2024-12-03, Мягмар
-9 C
Ulaanbaatar

Ц.Бавуудорж: Юм бүхэн учиртай, Отгонтэнгэрт амиа өргөсөн хүмүүсийн шалтгааныг ч зурхайч, чойжингууд тайлсан байдаг

Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой хөөрөлдлөө.

– Арлааны Эрдэнэ-Очир андтайгаа аясаараа л дулаахан нөхөрлөж явж дээ –

-Ойрд суурин байна уу. Өөрийг чинь Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул хүн гэж бодож явсан юм. Тэгэхнээ, “Википедиа” нэвтэрхий тольд “Улаанбаатар хотод төрсөн” гэж бичсэн байх юм. Энэ чухам ямар учиртай зөрөө гараад ирэв?

-Өвөлжөө сайхан уу. Бүтээл арвин уу. Суурин байна аа. Завхан аймгийн Шилүүстэй сумын зүүн нутаг Уртын голд бүрэлдсэн хүн байгаа юм, би. Зуд турхантай жил байсан болохоор Дайдаа, хөгшин ээж хоёр минь ээжийг төрөх дөхөхөд хот руу явуулж “Том эгч А.Мэндбаяр дээрээ төрж амаржчихаад хавар ир” гээд явуулсан гэдэг. Ийм л намтартай юм.

-Хөдөөгийн эмнэлгийн төрөх тасгийн үйл ажиллагаа ч бас л бэрх байх шүү. Эх, үрийн эндэгдэл аль ч үед их л байдаг судалгаа их байх юм билээ. Хөгшчүүлийнхээ санаа зовнилоор хотод ирж мэндэлсэн хүн байх нь. Цаст Отгонтэнгэр хайрхан бол Монгол түмний шүтээн. Таны сэтгэлийн гүнгэрваанд энэ их хайрхан байнга сүндэрлэж сүмбэрлэж байдаг нь уран бүтээлээс чинь мэдэгдээд байдаг даа?

-Мэдээ орсон цагаасаа эхлээд л Цаст Отгонтэнгэр хайрхныг харж өсчээ. Бас айл хотлынхны амнаас “Ээ, Очирваань минь аварч өршөө, ум базар вани хум пад” гэх үгсийг өдөр бүр сонсож өсчээ.

Өсч өндийхийн хэрээр Отгонтэнгэр тэргүүт энэ дагшин уул, усыг ганцхан монголчууд ч биш Номт гурван орны хэмжээнд Очирваанийн орон гэж дээдэлдгийг мэдэж авч, тэр ч байтугай “Очирваань оршиж байдаг Жанложангийн орны туяа туссан орон ертөнц” гэдгийг нь хожуу ухаарч мэдсэн. Очирваанийн нөхөд сэлт Бэхар сахиус тэргүүт олон догшидын орон болохыг нь ч сүүлд номтой, шүнтэй дээдсээс дуулж сонсож, сонирхож өөрийнхөө хэмжээнд таньж мэдэхийг хичээсэн гэх үү дээ.

Бадархундага нууранд оршдог Бэхар гэж дайны их хүчит тэнгэрийг Түвдүүд залж аваачсан домог бий. Тэр байтугай өнөөдөр ч Түвдүүдийг хамгаалж байдаг гэдэг. Далай ламын чойжин Түвдэнготов гэгээнтэн бүр саяхан 2008 онд Отгонтэнгэрийг зорьж ирээд тусгай хүндэтгэл барьсан шүү дээ.

Бавуудорж-Өө, тийм үү?

-Тэр үедээ Монголчуудын цэнхэр хадаг хэрэглэж байгааг хараад “Бэхар сахиусыг шүтэж дээдэлж байсны тэмдэг улбаа одоо ч гэсэн хадгалагдаж байдаг юм байна” гэж уулга алдсан гэдэг. Энэ мэт яриад байвал дуулсан, сонссон, өвгөдөөс тэмдэглэж үлдсэн багагүй зүйл бий, бий.

