2024-10-16, Лхагва
6 C
Ulaanbaatar

Ядуу гэр бүлээс гаралтай Лю Цысинь алдартай зөгнөлт зохиолч болсон нь

Хятадын алдар зөгнөлт зохиолч Лю Цысиний уран бүтээлийг дэлхий дахин хэдийнэ мэддэг болжээ. Түүний “The three body problem” гурамсан зохиол олон хэлээр, хэдэн саяар хэвлэгдэж, түүнд тоймгүй их шагнал, тэр дундаа Хьюгогийн шагналыг ч авчирсан юм. Энэ номоос сэдэвлэн Netflix шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал бүтээсэн бөгөөд үзэгчид энэ киногоор дамжуулан Лю Цысиний бүтээсэн нууцлаг ертөнц рүү нэвтэрч байна. Түүнийг өдгөө уран зөгнөлийн төрөлд хамгийн эрэлттэй зохиолч гэж тооцдог.

Ирээдүйн зохиолчийн хүндхэн хүүхэд нас

Түүний хүүхэд нас хүнд хэцүү амьдрал дунд өнгөрчээ. Лю Цысинь Хятадын соёлын хувьсгалын дуулиант он жилүүд болох 1963 онд Бээжин хотноо мэндэлсэн байна. Хувьсгалын үр дагавраас эмээс Цысиний өнөр бүл Хэнань мужийн Луошань хот руу нүүхээс аргагүй болжээ.

Аав нь энгийн нэгэн уурхайчин байв. Гэхдээ хүү нь хожмоо зохиолч болоход өөрөө ч мэдэлгүй нөлөөлсөн аж.

Люг бага байхад Хятадад шинжлэх ухааны зөгнөлт ном хэвлэгдэж байсангүй, харин барууны ихэнх зохиолыг хатуу хориглодог байжээ. Хоригт багтсан хэд хэдэн номыг аав нь нуусан байж, харин Лю олж, нууцаар уншин, ихэд сэтгэл хөдөлдөг байсан ч ном уншсан сэтгэгдлээ хэнтэй ч хуваалцах боломжгүй байлаа.

Түүний уншсан ном зохиол дундаас Жюль Вернийн “Дэлхийн гүн рүү аялсан” нь ном гүн гүнзгийн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд тиймдээ ч Лю энэ номыг хэдэнтээ давтан уншжээ. Ингээд л шинжлэх ухааны зөгнөлт зохиол түүний амьдралд том байр эзлэх нь тэр.

Лю Цысинь 25 настайдаа Хятадын усны аж ахуй, эрчим хүчний их сургуулийг төгсөж, Шаньси мужийн нэгэн компанид компьютерын инженерээр ажиллах болов. Гэвч шинжлэх ухааны зөгнөлд тэмүүлэх хүсэл нь алдарсангүй, тиймдээ ч үзэг цаас шүүрч аван, зөвхөн өөртөө зориулан богино өгүүллэг бичиж эхэлжээ.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Хятадын амьдрал өөрчлөгдөж, барууны утга зохиолын импортод тавьсан хязгаарлалт аажмаар цуцлагдан, гадаадын олон зохиолчийн бүтээл хятад хэл дээр хөрвүүлэгдэж, Хятадын уншигчдад хүртээмжтэй болсон аж.

Энэ үед Лю Цысинь өмнө нь хориотой байсан ном зохиолыг олж авах боломжтой болсон тул ном уншихад хамаг цагаа зарцуулж, шинжлэх ухааны зөгнөлийг илүүтэй шимтэн уншдаг байв. Үүний зэрэгцээ Британийн зохиолчид, тэр дундаа Жорж Оруэлл, Артур Кларкийн бүтээлийг голчлон уншдаг байжээ.

Гэхдээ Люгийн өгүүлснээр, орос утга зохиол, тэр дундаа Лев Толстойн романууд түүнд хамгийн том нөлөө үзүүлсэн гэдэг. Толстойн романууд дундаас “Дайн ба энх” зохиолыг шимтдэг байсан бөгөөд дунд сургуульд байхдаа л уншиж байсан энэ романыг тэр бээр хамгийн хүчирхэг зохиол гэж үздгийн дээр одоо ч дахин, дахин уншдаг аж. Энэ романыг унших үед гүн гүнзгий мэдрэмж төрж, өнгөц харахад дайн болон энх тайвны орон зай огт огтлолцохгүй мэт санагдавч дайн болон энхийн хоорондын салшгүй холбоог дүрслэн харуулсан Толстойн чадварыг Лю биширдгээ ярьжээ.

