2024-10-16, Лхагва
4 C
Ulaanbaatar

Олон зуун палестин хүний амины үнэтэй Израилын аврах ажиллагаа

Өнгөрсөн намар ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, олон хүнийг барьцаалж, хөнөөсний дараа энэ хоёр талын хооронд зэвсэгт сөргөлдөөн дэгдсэн юм. Сөргөлдөөн эхэлсний дараа хэдэнтээ түр эвлэрэл зарлаж, олзны хүмүүсийг бага багаар чөлөөлж ирсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин дөрвөн хүнийг Израилын тусгай албаныхан чөлөөлсөн байна. Нусейрат дүрвэгчдийн хуаранд явуулсан тусгай ажиллагааг хэдэн долоо хоног төлөвлөж байж хэрэгжүүлсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ.

Израилчууд олзны хүмүүс суллагдсан мэдээллийг баяр хөөртэй хүлээн авлаа. Харин палестинчуудын хувьд олзны хүмүүсийг чөлөөлөх ажиллагаа нулимс, уй гашуу авчирсан юм. Учир нь тусгай ажиллагааны явцад олон зуун хүн амиа алджээ.

Газын зурвасын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын тусгай ажиллагааны үеэр 274 хүн амиа алдсаны дотор хүүхдүүд байсан гэнэ. “Зуны үр” хэмээн нэрлэгдсэн тусгай ажиллагааг өдрийн цагаар зохион байгуулсан бөгөөд энэ нь тусгай ажиллагааны практикт төдийлөн ашиглагддаггүй цаг аж. Гэхдээ өдрийн цагаар явуулсан нь гэнэтийн алхмууд хийх боломжтой байсан гэж Израилын Батлан хамгаалах армийн төлөөлөгч ВВС агентлагт ярьжээ.

Тухайн өдрийн өглөө, гудамжинд хүмүүс олноор хөлхөж, ойролцоох захаас хүнс, бараа худалдаж авах үеэр тусгай ажиллагааг явуулжээ. Өдрийн цагаар тусгай ажиллагаа явуулахдаа тусгайгийнхан дайралтын үеэр төдийгүй ухрах үедээ ч ихээхэн эрсдэл гаргасан байна. Израилын цагдаагийн газрын мэдээлснээр, ажиллагааны үеэр тусгайгийн нэг алба хаагч хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

Энэ удаагийн тусгай ажиллагаа нь цар хүрээнийхээ хувьд “Энтеббе” ажиллагаатай адилхан байсан гэж ЦАХАЛ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга, контр-адмирал Даниель Хагари мэдэгджээ. “Энтеббе” ажиллагаа гэдэг нь 1976 онд Израилын тусгай албаныхан Угандад явуулсан тусгай ажиллагаа юм. Тухайн үед Палестины дайчид Air France компанийн зорчигч тээврийн онгоцыг барьцаалсан байсан бөгөөд Израилын тусгайгийнхан “Энтеббе” ажиллагааны хүрээнд 102 барьцааны хүнийг суллаж чаджээ.

Израилд энэ ажиллагааг “Йонатан” ажиллагаа гэж нэрлэх нь бий. Ингэж нэрлэх болсон нь тухайн үед тусгайгийн бүлгийн командлагч байсан, өнөөгийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ах Йонатан Нетаньяху барьцаалагдсан онгоцыг чөлөөлөх ажиллагааны үеэр амиа алдсан аж.

ЦАХАЛ-ын хэвлэлийн нарийн бичгийг дарга Хагаригийн өгүүлснээр, энэ удаагийн тусгай ажиллагааг явуулахын тулд тагнуулын мэдээлэл дээр үндэслэн, Израилаас Газ руу нэвтэрч, барьцааны хүмүүсийг харгалзагчтайгаар байлгаж байсан “Нусейрат” дахь хоёр байр руу тусгайгийнхан нэгэн зэрэг дайрчээ.

Нэг байранд нь барьцаалагдсан, 26 настай Ноа Аргамани бүсгүй, нөгөөд нь 41 настай Шломи Зив гэх эр, 27 настай, ОХУ-ын иргэн Андрей Козлов мөн 22 настай Альмог Меир Ян нар байсан аж.

Байр руу халдан орсон Израилын тусгайгийнхан барьцааны хүмүүсийг чөлөөлж, гадаа байх цэргийн машинуудад суулгах үеэр Палестины дайчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан гэж ЦАХАЛ мэдээлжээ.

