2024-10-26, Бямба
5 C
Ulaanbaatar

Үйлчин А.Алтантуяа: Чингисийн үед монгол дээл зүүнтэйгээс баруун тийш зөрлөг энгэртэй байсан юм билээ

Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Монгол Улсын мастер оёдолчин, “Ур-Ундрах” компанийн захирал Аюурзанын Алтантуяатай уулзаж ярилцлаа.

-Аж үйлдвэр гэгч улсын тулгуур багана гэж Их Нацагдорж эртээ хэлжээ-

-Танайх монгол үндэсний хувцас үйлдвэрлэдгээрээ алдартай. “Ур-Ундрах” компанийн дээл, гутал, малгайгаар гоёх хүмүүс цагаан сар дөхсөн болохоор их ирцгээж байна уу?

-Манай “Ур-Ундрах” компани Баянгол дүүргийн хэмжээнд 21дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байна. Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс, хаан төрийн хантааз иж бүрэн хувцсыг иж бүрнээр нь үйлдвэрлэхийг зорьж байгаа. Манайх харьцангуй олон жил ажиллаж байгаа болохоор ирэх хүмүүсийн хандалт их байна.

Цагаан сарын хувцасны захиалга их. Захиалга дүүрсэн үед дэлгүүрт байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдийг маань авдаг. Дундговь, Өмнөговь аймгууд долоо хоногийн гуравдахь өдөр болгоныг Монгол хувцасны өдөр болгож байгаа юм билээ. Түүн шиг монголчууд маань үндэсний хувцсаа байнга хэрэглэдэг байгаасай гэж боддог доо.

Гуравхан сая монголчууд үндэсний хувцсаа хэрэглээд сурчихвал жуулчид ч гэсэн ирэх нь, ирээд монгол хувцас сонирхох нь дамжиггүй дээ.

-Гадны жуулчдыг татахын тулд “Нэг хонь-нэг жуулчин” уриатай хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байх шүү…

-Нэг хонь өгнө гэж байснаас нэг дээл өгнө гэвэл уг нь хүний сэтгэлд наацтай баймаар юм. Малаа өгөхөөр хүн ирэх байх л даа. Монголчууд яахав халуун хошуутай мал хүнд бэлэглэдэг л дээ. Гэхдээ “Ноолуурын чиглэлийн ямаа бэлэглэе. Үндэсний хувцас бэлэглэе” гэвэл нөгөө ирэх хүнд маань арай бодитой сонсогдохгүй байгаа.

Монгол Улсын хэмжээнд хониноосоо илүү ямаа нь өсчихөөд байгаа юм гэсэн шүү дээ. Жуулчны хөтчүүд үндэснийхээ хувцастай гадаадынхныг угтдаг байвал их зүгээр байх бол уу гэж би бодож байгаа. Монгол хувцасны хувьд цагаан сар, наадмын үеэр гэсэн хоёрхон сезонтой байдаг.

Хил гаалийн татвар, үйлдвэрийн татвар, НӨАТ-ын баримт гээд олон л шат дамжлага, тэрүүхэндээ хөөрхөн саад бэрхшээл их л байх юм. Төр засгаас үндэсний үйлдвэрээ л дэмжиж хөгжүүлбэл уг нь их зүгээр санагдах юм. Их зохиолч Д.Нацагдоржийн “Аж үйлдвэр гэгч нь улсын тулгуур багана” гэж тэртээ 1933 онд хэлсэн үг юутай үнэн.

Ерэн жилийн өмнө хэлсэн энэ үг шинээрээ байна. Тэгэхэд бид бусдын юмыг авчирч зардаг хэрэглэгч орон болсон. Уул уурхай, уул уурхай л гэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ ч олигтой ашиглаж байна. Уул уурхай тэгээд зогсвол улс орноороо балрах шинжтэй. Тиймээс үндэсний үйлдвэрийн бусад салбаруудаа сайн дэмжих хэрэгтэй юм даа.

