2024-05-14, Мягмар
6 C
Ulaanbaatar

“Том нүдэт” буюу Маргарет Кин нөхөртөө алдсан алдар хүнд

Тим Бёртоны “Том нүдэт” киног үзсэн хүн цөөнгүй биз. Үзэж хараахан амжаагүй хүн ч олон байх. Энэ кинон дээр нөхөртөө авьяас билгээ ашиглуулах зуур нөхөр нь зургаар нь алдарт хүрч буй эмэгтэйн тухай өгүүлдэг. Түүнийг Маргарет Кин гэнэ. Маргаретын бүтээсэн том нүдэт хүүхдүүдийн зураг ихээхэн алдартай ч жинхэнэ зураач нь хэн болохыг мэдэлгүй хүмүүс олон жилийг үдсэн юм. Гэхдээ Маргарет эцэст нь алдагдсан он жилүүдэд хүний нэрээр алдаршиж явсан зургуудынхаа зохиогчийн эрхийг олж авж чадсан нэгэн.

Маргарет Кин багаасаа л ихэд авьяастай нэгэн байв. Бага наснаасаа л зургийн хэв маягаа тодорхойлж, өвөрмөцөөр зурдаг нэгэн байсан бөгөөд хожим нь энэ чиглэлийг поп-арт хэмээн нэрлэжээ.

Зураачийн авьяас хосгүй байсан ч өөрийгөө үнэлэх үнэлэмж нь төдий чинээ бага байв. Бүтээлийг нь багахан шүүмжлэхэд л, ганц захиалга цуцлагдахад л сэтгэлээр унаж орхино. Тиймдээ ч олон жилийн туршид юунаас ч ичиж эмээдэггүй нөхөр нь Маргаретын зургийг өөрийнх мэтээр танилцуулж, борлуулж ирсэн байх.

Маргарет, Уолтер хоёр 1955 онд Нью-Йоркийн задгай үзэсгэлэнгийн үеэр танилцжээ. Зураач бүсгүй бүтээлүүдээ үзэсгэлэнд тавьсан бол Уолтер бизнесмен, амжилт муутай зураач байв. Уолтер хүүхэд насандаа мэргэжлийн сургуульд сурсан ч тэндэхийн багш нар түүнийг ойшоосонгүй, “танд ямар ч ирээдүй найдвар алга” хэмээн өгүүлж байсан гэдэг.

том нүдэтУолтер, Маргарет нар удалгүй гэрлэв. Тухайн үед Маргарет нөхрөөсөө салсан, бяцхан охиноо тэжээх гэж зургаа худалдахаас өөр амин зуулга залгуулах арга байсангүй. Харин Уолтер залуухан, царайлаг, сэргэлэн, дур булаам, бизнес хөл дээр нь босгох гэж хичээдэг нэгэн байлаа. Овсгоотой, зальжин тэр бээр гэнэн томоогүй том нүдэт хүүхдүүдийн зураг ихээхэн мөнгө олно гэдгийг мэдэж байсан юм.

Мэдээж энэ талаар ирээдүйн эхнэртээ хэлсэнгүй, бүсгүйн авьяасанд итгэж байна л гэж хэлж байжээ. Ингээд Сан-Францискогийн хамгийн алдартай шөнийн клубүүдийн нэгт Маргаретын зургийг худалдах санал тавьжээ.

Зураг худалдахад нэг их тохиромжгүй газар мэт санагдав ч шөнийн клубт “том нүдэт”-үүд хэдхэн цагийн дотор зарагдсан гэдэг. Худалдан авагчид нэг зургийг хэдэн зуун доллараас мянган доллар хүртэлх нүээр авахад бэлэн байлаа. Залуу гэр бүл ихээхэн баярлаж байв, Марго илүү их зураг зурж, Уолтер ихийг зарна.

Нэгэнтээ Уолтер энэ зургуудыг өөрийнхөө нэрээр тавих саналыг эхнэртээ тавьжээ. Бусдын зургийг зуучлан зарах тийм ч сайхан эд биш гэх зэргээр эхнэрээ ятгасан аж. Маргарет энэ худал хуурмаг, заль мэхийг тэр дор нь л эсэргүүцмээр. Гэвч өөрийнх нь хувьд “дэмий” санагдсан жижиг сажиг зүйлээс болж гэр дотроо хэрүүл шуугиан тарихыг Маргарет хүссэнгүй.

