2024-05-12, Ням
25 C
Ulaanbaatar

Өмнөд Солонгосын бүтээлч креатив үйлдвэрлэлийг Монголын аялал жуулчлалд нэвтрүүлэх үү?

АНУ-ын “Дипломат” сэтгүүлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын Сөүлд хийгээд удаагүй айлчлалын үр дүнгээс харахад, Азийн зүрхэнд орших тус улс Өмнөд Солонгосыг эдийн засгаа төрөлжүүлэх чухал түнш гэж харж буй нь илт.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн БНСУ-д хамгийн сүүлд энэ сарын эхээр хийсэн айлчлал нь Улаанбаатар, Сөүлийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж байгааг тод томруунаар харууллаа. Түүний айлчлалын үр дүнд томоохон корпорацуудын хамтын ажиллагаанаас эхсүүлээд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, Өмнөд Солонгосын бүтээлч креатив үйлдвэрлэлийг Монголд нэвтрүүлэх зэрэг эдийн засгийн хэд хэдэн санаачилгыг Сөүлийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол, Өмнөд Солонгос хоёр олон арван жилийн турш соёлын гүн гүнзгий харилцаатай явсаар ирсэн. 1990-ээд онд үүсч бий болсон цагаасаа хойш Өмнөд Солонгосын поп соёл, савангийн дуурь зэрэг нь Монголын бүтээлч креатив үйлдвэрлэлийн салбарт ихээхэн нөлөө үзүүлж, урагшлах урам зориг хайрласан гэдэг.

Энэ нь Монгол-Өмнөд Солонгосын соёлын харилцааны үндэс суурь болсон. Үүн дээр суурилан Монголын удирдагчид эдийн засгийн орчноо төрөлжүүлэн соёлын харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна. Ингэхдээ аялал жуулчлалыг кино, шоу бизнесийн талбар дахь шинэлэг хамтын ажиллагаатай хослуулахыг зорьжээ.

Улаанбаатар, Сөүл нь 2021 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлж, ялангуяа бизнест суурилсан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Солонгосын бизнесүүд Монголын анагаах ухаан, биотехнологи, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, технологи зэрэг салбарт хөрөнгө оруулалтын янз бүрийн боломжуудыг эрэлхийлэх болжээ.

gadaad medee

1990-2017 оны хооронд хоёр талын худалдаа 2 саяас 200 сая ам.доллар болж огцом өссөн билээ. Одоо хоёр улсын Засгийн газар хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн харилцаагаа хурдацтай хөгжүүлэхийг зорьж байна.
Өмнөд Солонгос нь Монголын жуулчдын тэргүүлэх чиглэл болсны дээр Монголын Засгийн газар Өмнөд Солонгосын жуулчид, бизнес эрхлэгчдийг эх орондоо улам ихээр татахыг эхмэлзэх болжээ. 2023 оны байдлаар 40000 монгол иргэн БНСУ-д сурч, ажиллаж, амьдардаг бол Монголын 1500 орчим бизнес БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж. Одоогоор Монголд 3500 орчим Өмнөд Солонгосын иргэн тогтмол оршин суудаг юм байна.

Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Сүтэй уулзахдаа, өнгөрсөн 2023 онд Монголд БНСУ-аас аялал жуулчлалаар ирэгсдийн тоо 60 хувиар өссөнийг онцлон тэмдэглээд, энэ тоог улам нэмэгдүүлэх үүднээс Өмнөд Солонгосын кино зэрэг урлаг, шоу бизнесийн алдартнуудыг урьж, тэдэнд юу санал болгохоо урьдчилан төлөвлөж буйгаа ч дуулгажээ.

Иймэрхүү хүчин чармайлт Монголын уул уурхайн бус эдийн засгийн салбар, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэг нь дамжиггүй. Монголын “Монцамэ” агентлагийн мэдээлснээр, 2023 онд тус улсын аялал жуулчлалын салбар даруй 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ.

Монголын аялал жуулчлалын салбарт аль болох их анхаарал татах зорилготой “GoMongolia” брэнд Өмнөд Солонгосын бүтээлч креатив үйлдвэрлэлийнхнийг Монголын зах зээлд гарахад нь хамтран ажиллах санаачилга гаргасан аж.

“Үргэлж хөдөлгөөнд” уриатай “GoMongolia” нь Монголын нүүдлийн соёл иргэншил, өргөн уудам нутаг дэвсгэр, өвөрмөц соёл, газар зүйн байдлыг таниулан харуулахын тулд гадаадын аялал жуулчлал, киноны салбарынхныг татах зорилго бүхий олон талт үйл ажиллагаатай брэнд юм.