Алтантуяа-Таны санааг зовоож байгаа ямар зүйл байна?

-Таван хошуу малын бүтээгдэхүүнийг эд болгох талаар Монгол Улсын Засгийн газар их зүйл хийх хэрэгтэй.

-Юу хийвэл зохилтой байна?

-Арьс, нэхий үнэгүйдэж, малын ноос, хөөвөр үнэгүйдэж байгаад их харамсаж байна. Монголчууд өнөөдрийг хүртэл үеийн үед малынхаа түүхий эдийг өндөр ашиглаж, малынхаа бүтээгдэхүүнийг ашиглаж ирсэн. Тэгтэл одоо хөдөө чинь мал саадаг хүн байхаа болилоо. Үйл хийдэг хүн ч байхаа больж байна.

Болж л байвал цүнх бариад оффист суух сонирхолтой болчихож. Энэ бол Монгол Улсын хөгжилд сайн нөлөөтэй биш. Олон дээд сургууль байгаа ч ашигтай сургууль цөөхөн. Дээд сургууль төгсөөд юу ч сураагүй хүүхдүүд байх юм. Зөвхөн манай үйлдвэрт ийм юм тохиолдож байна уу гэхээр нэлэнхүйдээ ийм байдалтай болчхож.

-Гадагшаа хэр их харилцаатай байна?

-Хойд хөрш Оростойгоо сайн харилцаатай байвал Тува, Буриадад бүтээгдэхүүнээ гаргавал нааштай үр дүнд хүрнэ л дээ. Орос руу бүтээгдэхүүн гаргах гэхээр хил гааль нь маш өндөр татвартай. 34-35 хувийн татвартай байдаг юм шүү дээ.

-Хөөх, ёстой балладаг юм байна. Манай номын дэлгүүрүүдийн гучин хувийн луйвар-татвар шиг л юм байна шүү дээ?

-Аягүй өндөр татвартай байдаг юм шүү дээ. Тэгэхээр монгол үндэсний хувцсыг өргөн дэлгэрүүлэх гэдэг их хязгаарлалттай болчихоод байгаа юм. Би сая хэвлэлээс үзлээ. Бутан улсад 12 сая монгол үндэстэн байна гэж байна шүү дээ.

-Бараг дэлхийн монголчуудын нийт тоо биш үү?

-Непал, Бутанд нийлээд 12 сая монгол хүн байна гэж байна. Монгол өвөг дээдсийн удам гэж байгаа энэ хүмүүс монгол хувцас соёлыг их сонирхож байна гэнэ. Монгол хувцсыг дэлхий дахинд дэлгэрүүлэх Худалдаа, үйлдвэрийн яамтай байх юм бол асуудал их эерэг байна шүү дээ.

Хариуцсан яам байхгүй, бэлтгэгдэж байгаа хүний нөөц муутай, барууны соёлыг хэтрүүлээд авчихсан, кластраар (дамжлагаар) юм үйлдвэрлэнэ гэж байгаа ч амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа зэрэг олон саад бэрхшээл байх юм.

Үйлдвэрийн дамжлагын энэ тогтолцоо манайд нэг л сайн үр дүнд хүрэхгүй байна. Том толгой компани нь мөнгөө авчдаг ч доод гүйцэтгэгч жижиг компаниуддаа хүртээхгүй байх ч юм уу, бас л нэг сайн нэвтэрч өгөхгүй байгаа.

-За, танайх чухам ямар бүтээгдэхүүнүүд гаргаж байна?

-Манайх хорь гаруй жил тогтмол сайхан ажиллаж ирсэн болохоор Монголын ард түмэн маань сайн мэддэг болжээ. Хурган дотортой дээл хийж байна. “Дархан нэхий” компаниас нэхийгээ авч байна. Монголчууд үзүүрсэг гэж ярьдаг. Тэр сайхан арьсаар дээл хийж байна. Солонгос даавуу, торгон өнгө татаж байна.

