2024-10-19, Бямба
3 C
Ulaanbaatar

“Motive” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр: “Яруу эгшиг” ном маань уншдаг, сонсдог хоёр төрлөөр хэвлэгдлээ

Монголын орчин цагийн хөгжмийн ертөнцөд “Үгүйлэх сэтгэл”, “Хайр бүхнийг уучилдаг”, “Цасан бороо” зэрэг утга төгс, уянга яруу дуунуудаараа олон зуун мянган залуусын сэтгэлийг хөглөн орж ирсэн “Motive” хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болдбаатарын Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа.

-“Motive” хамтлаг хэдэн онд байгуулагдаж байв?

-Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын арван жилийн дунд сургуулийг 2003 онд төгсөөд, СУИС-ийн эстрадын дуулаачийн ангид суралцахаар элсэн орж, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох багшийн удирдлага дор сурч эхэлсэн. Намайг элсэн орсон жилээс энэ анги маань таван жилээр сурч төгсөх болсон.

Өмнө нь дөрвөн жил сурдаг байсан юм билээ. Анх үүсгэн санаачилж, гардан байгуулсан “Motive” хамтлаг маань 16 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж явна. “Motive” гэсэн нэр маань гэвэл “Хөгжмийн хамгийн анхны дуугаралт” гэсэн утгатай үг юм даа. Машинаар бол мотор гэсэн үг. Хамтлагийн маань ажил үйлс амжилттай сайхан явж байна. Сая монгол орныхоо 21 аймгийг амжилттай сайхан тойрлоо. Бараг арваад мянган километр замыг тууллаа. Амралтын өдрүүдээр тоглосон. Нийслэлдээ нэг ирээд буцаж яваад, хамгийн хол нь Баян-Өлгий аймаг юм байна.

Motiv

-Тийш онгоцоор очив уу?

-Зарим аймагт нь онгоцоор, заримд нь машинаар очиж аялан тоглолтоо хийлээ.
-Хамгийн анх олон түмэнд хүрсэн дуу чинь юу билээ?

-Манай хамтлагийн олонд хүрсэн анхны дуу маань “Хайрын гэгээ”. Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжим “Уучлал гуйхыг минь хүлээж байна уу”, “Хайрын гэгээ” дуунууд байна. Миний шүлгүүдийг нь бичсэн “Чамдаа”, “Цасан бороо” гээд дуунууд бий.

“…Зүрх сэтгэлээс минь хайр минь яваагүй ээ…” (аялж сонсгов. Л.Б) гээд энэ дуу маань анх FM-ээр цацагдаж байлаа.

-“Яруу эгшиг” гэж дууны яруу найргийн номоо хэвлүүлсэн гэдгийг чинь өмнөтгөлийг нь бичсэн хүний хувьд сайн мэдэх юм. 180 гаруй шүлгээ ямартай ч өлгийдөөд авав уу?

-178 шүлэгтэй ном байгаа. Эрхэм ах таныг номын өмнөтгөл бичиж, сэтгэлийн үгээ хайрласанд талархаж байна. Ном маань уншдаг, сонсдог хоёр янзаар хэвлэгдэж байгаа. Төрийн шагналт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар ахаар ганц нэг шүлгээ уншуулчихвал бараг бэлэн болоод байна даа. Сонсдог ном маань “Эрдэнэбаярын Яруу-Эгшиг” гэсэн хүү бидний нэрийн үсгийн тоогоор шүлэгтэй сонсдог ном болох юм.

-“Motive”-ийн Жижгээ гэхээр үзэгч шүтэн бишрэгчид чинь хайрын дуунуудад чинь аргагүй л уяран хайлдаг. Тэдэндээ зориулж юу хэлмээр байна?

-21 аймгаар тойроод тоглож явахад нэг зүйл ажиглагдсан. Тэр нь юу вэ гэхээр миний зохиосон болоод манай хамтлагийн дуунуудыг чин сэтгэлээсээ сонсдогт баярласан.

Зарим хүмүүс дуулж байхад урдаас хараад уйлаад байхаар “аймаар” сонин байдаг юм билээ. Хүмүүст тийм сайхан дурсамж үлдээсэн бол бидний уран бүтээл олонд түгсний зорилго биелжээ гэж бодож болох байх л даа. Би цээжээ дэлдэх дургүй энгийн хүн. Хаа ч хамаагүй, энгийн хоолны газар ороод хуушуур идчих жишээний. Хүн заавал тансаг зоогойд хооллоод байх ёсгүй биз дээ? (инээв. Л.Б) Мөнгө гэдэг бол хэрэглээ, зүгээр л цаас шүү дээ. Хамгийн гол нь хүнийг гэх сэтгэл зүрх л чухал.

