2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Битүүнд битүү мах задлаж, (гургалдай,чөмөг) идэх заншил эртний уламжлалтай

Угсаатан судлаач, доктор Д.Тангадын “Монголын угсаатны зүйн хээрийн судалгаа” номоос  монголчуудын цагаан сарын ёс заншлын талаар хүргэж байна.

           Шинэ жил эхлэхийн урд орой буюу хуучин оны хамгийн сүүлийн оройг үдэж байгаа ёслолыг битүүн гэж нэрлэдэг.  Энэ оройн хүндэтгэлийн идээ зоогийг битүүлэг гэж нэрлэн, нэг хот айлынхан битүүлэг тарааж, солилцон зооглодог. Битүүлэг солилцохын зэрэгцээ өөрсдийн бэлтгэсэн битүүлгээс идэцгээн, найр цэнгэл болдог. “Битүүний орой битүүртлээ иднэ” гэдэг үг сүүлд ам дамжсан наргиа үг болохоос биш тэгж их иддэггүй байлаа.  Битүүлгэнд банш чимхэн, жигнэж идэцгээдэг байжээ. Битүүний орой хийдэг банш, зочлолын хоол унд, дэг ёс нутаг нутагт арай ондоо юм.  Халхын төв хэсэгт битүүний орой үхрийн толгойг ялз чанаж, духыг нь тавагт хийж, айлуудад түгээдэг заншил бий.  Үүнийг “дух гүйлгэх” хэмээн нэрийддэг. Энэ заншил Өвөрхангай, Архангайн ихэнхи, Булган аймгийн урд сумдад түгээмэл ажээ.

Ихэнхи нутагт хонины толгойг эрүүтэй нь битүү чанаж, бурхан тахилдаа, ууц тэргүүтэй бусад махан шүүс, цагаан идээнээс  хурууд, хураасан тос, боов зэрэг амттанг бэлтгэж засдаг.

Битүүний орой хийдэг эдгээр зан үйл нь гарч буй шинэ онтойгоо агуулга хэлбэрийн хувьд ижилсүүлэн битүү байснаа нээгдэж буйг дүрсэлсэн бололтой.  Харин торгуудын битүүнд чөмөг таших нь Лхам бурхан гэгч хүнд сайн сайхныг авчрах гэж шинийн нэгний өглөө, яарч явахад шулам саад хийж тэмцэлдэхэд Лхамын хөлгийн хөлийг гэмтээнэ гэж шулмын унааны хөлийг хугалж буй мэтээр ярьдаг домогтой.

Гэр дээр тавьдаг  цас, аргал, өвс  нь Лхамын хүлэгт зориулагджээ. Битүүнд битүү мах задлаж, (гургалдай,чөмөг) идэх заншил нь  эртний уламжлалтай.

Цагаан сарын шинийн нэгэн маш их бэлгэ дэмбэрэлтэй өдөр

Шинийн нэгний өглөө эртлэн тэр жилийн анхны шинэ цай чанасаны дараа эхнэр, нөхөр хоёр хуйхлан чанасан хонины битүү толгойны эрүүг заадаг заншил байжээ. Ингэж заахдаа эрүүнээс  авгай нь, нөхөр нь толгойноос татаж:

Бүх юм дэлгэрлээ

Битүү юм нээгдлээ

Буур жил гарлаа.

Ботгон жил орлоо гэж хэлээд толгойны хошуунд шар тос түрхээд, уурга сүүл шагайт чөмөгтэй бурхандаа тавьдаг байжээ.  Эрүү, толгой заасан эхнэр, нөхөр хоёр нэг хүн шиг нэг амьтай хэмээн цагаан сараар золгодоггүй ёстой.

Цагаан сарын шинийг нэгнийг маш их бэлгэ дэмбэрэлтэй өдөр гэдэг. Энэ өдөр хүмүүс хийморио сэргээж буй зан үйл (зүгээ гаргах, дарцаг хийсгэн, араг дүүрэн аргал түүх, ээрүүлээ дүүртэл утас ээрэх ) тоглоом наадгайн зүйл нь бүгд дүүрэн бэлгэтэй, зан үйл байжээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч, шинэ дээлээ өмсөн, овоонд мөргөхөөр идээ цайтай очицгоодог байжээ.

Овоон дээр очиж, цай идээнээсээ дээжлэн мөргөхийг төрийн сүлд, эзэн сүлдэд мөргөх, индэрт мөргөх, овоонд мөргөх гэж янз янзаар нэрлэдэг.

  Шинийн нэгний өглөө эзэн сүлдэд мөргөхөд эхнэр хүн ховор очдог. Эзэн сүлдэд цай, цагаан идээнээсээ дээжлэн, малгайгаа аван, дөрвөн талд нь тойрон мөргөөд, гэртээ ирцгээдэг ажээ.

Зарим нутагт ирэнгүүтээ малчид гэрээсээ нялх хурга гарган, хонио цагаалуулж, тэр хургаараа хуц тавьдаг уламжлал ч бас байжээ.  Дараа нь хот айлын хамгийн ахмад настныд цайны дээж, тавагтай идээтэй ирцгээдэг. Ахмад хүний тохой дороос түшисхийн, хоёр гарын алгыг  өөд харуулан, хадаг барин мэхэсхийн золгоно.  Дараа нь сууж,  “Лагшин тань амар байна уу” гээд гаанс, хөөргөө солилцон мэндлэнэ. Ийнхүү золгосны дараа ахмадаасаа эхлэн идээнээс амсч, хоол идэж, шимийн архи тогтооно.  40 хүртэлх насныхан архийг зөвхөн уруулдаа хүргэн ёсолдог ажээ.

Шинийн нэгний цай хоол зооглосны дараа бэлгэ дэмбэрэлтэйг нь бодон хорол тоглодог уламжлалтай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img