2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Яруу найрагч Ц.Доржсэмбийн ангийн багш Ц.Эрдэнэбаатар: Доржсэмбээгээ болор хундагаар шагнасандаа одоо ч харамсаж явдаг

Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Цэндийн Доржсэмбэ анд минь мэнд сэрүүн сэн бол өнөөдөр 49 насны босго алхах байв. Амьд гэгээн ахуйдаа тэрээр “Хэнд би таалагдах ёстой вэ”, “Хэддэх бороо”, “Харсан тэнгэр” номуудаа хэвлүүлж, Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь”, МУСГЗ, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн нэрэмжит “Есөн намрын зээргэнэ” яруу найргийн наадмуудын тэргүүн байр эзэлж явсан авьяаслаг найрагч байсан юм. Түүний сурагч ахуйн анги удирдсан багш Цэрэнхүүгийн Эрдэнэбаатартай уулзаж хөөрөлдлөө. 

-Та яруу найрагч Цэндийн Доржсэмбийн ангийн удирдсан багш байсан гэл үү?
-Тийм ээ. Би 1983 онд дөнгөж цэргээс халагдаж ирчихээд байж байтал манай Өлзийт сумын найман жилийн дунд сургуулийн захирал “сахал” Тогоо багш дуудлаа. “Юу хийгээд хаагуур яваад байна” гэдэг юм байна. Би байрын багшийн ажил хийж байгаад цэрэгт явчихсан юм л даа. Тэгсэн “Ажилд орно оо хө, чи” гэдэг юм байна. Би ч “За” л гэлээ. “Уурын зууханд кочегар (галч) хий” гэнэ. “За” л гэлээ, одоо яахав дээ. (инээв)
Есөн сарын 15-наас арван сарын 1-ний хооронд уурын зуухны ээлжинд дөрөв тав гарчихаад өглөө ажлаасаа буугаад явж байсан чинь жижүүр “Захирал чамайг одоохон ороод ир гэж байна” гэлээ. Орсон чинь “Хувцсаа солиод, нүүр гараа угаачихаад хүрээд ир. Ангиа хүлээж ав” гэж авдаг юм. “Айн” гээд гайхсан чинь “Чамд би анги хүлээлгэж өгч байна. Тушаал чинь гарчихсан. Бага ангийн багш болгож байна. Үдээс хойш ангийг чинь хүлээлгэж өгнө” гэхгүй юу. Өө, тэгэнгүүт чинь бөөн баяр гэртээ ирээд, нүүрсний хувцсаа тайлж шидчихээд, толгойгоо угааж нэг юм хүнэрхүү юм болчихоод, костюм хослол өмсчихөөд хүрээд очлоо доо.
-За ингээд тушаал дэвшээд багш болчихлоо…
-Тэгсэн Доржсэмбийн ангийг надад хүлээлгэж өгч байсан юм. Хоёрдугаар ангиас нь би хичээл зааж эхэлсэн. Хоёрдугаар ангид нь тэднийг аваад гуравдугаар ангид нь өөр багш орсон. Тэднийг гурав, дөрөвдүгээр ангид сурч байхад би Бууцагаан суманд математикийн багшаар томилогдон ажиллаж байсан.
Аймагт Багш нарын бага хуралд суугаад явж байсан чинь Тогоо захирал тааралдаад “Чи сумандаа ирж ажилла” гэж мундагдаад иртэл миний нөгөө анги чинь тавдугаар анги болчихсон хүлээж байхгүй юу.
-Тэгээд хувь заяагаар дахиад нөгөө ангийнхаа багш болчихжээ дээ?
-Тэгж ангийнх нь багш болж наймдугаар анги төгсгөсөн дөө.
-Таны тэр ангид хэн хэн суралцаж байв?
-МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэндийн Доржсэмбэ маань байна. УИХ-ын гишүүн Адьяасүрэн, Өлзийт сумын одоогийн Засаг дарга Т.Эрдэнэбат, их эмч Янжиндулам, гавьяат уурхайчин Дашийн Чулуунбаатарын дүү Дэнсмаа гэж бүсгүй Налайхад эмчээр ажиллаж байна. Энэ Өлзийтдөө аймгийн аварга малчин болсон нөхөд нь олон байна. Сумын төвд цэцэрлэгийн багш Тамир гэж бүсгүй байна.