том нүдэтТухайн үед Маргаретын уран бүтээл ихээхэн алдаршиж, дуудлага худалдаагаар ч үнэ хаялцахуйц хэмжээнд очно гэдгийг хөөрхий бүсгүй төсөөлж байгаагүй аж.

Ингээд зурахыг нь Марго зурж, Уолтер өөрийн нэрээр нэрлэн, “том нүдэт”-үүд алдаршиж, Холливудаас эхлээд газар сайгүй Маргогийн зураг түглээ. Уолтерт сурталчилгаанд тоглох санал ирж, кинонд зургийг ашиглахын тулд түүнээс зөвшөөрөл хүсдэг болов.

“Том нүдэт” алдаршихын хэрээр гэр бүлийн ашиг орлого ч нэмэгдэж байлаа. Киний гэр бүл шинэ байшин худалдан авч, хүүхдээ хувийн сургуульд оруулж, дараа нь Хавайд байр худалдан авав.

Гэвч энэ бүх хэрэглээний мөнгө олох, зургийн асар их эрэлтийг хангахын тулд Марго өдөрт найм биш бүхэл бүтэн 16 цаг ажиллаж байжээ. Өдөржин ажилласнаас болж будагнаас харшилтай болж нүд нь өвдөж, гарын арьс нь хуурч хүндхэн нөхцөлд байсан ч “хөрөнгө мөнгө хураах гол зорилгодоо хүрэхийн тулд энэ бүхэн юу ч биш” гэж нөхөр нь ятгадаг байв.

Марго ажлын мал шиг ийн зүтгэж байх хооронд Уолтер алдартны амьдралаар амьдардаг байлаа. Үд хүртэл унтаж, өглөөний цайндаа оргилуун дарс тамшаалж, олон нууц амрагтай болж, дээдсийн хүрээлэнгийн салонуудаар үйлчлүүлдэг байв.
Түүнийг хүмүүс “Суутан ” гэж биширдэг байсан ч ийм суутан амьдрал дээрээ сард 20-30 шинэ бүтээл яаж гаргаж байгааг хэн ч сонирхож сэжиглэсэнгүй.

Киний гэр бүлийн банкан дахь данс байнга нэмэгдэж, харин Уолтер дэлхий даяар алдаршихыг хүсэж байлаа. Дали, Ван Гог шиг суу алдартай болохыг л Уолтер юунаас илүү хүснэ. Өөрийнх нь талаар домог яригдаж, нэрээр нь нэрлэгдсэн зургууд сонгодог бүтээлд тооцогдохыг тэр мөрөөднө.

Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд Уолтер НҮБ-д зураг байршуулахыг хүсчээ.

“НҮБ-ын төв байранд өлгөж болохоор, миний бүхий л амьдралын туршдаа хийсэн хамгийн гол бүтээлд тооцогдох тийм зураг хэрэгтэй байна. Чамд үүнийг хийхэд нэг сарын хугацаа өгье”. Энэ бол Уолтер эхнэртээ буулгасан “лүндэн”.

том нүдэт

Үүнээс 31 өдрийн дараа “Үргэлж маргааш” нэртэй бүтээл мэндлэв. Энэ зурган дээр гунигтай нүдтэй олон зуун хүүхэд ирээдүйг хүлээн том шатан дээр дараалан зогсох аж. Хар саарл өнгө, эмгэнэлтэй, зүрх шимшрэм харцаар харсан хүүхдүүд “дэлхийд ирээдүй гэж байхгүй” гэдгийг нүдээрээ хэлнэ. Энэ зураг энгийн үзэгчдийг ихэд бишрүүлсэн бол шүүмжлэгчид “олныг өгүүлсэн, нөхцөл байдалд нөлөөлөхүйц” хэмээн үнэлж байв.

Хожим нь Маргарет энэ зургаа “энэ хүүхдүүд бол би өөрөөр илэрхийлж чадахааргүй миний хувийн сэтгэл хөдлөл” хэмээн тайлбарлаж байлаа. Үнэн гарах гарцаа олохгүй бол хэзээ нэгэн цагт хүнийг дотроос нь иддэг гэж сэтгэлзүйчид үздэг. Худал хуурмаг хүнийг хүчгүйдүүлнэ. Яг л ийм байдал Маргог дайрав.

