2024-05-12, Ням
25 C
Ulaanbaatar

Лаванда цэцгийн ферм, бяцхан оцон шувуудтай “Кенгуру арал”-аар аялсан нь

Анир түнэр тэнгэрт үүрийн гэгээ тэмтгэрч эхлэхтэй зэрэгцэн түмэн шувууд дуу дуугаа авалцан, тунгалаг агаарт буман ая хадаана. Австралийн жирийн өглөө ингэж л эхэлдэг.

Байгалийн “сэргүүлэг” гэж хэлмээр нутгийн шувуудын чимээ шуугиан гэдэг тун айхтар. Бидний алдаг оног сонсох тахиа, хөхөөний донгодоон, шаазгайн шагшираанаас тэс ондоо. Олон арван шүгэл зэрэг зэрэг үлээх адил чих ирвэгнүүлж орхино.

Моддын дунд, эсвэл том паркийн ойролцоо орон гэртэй байна гэдэг бас л бодох асуудал.

Шувуудын шуугианд унтаж амарч чадашгүй нь гээд модоо огтлож хаяж, шувуудыг элдэн хөөж огт болохгүй. Хотын захиргааны хатуу хориотой. Шувуудын дундаас бүгдээс онцгой, жигтэй нь “Инээдэг шувуу – куукабурра”.

Хангинаж цангинатал цуурай татуулан зогсолтгүйгээр тас тас хийн “хөхөрч инээнэ”. Жинхэнэ хэргийн эзэн хэнгэргийн дохиур. Нутгийн шувууд өглөө, оройн тогтмол нэгэн цагт баахан шаагин шуугин бужигнаж байснаа гэв гэнэтхэн нам жим болчих нь хачирхам.

Шувуудын дуунаар өглөө эртлэн босч, ус цасанд орж тавтайхан цайлж аваад, “Кенгуру арал” орохоор Аделиад хотоос хөдөлцгөөлөө. Австралийн гурав дахь том энэ арал руу очихын тулд эхлээд Капе Жервис хэмээх сайхан хойг дээр очиж далайд усан онгоцоор гарна. Хотоос 30 гаруй минут нисэх юм уу, эсвэл 45 минут усаар хөвөөд л оччихно.

Хамгийн гоё зам бол машинаар давхиж хүрэх. Зурайсан тэгш зам жирэлзэж, үзэсгэлэнгээ гайхуулсан байгаль ахайтан сэтгэл баясгана.

Өмнөд Австралийн уудам нутгийн үзэсгэлэн гэж бишрэм гоё. “Ай мөн сайхан аа” хэмээн өөрийн эрхгүй дуу алдмаар. Газар дундын тэнгисийн үзэсгэлэнт гоо байгаль, кино зураг адил урсаж, Франц, Португал, Италийн тал хөндийгөөр яваа мэт мэдрэмж төрнө.

Уудам тэгш талд усан үзэмийн талбай хараа булаана. Хаа нэгтээх намхан толгод дээр дэлгэсэн шүхэр мэт саглагар ногоон ганц нэг мод торойж харагдах нь гоёмсог гэж. Усан үзмийн жигдхэн ургасан модод, багсайн бөнжигнөх усан үзмийг харахад л арааны шүлс асгарч ам дүүрнэ.

Тэртээх 8000 жилийн өмнөөс л хүн төрөлхтөн усан үзмийг түүн идэж, дарс нэрж амтархан таашаадаг байж.

Хамгийн эртний дарс хийж байсан улсуудад Гүрж, Армен, Сири, Перс, Египет, Ром, Грек ордог билээ. Эдгээр улс усан үзмийг хатааж “үзэм” болгож, “чанамал” хийж, шахсан шүүсээр нь “ундаа”, тос, цуу хүртэл хийж хүнсэндээ хэрэглэсээр байна.

Үүгээр зогсохгүй усан үзмийн талбай жуулчдын зорин очдог газрын нэг. Дарс амтлахаас эхлээд олон сонин хөтөлбөр усан үзмийн талбайд өрнөнө. Зам зуураа жижиг гацаа сууринд зогсон цай кофе эргүүлж, далайн эргийн сайхан хэсэгт замын чилээгээ гаргасан шигээ тааваараа хоёр цаг давхисаар зорьсон газраа ирэв.

Кенгуру арал эх газрын хооронд аялах нүсэр том усан онгоц 30 минут тутам зорчигчдоо суулгаж, буулгах аж. Хүмүүс журамтай нь аргагүй, машин чиргүүлээ доод давхарт оруулж дууссаны дараа зорчигчидоо оруулж эхлэв ээ.

