2024-10-17, Пүрэв
2 C
Ulaanbaatar

Жулиа Робертс: Тайван байдал, солиорол хоёроос би солиорлыг сонгоно

Холливудын алдарт жүжигчин Жулиа Фиона Робертс 1967 оны аравдугаар сарын 28-нд төржээ. Тэр дэлхий даяар 464 сая долларын ашиг олсон романтик инээдмийн “Хөөрхөн хүүхэн” (1990) кинонд тоглон нэрд гарсан билээ. “Эрин Брокович” (2000) кинонд ажилгүй, ганц бие, гурван хүүхдийн эхийн дүрийг бүтээж “Оскар”-ын шагналыг Шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд хүртсэн юм. Жулиа Робертс түүнчлэн 25 сая ам. доллараар “Мона Лизагийн инээмсэглэл” (2003) кинонд тоглосон нь хамгийн өндөр ханштай эмэгтэй жүжигчин болжээ. Энд тэмдэглэхэд тэрээр Буддын шашинтай бөгөөд 1999 онд Монголд зочилж байв. Түүний бодрол, эшлэлүүдийг ОХУ-ын “Правила жизни” сэтгүүлд эмхэтгэснийг орчуулан хүргэж байна.

  • Энэ сайхан өглөөг өөрийнхөө тухай ярьж өнгөрүүлмээргүй л байна.
  • Би ер нь аль болох бага ярихыг хичээдэг. Учир нь ярианаасаа маш хурдан залхдаг юм.
  • Намайг хүмүүс огт өөрөөр төсөөлөх нь бий. Намайг гичий гэх нь холгүй. Би нуруулаг, дээр нь боловсролтой болохоор тэр байх. Тийм эмэгтэйчүүдэд эрчүүд ерөнхийдөө дургүй шүү дээ.
  • Аавыгаа өнгөрсний дараа л түүнийг хорт хавдартай байсныг мэдэж билээ. Түүнийг нас барахад би арван настай байсан тул хэн ч надад үхлийнх нь шалтгааныг хэлээгүй. Зүгээр л өвөөгийнд хүргэж өгөөд аав минь байхгүй болсныг хэлсэн дээ. Чухам тэр үед л би огт төсөөлөөгүй байхад амьдрал орвонгоор эргэж болдгийг мэдэрсэн болов уу. Гэртээ ээжтэйгээ инээлдэж хөхрөлдөн тоглож байснаас ердөө хормын дараа гэнэт хамгийн гоёмсог хувцсаа өмсөхийг хүсэн машинд суулгаад аав минь өнгөрснийг хэлсэн дээ.

JUliya

  • Хүүхдүүд эцэг эхийнхээ алдаанд өөрсдийгөө буруутгадаг нь нэн харамсалтай.
  • Мундаг багш нар үгүй нь хувь хүнийг илүүтэй төлөвшүүлдэг юм шиг. Үл тоомсорлох нь урамшуулж тэтгэхээ илүүтэй хүнийг хүчтэй болгодог гэлтэй.
  • Хүмүүс итгэхгүй л байх даа, гэхдээ би коллежид сурч байхдаа хөвгүүнтэй үнсэлцэж үзсэн сүүлчийн охин байлаа. Тэр ч бүү хэл 20 нас хүртлээ лесби нар гэж гэж хэн болох тухай мэддэггүй байж билээ.
  • “Бага тусмаа сайн” гэх зарчим кино дахь үнсэлтүүдэд хамгийн ихээр тохирох юм шиг.
  • Өөрийгөө бүсгүй гэж хэлэхэд би арай л өндөр, хатагтай гэж хэлэхэд арай л цөөхөн даашинзтай. Ингэхэд би эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлж болох уу? Эргэлзээтэй.
  • Би сонирхолтой ажилтай шүү. Намайг хүүхэлдэй шиг л гоёж чимээд, дараа нь зугаатай эрчүүд уруулыг минь будангаа элдэв сайшаалтай урмын үг хэлдэг.
  • Үнэнийг хэлэхэд хүмүүс намайг гудамжинд таних нь ховор. Тэр ч бүү хэл уулзахаар тохирсон хүн дээр очоод, “Өдрийн мэнд ээ. Та намайг хүлээж байна уу? Би Жулиа байна” гэхэд хүрдэг дээ.