-Доржсэмбийн ангийнхан аль хэр дүрсгүй нөхөд байв?
-Би жаахан нээлттэй багш байсан юм байлгүй дээ, манай ангийнхан чинь хөл толгойгүй нөхөд байсан шүү дээ.
-Хөл толгойгүй яасан гэнэ ээ. Сахилгагүй гэсэн үг үү?
-Аа сахилгагүй гэж дүүрсэн амьтад. 15 охин, 15 бандитай байлаа. Гучин хүүхэдтэй 5-ын Б бүлэг.
-Найрагч маань ямаршуухан хүүхэд байв?
-Доржсэмбээ ном их уншина. Зайлуул, нэг муу шүлэг тэрлээд байх санаатай. Тэрийг нь хөгжүүлэх гээд хөөрхөн дөгөөнө өө. Би чинь бас хүнээр бол бичээд байдаг юм шүү дээ, хо хо. (Хүүхэд шиг толгойгоо илж ичингүйрэв. Л.Б)
-Та ном бүтээл гаргаж байсан хүн үү?
-Өлзийт сумын Хүн эмнэлгийн 80 жилийн ойн номыг хийсэн. Сургуулийн 90 жилийн ойн номыг хийсэн. Сумын “Нутгийн хөгжил” гэсэн гурван номтой. Хэлбичгийн ухааны доктор Шадавын Лувсанвандан багшид зориулсан дууг бичсэн. Өлзийт сумын сургуулийн сүлд дууны үгийг бичсэн.
-За, ингээд Сэмбийг хүүхэд байхаас нь урмын ташуур хайрлаж, хөөрхөн түлхүүрдээд байв уу?
-Нөгөөхийг чинь хөөрхөн санаа гаргаад байхаар нь их дэмжинэ ээ. Нэг удаа “Болжмор” гээд шүлэг бичээд ирэв ээ.
-“Болжмор болжмор хөөрхөн дөө. Боов талханд дуртай даа”-гаас арай өөр шүлэг байлгүй дээ?
-Хүүхдүүд болжмор чавхаар харвасан юм байна л даа. Чавхаар харвуулж ойчоод тийчилж үхэж байгаа болжморыг өрөвдөөд, болжмор өрөвдөж уйлан хүүхдүүдэд шоглуулсан тухайгаа нэг тийм юм биччихсэн байна аа.
Доржсамбын-Сэмбэ ч их өрөвчхөн зөөлөн хүн л дээ…
-Тэгэхээр нь би шавьдаа “За миний хүү, чи ёстой хамгийн гоё сэдэв сонгосон байна” гэж урам хайрлалаа. Тэр шүлэг чинь ингэж эхэлдэг юм аа.
  “Чавхны чулуу харваж
   Чангаар очиж онохуй
   Чарлаж хөөрхий болжмор
   Шон доор цустайгаа унав.
   Хөөрхий би уйлав
   Хөвүүд бүгдээр намайг шоолов” гэсэн юм бичсэн байхгүй юу.
-Хүүхдийн сэтгэхүйгээр ёстой хөөрхөн шүлэг бичсэн байна ш дээ…
-Тэгэхээр нь би “Миний хүү энийгээ арай гоё болго. “Чавхны чулуу Чадхийн үсэрч Хөөрхий болжмор Хөсөр унав. Шонгийн оройгоос цус нь цувж газарт шингэв” гэсэн тиймэрхүү байдлаар бич дээ” гэсэнд тэгж бичээд. Тэр үед яруу найргийн “Болор цом” наадам зурагтаар гарна. Суманд бас “Болор цом” зохион байгуулна. Анхны “Болор цом”-д Доржсэмбээ орлоо.
-Доржсэмбэ найрагч хэддүгээр ангийн сурагч байв?
-Долоодугаар ангийн хүүхэд байсан. Би бас оролцож байгаа юм. Боловсролын хэлтсийн дарга байсан Ёлын Сүхбат нэгдүгээр байрт, хоёрт Доржсэмбээ ороод, гуравдугаар байрт Тамгын газрын Хүрэлбаатар бид хоёр орлоо. Энэ бас л их сонин түүх шүү. (инээв. Л.Б) Доржсэмбээгээ сумын наадамд байр эзэлчихээр хүүхдүүдийн дунд (манай анги “Анги-долоо хоног” хийгээд) яруу найргийн наадам хийлээ. Би нэг юманд шавийнхаа багшийн хувьд одоо хүртэл нэг юманд харамсаж явдаг юм.