Нутгийн австраличууд, үүргэвч үүрсэн германы хэсэг жуулчидтай холилдон онгоцны шатаар цувран явтал жинхэнэ инээдмийн жүжиг эхлэх нь тэр. Нэгэн шувуу яах ийхийн завдалгүй, гэнэтхэн сүр сар хийн өндөр биетэй герман залуугийн толгой руу дайрах нь тэр. Цочиж сандарсан залуу толгойгоо хамгаалан гараа хүчтэй савахдаа алтан шаргал буржгар үсээ хуу татаж аваад далай руу шидчихэв.

Шувуу ч нисэн одов. Өтгөн сайхан үстэй өнөөх гоё залуу, орой дээрээ халзан, огт өөр хүн болж орхисныг харсан хүмүүс дор бүрнээ чимээгүйхэн жуумалзацгаана. Шар айраг ууж халсан найзууд нь харин элгээ даран чанга чанга инээлдэж, найзынхаа халзан толгойг үнсэж, илж, зургийг нь авч дэггүйтэцгээв.

Усан онгоц дохио яндангаа дуугарган хөдөлж 15 км усан замыг туулах хугацаанд бас хөгжилтэй явдал болов.

Байгалийн нуман хад

Нэгэн настай эр захисан хоолоо андуурч өөр хүний хоолыг авч үмхээтэхлээ. Эхнэр нь дуу алдан халаглахтай зэрэгцэн дахиад л бөөн инээдэм.

Инээд хүргэсэн энэ агшны дараахан их далайгаас ус цацруулсаар үсрэх сүрлэг том дельфин олны анхаарлыг татав.

Дельфин харсан хүүхэд багачууд баярлан шуугицгаалаа.

Кенгуру арлын урт нь 155 км, нийт талбай нь 4416 км. Нутгийнхан унаатайгаа ирнэ. Гадныхан машин түрээслэх тул арал дээр хөл тавьмагцаа зам замаа хөөцгөөн тархан одоцгооно.

Энэ сайхан арлыг 1802 оны 3 дугаар сард Английн судлаач аялагч Маттею Флиндерс хэмээх эр хөлөг онгоцны багийнхаа 94 гишүүний хамт нээсэн гэдэг. Олон сар өдрөөр далайд аялаж ядарч явсан далайчид хуурай газарт буутал сүрэг сүргээрээ бэлчих кенгуру харж л дээ (Кенгуру- Имж хэмээдэг).

Гайхамшигт хадны хэсэг

Олон сарын турш шинэ мах огт амсаагүй махсаж явсан эрс ан хийж хүч тэнхээгээ сэлбэж аваад нээж олсон газартаа “Кенгуру арал” гэсэн нэр өгсөн аж.

Хамгийн сонирхолтой нь имжний мах хүний биенд тун сайн гэнэ. Өөх бага, уураг өндөр, төмөр, цинк, омега 3 гээд дархлаа сайжруулах амин дэмээр баялаг юм байна. Австраличууд кенгуруны махыг өдөр тутам идэхгүй ч хиам хийнэ.

Бөөрөнхий мах болгож хэрэглэнэ. Бургер хийхдээ ашиглана. Гэх мэтээр тоочвол лав долоо найман төрлийн хоол хийдэг.

Шарсан махнаас сонирхон идэж үзтэл хатуу санагдав. Өнгө нь тас хар. Жаахан идэхэд л өег гэж жигтэйхэн юм.

Лавандарийн амтат нарийн боов.

Кенгуруны мах, уугуул нутгийн хүмүүст хамгийн гол хүнс тэжээл болохоос гадна арьс ширээр нь хувцас, цүнх сав хийх зэргээр ахуй амьдралдаа хэрэглэсээр иржээ. “Том хөлт- макроподс” хэмээх амьтны аймагт багтах, номхон дөлгөөн зантай өвсөн тэжээлт энэ амьтан нас бие гүйцэх үедээ булчин шөрмөс зангирсан сүрдэм том, хүчирхэг болдог.

Кенгуру дөрвөн хөлтэй хэрнээ зөвхөн хойд хоёр хөл дээрээ харайж явдгийг уншигчид мэднэ. Урд хоёр хөл нь огт хөгжөөгүй мэт жигтэйхэн жаахан, явахад нь ямар ч үүрэг байхгүй. Гэхдээ олон зүйлд маш хэрэгтэй аж. Нүүр тулсан халз тулаанд бол өнөөх бонгинохон хоёр хөлөөрөө ёстой үзүүлж өгдөг. Богино хөл нь тун хорлонтой.