Дунджаар нэг сая төгрөгөөр зарж байгаа. Саяас дээш гараагүй, манай дээл. “Дархан нэхий” дээлийг насаараа өмсөнө шүү дээ. Хоёр гурван өнгө хуулэ татна. Хурган дээлийг бол булган нударгатай ч хийж байна. Хүний хүссэн загвар, бүтээгдэхүүнээр нь урлаж өгч байна даа. Энэ жил ч цас ихтэй, хүйтэн жил байна шүү дээ.

Нэхий дээл нэлээд олныг хийсээн. Үстэй дотортой гутал хийж байна. Хүмүүс их захиалж байна. Монголчууд бидэн шиг ийм их буян заяатай улс байхгүй шүү. Одоо л Манжуурын булган шуба энэ тэр гээд байгаа болохоос хурга, нэхий дээлээрээ гоёж байсан сайхан уламжлалтай ард түмэн шүү.

Нэхий үнэгүйдлээ гэж байгаа боловч боловсруулдаг хор нь их үнэтэй. Хор нь их үнэтэй болчихоод байгаа юм байна. Үүнээс болж үйлдвэрлэл хөгжихөд зовлон байх шиг байна. Бид бол дааж давшгүй юм үйлдвэрлэчихээд шаналаад байгаа юм байхгүй. Боловсон хүчин, хүний нөөц багатай. Оёдолчин их цөөтэй.

Аль ч улсын хэмжээнд хүний нөөц ийм болчихоод байна. Чадалтай хүмүүсээ гадаадад экспортлоод, мань мэтийн жар гарсан улс л энэ улсад чинь юм хийх гэж үлдэж байна шүү дээ.

-Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ аль хэр хамтран ажиллаж байна даа?

-“Дархан нэхий” компанийн нэхийгээр торгоор өнгөлөөд сайхан дээл хийж байна. Эдний боловсруулсан хурганы арьсаар хөнгөхөн монгол хувцас хийж байгаа шүү. Бид бие биеэ дэмжихгүй бол улс орон хөгжихгүй.

Малчдадаа харин захихад хонио тосон будгаар бүү тэмдэглээч, тэмдэглэсэн ч эвэр, толгойд нь тосон будгаа түрхээч гэмээр байна. Тэр будаг чинь хонины нэхий, сэгсүүргэнээс яаж ч боловсруулсан арилдаггүй юм байна шүү. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Одооны хүмүүс мэдэхгүй юмаа мэдэмхийрч яриад, чадахгүй зүйлээ хийнэ гэж дайраад байдаг болж” гэж нэгэнтээ ярьсан байдаг.

Миний хувьд энэ оёдлынхоо салбарт бараг дөчөөд жил ажилласан болохоор мэддэг, чаддаг бүхнээ бусдад хэлж байхыг хүсдэг. Тэр утгаар л малчдадаа нэхийгээ сайхан арчлаад үнэд хүргээч ээ л гэж хэлье.

-Энэ бол ёстой их эмгэнэл юм даа, тээ?

-Таван жилийн өмнө Тайландад явж байхад бизнесийн түнш маань “Танайх цөөхөн хүн амтай байж яагаад экспортод хүнээ гаргадаг юм бэ?” гэж асууж байгаа юм. “Та манайхыг хүнээ гаргадгийг мэдсэн юм бэ” гэхэд “CNN”-ийн мэдээгээр явж байна шүү дээ. БНСУ-д ажиллах гээд бөөн оочер болоод энэ тэр гээд ярьж байна. Танайх хэдэн сая хүнтэй билээ” гэж байгаа юм. “Манайх гурван сая хүнтэй” гэсэн чинь толгой сэгсрээд байгаа байхгүй юу.

-Тайланд чинь өөрөө замбараагүй олон хүн амтай улс байгаа байлгүй?

-68 сая хүнтэй ш дээ. Тэгэхэд чинь манайхыг гаднын хүн тэгж хэлэхгүй яахав дээ. Манайх тэгэхэд чадалтай залуусаа гадаад руу л явуулаад байх юм. Эх орноо сайхнаар л хэлж ойлгуулмаар байх юм, үр хүүхдүүддээ. Хөрст дэлхийн гайхамшиг болсон хөх тэнгэрийн сайхан орон шүү дээ.