том нүдэт

Гэхдээ үүнээс өмнө Уолтер 1964 оны дэлхийн үзэсгэлэн дээр асар том бүтээлийг байршуулсан юм. Энэ зургийг шүүмжлэгчид ихээхэн шүүмжилж, Нью-Йорк Таймс сонин хатуухан шүүмжилсний дараа Маргогийн нөхөр ихэд бухимдан уурлаж, гэр бүлд нь үүссэн хэрүүл шуугиан даамжрав. Энэ бүхнийг тэсээгүй Марго салах өргөдлөө өглөө. Дотных нь хүн олон жил хуурч мэхлэн, шударга бус хандаж байсанд тэр хэдийнэ цөхрөв.

Гэвч Уолтер “алтан өндөг гаргадаг тахиа”-аа тийм ч амар тавиад явуулчихсангүй. Уолтерд зураг зурж өгсөн хэвээр байгаа нөхцөлд л гэрлэлтээ цуцлуулна гэсэн шаардлага тавилаа. Уолтер “суутан” гэх алдраа алдахаас айсан нь энэ. Марго ч үүнийг зөвшөөрөв.

Гэвч Хавайд амарч байх хугацаандаа Марго гэнэт л бүхнийг ойлголоо. Салсан нөхөртөө ямар ч өргүй шүү дээ. Марго өөрөө бүтээгч, поп артын суутан, түүний том нүдтүүд олон сая хүнийг баясгадаг.

Ингээд жилийн дараа зохиолч Дэн Макгуайртай гэрлэж, нөхрийнхөө дэмжлэгийг авсан Марго хуучин нөхрийнхөө бузар булхайг дэлгэхээр эрс шулуудав. Энэ бол асар том дуулиан байлаа. Хэвлэлүүд хэдэн зуугаараа энэ мэдээллийг дамжуулж, хувиараа мөрдөгчид болон цуглуулагчид хэргийг мөрдөж эхэлсний дараа л шүүх хурал болов.

Уолтер шүүх танхимд сууж байхдаа дагжин чичирж, туйлын бухимдалтай байсан гэдэг.

Салсан эхнэр нөхрийн маргааныг шийдэхийн тулд шүүгч тун энгийн боловч шударга арга хэрэглжээ. Марго болон Уолтер хоёрыг түм нүдтэй хүүхдийн зураг зурахыг шүүгч шаардав. Учир нь зургийн энэ арга барилыг хуулбарлах боломжгүй шүү дээ.

том нүдэтИнгээд зургийн жинхэнэ эзэн болох Марго ердөө 53 минутын дотор том нүдтэй хүүхэд зурлаа. Харин Уолтер мөр нь өвчинтэй гэх шалтгаанаар зурахаас татгалзсанаар Марго шүүхэд ялалт байгуулсан юм.

Нэхэмжлэлийн шаардлагад Уолтер Кин хуучин эхнэртээ дөрвөн сая долларын нөхөн төлбөр өгөх ёстой байв. Гэсэн ч арга зальтай Уолтер хариу нэхэмжлэл гаргасаар 20 жилийг үджээ.Ингээд 1990 онд холбооны шүүх түүнд оногдуулсан нөхөн төлбөрийн хэмжээг цуцалсан байна.

Харин Маргарет шүүхийн шийдвэрийг давж заалдсангүй.

“Надад мөнгө хэрэггүй. Энэ зургууд минийх байсан гэж хүмүүс мэдээсэй л гэж би хүссэн. Худал хуурмагт би 12 жил оролцсон, үүндээ байнга харамсаж явдаг. Гэхдээ үнэн байх боломжийг үнэлж, алдар нэр, хайр дурлал, мөнгө өөр юу ч байсан шударга үнэн сэтгэлийн үнэ цэнд хүрэхгүй гэдгийг би энэ явдлаас ойлгож авсан юм” хэмээн Марго өгүүлж байв.

Энэ дуулианы дараа Маргогийн зурган дээрх том нүдэт хүүхдүүд бага зэрэг инээвхийлсэн дүртэй болжээ. Маргарет Кин өнөөг хүртэл АНУ-ын орчин цагийн хамгийн шилдэг 10 зураачийн тоонд ордог, бүтээлүүд нь хэдэн мянган доллараар зарагддаг юм. 2022 онд Кин 95 нас хүрсэн. Үүнээс хэдэн жилийн өмнө буюу 2014 онд Маргогийн түүхээр Тим Бёртон “Том нүдэт” кино бүтээсэн нь ихэд алдаршиж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img