Үзэлцэж буй имжний хүзүүг боомилох, толгой түрийг маажих, урах, алгадах, цохих гээд олон үйлдлийг гэрлийн хурдаар гялалзуулна. Хойд хөл дээрээ цоройж байгаад өнөөх жаахан урд хөлөөрөө мод ургамлын мөчир навч тасдан авч хооллоно.

Ид халуун шатах өдрүүдэд модны сүүдэр бараадан дээш харж тавтайхан хэвтэнгээ гэдэс, суга, хүзүүгээ өнөө жаахан хөлөөрөө самнах мэт маажиж, хөөвөр ноосноосоо салж биеэ хөнгөлж сэрүүцдэг амьтан.

Кенгуруны зодолдохыг харахад сүрдэм. Өөд өөдөөсөө харж, өрж зогсоод, уурлан үзэлцэх үед том зузаан цээж нь түнхэлзэнэ. Урд хөлний хурц, хар хумстай сарвуугаараа нэгнийнхээ хүзүү гүрээг тас татан зулгааж цус садартал шархлуулахыг харахад айдас төрмөөр.

Бүх биеэрээ газраас хөндийрч, сүүлэн дээрээ тулж байгаад хойд хөлөөрөө зад тийрч өшиглөх нь “кикбоксын тулаанч”-ийг санагдуулам. Хүчирхэг сүүл нь хойд хөлөөр тийрэхэд хамгийн гол түшиг тулгуур болж, биеийг тэнцвэр тогтвортой байлгадаг эд аж.

Кенгуруны тийрч өшиглөх хүч 759 паунд. 344.277 кг хүнд жинтэй туухайгаар цохиж байна гэсэн үг. Энэ нь бидний хамгийн сайн мэдэх, ойн хүрэн баавгайн алгадах хүчтэй тун ойролцоо тул яс хуга цохих, хэвлийн булчин, дотор эд эрхтнүүдийг зад цохиж гэмтээх аюултай аж.

Замд

Хөдөөний замд явахад, заримдаа тун төвөгтэй. Машины урдуур имж харайн орж ирнэ. Зам таглан хуйлран зодолдоод салахгүй. Хөдөө хээр байрласан майхан сав дарж, унан тусан зад үзэлцэх нь тун хөгжилтэй ч аюултай. Гэвч хэзээ ч хүн рүү дайрч довтлохгүй номхон дөлгөөн амьтан. Бяцхан үр төлөө “уутандаа” хийчихээд зогсож байх нь өхөөрдөм хөөрхөн харагдана.

“Флиндерс парк” дундуур давхихад, битүү ногоон модод, өтгөн шигүү ойг зурайтал хагалсан тэгш сайхан зам сунайна. Цэлмэг тэнгэр, цэнгэг агаар онгон зэрлэг байгалийн тансаг үнэр, нүргэлэн нуугих их далайн давалгаа гэдэг ямар ч хүний тархи толгойг сэргээж, бодол сэтгэлийг ариусган тайвшруулах увдистай аж. Арал дээр өөрийн дуртай газраа сонгох олон булан тохой бий.Усны чимээ сонсонгоо загасны уургаа бариад суучих газар өчнөөн.

“Бяцхан Сахара” гэх нэртэй шар манхан элсэн дээр өдөржин гулгаж тоглох улс зөндөө. Гулгуурынхаа улыг сайтар тослож аваад элсэн манханы оройгоос элс цацруулан уралдан гулгахад эв дүй тэнцвэр гээд яггүй чадвар шаардана.
Далайн эрэг дээр сүрлэг цагаан хотон шувууд аварга дававчаа дэлгэн бууж суухыг харахад бас л сэтгэл хөдлөм.

Энэ арлын ховор амьтны нэг бол пингвин буюу оцон шувуу. Эндэхийн оцон шувууд дэлхийн хамгийн бяцхан пингвинд ордог юмсанж. Тогжгор жаахан биетэй, жин нь нэг кг хүрэх төдийхөн. Өндөр нь 33 см.

“Пингвин төв” нь оройн 18.00 цагт ажлаа эхэлдэг бөгөөд тусгай хөтөчийг даган зориулалтын гар чийдэнгийн гэрэлд бяцхан амьтдыг харна.

