2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

Кевин Спейси: Туйлын аз жаргалтай хүмүүстэй харилцахад дэндүү уйтгартай санагддаг

Театраас кинонд шилжин нэр алдарт хүрсэн дэлхийн өнөө цагийн цөөхөн жүжигчдийн нэг бол яах аргагүй Кевин Спейси. АНУ-ын Нью-Жерси мужийн жижигхэн хотхонд 1959 онд төрсөн тэрээр техникч аавынхаа ажлын онцлогоос үүдэн гэр бүлээрээ нэг газар удаан суурьшилгүй дунд сургуулиа байнга сэлгэж багаасаа зожиг өссөн ч “Оскар”-ыг хоёронтаа гардсан билээ. 1996 онд тэрээр найруулагч Брайан Сингерийн нүдэнд өртөн “Сэжиг бүхий хүмүүс” кинонд тоглож шилдэг туслах дүрийн номинацид анхны “Оскар”-аа гардсан бол төд удалгүй 1999 онд Сэм Мендесийн “Америк гоо сайхан” киноны гол дүрээр нэр хүндтэй энэ шагналыг хоёрдахь удаагаа өргөсөн. Дунд сургуульд байхдаа л жүжигт тоглож эхэлсэн Кевин Спейси түүнчлэн театрын “Тони” шагналтай.

“Оскар”-ын шагнал гардах бүртээ тэрээр эхнэр бус ээжийнхээ хамт ирж байсныг хэвлэл мэдээллийнхэн нэг бус удаа онцолж байв. Сүүлд үүнийх нь учир олдсон юм. 2017 оны аравдугаар сард Холливудын жүжигчин Энтони Рэпп мэдэгдэл хийж, Кевин Спейси түүнийг 1986 онд 14 настай байхад нь хүчирхийлэхийг завдсан гэжээ. Үүний хариуд алдарт жүжигчин Энтони Рэпптэй уулзсанаа санахгүй ч, тухайн үед үнэхээр тийм авир гаргасан бол согтуу байсан байх гээд хүлцэл өчжээ. Төд удалгүй өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юм.

Үүний дараа түүний жүжигчний карьер зогсч, нэг ч кинонд олигтой дүр бүтээлгүй өнөөг хүрлээ. АНУ-ын Ардчилсан намын нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн Андервудын дүрд тоглож улам их нэрд хүрэх болсон “Хөзрийн байшин“ кинонд ч тэрээр тоглохоо болив. “Нетфликс” компани киноныхоо гол дүрийн жүжигчинтэй гэрээгээ цуцлахад хүрсэн юм.
Сонирхолтой нь, хамгийн сүүлд Кевин Спейсиг Чингис хааны ач хүү Бат ханы Европын аян дайны тухай “1242-Өрнөд рүү нэвтрэх гарц” (1242-Gateway to the West) киноны гол дүрийн нэгд баталсан ч төд удалгүй мөн л цуцлахад хүрчээ.
Энд түүний хамгийн сүүлд “Hollywod Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулж байна.

-“Хөзрийн байшин” кинонд тоглосноор та улс төрийн тухай бодлоо өөрчилсөн үү?
-Тэгтлээ өөрчлөөгүй ээ. Угаасаа би улс төрөөс хол хөндий хүн биш, сайн, муу бүхнийг нь харж л явав. Улс төрийн хөшигний наана, цаана юу болдгийг ч гадарлахтайгаа. Тэгээд ч Билл Клинтоноос эхсүүлээд цөөнгүй улс төрчтэй ойр дотно харилцаатай байлаа. Иймээс ч би улс төрийн ул суурийг мэдэхтэйгээ. Ер нь улстөрч хүн жүжигчинтэй нэлээд төстэй. Жүжигчин хүн үзэгчдэд санаагаа хүргэхийг хүсдэг дээ? Улс төрчид ч мөн адил. Тэд өөрсдийн үзэл санаа, зорилгоо сая сая хүнд хүргэхийн тулд өөрийн эрхгүй ямар нэг хэмжээгээр жүжигчин болоход хүрдэг юм.Кевин Спейси