JUliya

  • Ихэнх оддоос ялгаатай нь би хэзээ ч нэвт гэрэлтсэн даашинз өмсдөггүй. Би ердийн эмэгтэй шиг л хувцасладаг. Зарим хүн, “Энэ Жулиа Робертс чинь миний хөрш бүсгүйгээс ч дор хувцаслах юм” гэдэг. Би хариу өгмөөр байвч ихэнхдээ биеэ барьдаг.
  • Заримдаа дүрдээ дэндүү ороод зураг авалт дууссан ч тэрхүү дүрээрээ амьдрах тохиолдол цөөнгүй. Жишээ нь, кафед орж кофе захиалахад өчнөөн удахад үйлчлэгчийг дуудаад, “Өршөөгөөрэй, та миний захиалгыг мартаагүй биз?” гэж лавлахын оронд “Хөөе, миний кофег хэзээ авчрах юм бэ, новш оо? Та нар чинь энд ажлаа хийдэг юм уу? Би Христийг дэлхийд дахин иртэл хүлээх үү? Эсвэл кофе намайг та нар шиг үзлийн муухай харагдуулах болно гэж бодоо юу?” гэх нь бий.
  • Би угаасаа л жоохон юмтай хүн. Жишээ нь, зураг авалтын талбайд завсарлага болонгуут шууд л тэндээ суугаад цамц нэхээд эхэлдэг. Үүнийг би бас дажгүй хобби гэж боддог шүү. Сэтгүүл уншаад суучихдаг хүнээс ялгаатай нь би оёнгоо хүмүүстэй яриа дэлгэдэг юм.
  • Хэвлэлийн бага хурал дээр худлаа ярьж хүмүүсийг мэл гайхшруулах ч бас гоё шүү.
  • “Эрин Брокович” киноны зураг авалтын үеэр суганы үсээ хусаагүйн төлөө надад маш их мөнгө төлсөн дөө. Гэрээний дагуу хусаагүй үс болгоны төлөө тодорхой төлбөр төлдөг байсан учраас л тэр. Хэдийг ч өгдөг байлаа даа, мартчихаж.
  • Эрэгтэй жүжигчид биднээс илүү мөнгө авдаг уу гэж надаас асуух нь элбэг. Миний хариулт товч бөгөөд тодорхой. Тэгдэг.
  • Би кинонд тоглоод гэнэт их мөнгө авч эхэлснээс хойш амьдралд минь юу ч өөрчлөгдөөгүй. Харин бүгд л сая сая доллар аваад юу өөрчлөгсдсөнийг л ихэд сонирхон асуудаг болсон доо.
  • Алдаршихыг уяман өвчинтэй адилтган үзэх нь бий. Та олон нийтийн дунд олны анхаарал таталгүй явах, ер нь дасч сурсан газраараа сэлгүүцэн дуртай зүйлээ хийж чадахгүй болсноо гэнэт ухаардаг. Гэхдээ та үүнийг үл тоомсорлож, дассан зүйлээ хийсээр байвал эрх чөлөөгөө золиослох шаардлагагүй гэдгийг аажмаар ойлгох болно. Энэ бол тийм биш гэж байгаа хүмүүс бол миний бодлоор зүгээр л маанаг юмнууд.
    Сонин хэвлэл өмнөхөө бодвол тэгтлээ түрэмгий биш болжээ. Гэхдээ тэнэглэл л хурдацтай өсөх болсон тул заримдаа хуучин шигээ байгаасай гэж бодоход хүрдэг юм.
  • Би кинонд хэзээ ч нүцгэн зураг авахуулахгүй. Үзэгчдийн өмнө хувцастай харагдана гэдэг уран сайхны үзэгдэл, харин нүцгэн харагдах нь зүгээр л баримтат кино. Тэгээд ч алгебрын багшдаа өгзөг минь ямар байдгийг мэдүүлмээргүй байна.
  • Би өөрийгөө бусдад аятайхан харагддаг гэж боддог шүү.
  • Амаржсаныхаа дараа би ер жин нэмдэггүй нь ямар нэг утгагүй хоолны дэглэм барьж, эсвэл өглөө бүр хэдэн сая дасгал хийдэгтэй огт холбоогүй. Энэ нь 97 хувь генийн удамшлаас, ердөө 3 хувь хааяа өгзгөө хөдөлгөдгөөс минь хамааралтай. Би дуртай бялуугаа хэзээ ч хамаагүй иддэг.