Отгонтэнгэр хайрхан тэнгэр шүтлэгээс эхлээд эдүгээгийн Буддын шашны тахилга хүндлэл хүртэл монголчуудын шүтлэг, бишрэлийн их том түүхийг хадгалсан ертөнц юм шиг санагддаг. Монголчуудын сэтгэлгээний нэгээхэн содон өнцгийг энэ орон газраас олж үсэглэж, уншиж болох болов уу.

Наад захын жишээ дурдахад Отгонтэнгэрт хоёр ч удаагийн олон хүн амиа өргөсөн үйл явдлыг зурхайч, чойжингууд юу гэж тайлсан гээд л нууцууд их бий шүү дээ.

-17 уулчин эндсэн аймшигт ослыг “Өдрийн сонин”-ы томилолтоор очиж сурвалжилж байсан шүү…

-Ер бишийн орон. За, тэгээд урд өмнө нь Энэтхэг, Түвдэд төрөл авч явсан хувилгаад яагаад энэ орныг олж, бараадаж төрж мэндлээд байдаг гэх мэтээр гүнзгийхэн сонирхоод, шимтээд явбал ч сонин сайхан олныг дуулж сонсоно доо хө.

Д.Урианхай ах Говь-Алтайд явж байгаад нэг бууж суухын завсартаа Монголчууд “Бууцны сэтгэлгээтэй” ард түмэн гэж яриан завсраа санаандгүй хэлчихэж билээ. Тэр үгийг эргэцүүлж явдаг. Нүүдэлчдийн нэг давуу тал нь байгальтайгаа нягт уялдаж аж төрж ирсэнд оршдог гэж боддог. Тийм ч учраас ганцхан Отгонтэнгэр ч биш тал нутгийн нэг товцог толгой, говийн нэг жижигхэн манхан ч том түүх, далд нууц хадгалж байдаг гэж итгэдэг.

Ийм л уул, усны дэргэд хүмүүн мэдрэмжээ бүтээхээр чинь энэ л байгалийн тусгал шүлэг, найраглалд минь ямар нэг хэмжээгээр нөлөөлөх нь аргагүй юм болов уу даа.

-Тэгж л таарна даа. Өөрөө яриандаа “Жанложангийн орон” гээд дурдаадахлаа. Ямар учиртай орон юм бол?

-Шашин судлаачид хэд хэдэн янзаар тайлбарласан байдаг юм билээ. Нэг тайлбарт “Энэ орон нь бидний амьдарч байгаа ертөнцийн хойт зүгт оршдог” гээд “Түүнд нууц тарнийн эзэн Очирваань бодитойгоор залардаг” гэсэн нь бий. Тэр орныг хоосон чанар оносон билгүүний үр, арван найман хотол чуулган бүрдсэн орон гэж тодорхой дурдсан байдаг. “Очирваань бурхныг тэр ариун орноос урин залдаг” гэсэн байгаа юм.

-За за, их учир жанцантай юм байна. Анхны шүлгээ хэдэн настайдаа бичив?

-Шилүүстэй сумын найман жилийн дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч байхдаа хэдэн толгой холбосон юм бичсэн байдаг. Түүнийг яаж шүлэг гэх вэ. Гэхдээ л ямар нэг юм өдөөсөн үү, ивээсэн үү хэн мэдэх вэ. Юм бичээд л эхэлсэн байдаг. Дөрөвдүгээр ангид орсон жил Ё.Бөөрөнхий багш тэр бичсэн юмнуудыг үзчихээд сургуулийнхаа уран зохиолын дугуйланд оруулсан.

Тэр цагаас шүлэг, зохиол гэж юу байдгийг таньж мэдэж уран зохиол гэдэг энэ ариун сайхан ертөнц рүү зүглэх замаа олсон санагддаг. Багшийн минь ач. Уран зохиолын нэг жаахан авьяас байгааг Ё.Бөөрөнхий багш минь мэдэрсэн юм болов уу даа.

Өвөрмөц заах аргатай бага ангийн багш Ж.Дагва, дунд ангийн багш Ч.Жаргалсайхан, А.Чимэддаш гээд сургуулийнхаа сор болсон сайн багш нараар хөтлүүлсэн их азтай хүн. Эрхэм багш нартаа одоо ч талархаж явдаг.