Энэ зурагт хэвлэл харж байхад их дээд сургууль төгссөн хүүхдүүд “Гадаад явна” л гэцгээх юм. Энэ чинь эх оронч бодлого байхгүй болсны гор шүү дээ. Би бол яах вэ, оёдолчин заяатай хүн. Тавьдахь жилдээ үйл бүтээж явна. 13 настайгаасаа дээл оёсон. Долоо найман настайгаасаа ширмэл ширдэг ширсэн. Би өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун явна. “Үйлэнд уран хүн” гэж хүн болгон хайртай байдаг юм шүү дээ.

-Тэр ч ёстой үнэн шүү. Ажилсаг шаавай, уран хүнд ард түмэн маань аргагүй л хайртай байдаг даа?

-Төрийн соёрхолт яруу найрагч Пунцагийн Бадарч гуай “Нөгөө “Ур-Ундрах”-ын миний хайртай өндөр хүүхэн” гэдэг шиг л хайрлацгаадаг. (Алтаа захирал ажил мэргэжлээрээ бахархсан сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруулав. Л.Б) Манай зохиолч нар бүгд л надад хайртай байдаг даа.

-“Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн найрагчийг “Монгол савхи” компанийн захирал Хүнийхүү савхин дээлээр мялаадаг уламжлалтай байсан. Танай компани энэ уламжлалыг хадгалж түрүү найрагчид хэдэн жил үндэсний дээл бэлэглэв?

Алтантуяа-“Болор цом” наадмын тэргүүн найрагчийг дээлээр мялаадаг болсоор 21 жил боллоо. Саяын “Болор цом”-оор сүүлийн дээлээ өгөөд зодог тайлсан.

-Зодог тайлна гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Сая би “Уран гоёл” гэж компанийн захиралд “Цаашид “Болор цом”-ын тэргүүн шагналт найрагчдад дээл гардуулж байгаарай. “Болор цом” үеийн үед байх ёстой шүү” гэж хадгаа гардуулсан. Зохиолч Б.Галааридын гэргий энэ компанийг ажиллуулдаг. 21 жил гэдэг хүний амьдралын хувьд цөөхөн жил биш шүү.

-Та чухам яагаад “Болор цом”-ын эздэд дээл өргөн барьж байхаар болов?

-Ээж маань ерөөл, магтаал хэлдэг, уран зохиолд жигтэйхэн дуртай хүн байсан. Миний зулай дээр гишгэж төрсөн ах бэлэн цэцэн үгтэй, үдэшлэг цэнгүүнд шүлэг уншдаг хүн байлаа. Тиймээс би зохиолчдоо их хүндэтгэж явдаг байсан. Би Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайнхаа “Сэгс цагаан богд”, “Гэргийн зүрхний үг” зэрэг олон сайхан шүлэг найраглалыг цээжээр уншдаг байлаа.

Их зохиолч Д.Нацагдорж, билгүүн номч Бямбын Ринчен нар бол монгол үндэснийхээ дээлийг яах аргагүй түүхэнд үлдээсэн улс шүү. Нацагдорж гуайн зураг дээр байдаг дөрвөлжин энгэртэй дээлийг хүүхэд байхдаа хараад “Ийм сайхан дээл хийх сэн” гэж мөрөөддөг байлаа.

МУИС-ийн хаалгаар монгол дээлтэй хүн оруулдаггүй тэр он жилүүдэд манай их эрдэмтэн Б.Ринчен гуай үндэсний дээлээ өмсөн монгол дээлээ түүхэнд авч үлдсэнд би маш их баярлаж явдаг.

-Та цомын эздээс гадна олон зохиолчид дээл бэлэглэсэн гэдэг байх аа?

