлжээгийн дуулсан “Тольтой мөнгөн эмээл” гээд лус савдгийг баярлуулсан нэлээд олон дуу бий. Би уран бүтээл хийхдээ тооны төлөө хөөцөлдөөгүй.

Хэдхээн дуу зохиогоод ард түмнээ, байгаль хангайгаа баярлуулъя гэж анх бодсон. Сүүлд бүртгээд үзтэл өдий тооны юм болж. Хаяж гээгдсэн ч байгаа л байх. Энэ дуунуудын ихэнх нь дуулах эзнээ хүлээж байгаа. СУИС болон бусад урлагийн сургуулиудаас олон дуучин төгсөж байна л даа. Гэхдээ л надад дуулагдаагүй дуу их байгаа.

Г.Тэрбиш-Эзнээ олоогүй хэд орчим дуу байх юм?

-Дуулагдсан зуу орчим дуу байгаа болов уу. Радиогийн алтан санд бараг зуугаад дуу байгаа байх. Дуунаас гадна тайзны бүжгийн хөгжим, олуулаа бүжгийн аяз нэлээд бий. Тухайлбал, ансамблийн “Морьт цэргийн бүжиг”, “Тангаргийн баяр”, “Уран хээ” гээд гавьяат Ламжав гуайн дэглэсэн бүжгийн хөгжмүүд өнөөдөр хүртэл тоглогдсоор байгаа.

Мэргэжлийн марш, цэргийн дуунууд ч ЦДБЭЧ-ын урын санд их байгаа. За, дөрөв таван симфони байна. Гар хуруу загатнасандаа би энэ олон бүтээлийг туурвиагүй. Төр нийгмийн захиалгаар бүтээсэн л гэж боддог. Эцэг, эхээс төрөхөд л ийм сайхан үйлийн үртэй байсан юм байлгүй.

-Уран бүтээл туурвихыг зохиолч В.Инжанаши “Тамын жаргал” гэсэн маягтай бичсэн байдаг даа?

-Тэгж хэлж болно. Би бясалгал хийдэг хүний хувьд муу юм яримааргүй байна. Гэхдээ наад үг чинь үнэн шүү. Бид өөрсдөө л тархиа зовоож байж оюунаа шавхаж бүтээж байгаа учраас ард түмэн хүлээж авч байгаа.

Тэгээгүй, зүгээр л нэг “Эрээн нуур”, “Дэлгэр мөрөн” гээд шүлстээд хаячихсан ая байсан бол яалаа гэж энэ дуунуудыг Говь-Алтайнхан, Хөвсгөлийнхөн амны уншлага болтол дуулах вэ дээ. Хэрвээ нэг халтуурны аятай байсан бол “Увс нуур” дуу яалаа гэж Увсынхны сүлд дуу болов гэж.

-Увсынхан ч нутгийнх нь бөх түрүүлэнгүүт “Увс нуур”-ыг дуулаад л Төв цэнгэлдэхийг долгисуулаад хаячихдаг юм билээ?

-Харин тэгдэг юм байна лээ.

-Сүлд дууг нь зохиож өгсөн гээд увсынхан танд шагнал урамшуулал өгсөн тохиолдол байна уу?

-Увс аймгийнхан надад их хайртай байдаг юм. Увс аймгийн ерэн жилийн ой болоход урьсан. “Тэр далай их наадамд хутгалдаж очоод намайг тоох хүн байгаа ч уу” гэж бодоод очоогүй. 2005 онд Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Увс нуур” дууг сүлд дуугаа болгож баталсан юм байна.

Тэгсэн цахим ертөнцөд “Гавьяат жүжигчин Г.Тэрбиш “Увс нуур” дууг зохиож өгсөнд Увсынхан талархаж америк жийп бэлэглэв” гэж тавьсан байна лээ. Хэзээ нэг цагт надад тийм сайхан унаа өгөх юм байна гэж би хувьдаа баярлаад байгаа. Тэр машинаа унаад би хаа хүрнэ гэж бодож байна.

-Хаа хүрнэ гэж?

-Говь-Алтайгаа нэг орно. Сайхан шүү дээ.

-Та ч тэгвэл бүтээлээрээ мундаг “баяжаа” л байгаа хөгжмийн зохиолч байна даа?

-Өө, би баян. Хорин нэгэн аймагт зөндөө малтай. Адуу мал сүргээрээ л байгаа. Бөхчүүд бол нэхэл хатуутай учраас хүн мал бэлэглүүт л маргааш нь очоод тамгалж тэмдэглээд авчихдаг юм.

Айлын хүргэнийг “Цэргийн шалдан банди” гэж ярьж байдаг даа. Би тэрэн шиг л цэргийн шалдан банди юм чинь Увсаас, Өмнөговиос, Дундговиос яаж малаа цуглуулж чадахав. (инээв) Манай Говь-Алтайн Жаргалан сум хүртэл “Эрээн нуур”-ын хорин таван жилийн ойгоор таван хошуу мал өгсөн. Би одоо хүртэл нэхэж авч чадаагүй л явна. Тэр малчныхаа ч хөлс цалинг өгч амжаагүй л байгаа.

