Монгол Улсын Хөгжлийн банк Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цус хандивлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийт ажилчдын 40 хувь нь хамрагдсан юм.
Улсын хэмжээнд 2023 оны байдлаар цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага өмнөх оноосоо 30 хувиар нэмэгдсэн боловч цусаа хандивлах донорын тоо 1 хувиар л өссөн байна. Өдөрт 100-аас илүү донор цусаа хандивласнаар тухайн өдрийн хэрэгцээг хангана гэж үздэг бөгөөд өнөөгийн байдлаар энэхүү хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Д.Наранхүү хэлж байна.
Нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амь насыг авардаг гэж үздэг. Учир нь нэг удаа өгсөн цуснаас ялтаст эх, сийвэн, улаан эс зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой байдаг байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “Цус хандивлах өдөрлөг” зохион байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд иргэд, олон нийтийг тогтмол хугацаанд цусаа өгч хэвшихийг уриалж байна.