Үүний сацуу ийм төрлийн санал, санаачилга Монголын өнөөгийн засаг захиргаанд улсынхаа эдийн засгийг даяар түншүүдтэйгээ хамтран эрин үетэйгээ хөл нийлүүлж, шинэ технологи, чадавхи нэвтрүүлэн төрөлжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэж болох билээ.

Монголын стратегийн түншийн хувьд Өмнөд Солонгос нь тус улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүчин чармайлтад илүү их үүрэг гүйцэтгэх боломжтой.

Ерөнхий сайд Б.Оюун-Эрдэнэ өмнө нь 2023 онд Сөүлд албан ёсны айлчлал хийхдээ, “Монголд зочлох жил 2024-2025” аялал жуулчлалын аяныг анх зарласан нь тохиолдлын, санамсаргүй зүйл биш байлаа. Юу гэвэл, тэр үед Өмнөд Солонгосын иргэдийг Монголд 90 хоногийн хугацаатай визгүй зорчих, мөн хугацаанд худалдан авалт хийхдээ НӨАТ төлөхгүй байх талаар шийдсэн юм.

Талуудын өөр нэг чухал тохиролцоо нь хоёр улсын хооронд нислэгийн тоог нэмэгдүүлэх, шинэ шууд чиглэлийг нэвтрүүлэх Агаарын хэлэлцээр байв. Энэ мэт санаачилгуудаар дамжуулан Монгол Улс зөвхөн жуулчдыг татаад зогсохгүй, Өмнөд Солонгостой бизнесийн болон соёлын харилцаа холбоогоо хөхүүлэн дэмжихээр төлөвлөжээ.

Уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхэд Монголд инновац, бүтээлч сэтгэлгээ зайлшгүй хэрэгтэй. Монголын удирдлагын дээр дурдсан хүчин чармайлтууд аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна өөр өөр соёл иргэншилтэй бизнес эрхлэгчдийг эх орондоо урьж, төр, хувийн хэвшлийн хооронд хамтран ажиллах боломжийг бий болгох зорилготой ажээ.. Сүүлийн үед Монгол Улс “Google”, “SpaceX”-ийн “Starlink”, “What3Words” зэрэг дэлхийн нөлөө бүхий брэндүүдтэй дижитал талбарт түншлэл үүсгэсэн нь эдийн засгаа өргөжүүлэхийн зэрэгцээ ажиллах хүчнээ төрөлжүүлэх шинэлэг арга замууд боллоо.

Өмнөд Солонгосын хувьд гэвэл, Монголтой байгуулсан стратегийн түншлэлийн гэрээ Төв Ази дахь эл оронд томоохон корпорацуудад нь бизнес эрхлэх таатай боломж нээж, сонирхлыг нь ихээхэн татжээ.

Үүний тод жишээ гэвэл, 2023 оны Монгол-Солонгосын бизнесийн дугуй ширээний уулзалтад “K bank”, “KT group”, “Samsung C&T”, “Hyundai E&C”, “Daewoo E&C”, “Shinhan Financial Group”, “Seol Asan Medical Center”, “Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг”, “Еmart”, “Highland” зэрэг Солонгосын 20 гаруй томоохон компанийн төлөөлөл оролцсон явдал юм.

Дугуй ширээний уулзалтын хэлэлцүүлгийн үеэр жижиг дунд үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуй, эм зүй, дижитал санхүү зэрэг олон салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны шинэ гарцуудыг судлажээ. Ингэхдээ, өргөжин хөгжих хамтын ажиллагаанд Монголын томоохон бизнесүүд гэснээс илүүтэй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх нь ирээдүйтэй гэж үзсэн аж.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа эрчимжих болсон нь Монгол Улс, Өмнөд Солонгосын эдийн засаг, соёлын харилцаа бэхжиж буйг бэлхнээ харуулна. Энд тэмдэглэхэд, Өмнөд Солонгос стратегийн түншийн хувьд Монголд саяхан тохиолдсон зудын байгалийн гамшигт зориулан 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Хоёр орны харилцаа цар хүрээгээ тэлэн дэлгэрэхийн хэрээр Өмнөд Солонгосын аялал жуулчлал, бүтээлч креатив үйлдвэрлэл Монголын уудам, өвөрмөц газар нутаг болон соёл, урлагт нь хөгжил авчирч, улмаар хоёр ард түмний соёлын харилцааг бэхжүүлнэ гэдэгт Монгол Улс итгэлтэй байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img