-Таныг ижил хүйстэн гэдгээ мэдэгдсэний дараахан “Хөзрийн байшин” цуврал киног бүтээж буй “Нетфликс” компанийн продюсерүүд тантай гэрээгээ цуцалсан. Энэ тухай мэдээд та юу бодов?
-Өө, би энэ цуврал киноноос элдэв хэрүүл уруулгүй гараад явчихна аа. Угаасаа энэ цувралын удирдлага надад зураг авалтын талбай дээр ирвэл хамгаалагчид хөөж гаргах болно гэдгийг анхааруулсан. Тийм сануулга авахдаа би зүгээр л инээмсэглэсэн. Угаасаа би юу боллоо гэж тийшээ дахиж очих вэ дээ. Үүнээс гадна би “Нетфликс”-ийн “Гор” киноны год дүрд тоглохоос гадна продюсерээр нь ажиллаж байсан юм. Тэр минь ч бас талаар боллоо. Харамсалтай. Учир нь би тун давгүй кино хийж байсан юм шүү дээ. Ижил хүйстэн гэдгээ олонд мэдэгдсэнээс болж бүх юм орвонгоор эргэж байна даа.

-Та урьд нь хүний хувийн амьдрал олон нийтийн анхаарлаас ангид байх ёстой гэж хэлж байсан даа?

-Би одоо ч тэгж бодсон хэвээр. Гэхдээ л би эрчүүдтэй секс хийдгээ хэлчихсэн. Энэ бол нэгэнт баримт. Хэдий тийм ч би хувийн амьдралаа тэр чигт нь бүгдийн өмнө дэлгэнэ гэж юу байхав.

-Гэхдээ л та Энтони Рэпп насанд хүрээгүй байхад нь таныг оролдсон гэж мэдэгдсэний дараа ижил хүйстэн гэдгээ дэлгэсэн?
-Үнэнийг хэлэхэд би Энтони Рэпптэй насанд хүрээгүй байхад нь таарснаа санадаггүй юм. Гуч гаруй жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Иймээс ч би хэрэв тийм юм болсон бол согтуудаа зохисгүй үйлдэл хийсэндээ албан ёсоор уучлал хүссэн. Тэгэхэд л би өөрийн хувийн амьдралын нууцаасаа дэлгэн эмэгтэйчүүдээс гадна ижил хүйстэй хүмүүстэй бэлгийн харилцаанд орж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Үнэндээ би эмэгтэйчүүдтэй ч, эрэгчтэйчүүдтэй ч унтаж явсан. Харин дээрх дуулианаас үүдэн үүнийгээ олон нийтэд мэдэгдэхэд хүрсэн юм. Үүндээ харин харамсахгүй ээ.

-Олон хүн таны ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг педофили буюу насанд хүрээгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орохыг эрмэлзэж байснаа нуун далдлахын тулд л хийсэн гэж үзсэн. Энэ талаар юу хэлэх вэ?
-Нас хүйс харгалзахгүй бусдыг хүсэмжлэх зүй бус авираа хянах эмчилгээ гээчид надаас гадна Харви Ванштейн, Дастин Хоффман, ах дүү Бен ба Кейси Аффлек, Жереми Пивен гээд цөөнгүй танил хүн хамрагдах гэж байна даа. (Санаа алдан уйтгартайгаар инээмсэглэв) Энтони Рэппийн мэдэгдэлд би туйлын анхааралтай хандсан. Иймээс ч олон жилийн турш хадгалсаар ирсэн бэлгийн харилцааны нууцаа дэлгэсэн дээ. Үүний үр дагавар нь хар дарсан зүүд шиг л аймшигтай. Үнэхээр хайртай болсон “Хөзрийн байшин”-гийн дүрдээ дахиж тоглохгүй нь.