-Багшийн ач үнэхээр яндашгүй гайхамшигтай далай арвин даа. Таны яруу найргийн багш ямар хүн байна. Миний санахад, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол абугай, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо хоёрыг “Багш” гэж сэтгэлийн сэнтийдээ дээдлэн залдаг юм шиг санагдах юм?

-Аравдугаар ангийн сурагч байхдаа Монголын Зохиолчдын эвлэлийн Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүдийн үеэр хэдэн шүлгээ дугтуйлаад явуулсан юм. Тэгтэл Д.Цоодол ахын гарт очсон байдаг.

Шүлгүүдийг минь унших үед Ш.Сүрэнжав ах орж ирж таараад хоёр эрхэм ах “Явуу багшийн нутгаас авьяастай нэг хүү гараад ирлээ. Хэн нь авч дэмжээд явах вэ” гэлцсэн гэж сүүлд сонссон. Тэр шүлгүүдэд минь Д.Цоодол ах өмнөх үг бичээд “Утга зохиол, урлаг” сонины “Таны шинэ танил” буланд хэвлүүлсэн. Тэр үед Д.Цоодол ах манай үеийн цөөнгүй авьяастнуудад захидал бичиж урам хайрлаж заримд нь замаа олоход тусалсан сайхан дурсамж бий.

Манай А.Эрдэнэ-Очир андад хүртэл захидал бичиж урам хайрлаж байсан байдаг. Г.Мэнд-Ооёо ах бол хадаг барьсан багш минь байгаа юм. Шүлэг бүтээлийнх нь уянгын тунгалаг аяс, тэгээд бас их Явуугийн эрхэм дотны шавь гэдэг утгыг бодолцсон хэрэг.

-Ай сайхан даа. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Бямбажавын Цэнддоо та хоёрыг ураг төрөл гэж сонссон юм байна. Ямар хамаатан садан билээ?

-Нэг баг бригадын улс чинь ер нь тэгээд ахан дүүс л болоод явчихдаг шүү дээ. О.Лувсангончиг гэж манайхны ахаар их ойрхон холбогдоно л доо.

Өчигдөр уржигдархан Б.Цэнддоо ахын сурагч үеийн тухай ярилцаж, нэг үед дотуур байранд хамт байсан их эмч Ч.Дэмчигсүрэн ахын хуучийг сонсон хөгжилдөж суусан шүү. МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Цэвээнлхаазал, Д.Лууваанчиг ах, С.Рэнцэн бидэн хамт байсан юм. До ах их сахилгагүй хүүхэд байсан гэдэг. Би ч зах зухаас нь мэднэ. Үе тэнгийн хүүхдүүдээсээ их өөр сэтгэхүйтэй. Тэр үед Орос цэргийн цуваа хэсэг зуур манай суманд байрлаж байсныг бүүр түүр мэднэ. До ах аль хэдийн орос хэлний зах зухтай болчихсон цэргүүдтэй найзлаад элдэв наймаа үсэргэдэг байсан гэж байгаа.

Дэмчиг ах тэргүүтэй дотуур байрны дүү нараараа цэргийн салаа бүрдүүлчихсэн байж. Тэгээд зарим шөнө цэргүүдээ гэнэт босгож жагсаагаад “Операци явуулна” гээд л гардаг.

-Ямар операци явуулахаар гарч байсан юм бол?

-Цэргүүд нь ямар операци явуулахыг нь мэддэггүй. Гэнэт л даалгавраа өгдөг байж. Тэр операци нь юу байсан гэхээр тухайлбал сумын бүх айлуудын гадаа зэлтэй байгаа бүх тугалуудыг тавьж эхэд нь хөхүүлэх операци.

Бас хашаатай, хашаагүй айлуудын гадна байгаа чөдөртэй морьдыг бүгдийг суллан тавьж өвслүүлэх операци гэх мэтээр байсхийгээд л сүрхий гэгч буянт операци явуулж сум даяарыг доргиодог байсан байгаа юм. Б.Цэнддоо ах бидэн чинь Уртын голын бүрэлдүүнүүд л юм даа. Их том уран бүтээлч шүү дээ.