Хайр гэдэг бол хамгийн хүчтэй зэвсэг. Өнөөдөр дэлхий ертөнцөд өчнөөн дайн тулаан болж, өнчрөл хагацал зөндөө тохиож байна. Энэ дайныг зэвсгийн хүчээр бус хайр гэдэг хамгийн хүчтэй зэвсгээр л өндөрлүүлж чадна гэж би боддог.

-Эх үрсийн баяраар оршин суудаг хотхоныхоо дүү нарыг баярлуулсан гэсэн үү?

-Хүүхэд баярлуулах үнэхээр сайхан. Нэг хөгжмийн найруулагч андаа дуудаж байрныхаа хажуугийн талбайд хувийн бяцхан үнэгүй тоглолт хийж, бяцхан дүү нартаа гарын бэлэг гардуулсан л даа.

-Эх үрсийн баяр гэснээс ээж аав тань юу хийдэг хүмүүс байна?

-Аав минь Москвагийн их сургуулийг хурандаа Д.Мөрөн нартай хамт төгссөн, цагдаагийн хурандаа Болдбаатар гэж хүн байна. Ээж бас цагдаагийн хошууч хүн. Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст хүүхдийн байцаагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Аав ээж хоёртоо намайг хүн болгож төрүүлж, өсгөсөнд их баярладаг. Би нэг эрэгтэй, эмэгтэй дүүтэй гурван хүүхэдтэй айлын том нь. Миний дүү Болдбаатарын Бямбадорж маань надаас хоёр дүү, Баянзүрх дүүргийг хариуцсан дулааны инженер. Миний отгон дүү Б.Ариундаваа маань одоо Австралид гэр бүлээрээ амьдардаг.

Motiv

-Хүүгийнхээ нэрээр номоо нэрлэсэн юм байна шүү дээ?

-Хүүг маань Яруу-Эгшиг гэдэг. Хүүгийнхээ нэрээр энэ номоо нэрлэсэн л дээ. Хүүгийн маань ээж жүжигчин Тэгшжаргалыг мэдэх хүмүүс нь мэднэ ээ. Бие холдвол сэтгэл холдоно гэж нэг үг байдаг. Бүсгүй хүнд гомдоно гэдэг хэцүү л асуудал байдаг юм байна. Сэтгэл зүрх гэдэг хэцүү болох юм. Би үнэхээр түүнийг мартаж чадахгүй.

-Эмэгтэйчүүд бүсгүйчүүдийг гомдоолоо, уучлал гуйя гэсэн сэдэвтэй уран бүтээл их байдаг. Эмэгтэй хүнд гомдоно гэдэг нөгөө талдаа бас сонин л зүйл юм даа?

-Үнэхээр бас зүрхэнд юм хийж л байна л даа. Би “Цасан бороо”, “Чи минь ганцхан миний хайранд амьдарсаан. Зүрхний эзэн чи минь…” гээд маш олон дуугаа зориулсан хүн шүү дээ. Тэгэхэд… (нулимс нь цийлэгнэв. Л.Б)

-Тэгшжаргалтайгаа яаж танилцаж байв?

-Бид хоёр СУИС-ийн гадаа танилцаж байсан. Би тэр үед олны танил ч болоогүй дөнгөж сургууль төгсчихөөд байж байсан үе. Тэр үед манай хүн FM104.5 радиод Аманда нэрээр нэвтрүүлэг хөтөлдөг хөтлөгч байсан. Тэгшээтэй танилцахаас өмнө Уянгаа гэдэг охинд “Чамдаа” гэж дуу зохиосон байсан. “Зөөлөн бороо гуниглан шивэрлээ ч цас орох болоогүйг би мэднэ ээ…” гэсэн үгтэй дуу. Тэгшээ бид хоёрын хайр бүтсэн. Надад хүү төрүүлж өгсөн. Цаг наргүй л бие биеэ хайрлаж, нэгэндээ тэмүүлдэг байж дээ. Би тэр хүнд хэзээ ч гомдох эрхгүй. Тийм болохоор салахаас өөр аргагүй болсон. Бодит түүх ийм л байна шүү дээ, ах минь. Үнэнээс хүн зугтаана гэж байдаггүй юм байна.

Motiv

-СУИС-ийн оюутнуудын дунд дэглэлт их байдаг гэх юм. Зарим нэг дуучдын эвгүй түүхүүд ч дурдагдаж л байх юм?