Кевин Спейси“Эмми” шагналд нэр дэвшсэн боловч хасууллаа. Ридли Скотт зураг авалт нь нэгэнт дууссан кинонд миний бүтээсэн дүрийг өөр жүжигчнээр дахин тоглуулахаар шийдвэрлэлээ. Намайг ижил хүйстэн гэдгээ цагаа ололгүй эрт мэдэгдсэн гэх л юм. Нэгэнт болоод өнгөрснийг ямар буцааж болох биш дээ. Энэ дуулиан хэсэг хугацааны дараа намжиж, миний ололт амжилтуудыг шударгаар үнэлэх цаг ирнэ гэдэгт л найдах юм даа. Харин одоо би дээр хэлсэн эмчилгээ хийлгэх л төлөвлөгөөтэй байна.

-Сэдвээ өөрчилж арай өөдрөг зүйлсийн талаар ярилцъя. Та жүжигчнээс гадна продюсер хүн. Киног цогцлоох нь кинонд тоглохоос илүү сонирхолтой гэж үү?
-Продюсерийн ажилд би үнэхээр маш ихээр татагдсан. Бүхнийг, бүгдийг нэг дор цуглуулна гэдэг ямар сонирхолтой үйл явц гэж санана? Лондоны “The Old Vic” театрын жүжгүүдийн продюсерээр ажилласан минь онцгой сонирхолтой байлаа. Тэнд миний хийгээгүй юм гэж үгүй. Би жүжгийн зохиолыг, жүжигчдийг сонгон найруулагчидтай нүүр тулан ажиллаж, тайз чимэглэл, хувцас хэрэгсэл, тэр ч байтугай постер ямар байхыг шийдэж байв.

Тэр бүх ажил ёстой гайхамшигтай! “Америк гоо сайхан” кинонд тоглосны дараахан 1999 онд “The Old Vic” театр надад продюсерээр ажиллах санал тавихад би шууд зөвшөөрсөн юм. Тэр үед би хүч чадлаа ямар нэг шинэлэг зүйлд сорихыг хүсч байсныг ч хэлэх үү. Театрт арван жил продюсерээр ажилласнаар би өмнөхөөсөө илүү жүжигчин болсон гэж надад санагддаг шүү. Үүнээс гадна би янз бүрийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн багтай харилцахад сурч, удирдах чадвар маань илэрсэн гэх үү дээ. Тэр үед би өөртэйгөө маш их ажиллаж, манлайлан удирдахуйн тухай олон ном уншиж, продюсерийн мэргэжлийн сургалтад хүртэл хамрагдсан юм.

-Тийм бол тус театрыг та яагаад орхисон юм бэ?
-Театртай гэрээ хийхдээ би Лондоноос жилд наймаас илүү долоо хоногоор явахгүй гэж тохиролцсон юм. Тэр үед миний амьдралд театраас илүү эрхэм зүйл байсангүй. Иймд арван жилийн турш би гэрээнийхээ тэр заалтыг зөрчсөн явдал нэг ч үгүй. Улмаар “Хөзрийн байшин”-д тоглох санал ирэхэд театрын баг маань надтай надгүй бие даан амжилттай ажиллах чадвартай болсон гэж үзээд продюсерийн ажлаа орхисон юм. Тэгээд ч “Хөзрийн байшин”-гийн төсөл надад үнэхээр таалагдсан л даа.

-Та амаргүй амьдралыг туулж ирсэн хүн. Одоо та мөнгөний гачигдалд орохоос эмээдэг үү?

-Одоо ч гэсэн заримдаа би эмээдэг. Би чинь дунд ангийн энгийн гэр бүлээс гаралтай. Ээж маань нарийн бичгийн даргаар ажиллаж, аав маань заримдаа бүр ямар ч ажил, орлогогүй суудаг байв. Аав ээжид минь ямар хэцүү байсныг би багадаа харсан. Иймд тэдний амьдралыг давтахыг хүсээгүй.