Цагаан торгон элсэн дээр өөрийн дураар өөд уруугүй хэвтэн буй цатгалан далайн хавуудыг харахад соньхон. Тарган биеэ далбилзуулан явах нь хөгжилтэй бас хачирхам. 10 метрээс илүү ойртож болохгүй хэмээн анхааруулж байлаа.

Бидний хамгийн эхний зорин очсон газар тун чиг содон .“Гайхамшигт хад” гэдэг нэртэй. Байгаль эхийн 500 сая жилийн туршид далайн түрлэг, салхи шуурга, бороо усаар цохиж элээсээр бүтээсэн аварга хадыг харсан хэн ч дуу алдан шагширна. Бид “Гайхамшигт хад”-нд өглөөний наран мандаж байхад очсон юм.

Цайвар цэнхэр тэнгэр, гүн хөх далайн эрэг дээр хүн зориуд зөөж авчраад тавьсан мэт чамин хэлбэрт хэсэгхэн хадыг хараад л сэтгэл хөдлөв. Харц татсан бас нэг зүйл нь хадны өнгө. Алтан өнгөт улбар шар хөвд өвс битүү хучиж ургаснаас гадна “Гайхамшигт хад”-ны зарим хэсэгт хар саа адил үзэгдэх гялтагнууртай занар, хөхөлбөр өнгөтэй өөхөн чулуу- кварц, бүдэг ягаан жонш холилдсон харагдав.

Энэ бүхэн нийлээд харц булаам өнгө үүсгэжээ. Машинаа парклачихаад хөлд эвтэйхэн сунагар сайхан модон замаар алхахад ядарч цухах мэдрэмж огт төрсөнгүй. Настай хөгшид, хүүхэд багачууд тухлан амарч суух газар хаа сайгүй нь таатай сайхан гэж.

Дарсны жижиг үйлдвэр, зөгийн цомхон аж ахуй, лаванда цэцгийн фермүүдээр оров.

Аяны хүмүүсийн ая туханд тааруулсан гайхалтай үйчилгээтэй юм. Өөрийн гэсэн олон нэр төрлийн хоол ундны газартай, үүнтэйгээ залгаад бэлэг дурсгал гэх мэт өчнөөн соньхон бараатай дэлгүүрүүдтэй аж. Дарсны фермээр оронгуут л баяцхан аялал хийчихэж байгаа юм.

Том зоогийн газарт орж амтат хоол идэнгээ амьд хөгжим сонсож бүжиглэж болно. Мини гольф тоглож, далай эргээр алхаж, амтат дарс худалдаж авах боломжтой. Зөгийн аж ахуй ч ялгаагүй.

Бяцхан танин мэдэхүйн хичээл зааж үзүүлнэ. Цангааг тайлах сайхан кафед тухалж болно. Худалдааны чамин ганган төвтэй. Хэмжээ жингээрээ ялгаа бүхий савалгаатай балнууд худалдаж авахаас гадна зөгийн балны амттай мөхөөлдөж хийж, хөнгөн зуушаар үйчлүүлнэ.

Лаванда цэцгийн жижигхэн ферм маш гоё. Нил ягаан өнгийн цэцэгс бут бутаар жирийж ургасан нийт 7500 бут цэцэгтэй. Энгийн хүний нүдэнд зүгээр л лаванда цэцэг. Нарийвчлан аживаас 12 төрөл ангиас зориуд шилж сонгосон байх бишээний. Энэ бяцхан фермийг нэгэн гэр бүл үе дамжин авч явсаар өнөөг хүрч.

Цэцгээ хурааж аваад зөгийн фермийнхээ найзтай хамтраад ажиллачихдаг аж. Жил бүр 8000 цэцгийн иш мөчрөөс маш үнэтэй 10 кг лаванда цэцгийн амин тос шахаж шүүгээд гаргадаг гэнэ. Ферм дээрээ дэлгүүр, хоолны газрууд ажиллуулдаг юм байна. Лаванда цэцгийн амтат нарийн боов гаргасан нь эдний брэнд болжээ.

Зүг бүрийн жуулчид зөвхөн тэр боовыг нь амтлахаар эднийхийг зорин ирдэг ажээ.

Улс нь алс холын арлын иргэдийнхээ жижиг бизнесийг дэмжихдээ гойд гэдгийг энэ дашрамд тодотгоё. Фермерүүд нь хоорондоо хоршиж бизнесээ тэлэх нь авууштай шийдэл санагдав. Бизнес эрхлэгчид нь нэгдэхийн хэрээр ажлын байр нэмэгдэж, булт олноороо аятай таатай амьдарч байгааг харах хэчнээн сайхан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img