-Тийм дуучид гэх чихрийн цааснуудыг би мэдэхгүй. СУИС бол урлаг соёлын алтан тайз болсон соёл-хүмүүнжлийн өлгий сургууль. Драмын ангийнхан тухайн үедээ онгироо байсан. Бөөндөө нийлнэ. Манай эстрадыг дээрэлхэнэ. Бүжиг ангийнхныг дээрэлхэнэ. Дуурийнханд арай халдаж чадахгүй. Дуурийнхан чинь том том биетэй болохоор. Дуурьт Ариунбаатар гавьяат эд нар байсан. “Мөрөөдлийн театр”-ынхан, “Эмоци”, “X ТҮЦ”-ийнхэн бид нэг үеийн оюутнууд.

-Жүжигчин Чаапийтай уржнан гурвуулаа нэг сайхан сууж хөөрөлдөж байж билээ?

-Миний нэр Эрдэнэбаяр, Чаапий ахын нэр Ихбаяр. Хоёр Баяр нас харгалзахгүй сайхан нөхөрлөдөг. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Болд, Мөнгөнцэцэг хоёрынхоо тоглолтоор хөдөө гадаа хамт явахдаа сүлбэлдээд, сүлэлдээд их дотноссон хоёр. Манай Ихбаяр ах чинь их дотортой жүжигчин шүү дээ. Одоо цаадахь чинь архи дарс амсахаа болиод цэмбийсэн. Урлагийн их хөлгүй далайд энэ олон сайхан авьяастнуудын хамт сэлж хөвж яваадаа би маш их баярладаг даа. Хуулийн нэг асуудал нэг тийшээ шийдэгдвэл Би Итали явж амьдарна гэж бодож байна даа.

-Итали улс “дуурийн эх орон” гэдэг. Суралцахаар явах нь уу?

-Италид тодорхой хугацаанд амьдаръя гэж бодоод. Мэдээж ясаа Монголдоо ирж тавина. Хамгийн гол нь Яруу-Эгшиг хүүгээ Италид сургана. Миний хүү төгөлдөр хуурчаар сурч байгаа юм. Хүүгээ сургангаа би тэнд дөрөв таван жил амьдарна. Итали гэдэг соёл урлагийн гайхамшигтай өлгий шүү дээ. Тиймээс намайг нутгаа сольсон гэж битгий ад үзээрэй гэж хэлье дээ.

Дуучин, ая зохиогч, дууны яруу найраг туурвигч Б.Эрдэнэбаярын “Яруу эгшиг” номонд доорх өмнөтгөлийг бичсэнээ толилуулъя!

ЯРУУ ЭГШГИЙН ГЭРЭЛД БЭДЭРЧ, СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ ТҮҮГЧ

Дууны үг, ая зохиогч гэсэн нэршил нэрийдэл сүүлийн үед давамгайлсан. Нэг талдаа дууны үг, ая зохиогчид яруу найрагч, хөгжмийн зохиолчдоосоо арай дорд төвшнийх гэсэн нийгэмд тархсан ойлголт юм уу даа. Дээхнэ үед бол үүнийг эхлэн бичигчид гэдэг байсан санагдана.

MotivМиний хувьд энэ ойлголтын эсрэг бодолтой явдаг. Дэлхийн рок поп хөгжмийн ертөнцөд алдар нэрээ үлдээсэн Боб Дилан гэхэд дуу зохиогч гэдэг ойлголтоос давсан, тэр ч бүү хэл АНУ-ын сэтгүүлч, зохиолчдын дээд шагнал Пулитцерын шагнал, Нобелийн утга зохиолын шагналыг тус тус хүртсэн аугаа уран бүтээлч шүү дээ. Үг, ая зохионо гэдэг урлагийн бурхан Янжинлхамаас заяасан дээд тэнгэрийн эрхшээл авшиг увдис мөнөөс мөн. “Үг бүхний эхэнд байжээ” гэж дэлхийн зонхилох томоохон шашнуудын тулгуур шастируудад ч бичигдэн үлдсэн нь бий. Үүнийг эргэцүүлэн бодвоос оюунт хүмүүний ертөнцийн хэл, соёл, хэв заншил, ёс зүй, түүх домог, дуу тууль, хайр энэрэл бүхэн Үгээс анхлан бүтэж, Үгээр илэрхийлэгдэн үлджээ гэхэд хилсдэхгүй.