-Өө, мундаг байлгүй яахав. Сар шинийн баяр хаяанд ирж байна. Хавар таны сэтгэлд ямархан өнгөөр буудаг бол?

-Жинхэнэ мөн чанараар нь эргэцүүлж үзвэл ахан дүүсээ тодотгож, удам судраа мэдэлцэж, өтгөс буурлуудаасаа үг, сургаалийг нь сонсдог ихэд дэлгэр өдрүүд юм. Энэ утгаар нь илүүтэй эрхэмлэж тэмдэглэдэг байгаасай гэж боддог.

-Одоогоос гучин жилийн өмнө 1994 онд яруу найрагч Очирбатын Дашбалбар багшийнхаа удирддаг “ГУНУ” буюу “Гол ус намуухан урсана” урсгалын дугуйлан дээр анх өөрийг чинь харж, танилцаж байсан минь дурсамжтай сайхан санагддаг. Өөрөө тэр үед оюутан байл уу?

-Тэр үед яруу найрагч Ч.Ууганбаяр анд минь аймгууд руу цахилгаан явуулж Хөвсгөлөөс Б.Мягмаржав, Б.Хадбаатар, Ховдоос Н.Баасанжав, Дорнодоос Б.Бат-Орших, Завханаас М.Амарбаяр, Увсаас Я.Бадамсүрэн, Я.Мөнхжаргал гээд нөхдийг цуглуулсан юм л даа.

Тэр үед улсын сургуульд хараахан орж чадаагүй нь өөр зам сонгодог байсан. Хотод утга зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр хоёр, гурван сургууль зэрэг шахам байгуулагдсаны нэг нь Кино урлаг, Радио телевизийн “Бэрс” сургууль.

Тэр сургууль дээр Дарма.Батбаяр багшийн “Урлан” анхлан нээгдэж олон залуус суралцсаны нэг нь байлаа. Тэр урлантай давхцаад “ГУНУ” үүсгэлээ тавихад шүлгийн аяс хандлагаараа О.Дашбалбар ахыг барааддаг байсан бидэн шуудхан л элссэн юм. Андтай анх тэнд таарсан байх шүү. Уран зохиолын мэдлэг олгосон, сэтгэлгээг хөгжүүлж дэгжээсэн лекцүүдийг тэнд л сонсдог байсан. О.Дашбалбар ахтай тэр он цаг өнөөдөр ч сэтгэлийн минь ертөнцөд үнэ цэнэтэй хэвээр оршсоор л байдаг даа.

-Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир та хоёрын нөхөрлөл мөн ч сайхан санагддаг. Яг л эртний Тан улсын алдарт найрагч Ли Бай, Ду Фу хоёрын нөхөрлөл санаанд ороод байдаг юм. Андтайгаа анх хэрхэн танилцаж байв?

-Сайхан асуулт байна хө. А.Эрдэнэ-Очир бид хоёрыг анх танилцуулсан буянтан нь Б.Ичинхорлоо найз маань юм. 1992 оны “Болор цом”-ын өмнөхөн Соёлын төв өргөөнд бид хоёрыг танилцуулсан сан. Тэр үед манай Ичин аль хэдийн мундаг найрагч болчихсон дүүхэлзэж, дүрэлзэж явсан. Бид тэгэхэд урьдчилсан шатанд олуулаа шүлгээ уншаад дараагийн шалгаруулалтад үзэгчдийн өмнө арай цөөхүүлээ гарч шүлгээ уншдаг байсан санагдана.

“Та хоёрыг уулзуулж танилцуулахад эхлээд хоёулаа сүрхий биеэ барьсан шинжтэй байснаа эргээд нэг харсан чинь жигтэйхэн дотно болчихсон хэзээний танилууд юм шиг хамт инээж хөхрөлдөөд явж байсан. Эр улс бие биетэйгээ ямар амархан ойлголцдог юм бэ хэмээн бодож байсан” гэж Б.Ичинхорлоо ярьдаг юм.