-Би эхээс арван гурван настайдаа өнчирч, аав маань найман хүүхэдтэйгээ үлдсэн. Хар багаасаа л үйл үртсээ өөрөө хийдэг сэн. Дөрвөн өнчин дүүгийнхээ дээлийг хийдэг байлаа. Төрийн шагналт яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар, ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуай гээд олон хүнд сэтгэлийн бэлэг болгож олон дээл бэлэглэсэн дээ.

Манай энэ “Ур-Ундрах” нэрийг бурханч лам Пүрэвбат ламтан маань өгсөн юм шүү дээ. Би бэлгэшээл бодож сая манай 20 жилийн ойгоор ирэхэд нь дээлээ бэлэглэж зургаа татуулсан. Эрдэмт сайхан хүмүүний эрдэнэт ариун жанлав нь хаачихав, дурсгалтай шүү дээ.

Алтантуяа-Тавь гаруй жил дээл хийсэн гэхээр овоо судалгаатай болоо биз?

-Дээл гэдэг маань “дэвэл” гэсэн үгээс гаралтай. Дэвжин дээшлэхийн утга агуулгатай. Арвангуравдугаар зууны үед монгол дээл зүүнтэйгээс баруун тийшээ зөрлөг энгэртэй хувцас байсан юм билээ.

Дуучин С.Жавхлангийн өмсөж буй дээлийг гэхэд Хүннүгийн үеэс, Чингис хааны үеэс өмсөж ирсэн уламжлалтай. Үндэсний хувцсыг түүхэн талаас нь гурав хувааж үзэж байгаа. Их Монгол Улсын үеэс Манжийн эрхшээлд орох хүртэлх, Манжийн үеэс Богд хаант Монгол Улсын үе, Богд хаантын үе, Ардын хувьсгалаас хойших үе гэж үечилж байна.

Монгол хүнийг “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал, хаан төрийн хантааз”-аас салгахын аргагүй болохоор эл хувцсыг иж бүрнээр хийх юм, Монголын ард түмэн маань иж бүрнээр нь эдлээсэй гэж боддог. Мөөрөлжин захтай дээлийг өвөг дээдэс маань XIII-XVII зуун хүртэл өмсөж.

Алтантуяа-Мөөрөлжин зах гэж бөөрөнхий захыг хэлж байна уу?

-Мэдэхгүй хүмүүс “лам зах” гэж нэрлээд байдаг. Түүхч Бадамхатан гуайн номонд мөөрөлжин гэсэн байгаа юм шүү. Монгол үндэстэн маань харийн дарлалд орох үед үндэсний хувцсыг хүртэл устгах бодлого явуулсан байдаг. Тулган дахь галыг нь хар хэрээний хошуу дүрсээр мануулангуут Өндөр гэгээн Занабазар монгол хатан хүний хувцсыг бүргэдийн хэлбэртэй болгосон байх жишээтэй.

Монголчуудыг мал дагасан мал гэж битүү доромжлон нударга хийхэд малын туурайн хэлбэрийг өөрчлөн халхын заяаг хадгалах тавин лангийн ембүүний хийцтэй болгосон байдаг. Ерээд оноос эртний эвэр угалзтай хийц хэлбэрийн дээл хувцсыг монголчууд сэргээн хэрэглэж эхэлсэн.

Монгол хээ угалз чинь аргаль янгир, малынхаа эвэр угалзыг дуурайлгаж хийсэн хээ байдаг. Манайх Хүннүгийн булшнаас гарсан эвэр хээтэй дээлийн загварыг шинээр хийж Сөүлд болсон олон улсын хувцасны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртэж байлаа.

-Та монгол хувцсыг шинэ хэв загварт оруулж, хөгжүүлж яваа хүн шиг санагддаг. Тухайлбал, нэг удаагийн “Болор цом” дээр “Монгол” гэдэг үгийг сувдаар хэлхсэн дээлтэй ирж байсан даа?