-Тэгвэл та баян байх нь дээр гэж үздэг хэрэг үү?
-Баян байснаас ядуу байх нь дээр гэж хэлэх хүн бий гэж үү? (Инээв)

-Таны ах Рэндал Фаулер “Daily Mail” сонинд ярилцлага өгөхдөө эцэг тань нацист бас педофил хүн байсан, түүнийг арванхоёр настайгаас нь хүчиндэж эхэлснийг танай ээж мэддэг байсан гэжээ?
-Тийм ээ, бидний эцэг хэрцгий, нацист намын гишүүн, бүр Гитлер шиг сахал тавьдаг нэгэн байсан юм. Иймд гэрийнхэндээ ямар их дарамт учруулдаг байсан нь ойлгомжтой. Ахынхаа аавд байнга хүчиндүүлдэг байсан тухай ярианы талаар би хэлж мэдэхгүй. Юутай ч Жулиа эгч маань арваннайман нас хүрэнгүүтээ гэрээс зугтсан юмдаг. Би харин гэр дэх тоогүй уур амьсгалаас аль болох холдохыг хичээдэг байлаа.

-Жүжгийн дугуйланд явж уу?
-Тийм ээ. Би тайзан дээр ч, кинонд ч өөрийгөө бүрэн зориулсаар ирсэн. Театрт надад ижилхэн нэг материалыг жүжигчид өөр өөрөөр дэлгэх нь ихэд таалагддаг байлаа. Хоёр өөр жүжигчин Лир ванг мэдээж тэс өөрөөр тоглоно шүү дээ. Харин кино бол яг л теннис шиг, бөмбөг хаана ирэхийг урьдчилан таахын аргагүй зүйл. Энэ нь намайг маш ихээр татдаг юм. Зураг авалтын талбай дээр би тэр өдөр надад тохиосон муу бүхнийг мартдаг даа. Кинонд тоглоно гэдэг маш хүнд ажил гэж хэлдэг жүжигчдэд би дургүй. Учир нь надад кинонд тоглох шиг сайхан зүйл үгүй. Би зураг авалтын талбай дээр маш их баяр хөөртэй гардаг. Иймд дүрдээ бэлдэнэ гэдэг бөөн зовлон гэж мэдэгддэг хэнийг ч нэг сайтар тоншчихмоор санагддаг шүү.

-Харин та шинэ дүрдээ өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Надад нэг дүрэм бий. Аливаа дүрд тоглохдоо нэгийг алдаж, нөгөөг олох учиртай гэж. Дүр бүр өөр шүү дээ. Иймд жүжиг, кино, цуврал кино байна уу, дүрийнхээ түүхийг өөр өөрөөр л толилуулж таарна. Найруулагч, жүжигчин бүр өөр өөрийн туршлага, чадвартаа тулгуурлан бусдаас тэс өөрөөр ажилладаг. Танд өөрийн гэсэн бие, дуу хоолой, чадвар, бэлтгэл бий. Гэвч таны хажууд бусад жүжигчин, таны тоглолтыг өөрт хэрэгтэй голдирол руу оруулахыг оролддог найруулагч гэж байна. Иймд юунд ч бэлэн байх хэрэгтэй. Би өөрийнхөө дүрийн тухай, тоглолтын арга барилын тухай, зохиолын ерөнхий өнгө аясын тухай гээд өөртөө бишгүй олон асуулт тавьж хариулахыг оролддог зуршилтай. Шинэ кинонд бүрэн гүйцэд бэлдэнэ гэж хэзээ ч байдаггүй юм. Иймд аливаад өөрийгөө нээлттэй байлгах хэрэгтэй. Би зөвхөн өөртөө зориулж, өөрийнхөө дасал болсон арга барилаар, өөрийнхөө харж ойлгосноор тоглодог жүжигчдийг мэднэ. Үүнийг буруу гэж боддог. Киноны, цуврал киноны, жүжгийг бүтээгчид, юуны түрүүнд зохиолч, найруулагчийн бодож төлөвлөсний дагуу л тоглох хэрэгтэй. Ийм үед амиа бодсон эгогоо орхисон нь дээр. Кино гэдэг чинь олон хүний оролцоог шаарддаг багийн ажил юм шүү дээ.