-Юунд харамсаж явна?
-Тэр үед болор цом өгч чадахгүй шүү дээ. Дэлгүүрт болор рюнкнүүд (хундаганууд) зардаг байлаа шүү дээ. “Болор аяга” гэж яруу найргийн тэмцээн явуулаад, Доржсэмбээ маань түрүүлээд, хоёрдугаар байрт “Улаан-Од” (“Соёмбо” нэртэй болсон) сонины сурвалжлагч байсан хурандаа Цэнд-Аюушийн Төрмөнх аман хүзүүдлээ.
Тэгэхэд Төрмөнх наймдугаар ангийн сурагч байсан. Математикийн багш Ё.Сүхбат бид шүүж байсан юм. Доржсэмбийг түрүүлэхэд тэр рюнкнээс нэгийг аваад Болор цомыг бэлгэшээж гардуулсан юм. Тэрнээс болоод сүүлд архи уудаг болчихсон юм биш байгаа даа л гэж харамсах юм даа. Ер нь яруу найрагч хүн чинь зүгээр нэг цаас, бал бариад биччихдэггүй юм билээ.
-За, яаж байна?
-Ерөөсөө зүрх сэтгэлээрээ хайрлаж, тэрүүндээ бүүр орж, донтож байж бичдэг юм байна. Хүүхэд байхдаа ч яг тэгдэг юм билээ. Доржсэмбээ маань анхнаасаа л тийм сэтгэл зүрхээрээ туурвидаг найрагч байж дээ.
-Доржсэмбийн аав ээж нь юу хийдэг хүн байв?
-Цэнд ах чинь манай сургуулийн уурын зуухны механикч байсан. Механикч байж байгаад жолооны курст яваад жолооч болсон. Мундаг ажилтай хүн байсан. Ээж Лхагваа нь түүх-газарзүйн багш, “Алтан гадас” одонт ардын боловсролын тэргүүний ажилтан хүн байсан.
Доржсамбын-Доржсэмбэ анд шүлэг бичихээс гадна миний мэдэхээр баянхуур хөгжим тоглодог хүүхэд байсан гэдэг дээ?
-Тэр чинь их сонин хүүхэд байсан юм. Гармони хөгжим байвал тоглочихно. Бас нэг хөөрхөн авьяастай. Тэр чанар нь ном бүтээлд нь ерөөсөө харагдахгүй байгаа юм.
-Ямар чанарын авьяас билээ?
-Хүнийг их элэглэнэ.
-Аа, тийм. Сэмбэ чинь цаанаасаа их алиа зантай шүү…
-Элэглэнэ. Ямар сайндаа намайг элэглэхэв. (Эрдэнэбаатар багш өөрөө их шулга хүн ажээ. Уншигчдад ойлгуулахын тулд О.Дашбалбар багшаас их шулга, зарим үгийг нь ойлгоход бэрх гээд хэлчихье. “Хүн доромжиллоо” гэж хэлний бурхан тэнгэрүүд намайг бүү гэсхээх болтугай! Л.Б) Би ангидаа шугам зургийн хичээл ордог байсан юм.
Нэг удаа яваад орсон чинь самбарын өмнө зогсчихсон, миний муу шугам зургийн самбарррын (самбарын) горллтиг (гортиг. Багшийн үгийг зөвчлөн хөрвүүлсэн болно) барьчихсан намайг элэглээд, манай хэд марзайтал инээчихсэн байж байна. “Миллметлийн алдаа гэдэг чинь килметлээс илүү алдааг хэлдэг юм” гээд зогсож байна.
(“Милометрийн алдаа гэдэг чинь километрээс илүү алдааг хэлдэг юм” гэсэн үг бололтой. Эрдэнэбаатар багш энэ үгээ яаж ч зөв хэлэх гээд Сэмбийн элэглэснээс илүү гарган зөв хэлж чадсангүй. Ккк. Хэлний бурхан тэнгэрс ахин дахин намайг өршөөх болтугай! Л.Б)
Доржсамбын-Таны уур ч шатаад л явчихсан биз?