-Хувцас гэдэг цаг үеийн түүх. Хубилай хаан монгол хувцсыг монгол үндэстний хувцас гэж 1275 онд хуульчилж байсан байдаг. Мөнх хаан бас хуульчилсан. Даяаршлын эл эринд монгол хувцсаа хуульчлаасай гэж боддог.

Дэлхийн хувцсыг дэлгүүрээр дүүрэн оруулж ирчихээд өөрийн үндэсний хувцсаа тоохгүй байх шиг гунигтай юм үгүй. Үндэсний хувцсаа монгол улстөрчид, монгол сэхээтнүүд нь өмсөхгүй бол “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэж мянгантаа хашгичаад нэмэргүй биз дээ. Үндэсний хувцасныхаа товч, шилбэ, энгэр, ханцуй, хээ угалзыг уламжлан орчин цагийн хэв загварт оруулж байгаа нь хөгжил юм.

Эмэгтэй хүн бүхэн бэлхүүсээрээ нарийн харагдах дуртай. Тиймээс үзэсгэлэнт сайхан байдалд тохируулж дээлээ хийж байна. Захиалгат хувцасны анги төгссөн маань ч ач тусаа өгч байна. Монголчууд “Хувцсаар нь угтаж, ухаанаар үд” гэдэг үнэн үг шүү. Хувцас чинь хүнийг хүмүүжүүлдэг юм шүү дээ.

-Яаж хүмүүжүүлдэг гэж?

-Ардын дуунд хүртэл байна шүү дээ.
“Хамбаны чинь хээ элэгдэнэ шүү, Сүнжидмаа минь
Ханилсан нөхөр болно шүү, Сүнжидмаа минь
Үйтэнхуарны чинь хээ элэгдэнэ шүү, Сүнжидмаа минь
Үүдэн сайхан шүдий чинь унаад ирэхийн цагт
Үүдэн хаалгаа нээсэн ч үзэж харах хүнгүй болно доо” гэж дуулах чинь ямар гайхалтай сайхан хүмүүжил олгож байна. “Булган чиг нударгыг шалчийтал уйлна аа” гэдэг чинь ямар их хайр вэ?

Монголын ард түмэн аман хүмүүжлээр үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хувцас хунараар нь хүртэл дамжуулж хэлж байна шүү дээ.
“Хар торгон хамжаарыг
Харанхуй шөнөөр оёсон юм аа хө
Хаяад явахыг чинь мэдсэн бол
Хайран чиг оёод өгсөн арван хуруу минь” гээд дуулна. Монголын ард түмэн энэ бөөрөнхий дэлхийтэйгээ ёстой нэг жинхэнэ шүтэн барилдлагатай соёл хүмүүжлийг хойч үедээ уламжлуулж ирсэн байх юм даа. Ардын зураач Ядамсүрэн гуайн “Шүтэн барилдлага” хээгээр бид монгол хувцсаа гоёж байна.

Алтантуяа-Шилдэг загвар өмсөгч шалгаруулах “Гоёл” наадмаас танайх “Үндэсний шилдэг хувцас”-ны тэргүүн байрын шагнал хүртэж байсан даа?

-Монгол бичигтэй цагаан ноолууран дээл, хүрмээр тэргүүн шагналыг авч байсаан. “Бичиг нь босоо юм чинь хийморь босоо байдаг юм байлгүй” гэсэн үгээс санаа авч энэ загварыг бүтээсэн юм.

Анх би “Монгол” гэсэн үгийг дээлэн дээр бичсэн загвараа өмсөн, тайзан дээр шүлэг уншихад Өмнөд Монголоос олон хүн утасдаж баяр хүргэсэн. Өмнөд Монголын радиогийн Журамт хэмээх залуу тусгайлан олон дээл захиалж хийлгэж байсан.

Эзэн Богд Чингис хаан минь дэлхийн мянганы суут хүн мөн л юм бол зураг хөрөгт ч, үг зарлигт ч мөргөж залбирч байгаасай гэж хүсэн энэ монгол бичигтэй дээлийг хийсэн юм. Миний охин дизайнер Баасансүрэнгийн маань бүтээл л дээ.