Уран бүтээлийн замналын эхлэл

Лю Цысинь дунд сургуульд байхаасаа л шинжлэх ухааны зөгнөл сонирхож, энэ төрөлд шунан дурлаж байсан ч түүний туурвил нь богино өгүүллэгүүдээр хязгаарлагдаж байсны дээр, нилээн хожуу бүтээлээ хэвлүүлж эхэлжээ.

Анх 2002 онд тэр бээр “Чөтгөрийн тоосго” хэмээх анхны романаа хэвлүүлсэн бол үүний араас “Шинжлэх ухааны зөгнөлий ертөнц” сэтгүүлд цуврал өгүүллээ нийтлүүлсэн бөгөөд хожим нь эдгээр өгүүллээ “The three body problem” гурамсан зохиол болгожээ. Тэр үеэс хойш 20 гаруй жил өнгөрсөн ч Лю өөрийнхөө амжилтын шалтгааныг мэддэггүй, бүтээлүүд нь Хятадад төдийгүй дэлхий даяар алдартай болсны шалтгааныг ч гадарладаггүй хэвээр. Алдартай нэр хүндтэй, амжилттай яваа нь аз ивээснийх гэж ярьдаг нэгэн.

Люгийн зохиолууд фэнтези, философи, антиутопийн хэв шинжүүдийг агуулсан байдаг. Түүний бүтээлүүд дундаас “Дэлхийн өнгөрсөн үеийн тухай дурдатгал” гурамсан зохиол ихэд алдарсан бөгөөд энэ Хятадад төдийгүй хилийн чанадад ч өндөр үнэлгээ авчээ. 2015 онд энэ гурамсан зохиол шинжлэх ухааны зөгнөлий төрөлд шилдэг бүтээлээр тодорч, Хьюго шагнал хүртэж байв. Ингэснээр Лю Цысинь энэхүү нэр хүнд бүхий шагналыг хүртсэн Азийн анхны зохиолч болсон юм.

Дэлхий дахиныг бишрүүлсэн роман

Люд алдар нэр авчирсан энэ романы үйл явдал Хятадад эхэлнэ. Соёлын хувьсгалын эрин үед эхлэх үйл явдал аажмаар олон зууныг туулж, ирээдүйд шилжинэ. Цэргийн нууц төслийн хүрээнд харь гарагийнхантай холбогдохын тулд сансар руу дохио илгээж байгаа тухай гардаг.

Цаашлаад, сүйрэхийн ирмэг дээр байгаа харийн соёл иргэншил энэ дохиог хүлээн аваад дэлхийд зорихоор бэлдэнэ. Энэ үед дэлхий дээрх хүмүүс хэдэн хэсэг болон хуваагдах бөгөөд нэг хэсэг нь харийнхныг найрсгаар хүлээн авахад бэлдэж, тэд дэлхийг эзлэхэд нь туслахаар зэхэх, нөгөө хэсэг нь түрэмгийллийн эсрэг тэмцэхээр зориг шулуудна.

Лю Цысиний бүтээл кино болсон нь

“Дэлхий өнгөрсөн үеийн тухай дурдатгал” гурамсан зохиол англи хэл дээр хэвлэгдэхээс өмнө Лю Цысинийг дэлхийн уншигчид төдийлөн мэддэггүй байсан бол гадаад хэлнээ хэвлэгдсэний дараа уншигчдыг хуйлруулж, түүний зохиолыг урлагийн бусад төрөлд ашиглах болсон юм.

Эдгээрийн нэг нь 2020 онд Netflix зохиолчийн гурамсан романаас сэдэвлэсэн цуврал кино. Түүнчлэн 2023 онд Tencent Video компани гурамсан романаар цуврал бүтээжээ.

Лю дэлхийн ирээдүйг хэрхэн хардаг вэ?

Дэлхийн ирээдүйг хэрхэн хардаг талаар сэтгүүлчид түүнээс асуухад тэр бээр хүн төрөлхтөн эрт орой хэзээ нэгэн цагт харийн соёл иргэншилтэй нүүр тулна хэмээн хариулжээ.

Люгийн үзэж байгаагаар, харийнхантай уулзах магадлал маш өндөр, гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй, мянган жилийн дараа эсвэл маргааш өглөө ч байж магадгүй гэнэ. Хэзээ ч болсон байлаа гэсэн энэ үйл явдал манай дэлхий, бидний амьдралыг бүрэн өөрчилнө гэж тэр үздэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img