Тэр цагаас хойш эрхэм андтай сайхан үерхэж нөхөрлөсөн дөө. Адил төстэй зан араншин бид хоёрт байсан болов уу гэж хааяа санааширдаг юм. Тийм ч болохоор энэ олон жил шүлэг, найргаар нөхөрлөхдөө бие биедээ сүүдэр тусгах үг хэлж явсангүй.

Гомдох, тунирхах юм ч ер байсангүй. “Аясаараа л дулаахан нөхөрлөөд явж дээ” гэж өнөө хэр бодогддог. Үеийнхэн дотор бусдыг танилцуулаад холбоод явдаг буянтай нөхөд байдаг. Манай Б.Ичинхорлоо, Ч.Ууганбаяр хоёр манай үеийнхэн дотор ийм “үүрэг” гүйцэтгэснээрээ тэргүүлэх болов уу.

-Өөрөө Монголын мөнгөн үеийн уран бүтээлчдээс хамгийн анх төрийн өндөр дээд шагнал хүртсэн хүн. Энэ их оргил өндөрлөг найз нөхдийн харьцаанд ямар нэгэн байдлаар нөлөөлж байна уу?

-Үгүй дээ хө. Ер нь энэ уран зохиолын салбарын шагналууд чинь хувь хүнд биш бүтээлд, уран бүтээлд үзүүлж байгаа төрийн хүндэтгэл гэж ойлгодог. Бичих ёстой шүлэг, найраглал, бүтээх учиртай номуудаа л сэтгэлийнхээ таалалд ханатал өөрийн хэмжээнд бүтээх нь л энэхэн заяаны минь утга учир гэж эрт ойлгосон.

Өнөөдөр ч, маргааш ч бас энэ эрмэлзлээ л дээдэлнэ. Яахав хэдэн шүлгээс гадна бэсрэг найраглал, том хэмжээний найраглал гээд цаг зарцуулж хичээсэн бүтээлүүд бий. Үндэсний яруу найраг минь ганцхан шүлгээр төсөөлөгдөх ёсгүй гэж ойлгодог. Дууль, найраглал гээд энэ сайхан төрлүүдийг тодорхой хэмжээгээр авч явж дараагийн үеийн уран бүтээлчдэд цулбуурыг нь атгуулах ёстой гэж боддог.

Дууль гэхэд л манай үеийнхнээс Хархорины “Жимсний бөөр”-ийн Сольтогтохын Дамдиндоржийн хэдэн сайн дууль бий шүү дээ. Дуулийн төрөл сайхан төрөл. Том хэмжээний найраглалын төрөл бол бичиж тэрлэхэд тэнүүхэн, бүр сайхан жанр.

-Монголын радиод олон сайхан уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан даа. Санаанд тань хамгийн дотно сайхнаар үлдсэн хүн хэн байна?

-Авьяас төгөлдөр сайхан ах нар, анд сайн нөхөдтэйгээ хамт Монголын радио буюу “Монголын Зохиолчдын дэд хороо”-нд хориод жил ажиллажээ. Олон ховор дурсамж бий. Ах нар, найз нөхдийнхөө уран бүтээлийн халуун дулаан нөхөрлөл, хөгтэй, хөөртэй, уйтай өдрүүдийн тэмдэглэлээр нэг ном бичнэ гэж боддог.

Радиогийн “Бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаа, Санжийн Пүрэв баавай, Далхаагийн Норов ах, Пүрэвжавын Баярсайхан ах, “Малчин” Цэндийн Чимиддорж ах, Радиогийн “Зөөлөн дуут” Б.Энхтуяа эгчээс эхлээд Хөвсгөлийн Баттөрийн Мягмаржав анд, Алтайн Шаравын Батжаргал гээд л бидний үеийн найрагч, зохиолчид хүртэл их олон уран бүтээлч сэтгэлд минь гэгээхнээр оршсоор л байдаг даа. Нэг хөгжилтэй ч гэх үү дурсамж ярих уу.

-Тэгээч хө?

-Ц.Чимиддорж ах нэг хэсэг рашаанаар хөллөсөн үе л дээ. Манай редакцийн ах нар цуглаад бас бяцхан сэржим өргөнгөө ярилцаж байна.