Монголын орчин цагийн хөгжмийн ертөнцөд “Үгүйлэх сэтгэл”, “Хайр бүхнийг уучилдаг”, “Цасан бороо” зэрэг утга төгс, уянга яруу дуунуудаараа олон зуун мянган залуусын сэтгэлийг хөглөн орж ирсэн “Motive” хамтлагийг шүтэн бишрэгчид нь андахгүй. СУИС-д 2003-2008 онд гавьяат жүжигчин, Монголын эстрадын урлагийн нэрт төлөөлөгч дуучин Ч.Насантогтохын удирдлага дор нэгэн ангид суралцаж асан Т.Ганбаатар, Б.Сайнцогт, Э.Анхбаяр, Б.Эрдэнэбаяр нарын сэтгэл нийлсэн хөвүүд дэврүүн хонгор сэтгэлээр анх хамтлагаа байгуулж урлагийн гараагаа эхэлж байсан түүхтэй.

“Хэрвээ чи минь өвөл юм бол
Хэзээ ч хайлахгүй цас нь би юм шүү…
Хэрвээ чи минь зун юм бол
Хэзээ ч гандахгүй цэцэг нь би юм шүү…
Хайрт минь чи миний зүрх юм бол
Хэзээ ч хувирахгүй сэтгэл нь би юм шүү…” гэж байгалийн уянгыг хүний хайрын сэтгэлийн уянгатай сүлж сүлжиж өгснөөрөө нэгэн гоо ертөнцийг бүтээн залуусын сэтгэлд гэрэлт нэгэн шувуу болгон нисгэсэн байдаг.

Энэ хамтлагийн дуучин Жижгээ буюу Болдбаатарын Эрдэнэбаяр “Яруу эгшиг” нэртэй 180 гаруй шүлгээ багтаасан яруу найргийн номоо уншигчдын сэтгэлийн алган дээр талбиж байна. Эрдэнэбаярын хувьд яруу найрагч хэмээх эрхэм алдрыг зохиосон дуунуудаараа хүртэх бүрэн эрхтэй нэгэн төдийгүй Монголын нэрт зохиолч Дэгээхүүгийн Сүрьяа гуайн удмын улаач, удам залгасан оюунлаг үгийн урлаач ажгу. Б.Эрдэнэбаярын ээж Д.Алтанцэцэг бол урлагийн мэдрэмж өндөр, хүүгээ дэмждэг хүн юм.

Д.Сүрьяа зохиолч 1918 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошууны баруун урд, Хантайшир нурууны өвөрт Шинэ усны голын Хамхагтын өвөлжөөнд, малчин ард Дэгээхүүгийн 9 дэх, ихэр хоёр хүүгийн нэг болон төрсөн Говь-Алтай аймгийн уугуул нэгэн. Монголынхоо хөх тэнгэрт агаарын хөлгийн жолоо залж дүүлж явсан нисгэгч тэрээр 1951 онд Улсын багшийн Их Сургуулийн анхны хонхыг цохиж байсан байдаг.

Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт эрхэм зохиолч маань Дундговь, Говь-Алтай аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга, Говь-Алтай аймгийн 2-р нарийн бичгийн дарга, Түмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн дарга, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд түүх, нийгэм судлал, хэл уран зохиолын багш, Говь-Алтай аймгийн Гуулингийн Услалтын системийн барилга угсралтын конторын даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж байгаад 1992 онд бурхан зүг оджээ.

Ардын багш академич Дондогийн Цэвэгмидийн гарын шавь Д.Сүрьяа “Миний нутаг”, “Өвөл” шүлгүүд, “Очирбат” найраглал зэрэг шүлэг зохиол бичиж, 1940 онд Зохиолчдын эвлэлийн гишүүн болж зохиол бүтээл туурвихын зэрэгцээ, 1941-1942 онд анхны шог сэтгүүл “Хурц дөл” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж, энэ сэтгүүлээс “Тоншуул” сэтгүүл төрөн гарчээ. Мөн ардын аман зохиолын чиглэлээр аман яриа, хошин үлгэрийг судлан цуглуулж, “Монгол ардын баатарлаг туульс” түүврийг эмхэтгэн бэлтгэж, “Далан худалч бэлэн Сэнгэ”, “Бадарчин Баадайн инээдэмт паян” хошин яриа үлгэрийн түүврүүдийг хэвлүүлжээ. Тэрээр “Гэрэл”, “Шуурга” туужууд, “Шинэ одны гэрэл” дурдатгалууд, “Галууны дэгдээхэй” хүүхдийн зохиолын түүвэр, “Нэгэн зургийн учир”, “Тэрэгчин” туужууд, “Говийн сайхан Гоогормаа”, “Худгийн Дэмбээ”, “Онгоц газардав” өгүүллэгүүд зэрэг олон зохиол бүтээл туурвижээ.

