2024-10-19, Бямба
3 C
Ulaanbaatar

Монголд хайртай япон зохиолч Шиба Рёотаро

-“Монголд аялсан тэмдэглэл”, “Тал нутгийн тэмдэглэл” номын зохиолч-

Японд хаясан гээсэн зүйл байрандаа байж л байдаг тухай манайхан бишгүй ярьдаг даа. Харин мөнөөх япончууд өөрсдөө монголчуудын яг тийм занг анзаарч номондоо бичсэн байна лээ.

Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн  Озава Шигэо “Орчин үеийн Монгол” номондоо 1959 онд  Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд  очих үеэрээ зургийн аппаратаа гудамжинд мартсан тухайгаа өгүүлжээ. Зочид буудал руугаа шууд яваад, маргааш өдөр нь аппаратаа  санасан байна. Хайхаар явж, гудамжны баримлын довжоон дээр тавиад мартсан яг тэр газраасаа олсон гэнэ.

Энэ тухай “Тал нутгийн тэмдэглэл” номын зохиогч Шиба Рёотаро гуай Монгол Улс (Тухайн үеийн БНМАУ)-д 1973 оны наймдугаар сард анх удаа  аялах үеэрээ  анхны  Элчин төлөөлөгч Сакияма Кизабүрогийн гэргийд ярьтал цаадах нь ч санаа нийлж,  өөрт тохиолдсон явдлыг хуучилжээ.

Япон бэлэн хоолонд загасны хэлбэртэй жижигхэн цууны сав  хийсэн байдаг, түүнийгээ хэрэглээд, зочид буудлын зоогийн газрын ширээн дээр үлдээгээд явтал зоогийн газрын ажилтнууд  эзнийг нь хайж, тухайн үед ЭСЯ байрлаж байсан өрөөнд хүргэж өгсөн юм байж. Тэгэхэд Японы ЭСЯ хараахан өөрийн байртай болоогүй Улаанбаатар зочид буудалд байрлаж байж л дээ.

Шиба гуай Японы ЭСЯ нээгдэхтэй зэрэгцэн, япончууд аяллаар ирэх боломж гарангуут Монголд ирсэн юм билээ. Тэрбээр Японд хамгийн их борлуулагдсан номын зохиолчдын нэг.

“Толгодын дээгүүрх үүлс” роман нь гэхэд л  25 сая ширхэг борлогджээ.

Түүний зохиолууд нийтдээ 120 сая борлогдсон гэсэн тоо ч явна лээ. Ийм нэгэн зохиолч 1973 онд Монголд аялсныхаа дараа “Монголд аялсан тэмдэглэл” бичиж, тэрхүү аялалд газарчилсан Б.Цэвэгмаа гуайн түүхийг өгүүлсэн “Тал нутгийн тэмдэглэл” хэмээх хоёр дахь номоо 1990 оны зун Монголд дахин ирэхдээ бичжээ.

Shiba-nom

Зохиолчийн түүхийг харах, дүгнэх арга маш өвөрмөц.

 Азийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Койбүчи Шиничи түүний тухай дүгнэхдээ “Шиба гуай Азийн соёл иргэншлийг харахдаа Хятадын болон Энэтхэгийн иргэншил гэсэн уламжлалт  үзэлд баригдалгүй өдий хүртэл бараг  үл тоогдож ирсэн  хажуу хавийнх нь ертөнцийг онилж, цөөнхөөс олонхыг, хязгаар хавиас төвийг эргэцүүлэх байдлаар зохиолуудаа  бичиж үлдээсэн юм” гэжээ.

 Шиба Рёотаро “Би залуу байхаасаа түмэн газрын цагаан хэрмийн гаднах улсыг сонирхож, харин ч тэндээс Хан үндэстний соёл, түүхийг харах хүсэлтэй болсон юм. Хятадын иргэншлийн гадна талд байх Монголоос ажиглахад тариалангийн иргэншил, Хятад, Солонгос, Вьетнам, мэдээж Япон өргөн дэлгэц болж, маш сайн харагддаг” гэж өгүүлсэн байдаг.

