2024-11-11, Даваа
-9 C
Ulaanbaatar

Авлигын хэргээр баривчлагдсан Оросын Батлан хамгаалахын дэд сайд Иванов гэж хэн бэ

Москвагийн Басманы шүүх ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэрэгт сэжиглэн, дөрөвдүгээр сарын 23-ны өдөр баривчилжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, түүнийг хоёр сарын хугацаатайгаар баривчлан саатуулсан бөгөөд Батлан хамгаалах яамны хэрэгцээнд зориулсан гүйцэтгэх болон туслан гүйцэтгэх ажил явуулах үедээ авлига авахын тулд гуравдагч этгээдүүдтэй үгсэн хуйвалдсан гэж мөрдөн байцагчид үзэж байгаа аж.

Улмаар түүний эсрэг онц их хэмжээний авлига авсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ийм гэмт хэрэгт 15 жилийн ял оноодог аж.

Чухамхүү хичнээн хэмжээний мөнгө авлигад авсан талаар тодорхой мэдээллийг өмгөөлөгч нь мэдээлээгүй байна. Мөн авлига авсан гэдгээ Иванов үгүйсгэж байгаа аж. Хууль сахиулагчид Ивановын хэрэгтэй холбоотойгоор Краснодар, Ставрополь хязгаарт нэгжлэг хийж байгаа гэнэ.

имур Иванов мягмар гаргийн 17 цагт албан өрөөндөө байхдаа баривчлагдсан аж. Түүнийг баривчилсан талаар Владимир Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарт илтгэсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн бөгөөд Шойгу дэд сайд нь баривчлагдсан талаар одоогоор ямар нэг тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

“Шойгугийн хүн”

Тимур Иванов 2016 оноос эхлэн Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаа, Сергей Шойгугийн “найдвартай хүн”-д тооцогддог.

“Вёрстки” хэвлэлийн мэдээлснээр, гагцхүү Шойгу 2013 онд Ивановыг яаманд оруулжээ. Түүнээс өмнө тэр бээр Москва орчмын засгийн газарт ажилладаг байсан аж.

Иванов цэргийн бүтээгдэхүүн худалдан авах, Батлан хамгаалах яамны объектуудын барилга, сэргээн засварлах, их засварын ажлыг хариуцдаг гэнэ.

Түүнтэй холбоотой асуудлууд сар жилдээр хуримтлагдсаар байсан гэж Оросын зарим эх сурвалж мэдээлж байна. 2022 онд Алексей Навальныйн багийнхан эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, Тимур Иванов болон түүний салсан эхнэр Светланагийн өмч хөрөнгө, санхүүгийн талаар мэдээлж байв.

Энэ нэвтрүүлэгт өгүүлснээр, Тимур Иванов гэр бүлийнхэнтэйгээ хамт Францын Номин эрэг дээр амарч, тансаг үдэшлэг зохион байгуулдаг болсон гэнэ. 2022 онд ОХУ дайн эхлүүлсний дараа АНУ, Европын холбоо Тимур Ивановын эсрэг хориг арга хэмжээ тавьсан ч эхнэр нь хоригт өртөөгүй, Европ руу зугаалсаар байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.

Үүнээс хагас жилийн дараа гарсан өөр нэг эрэн сурвалжлах нийтлэлд өгүүлснээр, Тимур Иванов ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын зөвлөх Мария Китаева гэх эмэгтэйтэй гэрлэсэн аж. ОХУ Украинд дайн өдүүлсний дараа ч шинэ эхнэр нь мөн л Европоор зугаалдаг болсон гэнэ.

“Важные истории” хэвлэлийн мэдээлснээр, Ивановыг авлигын хэргээс гадна төрөөс урвасан хэрэгт сэжиглэж байгааг Холбооны аюулгүй байдлын албанд ойр эх сурвалжууд онцолж байгаа аж.

“Авлигын хэрэг гэдэг нь зөвхөн олон нийтэд зориулсан л мэдээлэл. Төрөөс урвасан гэж зарлахыг одоогоор хүсэхгүй байгаа. Ямар ч байсан Батлан хамгаалахын дэд сайд шүү дээ. Ил зарлачихвал дуулиан тарина” хэмээн хэвлэлд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна.

“Шойгугийн эсрэг алхам”

Улс төр судлаач Михаил Виноградовын үзэж байгаагаар “авлигачийг биш гагцхүү цэргийн хүнийг баривчилсан” нь сануулга өгөх гэсэн дохио гэнэ.

Харин улс төр судлаач Татьяна Становаягийн үзэж байгаагаар Тимур Ивановыг баривчилсан нь “Шойгугийн эсрэг алхам”-ын нэг хэсэг байж болохоор харагдаж байгаа аж.

“Сүүлийн жилүүдэд Путины өмнө байр сууриа сэргээж, түүнтэй илтэд ойртсон” гэж Татьяна Становая өгүүлсэн байна. Гэсэн ч ийн ойртон нөхөрлөсөн нь түүнийг суудалдаа үлдэх баталгаа болж чадахгүй гэж судлаач үзэж байгаа аж.

Ирэх сарын долооны өдөр Путины тангараг өргөх ёслол болж, үүний дараа Орост шинэ засгийн газар эмхлэн байгуулах юм. Засгийн газарт боловсон хүчний өөрчлөлт хийж болзошгүй байгаа ийм үед Шойгугийн ойрын хүмүүсийн нэгийг баривчилсан нь Батлан хамгаалахын сайдын байр суурийг ганхуулж байгаа хэрэг гэж Блүмберг агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлжээ.

Мэдээлэл өгсөн нэг эх сурвалжийн өгүүлснээр, Ивановыг баривчилсан нь хэдийгээр одоогоор Шойгуг суудлаас нь буулгахаар зэхээгүй ч дайны үед Батлан хамгаалах яамны ажлыг сайжруулах шаардлагатай гэдгийг Шойгуд анхааруулж буй сүүлчийн анхааруулга болж байгаа гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img