-Өнөөдүүл нь инээж байгаа гэж жигтэйхэн. “Өөлсдөө та нал нэг мулуй зулаас татчихаад өөрсдөө тэлүүндээ шоолуулж байж. Дуугай байцгаа” гээд намайг яг элэглэж байгаа байхгүй юу. Бүр чанга зандарч байгааг хүртэл биеэрээ үзүүлээд.
(“Өөрсдөө та нар нэг муруй зураас татчихаад өөрсдөө тэрүүндээ шоолуулж байж” гээд би бууж гарлаа”. Хэлгий хүн “р” үсэг орсон үг их хэрэглэдэг гэж Доржийн Гармаа зохиолчийн нэг жишээ энэ үед санагдан инээд хүрч, Эрдэнэбаатар багшийн үгийг хөрвүүллээ. Л.Б) Би үүдэнд зогсчихсон хараад л байгаа юм. (Хууч хөөрөлдөхөөр хамт очсон зураач Булганбаатар энэ үед элэг нь эвхрэн унасан билээ. Л.Б)
-Таны хэллэг, хэлгий хэлсэн үг мүгийг яг дуурайж байна аа. Та чинь жаахан шулгадуу хүн ш дээ. Тээ?
-Яг дууриаж байгаа юм, муу золиг чамайг. (Эрдэнэбаатар багш инээсээр бүр нулимс нь нүдний аягаа мэлтэлзээд ирэв. Л.Б) Хаалганы тэнд намайг зогсож байгааг харчихаад манай ангийнхан чив чимээгүй болчихгүй юу. Тэгсэн нөгөөх чинь “Ингэж суух ёстой байхгүй юу, сурагчийн дүрмэнд байгаагаар бол” гэж гараа өмнөө ширээн дээр тохойлдсон маягтай агаарт тавьж үзүүлж байгаа юм.
Тэгээд намайг харчихаад толгойгоо нэг шарвайчихаад шунхийгээд суудал руугаа ухасхийж байсан нь нүдэнд харагдаж байна. (инээв.) Хүнийг хөөрхөн тэгж элэглэнэ. Бас хөөрхөн шооч. Ангийнхнаа шоолоод толгой холбоод, нэр мэр өгөөд шүлэг биччихнэ.
-Үерхдэг охинтой байсан бол уу. Ангийн багшийн хувьд та мэдэж байна уу?
-Үерхдэг охин байлгүй яахав. Мэдэлгүй яахав. (Мушилзав. Л.Б) Одоо энэ УИХ-ын гишүүн Адьяасүрэн тэр хоёр чинь хүүхэд байхдаа хөөрхөн үерхдэг байсан. (Эрдэнэбаатар багшийн гэргий энэ үед “Күй ээ, ер. Үнэн юм уу?” гэж ярианд үг хавчуулав. Л.Б) Үнэн үнэн. Ёстой үнэн дээ. (Эхнэр нь мөн л орж ирэн “Найз нөхдийн хүрээнд л найзалж нөхөрлөж байсан байлгүй. Тэрнээс тийм дотно байгаагүй байлгүй” гэлээ.
Багш харин гандан буурсангүй, хазаар даран дүүхэлзэж. Бид мэдээж тэрүүхэндээ хөөрхөн халмаг байсныг дурдахад илүүдэх юун. Л.Б.) Бас нэг хөөрхөн захиа махиа өгөө л. Надад баригдаа л. Тэгж байсан байхгүй юу. Адьяасүрэнгийн маань ээж нь манай сургуулийн монгол хэл-уран зохиолын багш Амгалан гэж хүн байлаа.
-Шавь чинь номуудаа танд өгч байв уу?
-Өгөлгүй яахав. Гарын үсэгтэй номууд нь одоо хүртэл надад хадгалагдаж байна. Би их нандигнаад хадганд боогоод авдартаа хийчихсэн байгаа. Та нарт гаргаж үзүүлье.
-Шавьтайгаа сүүлд хаана, хэзээ уулзав?
-Зайлуул даа, бурхан болохоос нь гурван жилийн өмнө сөн. Цэ-со (захирал Цэдэнсодном) багштай хамт явж байгаад Багшийн дээдийн тэнд нэг сандал дээр сууж байхад нь таарсан. Шавь маань жаахан ядруухан төрхтэй болчихсон байсан даа.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img