1991 онд Монголд анх удаа айлчилсан  Японы Ерөнхий сайд асан Кайфү Тошики “Монголд ямар сэтгэгдлээр айлчлан очих нь зохилтойг өөрийн ихэд хүндэтгэн хайрладаг Шиба Рёотаро зохиолчоос асуун лавлаж билээ” гэж дурссан нь Японы хэвлэлд бичигджээ. Ийнхүү Шиба Рёотаро япончуудад Монголыг нээж, монголчуудад япон хүнийг ойлгуулав.

 Шиба Рёотарогийн “Сүүлчийн шёогүн” бүтээл Д.Төмөрбаатарын орчуулгаар Улаанбаатарт 1996 онд хэвлэгдэхэд зохиолч  ийм зурвас хүргүүлжээ.

“Би залуу байхдаа монгол хэл судалж байсан юм. Монгол хэл судалсан минь дэлхийн түүх хийгээд хүнийг үзэх үзэлд минь  маш чухал түлхэц болсон билээ.

Тэр утгаараа би монголчуудад талархаж явдаг юм. Миний бүтээл монгол хэлээр орчуулагдсан нь гайхалтай санагдаж байна. Миний хувьд төрсөн нутгийн хүмүүсээс өөрцгүй ав адил жинтэй  монголчууд  бүтээлээр маань  дамжуулж, япончуудыг ойлгох сэтгэлээ бага ч атугай гүнзгийрүүлбэл  үнэхээрийн аз жаргалтай байх болно” гэжээ.

Үнэхээр ч түүний зохиолыг уншихаар япон хүнийг, монголын түүхийг бас монгол хүнээ ч ойлгох юм.

Шиба зохиолч Монголд үнэхээр элгэмсүү  ханддаг нь зохиолоос нь мэдрэгдэнэ.

Шөнө унтаж байхад нь гудамжинд  орилсон согтууг  хүртэл эрх чөлөөтэй хүн гэж эерэгээр тодорхойлж, “Монголчууд ч япончууд  ч согтохоороо шалчигнаад ирдэг” гэх Б.Цэвэгмаа гуайн дүгнэлтийг ч аав хүү хоёрыг адилхан гэж байгаа юм шиг л   дотно хүлээж авах юм.

Социалист Монголд Японоос  шууд нислэгээр ирэх аргагүй. Аанай л Зөвлөлтөөр дайран өнгөрч, урт холын аялал хийх болдог. Нийгатагийн нисэх буудлаас тогтмол нислэгээр  Хабаровск нисэж, Эрхүү хотоор дамжих учиртай. Эрхүү хотоос Зөвлөлтийн АН-24 онгоцоор  Монголын тал нутгийг зорин ниссэн билээ. Энэхүү адал явдал нь эхний тэмдэглэлд нь бий.

Эдгээр хотуудыг дамжин өнгөрөхдөө  “ЗХУ нь аялагчдыг тарчилгах дуртай улс бололтой юм” гэх мэт таатай биш өнгө аяс цухалзуулж байсан болохоор  Монгол орныг, монголчуудыг яаж хүлээж авах бол доо хэмээн догдлон хүлээнэ.

Азаар Улаанбаатар агаараасаа авхуулаад түүнд таалагджээ.

“Уушги дүүрэх  мэт болох агаад агаарын сайхныг нь мэдэрлээ. Ийм гайхалтай сайхан агаарыг   цөөхөн хүн амтай монголчууд эдэлж байгаа гэж бодохоор  аз жаргал гэж  чухам юу юм бэ гэж бодогдоно” хэмээн бичжээ.

 Юутай ч энэ бол одоогийн агаарын бохирдолтой үе бус “Улаанбаатарын маань тунгалаг агаар уушги цээжийг тэнийлгэн сэвших таатай” гэж дуулдаг үе шүү дээ.

