2024-10-17, Пүрэв
5 C
Ulaanbaatar

Суутнуудыг дурлуулдаг бүсгүй буюу Есенин, Зинаидагийн гунигт хайрын түүх

1884 оны долдугаар сарын гуравны өдөр Хар тэнгисийн эргээс холгүйхэн, нарлаг Одесса хотод Зинаида Райх мэндэлжээ.

Түүнийг төрснөөс ердөө хагас зууны дараа бүсгүйн талаар хаа сайгүй бичигдэж эхэлнэ. Тэр суутнуудыг өөртөө татах хосгүй дур булаам нэгэн байв.

Үзэсгэлэнтэй, социал демократ үзэлтэй жүжигчин бүсгүй эрин үеийнхээ хамгийн аугаа хоёр хүн болох Сергей Есенин болон Всеволод Мейерхольдыг өөртөө дурлуулсан юм.

Гэвч тэдний энэ дурлал хоёулаа л аз жаргал авчирсангүй. Мейерхольд Дотоод хэргийн ардын комиссарын газрынханд баривчлагдан, тамлуулж буудуулснаар хувь тавилан нь төгсөнө.

Харин Есенинтэй үүсгэсэн хормын төдийхөн, гал халуун боловч өр өвтгөм хайрын түүхээсээ болж сэтгэцийн эмнэлэгт хэвтэн, хүүхдүүдийг хайрладгийнхаа ачаар л тэр эмнэлгээсээ гарч чадна. Аугаа яруу найрагч Есенин Зианидаг сүй тавихыг ятгаж, хөлчүүрхсэн үедээ түүнийг хардаж, харин хожим салсан хойноо “Та санаж байгаа, та мэдээж бүхнийг санаж байгаа” гэх домогт мөртөө түүнд зориулна.

Есенин, Зинаида хоёр салснаас хойш дөрвөн жилийн дараа, тэд тус тусын замыг хөөн амьдарч байх үед Есенин бие барсан юм. Гэхдээ л түүний оршуулганд Зинаида ирж, зүрхэн дээрээ гараа тавин авсны хажууд чимээгүйхэн зогсож байсан гэдэг.

Зинаидагийн бага нас

Одессын дагуул хотод Зинаидагийн бага нас өнгөрчээ. Тэдний гэр бүл тарчигхан амьдардаг байв. Мөнгөөр гачигдана, хоол хүнсээ арай ядан хүргэнэ, гэлээ ч охин бүр багаасаа л жинхэнэ хайр гэж юу болохыг мэддэг байлаа. Түүний эцэг эх болох Николай, Анна нар өсвөр насандаа л танилцжээ. Тэд галт тэргэнд явах үедээ танилцсан бөгөөд хэдэн цаг зогсоо чөлөөгүй ярилцсаны эцэст дахин хэзээ ч салахгүй гэж нэгэндээ ам тангараг өгсөн гэдэг. Тэд нэгнээ жинхэнэ хайраар хайрладаг байв.

Хайрын бэлгэдэл болон охин мэндлэв. Зинаида 10 нас хүртэл бүх зүйл сайхан байлаа. Харин охиныг 10 нас хүрсний дараа социал демократуудыг дэмждэг эцгийг нь хотоос цөлж, тэдний гэр бүл тосгон, суурин дамнан амьдрахаас аргагүй болжээ.

Зинаида энэ үед балчир байсан ч аавынхаа үзэл бодлыг дэмждэг байсны дээр үхэн үхтлээ л энэ үзэлдээ үнэнч байв. Түүнийг наймдугаар ангид байхад нь улс төрийн сэдлээр гимназаас хассан гэдэг. Зинаидаг цааш үргэлжлүүлэн сургахын тулд ээж нь худал, үнэн бүхнийг ярьж, сургуулийн захирлыг ятган гэрчилгээ авч дөнгөсөн аж. Ингээд Зинаида Петроградыг зорин, Н.П.Раевын нэрэмжит Эмэгтэйчүүдийн түүх, утга зохиол, хуульзүйн дээд курсэд элсжээ.