ЦАХАЛ-ын хэвлэлийн албаны мэдээлснээр, Израилын цэргийнхэн тусгай ажиллагааг туйлын нарийвчлалтай бэлдсэн бөгөөд тэр бүү хэл бэлтгэл сургуулилалт хийхийн тулд хоёр байрны макет босгож байсан гэнэ. Мөн энэ ажиллагаанд АНУ-ын тал тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн аж.

Israil

Ийнхүү Израилын тал олзны хүмүүсээс суллахын тулд нарийн төлөвлөж, сайтар бэлтгэл хийн байж дөрвөн хүнийг сулласан бол Палестины тал дөрвөн хүний төлөөсөнд олон зуун хүний амийг өгсөн юм. Иргэдийн гар утсаар хийсэн дүрс бичлэг дээр тусгай ажиллагааны үеэр пуужин харваж, дэлбэрэх чимээ гарах үед хүмүүс нуувч руу яаран гүйлдэж байгаа нь бичигджээ. Арай хожуу хийсэн бичлэг дээр гудамжаар нэг цогцос тарсан байгаа нь харагдах аж.

ХАМАС Израилын барьцааны хүмүүсийг хорьж байсан, хүн шигүү суурьшсан дүүрэгт амьдардаг палестинчуудын өгүүлснээр, аврах ажиллагааны үеэр дүүргийг эрчимтэй бөмбөгдөж, хүнд зэвсгээр буудаж байсан гэнэ.

Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр дүрвэгсдийн хуаранд аврах ажиллагаа явуулах үеэр эмэгтэйчүүд, хүүхдүүд олноор амиа алдсан аж. ХАМАС-ын хэвлэлийн албаны мэдээллээр, 210 хүн амиа алдаж, 400 хүн шархадсан бол сүүлд гарсан мэдээллээр, амиа алдсан хүмүүсийн 86-г нь хэн болохыг тогтоожээ. “Аль-Акса” эмнэлэг дээр авсан гэрэл зургуудаас харахад газар хүнд шархтай олон хүн газар хэвтэж байгаа нь дүрслэгдсэн байна. Шал тэр чигтээ цусаар будагдсан байх бөгөөд эмч нар өвчтөн хооронд явах, гишгих зай үлдээгүй байсан гэнэ. Өөр нэгэн дүрс бичлэг дээр эмнэлэг рүү түргэн тусламжийн машин болон энгийн машинуудаар шинэ өвчтөнүүдийг тасралтгүй зөөж байгаа нь дүрслэгджээ.

Нусейрат хуаран дахь “Аль-Авда” эмнэлэгийн захирал Марван Абу Нассер ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө, бямба гарагт эмнэлэгт хүргэх цогцосны тоо эрс өссөн гэнэ.
Дөрвөн хүний амийг аврахын тулд Палестины олон хүний аминд хүрсэн энэ ажиллагааны дараа Палестины тэргүүн Махмуд Аббас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулахыг уриалсан байна. Тэр бээр олзны хүмүүсийг аврах ажиллагааг “Израилын хүчнийхний явуулсан цуст хядлага” хэмээн нэрлэжээ.

Үүний зэрэгцээ, Европын холбооны Гадаад бодлогын газрын тэргүүн Жозеп Боррель Газын зурваст ажиллагаа явуулах үеэр олон хүний аминд хүрснийг эрс шийдэмгий шүүмжилж, “Энгийн иргэдийг дахин олноор хөнөөсөн мэдээлэл айдас төрүүлж байна” хэмээн мэдэгджээ.

Эргэн сануулахад, ХАМАС, Израилын энэ удаагийн сөргөлдөөн 2023 оны 10 дугаар сарын долооны өдрөөс эхэлсэн юм. Тухайн өдөр ХАМАС гэнэт Израил руу халдаж, 1200 хүнийг хөнөөн, 250 хүнийг олзолсон. Сарын дараа байгуулсан хэлэлцээрийн хүрээнд долоо хоногийн хугацаатайгаар гал зогсоож, барьцааны 105 хүнийг Израилын шоронд хоригдож байсан 240 палестин хүнээр сольж байв. Олзлогдсон зарим хүн олзонд байх үедээ амиа алдсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд энэ сарын эхээр ахимаг насны олзны дөрвөн хүн нас баржээ. Одоо Палестины нутагт 116 олзны хүн байгаа аж. Есөн сар үргэлжилж буй энэ сөргөлдөөний улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 36 801-д хүрчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img