JUliya

  • Би хүүхдүүдээ бяцхан суутнууд, жүжигчид, эсвэл амжилттай бизнесменүүд болгохыг хүсдэггүй. Тэднийг хөлс, тоос шороо, нар үнэртүүлэн гэртээ орж ирэхийг л хүсдэг.
  • Би гурван хүүхэдтэй болсондоо өөрөө ч итгэдэггүй. Гэхдээ тэднийгээ төрүүлэхээс өмнө кинонд хорин жил тоглосноо аз гэж үздэг юм. Тэглээ гээд хүүхдүүдтэй болсноосоо хойш жүжигчний карьертаа цэг тавиагүй шүү.
  • Янз бүрийн хүнээс би, “Чиний агент төлөөлөгч чинь хэзээ ч чиний найз болохгүй. Тэр чиний мөнгийг өөрийнхөө халаасан хийдэг юм” гэж хэлэхийг сонссон. Үнэнийг хэлэхэд тийм биш. Мөн бүх продюсерууд мулгуу, дээр нь гаж донтнууд гэх нь бий. Тийм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Би олон продюсертэй ажилласан хүн шүү.
  • “Хөөрхөн хүүхэн” киноны зураг авалтын өмнө би олон биеэ үнэлэгч бүсгүйчүүдтэй уулзаж ярилцсан. Тэдний мөрөөдөл, итгэл найдвар кинонд ажиллагсдын дийлэнхээс илүү гэрэл гэгээтэй байсан даа.
  • Өөрийн гараар ямар нэг юм хийж сурах нь маш чухал.
  • Би хэзээ ч үнэтэй шампунийн сурталчилгаанд тоглохгүй. Учир нь би зочид буудлуудад өгдөг шампуниар л үсээ угаах дуртай.
  • Бусдын хөх, өгзөгний талаар би ярих дургүй.
  • Тайван байдал, солиорол хоёроос би солиорлыг сонгоно.

JUliya

  • Би гэрээ цэвэрлэх дуртай. Угаасаа л хүн өөрийн тарьсан хогоо өөрөө л цэвэрлэх ёстой.
    Би баян, бас аз жаргалтай. Би янзын гоё ажилтай. Миний эргэн тойронд сайхан, сонирхолтой хүмүүс байдаг. Би хамгийн гайхалтай орнуудаар дураараа хэсүүчилдэг. Товчдоо бол миний бүх юм сайн. Худлаа зовж зүдэрсэн дүр эсгэх ямар ч утгагүй.
  • Ердийн сэтгэлгээтэй хэн ч гэсэн миний юу хэлснийг нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргадаг болов уу. Оддын санаа бодол хамгийн өчүүхэн асуудлаар ч олны сонирхлыг татдагийг би ер ойлгодоггүй. Зуу зуун жүжигчин л улс төр, шашин, бас бус сэдвээр юу боддогоо бурах юм. Гайхалтай нь тэднийг Моисей номлогчийг еврей нар сонсч байснаас ч илүү анхааралтай сонсох аж.
  • Инээх дургүй хүний хөлний том хуруунд моргийн таних тэмдэг урьдчилаад өлгөсөн байвал би огт гайхахгүй.
  • Хүүхэд насандаа бид бүгд л амьтадтай ярилцаж чаддаг байсан гэж санагдах юм. Тийм биш гэж үү?

JUliya

JUliya

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img