Хуримаасаа зугтсан сүйт бүсгүй

Оюутан ахуйдаа тэр бээр жижигхэн өрөө хөлслөн амьдардаг байсан бөгөөд энэ өрөөнийхөө хөлсийг төлөхийн тулд “Ард түмний үйл хэрэг” сонинд нарийн бичгийн дарга, бичээчээр ажилд оров. Чухамхүү энд ажиллаж байхдаа ичингүйрхсэн инээмсэглэлтэй, цэнхэр нүдэн Есенинийг олж харлаа.

Тэд өмнө нь ч эчнээ танил байсан юм.

Зинаидагийн сүйт залуу, яруу найрагч Алексей Ганин Есенинтэй нөхөрлөдөг байжээ. Ганин Зинаидад хөл алдан дурласан байв, тиймдээ ч түүнийг эргүүлж, өөртэй нь гэрлэх санал тавьжээ.

Тэд Ганинын төрөлх нутаг болох Соловкад гэрлэхээр шийдсэн байв.

Ганин, Зинаида хоёр нүсэр хурим , их зардлаас татгалзаж, хөлөг онгоцоор аялалт гарчээ. Тэд аялалдаа Есенинийг авч явлаа. Есенин хуримын гэрч болох байв.

Зинаида Ганин хоёр гэр бүлийн аз жаргалтай амьдрал руу тэмүүлж, харин Есенин хуримын гэрч болохоор зэхэж байлаа. Гэсэн ч хэдхэн өдрийн дараа байдал орвоногоороо эргэв.

Зинаидатай ярилцан, хөлөг онгоцны тавцан дээгүүр зугаалах бүрдээ Есенин хайр дурлалаас болж ухаанаа алдаж байгаагаа мэдэрч байлаа. Тэр шийдэж ядсангүй, бүсгүйг хуримаасаа зугтаж, Ганинтай биш өөртэй нь гэрлэхийг ятгажээ.

Анхандаа Зинаида ийм бүдүүлэг авирыг доромжлол хэмээн хүлээн авсан ч ердөө маргааш өглөө нь Есенинтэй хамт усан онгоцноос нууцаар буун, явсан гэдэг.

Хайр, хардалт, үзэн ядалт

Зинаида аав руугаа цахилгаан утас илгээв. “Зууг явуулаарай, гэрлэхээр боллоо. Зинаида”.

Ааваас нь мөнгө ирэхэд Есенин, Зинаида хоёр хамгийн хямдхан бөгж худалдан аван, нутгийн жижиг сүмд гэрлэжээ.

Энэ аяллаас тэд Петроградад эргэн ирж, хотын төвд төвхнөв. Зинаида гэрийн ажлаа амжуулж, нөхрийнхөө бүтээлийг бичиж, хардалтыг нь тэвчих зэргээр нөхөртөө бүхнийг зориулдаг байлаа. Есенин Зинаидаг байнга хардана. Үнэндээ Зинаида хуримнаасаа хойш өөр эрчүүдтэй огт харьцаагүй, харин Есенин эхнэр нь нэгэнтээ Ганинтай учиртай байсныг санан санан галзуурах дөхдөг байв.

Хэрүүл шуугиан байнга гардаг ч гэрлэсэн эхний жил тэвчиж болохоор байлаа. Харин охин мэндэлсний дараа байдал бүр дордов.

Сергей Есенин улам алдартай болж, шүтэн бишрэгч бүсгүйчүүд түүн рүү тэмүүлж, Есенин ч огт өөр хүн болов. Зинаида гэртээ ганцаархнаа нялх хүүхдээ асарч байхад Есенин хэдэн долоо хоногоор гэртээ ч ирэлгүй үдэшлэг хэсэн зугаацаж, эхнр охин хоёроо төвөгшөөдөг болсон гэдэг.

Яруу найрагч гэртээ тун ховорхон үзэгдэнэ, ирлээ гэхэд согтуу. Аймшигтай хэрүүл шуугиан дэгдэж, эхнэрээ зодон, дараа нь өвдөг сөгдөн уучлалт гуйна.

Жилийн дараа Зинаида дахин хөл хүнд болов. Энэ үед Зинаида өөрийн болон үр хүүхдийнхээ амьдралын төлөө санаа зовниж байсан тул Орел руу эцэг эх рүүгээ явжээ. Ингээд ээж аавындаа байхдаа хүү Константинаа төрүүллээ. Нөхөртөө захидал бичин, хүүгээ ирж харахыг гуйсан ч хариу ирсэнгүй.