“Чимээ маань хатуу рашааныг арай л ахиу хүртээд байна. Үүнийг яаж зогсоох вэ” гэлцээд л. Тэгсэн П.Баярсайхан ах тэндээс нүднийхээ шилний дээгүүр сүрхий харж харж “Д.Норовыг рашаалаад зогсохгүй байх үед үсийг нь хусчихсан чинь хатуу идээнээс гарчихсан нэг явдал бий шүү. Үсэнд нь бузар шингэчихсэн байсан гэдэг. Тэгэхээр ерөөсөө Ц.Чимиддоржийнхоо үсийг нь хусаад үзвэл яасан юм” гэж ирээд л нэг их сүрхий санаа олсон хүн шиг хүн бүхнийг тойруулан харж байсан сан.

Бүгд санал нийлээд маргааш үсний машин олж ирээд үсийг нь хусах юм болоод тарлаа. Өглөө нэвтрүүлэгтэй тул эрт ирээд юмаа хийж суутал П.Баярсайхан ах ороод ирлээ. Босго давав уу, үгүй юу мөн л нүднийхээ шилэн дээгүүр сүрхий гэгч хараад үүдэнд зогсосхийлээ. Тэгээд “Би бодож хонолоо. Ерөөсөө Ц.Чимиддоржийн үсэнд гар хүрч болохгүй юм байна. Бүх онгод нь үсэнд нь байдаг юм шиг совин төрж хонолоо. Өөр арга л бодьё” гэж билээ. Ингээд Чимээ ах үс гэзэгтэйгээ үлдсэн юмдаг. (инээв. Л.Б)

-Хэ хэ. Өөрийн чинь сэтгэлийн хуурцагт энэ мэт мөн ч олон сайхан хууч дурсамж байгаа даа. Саяхан “Дилова хутагт” түүхэн романыхаа баярыг хийлээ гэж сонссон. Ямар бүтээл туурвив даа?

-Багагүй хугацаа зарцуулж байж, эх сурвалж, баримт, архивын материал, судлаач найз нөхдийн дэм зэрэгт суурилуулж байж романаа бичиж дуусгалаа. Дилова гэгээнтэн бол 23 дүр дамжсан эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг гэдэг утгаараа их том чинад ертөнц.

Нөгөө талаасаа романы гол баатар Башлуугийн Жамсранжав хутагт бол Монголын төр, шашны хувь заяаны хамгийн ээдрээтэй, туйлын эмгэнэлтэй цаг үеийн түүхэн хүн. Туулсан зам мөр, үндэстнийхээ төлөө нэгэн насны амьдралаа зольж зүтгэсэн он цаг, орон зай нь дэндүү өргөн. Ийм хүн юм.

-“Шувууг сулла”, “Үзэсгэлэнт сараана” гээд өгүүллэг, туужийн номуудаа өмнө хэвлүүлсэн. Ойрын үеийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?

-Романы төрлөөр бас нэг ном бичих бодолтой байна аа. Шүлгийн анхны номоо хэвлүүлснээс хойш гучин жил улирчээ. Шүлэг, найраглалын шилмэл түүврээ хэвлэлд бэлтгэж байна.

Ер нь энэ чиглэлийн юмнуудаа сайтар шигшээд, нарийсган ялгасан чинь ердөө дөрөвхөн мөрөнд хураагдаад байх шиг санагдаад л бодлогоширч сууна.

-Тэр нь ямар дөрвөн мөр шүлэг билээ хө?

-“Томьёо” шүлгийн төгсгөлд
“Дорнын томьёогоор
Дотогшоо харах болтугай!
Нүүдэлчдийн томьёогоор
Нүдээ нээх болтугай,
Хүн төрөлхтөн…” гэсэн дөрвөн мөр байдаг юм.

-За, тийн. Сайхан хүслийн шившлэг шүү!

-Тэрийгээ л нэг “чулуу болгох” юм сан гэж дотор нэг юм загатнаад байна даа хө.

-За сайхан хөөрөлдлөө хө. Номын их үйлсэд нь амжилт хүсье, анд аа.

-Андад бас амжилт хүсье ээ!

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img