Кевин Спейси

-Танд өдрийг сайхан өнгөрөөхөд шаардлагатай гурван нөхцлийг хэлнэ үү?
-Юуны түрүүнд надад унадаг дугуй хэрэгтэй. Би дугуй унаж тэнэх дуртай. Тэгээд мэдээж нохой маань. Мини-Купер нэртэй хар терьер нохойдоо би дэндүү дасчээ. Гуравдахь нөхцөл гэвэл яах аргагүй нар. Наргүй бүрхэг өдрийг би сайхан гэж хэлж чадахгүй. Дөрөвдэх нөхцлийг нэмбэл надад сайн ном хэрэгтэй.

-Таны унших дуртай ном гэвэл?
-Би ном их уншдаг тул аль нэгийг нь онцлох амаргүй. Яг одоо би Кларенс Дарроугийн захидлуудыг эмхтгэсэн номыг уншиж байгаа. Америкийн иргэний эрхийн холбооны удирдагчдын нэг байсан хуульч хүн л дээ. Түүний санаанууд тухай үедээ дэвшилтэт байжээ. Захидлуудад нь гайхамшигтай эшлэлүүд цөөнгүй. Надад түүний, “Таныг ойлгоогүйгээс болж шаналж байгаа бол тайвширч үз. Таныг ойлговол та бүр ихээр шаналах болно” гэж хэлсэн нь онцгой таалагдсан. Түүний захидлууд дээр үндэслэн бид “The Old Vic” театртаа бүр жүжиг тавьсан шүү.
Би мэдээж Антон Павлович Чеховын бүтээлүүдийг унших дуртай. Энд гэж хэлэхэд, 2008 онд намайг дөнгөж сэргээн засварласан Оросын Ялт хотын Чеховын театрын нээлтэд урьж байлаа.

-Хэт их амжилтад хүрсэн хүмүүс жаргалтай байдаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ ээ. Туйлын аз жаргалтай хүмүүстэй харилцахад дэндүү уйтгартай юм шиг надад санагддаг. Намайг эд хогшлоо цуглуулаад Лондонд театрт тоглохоор явахад олон хүн солиорчихож гэж бодсон гэсэн. Энэ нөхөрт одоо юу дутсан гээд ингэдэг байна аа гээд л. Усан сангийн хажууд биеэ оторлон юу ч хийлгүй хэвтэж кинонд тоглож олсон мөнгөө үрж би хэзээ ч чадахгүй. Ингэснээс шууд толгой руугаа буудаж амиа егүүтгэх нь дээр. Надад дуртай зүйлээ хийх явах нь л жаргал юм.

-Таны эргэн тойронд болж буй үйл явдлуудыг үл харгалзан та одоо жаргалтай байна уу?
-Үгүй гэж хэлэхгүй ээ. Тийм л гэнэ.

-Гэхдээ сэтгэл хангалуун биш, тийм үү?
-Яг үнэн. Надад үргэлж дараагийн зорилт гэж байдаг. Иймд би мэдээж сэтгэл хангалуун биш байна. Нэг болсон явдал ярья. Жон Хьюстон кино авч байхдаа үдийн цайны ширээний ард Трумэн Капоте, Ава Гарднер, Франк Синатра, Теннеси Вильямс нарыг цуглуулж л дээ. Тэгээд бүгдээс нь амьдралд хамгийн чухал зүйлийнх нь талаар асууж сонирхжээ. Бүгд л гэр бүл, эд баялаг, эрүүл мэнд гээд ойлгомжтой хариулт хэлж гэнэ. Эцэст нь энэ тухай өөрөөс нь асуухад, “Сонирхол. Надад аль нэг юмыг сонирхож байх нь хамгаас чухал” хэмээн хариулсан гэнэ лээ.

-Харин танд хамгийн чухал нь юу вэ?
-Мөн л сонирхол. Би угаасаа их сониуч зантай л даа. Өглөө сэрж орноосоо босохдоо шинэ өдөр танд чухам юу бэлдсэнийг мэдэхгүй байна гэдэг гайхамшигтай биш гэж үү? Би үргэлж ямар нэг шинэ юм хийж үзэхийг, урьд өмнө нээж илрүүлээгүй зүйлийн нэг хэсэг болохыг хүсдэг юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img