Энэ бүхнийг дурдахын учир нь монголчууд “Сайн хүний үр, сүүт гүүний унага” хэмээн бэлэгшээдэг. Авьяас билэгт өвөөгийн зээ хүү өнөөдөр Монголын урлаг соёлд үг-эгшгийн яруу гэрэлд бэдрэн яваа нь юутай сайхан. Яруу найрагч Б.Эрдэнэбаяр бол яруу үгийн эрэлд бэдэрч, эгшгийн гэгээг ард түмэндээ түгээж яваа уран бүтээлч. Тэрээр орчлонд ганц хүүгийнхээ зүүн чихэнд шивнэж өгсөн нэрээр шүлгийн номоо нэрлэсэн нь “Яруу эгшиг”. Хүүгийнх нь нэр бол “Яруу-Эгшиг” гэж бичигдэх байх л даа. Харин хүүдээ зориулсан, номондоо оруулсан “Яруу эгшиг” шүлгийг нь уншихад сэтгэл уяралтай, итгэл уужралтай.

“Орчлонгийн минь олон мянган яруу эгшиг
Охин минь чиний булбарай биеэс эхлэлтэй
Огтхон чиг тоохгүй явсан тавилангийн тойрогт
Олноос онцгойрон тоглогдсон миний уянгат хөгжим
Үнэн зүүдэлсэн зүүдээ манан өглөө сэрэхэд
Үггүй тэнгэр бүүдийн угтахад, хааяахан
Үүлээ тийрч, заримдаа усан нүдлэхэд минь
Үүрд үнсэж тоглуулмаар миний жаргалт хөгжим минь…” Жаргалтай хонгор насны аялгуу болсон охин хонгорын бие бол хөгжим юм, түүнийг тавилангийн тойргоос олж хөглөнө гэдэг бурхнаас адисласан аугаа их хүмүүн заяа. Ай юутай яруухан, басхүү юутай ариухан сэрэл мэдрэмж билээ.

Үүлэн хөнжлийн доор л үнэн хайрын хөгжим ийн хөглөгддөг буюу. Цааш нь үг бүтээгч маань:
“Чихэр шиг амьдралыг амтлуулан амтлуулсан
Чи миний зүрхний хайрын жаргалын хөгжим
Чийгтэй сормуус нүдэн миний эрх нялх хөгжим
Чиг нь үл харагдах ертөнцөөс намайг л чиглэж эгшиглэсэн
Гадаа хэдий харанхуй ч надад өдөр гэж харуулдагт
Гунигт олон бодлуудынх нь утсанд үл хүрдэг
Ганцхан тэр хөгжим намайг амьдруулдаг болохоор
Гуйя, чамаасаа, жаргалаар надад хөгжим тоглож өгөөч” Хайртаасаа жаргалын хөгжим тоглож өгөхийг хүсэн залбирна гэгч ямархан сайхан ариун хүсэл мөрөөдөл билээ?

“Зүүдний нислэг мэт ялдам, ялгуусан өнгөөрөө
Зүрх сэтгэлийн өв болж төрсөн үр минь чи миний хөгжим
Зүггүйхэн томоогүй зөн дуудсан увдист хөгөөрөө
Зүгээрхэн ертөнцөд зөв дүрийг минь тодруулах чи миний хөгжим
Төрсөн биеэс минь төөрөлгүй амь тасарсан
Төгөлдөр хуур минь чи миний хүн-хөгжим
Тэнэглэж эмжсэн алдааг минь утсан-ухаандаа шингээсэн
Тэвэрт минь уянгалах ээжийн хатан хүйн хөгжим
Аз жаргалын эгшиг чи айзам яруу хоолойгоор
Амьдрал гэдэг тоглоомыг утга төгс тоглох хөгжим
Амьсгал, замнал хоёрын эхлэл төгсгөлийг холбохоор
Авьяасын цөстэй төрсөн аавын эстэй хөгжим”
Б.Эрдэнэбаяр удам залгах хүн-хөгжим үрдээ ийн утга төгс шүлэглэсэн машид философилог нэгэн бүтээлийг амилуулжээ.

Яруу гэдэг утгад үгийн сүнс, эгшигт харин хөгжим айзам аялгууны амь оршдог гэж бодвол номоо тэр аргагүй зөв нэрлэжээ. Ийм нэг үг аялгуу зохиогч энгийн нэгэн залуу бидний дунд эгэл даруухан аж төрж, уран бүтээлээ туурвиж яваад гүн талархал төрнө. Эрхэм дүүд уран бүтээлийн улам их амжилт хүсмүү!

2024.06.06-нд.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img