2024-10-19, Бямба
-10 C
Ulaanbaatar

Монголд айлчилж буй, “Европын сүүлчийн дарангуйлагч” гэгддэг Лукашенко гэж хэн бэ

Беларусийн цорын ганц бөгөөд “мөнхийн” гэж болохоор Ерөнхийлөгч Александр Лукашенко зургадугаар сарын нэгний өдөр Улаанбаатарт газардлаа. Тэр бээр энэ сарын дөрөвний өдрийг дуустал албан ёсны айлчлал хийхээр ирсэн нь энэ.

“Европын сүүлчийн дарангуйлагч”

Баруун хэвлэлүүдээр “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж цоллуулдаг Александр Григорьевич Лукашенко 1954 оны наймдугаар сарын 30-ны өдөр төрсөн. Одоогоор Беларусийн цорын ганц ерөнхийлөгчид тооцогдож байгаа бөгөөд учир нь энэ улсад Ерөнхийлөгчийн сонгууль явуулдаг болсноос хойш 1994 оноос эхлэн гагцхүү Лукашенко төрийн эрх барьж байгаа юм.

Лукашенко 1994, 2001, 2006, 2010, 2015, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, үнэмлэхүй ялалт байгуулж байсан нь энэ улсыг “ардчилал хөгжөөгүй”, “дарангуйллын системтэй” гэж барууны хэвлэлүүд нэрлэх шалтгаан болсон юм.

Тэрбээр анх 1994 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа л Оростой ойртож, хоёр орны хооронд төрөл бүрийн холбоо тогтоох хэлэлцээрийг ОХУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Борис Ельцинтэй байгуулж байлаа. Улмаар 1999 онд хоёр улс өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг тусгасан Холбоотон улс байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Лукашенко дарангуйллын аргаар төр барьдаг бусад улс орны эрх баригчдын адилаар үндсэн хуулиндаа хэдэнтээ өөрчлөлт оруулж, дахин сонгогдох эрхээ олж авч байлаа. Түүний оролцож, ялалт байгуулсан олон сонгуулийг Европын орнууд шударга бус хэмээн дүгнэж байсны дээр хамгийн сүүлийн буюу 2020 оны сонгууль ихээхэн дуулиан тарьсан юм.

Сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг луйвардсан хэмээн үзэж, Беларусь даяар олныг хамарсан эсэргүүцлийн давалгаа өрнөж, Лукашенког огцрохыг шаардаж байлаа. Мөн Европын холбоо, Канад, АНУ, Их Британи, Украин зэрэг хэд хэдэн орон түүнийг хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. 2020 оны есдүгээр сард тэр хаалттай байдлаар тангараг өргөх ёслолоо хийн, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчийн алба хашихаар болсон бол түнүтэй өрсөлдөж байсан Светлана Тихановская зэрэг сөрөг хүчний удирдагчид эх орноосоо зугтахаас аргагүй болж байлаа.

Дэлхийн олон орны судлаачид Александр Лукашенког авторитар дэглэмийг Беларусьт тогтоосон гэж үздэг. Учир нь тус улсад сөрөг хүчнийхнийг хэлмэгдүүлж, хавчдаг, хэвлэлийн эрх чөлөөг боомилдог гэх зэргээр үг хэлэх эрх чөлөө үндсэндээ устсан юм.

2021 онд Авилга, зохион байгуулалттай гэмт хэрэг судлалын төв Лукашенког “Зохион байгуулалттай гэмт хэрэг, авилгын талбар дахь оны хүн”-ээр тодруулж байлаа.

Түүнийг Монголд баривчилж болох уу?

Лукашенко Монголд айлчлах сургаар экс ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж түүнийг баривчлахыг уриалсан нь дэлхийн олон хэвлэлээр тархаж, ихээхэн шуугиан дэгдээж байна. Ц.Элбэгдорж Х цахим сүлжээн дэх хуудсандаа “Монгол Улс Ромын статутын гишүүн, Олон улсын эрүүгийн шүүхэд шүүгчтэй улс. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд ирэх гэж байна” гээд “зохих арга хэмжээг авна гэж найдаж байна” хэмээх утгатай мэдэгдэл хийсэн юм. Ингэж чадвал энэ нь “Монголын нэр хүндийг өргөнө” гэх байр суурийг Ц.Элбэгдорж илэрхийлсэн.

Экс Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Лукашенког баривчлах боломжтой юу? Үгүй. Энэ нь Оросоос эсвэл өөр аль нэг талаас айсандаа биш, зохих тогтоол гараагүйд учир байгаа юм.

2023 оны долдугаар сард Европарламентын гадаад харилцааны хороо Лукашенког баривчлах тогтоолыг Олон улсын эрүүгийн шүүхээр гаргуулахыг уриалж байлаа. Энэ нь Украинд өдүүлсэн Оросын дайныг Беларусь дэмжсэнтэй холбоотой байсан. Мөн оны есдүгээр сард Европарламент ийм уриалга бүхий тогтоол гаргасан ч Лукашенког баривчлах тогтоолыг Олон улсын эрүүгийн шүүхээс гаргаагүй л байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img