“Есенин хэнд хайртай байсан бэ? Тэр Зинаида Райхыг бусдаас илүү үзэн яддаг байлаа. Дугуй цайвар царайтай энэ бүсгүйг Есенин амьдралд нь байсан бүхий л хүнээс илүү үзэн яддаг байсан. Мөн тэр гагцхүү түүнд л хайртай байсан” хэмээн хосын харилцааны талаар Анатолий Мариенгоф бичиж байв. Үзэн ядалт, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр…

Тэд хоёр тийш болох нь ойлгомжтой болов. Үүнийг Зинаида сайтар ойлгохын хэрээр сэтгэл санаа нь тогтворгүй болж байлаа. Үүний араас хүү Костя нь хүнд өвдөв. Эцгээс нь тусламж хүсээд ч нэмэргүй тул Зинаида хүлээж цаг алдсангүй, хүүгээ аваад Кисловодскийг зорьжээ. Эмч нар арай ядан хүүг хөл дээр нь босгов уу үгүй юу Зинаидагийн тэвчээрийн утас тасарч, сэтгэцийн эмнэлгийн өвчтөн болов.

1921 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Орел хотын шүүхэд дараах өргөдөл иржээ.

“Эхнэр Зинаида Николаевна Есенина-Райхаас гэрлэлтээ цуцлуулахыг минь зөвшөөрнө үү. Бидний охин болох гурван настай Татьяна болон нэг настай хүү Константинаа салсан эхнэр болох Зинаида Николаевна Райхын асрамжинд үлдээж байна. Тэдэнд мөнгөөр тусална. Сергей Есенин”

Гоо бүсгүйн шинэ амьдрал

Зинаидагийн хувьд амьдрал ингээд л дууссан мэт санагдаж байлаа. Гэсэн ч түүний амьдралд театр гарч ирэв. Есенинээс салсны дараа Зинаида бүхнийг тэгээс эхэлж, Театрын дээд урланд элсжээ. Түүний багш нь Всеволод Мейерхольд байлаа. Всеволод оюутан бүсгүйгээсээ хавьгүй ахмад, гэрлэсэн, гурван хүүхдээ өсгөдөг өрхийн тэргүүн байсан ч Зинаидад ухаанаа алдтал дурлаж орхив. Ингээд бүсгүйг өөрийн театртаа ажиллуулах болж, бүхий л гол дүрийг Зинаидад өгөн, түүнийгээ өөрийнхөө муза гэж үзэн, дараа нь гэрлэх санал тавьжээ.

Зинаидатай гэрлэхийн тулд Мейрхольд эцэг эхээс нь зөвшөөрөл авахын оронд Есенин дээр очиж байв. Есенин “Зөвшөөрч байна. Энэ насаараа танд өртэй боллоо” хэмээн хариулсан гэдэг.

Харин тэд гэрлэснээс хоёр жилийн дараа алдарт “Эмэгтэйд бичсэн захидал”-аа туурвисан бөгөөд үүндээ Зинаидагаас нууцханаар өршөөл эрсэн байдаг.

Мейерхольдын ачаар Зинаида тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай, эрэлттэй жүжигчдийн тоонд багтлаа. Тэр найруулагч нөхөртэйгээ 17 жил амьдарчээ. Нөхрийг нь баривчлахаар ирэх тэр аймшигт шөнө хүртэл тэд тайван сайхан амьдарч байв. Мейерхольдыг дотоод хэргийнхэн баривчилж, удалгүй буудан хөнөөжээ.

Мейерхольдыг баривчилснаас 24 хоногийн дараа Зинаида гэртээ цусанд будагдан хэвтэж байхыг хүмүүс олов. Үл мэдэгдэх этгээдүүд түүнийг 17 удаа хутгалжээ. Зинаидаг эмнэлэгт хүргэхээр яарсан ч тэр тэссэнгүй. Түүнийг Ваганьковскийн оршуулгын газарт, Сергей Есениний булшнаас холгүйхэн оршуулсан аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img