-Чингис хааны юу гэсэн зарлиг үгийг буулган бичсэн бол?

-“Дэлхийн хүмүүс чухам юу бодож байгааг олж мэдэхгүйгээр мэдэхийг хичээгтүн. Хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг даруулан тэргүүлнэ гэж үгүй. Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг эзлэхийг яарагтун” гэсэн бичиг байгаа. “Гоёл” наадмын тухайн үеийн бичлэгийг зурагтаар үзэхээр тодорхой сайхан харагдана даа.

-Танайх оёдолчдынхоо нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн гэл үү?

-Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож. Дээд мэргэжилтэй болох, гадаад хэл сурах, харьд очиж амьдрах эрмэлзэлтэй болчихсон байна. Социализмын үед эмэгтэй, эрэгтэй хувцсыг стандарт, технологийн дагуу хийдэг байлаа. Тиймээс ч ажилчид маань бүгд л миний заавар зөвлөмжөөр оёдлоо хийж байна.

Хөдөөнөөс зориод ирсэн, гартаа уртай, нямбай оёдолчдоор багаа бүрдүүлсэн. Хүн хүнийхээ төлөө л чин сэтгэлээр хандаж байхад бүх зүйл сайн сайхан болно. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд явж байхад хүмүүс нь ажлын байраа тэгтлээ солиод байдаггүй юм байна лээ.

Алтантуяа

-Танайх олны танил үйлчлүүлэгчид ихтэй биз. Бат-Эрдэнэ аварга гэхэд танай байнгын үйлчлүүлэгч гэдэг байх аа?

-Уржнангийн цагаан сарын дээлээ хийлгэсэн. Саяхан нэг ирээд “Таны дээлээр сүүлийн арав гаруй жил гангарчээ” гэж байна билээ. “Ярих юм байхгүй” гэдэг шиг сахйан хүү шүү дээ, манай Бат-Эрдэнэ аварга. Улсын заан Долгорсүрэн зааныхан ах дүүсээрээ манай үйлчлүүлэгчид. Дагвадорж аварга маань ирж дээл хувцас захиална.

Тайландын улаан, хүрэн даавуугаар сайхан хувцас хийлгэсэн. Өмсчихсөн байгаа нь зурагтаар сайхан л харагдаж байна лээ. Сумьяабазар дарга, Сугаррагчаа ах нь ч дээлээ манайхаар л хийлгүүлдэг.

-Танай бүтээгдэхүүнүүд олон улсын үзэсгэлэнгээс ямар шагнал авч байв?

-БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын болон Зүүн хойд Азийн улсуудын үзэсгэлэнгүүдээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авчирсан. Монголын уламжлалт хувцсыг дэлхий үнэлж байгаа нь сайхан шүү.

-Хятад торго дэлхийд тун алдартай. Гэхдээ танайх хятадаас өөр торго ч авчирдаг бололтой?

-Хятад торго дэлхий дээр хамгийн чанартай. Торгоны хүр хорхой ганцхан Хятадад байдаг амьтан. Ханжоугоос торгоо татаж байна. “Тэнбоу” гэж алдартай үйлдвэр байна. Хятад торгыг гүйцэх торго хаач байхгүй шүү. Халуун сав, торго хоёроороо хятад дэлхийд нэгдүгээрт орно.

Япон, Солонгос нийтлэг сайхан торготой. Эднийхний өөрсдийнх нь хувцасны материалууд манай үндэсний хувцсанд тохиромжтой байдаггүй. 45-60 см-ийн өргөнтэй болохоор залгаас их орох гээд байдаг. Далай ламд мөргөхөөр явахдаа Энэтхэгээс жаахан торго татдаг.

Манайх чинь жижигхэн байгууллага учраас чингэлэг чингэлгээр бараа авчрах боломж байхгүй л дээ. Тиймээс маш чанартай торго сонгож авчирдаг. Охин маань англи хэлтэй болохоор Тайланд хамт явж торго авчирдаг даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img