2024-11-11, Даваа
-7 C
Ulaanbaatar

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хангалтын талаар танилцуулав

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

  • “Монгол Улсад зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх,
  • Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх,
  • Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалт, хөгжлийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх
  • Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид салбарын албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулах,
  • Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутаг дахь гал унтраах, аврах ангийн зарим барилгыг шинэчилж барих нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх
  • Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулах асуудлыг үе шаттай шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.

Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Товч мэдээ

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Улаанбаатар хот, аймаг, сумд болон улсын чанартай зам дагуу байршилтай, шатахуун түгээх 592 станцын стандартад нийцээгүй нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-т даалгав.
  • Хүн малын халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг ирэх тавдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, БОАЖ, ХХААХҮ-ийн сайд нарт тус тус үүрэг болголоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img