-Өвлийн идшээр харин ч нэг айдаггүй юм биш үү, та?

-Тэр олон малчдынхаараа очдоггүй, эргэж уулзахгүй болохоор хаа, ямар мал байгааг ч мэддэггүй. Итгэлт баян байсан бол ч “Дотроо дугуйтай нь хээлтэй мал” гээд л нэг бүрчлэн данслаад авах байх л даа.

Малчдынхаараа ч бууж амжихгүй. Хаа нэгтээ очингуутаа тоглочихоод, ансамблийн муу автобусандаа суугаад буцчихаж байгаа юм чинь. Малын эзэн тааралдвал гэргийнхээ өгсөн боодолтой бэлгийг гардуулж “Таван хошуу мал маань өсөх болтугай” гэж ерөөхөө бас мартахгүй ээ.

Энэ гоё шүү. Дорнодын Хөлөнбуйрт ч илүү нугаламтай хонин сүрэг надад байж л байна. Гавьяат жүжигчин Гончигийн Жанчив шүлгийг нь бичсэн “Хөлөнбуйр нутаг” гэж сайхан дууны минь буян тэр.

-Яг одоо ямар уран бүтээл туурвиж байна?

-Оны зааг дээр “Сүлд” телевизийн “Эрдэнийн эрхи” нэвтрүүлэгт гурван ч найрагч бүсгүйтэй хамт оролцсон юм. “АПИ-МОН” амьд зөгийн эмнэлгийн захирал, яруу найрагч Жалбуугийн Ганчимэг “Арван хоёулаа билээ, бид” шүлгээ уншсан. Би тоо орсон шүлэг дуу болдоггүй гэж бодож явдаг байлаа. Тэгсэн тэр шүлэг аялгуу дагуулж бичигдсэн шүлэг байх юм. “Тэнгэрийн шившлэг” номыг нь харж байгаад эл шүлгээр дуу хийлээ.

Тэр бол бадагт хэлбэрийн биш дууль дуу болсон. Өмнөд Монголын дуучин Тэнгэр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Би хамгийн анх “Сайн байна уу, ээж ээ” хэмээх монгол дууг дуулж сурсан” гэхэд би их баярласан. Ээжийгээ мэнд сэрүүн байхад 1968 онд Барилгын хоёрдугаар батольоны барилгачин, байлдагч түрүүч байхдаа би энэ дуугаа зохиож байсан юм. Ж.Ганчимэгийн “Тэнгэр” гэж их сайхан шүлэг байна аа.

“Сартайхан байлаа ч
Салхитайхан байлаа ч
Хөх тэнгэр та
Эзэн заяаны ээлтэй бурхан
Ээжийн адилаар биднийг ивээдэг ээ
Энэрэлт тэнгэр ээ” гэсэн шүлэгт аялгуу зохиож Тэнгэр хэмээх тэр том дуучнаар дуулуулъя гэж бодлоо.

-Найраг баянхуур үнэхээр эгшиглэнтэй хөгжим шүү. Та хөгжим гэдэг жинхэнэ утгаар нь амилуулдаг болохоор ч тэгж санагддаг байж магадгүй. Хэдэн насандаа анх дарж сурав. Таны залгамж болсон пиано аккордианч төрөх нь үү?

-Шатрын агуу их мастер Фишер “Танаас илүү шатарчин байна уу” гэхэд “Одоохондоо би л байна даа” гэсэн гэдэг. Мухамед Али бас тэгсэн гэдэг шиг одоохондоо би л Монголдоо энэ хөгжмөөр дагнан тоглож байна даа.

Энэ хөгжмийг чинь уг нь “Тэврээд явдаг төгөлдөр хуур” гэж дэлхий даяар үнэлдэг юм шүү дээ. Төгөлдөр хуурыг бол тийм ч амар хөдөө гадаа аваад явчихгүй еэ дээ. Тэгэхэд найраг баянхуур авсаархан, хамгийн гол нь төгөлдөр хуурын тоглох бүх аялгууг гаргадаг. Оросын яруу найрагч Евгений Евтушенко Монголд айлчлаад буцахдаа Бал даргад “Танайх говьтой, хангайтай үнэхээр сайхан орон юм.

Даанч авьяастныг бордох газар л байхгүй юм” гэсэн гэдэг шиг найраг баянхуурын нэг ангийг урлагийн сургуулиуддаа байгуулчихвал Монгол Улсад их л хэрэгтэй байсан юм.

Тэгэхэд өнөөдөр морин хуурын төчнөөн анги, төгөлдөр хуурын зөндөө анги байдаг. Төгсөгчид очоод хөгжимдье гэсэн ч дуугарахгүй, хөггүй хэдэн эвдэрхий төгөлдөр хуураас өөр юм театр, чуулгуудад нь байдаггүй. Энэ их харамсалтай хэрэг шүү. Монголд сонсголоороо болон ноот хараад тоглочихдог мэргэжлийн шахуу баянхуурч, аккордианч олон бий.

Миний хувьд таван настайгаасаа аман хуур тоглож сурсан юм. Аймгаас нутаг заагдсан тэнсэн ялтай Дашпунцаг гэдэг хүн манай Жаргаланд шохой шатаах ажил эрхэлдэг байсан. Тэр Дашпунцаг гуай охиндоо, надад, манай эгчид нэг нэг аман хуур авчирч бэлэглэсэн юм.

Г.Тэрбиш-Өө бас сонин л тохиол юм даа?

-Миний бага эгч Цагаач гэж хөдөлмөрийн баатрын болзлыг хоёр гурван ч удаа хангасан шувуучин хүн байлаа. Тэр үед бид гурав аман хуур гэж гайхамшигтай дуу ордог хөгжим гэдгийг огт мэдэхгүй худлаа л шүгэлдүүлж үлээгээд л орилуулж явдаг байлаа. Миний ууган ах Содномцэрэн гэж Завхан аймагт сургууль төгссөн мундаг нягтлан бодогч хүн байлаа. Энэ өндөр ахыг аав Завханы Цагаанчулуутаас адуу малын өр нэхээд ир гэсэн чинь авлаганд пягтруул гэдэг юм аваад ирдэг байгаа.

Цагаанчулуут чинь Цэрэнпунцаг гарьд, агуу дуучин Адарсүрэн аваргуудын нутаг шүү дээ. Пягтруулыг Жамцын Бадраа багш эгшигт хайрцаг гэж мөн гоё нэрлэсэн юм шүү. Нөгөө эгшигт хайрцгаар чинь “Учиртай гурван толгой” дуурь, Оросын мундаг симфони оркестр сонссоор байгаад урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. Тэр үед манай сумын кино механикч байсан Чойдог ах манай Завхан гол багт ирж кино гаргахдаа миний аман хууранд “Хүмүүн төрөлхтөн”-ий аяыг тоглолоо. Энэ Чойдог ах ноот мэдэхгүй мөртлөө хөгжмийн мундаг сонсголтой хүн байсан.

Хожим “Алтай” чуулгын хөгжмийн найруулжуулгыг хийдэг хөгжмийн зохиолч хүн байсан. Тэгж л хөдөөгийн эгэл жирийн хүү би анх аман хуурыг дуу оруулж болдог гайхамшигтай амьтай хөгжим юм байна гэдгийг мэдэрсэн дээ. Жаргалантын Нурамтын овоог тахих наадамд Батсуурь ах түрүүлж, би их баярлан хадны цуурайтай нийлүүлэн аман хуураа үлээж байсан минь одоо бодоход анхны хөгжмийн бүтээл маань байж. Хожим би ахдаа зориулж “Аварга Батсуурь” гэдэг дуу хүртэл зохиосон.

-Монгол Улсын аварга Шаравын Батсуурь таны хамаатан юм уу?

-Тэр том бөх чинь миний нагац ах л даа. Бид хоёр чинь эгч дүүсийн хүүхдүүд байхгүй юу. Тиймээс миний гар чинь ийм том байгаа юм. Даанч би мэх сураагүй. Нохой мордох ганцхан мэхтэй. Тэр мэхээрээ ансамблийн хэд хэдэн нөхөртэй мөрий тавьж давж л байлаа. Аман хуур сурсны дараа сургуульд орсон хойно аав Шуя хотод үйлдвэрлэсэн гармони хөгжим авч өгсөн. Аав, Чойдог ах, Говь-Алтайг эрүүлжүүлсэн эмч Галсангийн Миеэжав гэж Монгол Улсын циркийн нэгдүгээр зэргийн калернитчин нар миний анхны багш нар болсон доо.

-Мундгуудаас хэн таны багш байв?

-Самбын Гончигсумлаа багш байна. Ерээд онд картын барааны үеэр багш гэртээ их урина. Очихоор ганц юм задална. Тэгтлээ нэг их уугаад байдаггүй хүн шүү дээ. Хамгийн гол нь уухаасаа илүү ярьж сууж юмаа үлдээх ухаан нь байхгүй юу. Тэрбиш гэдэг хүүд өөрийнхөө явсан зам мөрийг, өөрийнхөө багш, алдарт хөгжимчин Түдэв гүнийг ярьж үлдээх гэж дуудаж, дөрөвдүгээр дэлгүүр рүү хамт алхаж, картын бараанд дугаарлаж зогсдог байсан юм билээ.

“Түдэв багш хуучраар гайхамшигтай тоглодог учраас Богд хаанаас гүн цолоор шагнагдсан юм билээ” гэдгийг ойлгуулах гэж дууддаг байж. Гончигсумлаа, Бирваа, Хаянхярваа нарын Монголын хөгжмийн бурхадтай хөдөө гадаа хамт явж, ойр дотно явахдаа “Энэ чинь зүүд үү, юу вэ” гэж өөрийгөө чимхэж үзэх нь халаг хувь заяагаараа бахархдаг байсан даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img