Өмнөговийн талд одот тэнгэрийн дор манай аяллын баатар  япончууд жаргаж үхэх нь үү л гэмээр сэтгэл хөдлөл илэрхийлсэн нь хөөрхөн.

      “Гэрийн тооноор одод шагайж. Гэргийд маань оддыг харж унтах сан гэсэн мөрөөдөл  хүүхэд наснаас нь байсан агаад  санаандгүй гэрт унтах болсноор энэ хүсэл нь биелэсэн гэдэг” хэмээн өгүүлжээ.

 Сэтгэл шимшрэм хэсэг бас байсан.

Үсэрсэн цус, тасарсан мах өвөрмонголчууд маань юу гээчийг туулсныг япон зохиолчийн бичсэн номоор дамжуулж мэдэрдэг байна шүү.

“Тал нутгийн тэмдэглэл” номын гол баатар Б.Цэвэгмаа  Манжуурын Монгол буюу өнөөгийн Өвөрмонголд өссөн.  Төрсөн газар нь Сибирийн монгол буюу буриад хүн гэнэ. Зохиогч Шиба Рёотаро ч бас  оюутан байхдаа цэрэгт татагдаж, доод тушаалын жагсаалын бага даргын сургууль хийлгэхээр нөхдийн хамт Манжуурт илгээгджээ. Тэр хориодхон насандаа Манжуурт солонго харж явсан удаатай тул энэ нутагт өссөн Б.Цэвэгмаа бүсгүйг ойлгож ээнэгших сэжим болсон байлгүй. Б.Цэвэгмаа багадаа япон  эмэгтэйн Манжуурт байгуулсан Охидын гэр сургуульд сурч, япон хэлээр сайн ярьдаг болсон нь ч тэдний нөхөрлөлд хувь нэмэр оруулсан нь лавтай.

Япончуудынхаар бол “Номун хааны хэрэг явдал” монголчуудынхаар  Халх голын дайныг тайлбарласан өнцөг нь бас сонин.

            Гурван настайдаа Б.Цэвэгмаа эцэг эхдээ хөтлүүлэн Сибирийн буриадын нутгаас гарчээ. Зөвлөлтийн хилийг давж Манжуурт орж иржээ. Хөлөнбуйрын талд суурьшив. Бүсгүй Хянганы нурууны үүл ширтэн өсчээ. Б.Цэвэгмаа Манжуурын талд хань ижлээ олж, охин Иминагаа төрүүлжээ. Нөхөр нь Өвөрмонголын Цахар хошуугаар нутагтай Бүрэнсайн.

Манж Го бутарсан 1945 оны  дараахан өвөрмонголчуудын хувь заяаг шийдэх хуралд оролцохоор  тал нутгаас хүмүүс цугларчээ. Залуу бүсгүй Б.Цэвэгмаа Хөлөнбуйрын төлөөлөгч болж хуралд оролцжээ. Хуралд оролцсон монголчууд “Хятадын савраас яаж мултрах вэ” гэдэг дээр санал нэгдсэн байна.

“Өвөрмонголчууд тусгаар улс болж гадаад монголтой нэгдэцгээе” гэсэн дуу хоолой цуурайтлаа.  Энэ хурал дээр Цэвэгмаа Бүрэнсайнтай учирсан юм.  Хятад улс энэ хурал дээрх нийтийн саналаас тэс өөр шийдвэр гаргаж, Өвөрмонголын өөртөө засах муж байгуулжээ.

  Бүрэнсайн 1957 онд Өвөрмонголын  анхны   Их сургуульд багшлах болов. Тэр Монголын утга зохиолын томоохон судлаач болжээ. Соёлын хувьсгалын өмнөхөн  улс даяар өргөн шүүмжлэл мэтгэлцээн өрнүүлж, Хөх хотын Өвөрмонголын их сургуулийн  профессор Бүрэнсайн туйлын ихээр шүүмжилжээ. “Монголын ард түмэнд  өвөрмөц соёл бий. Хэл бичиг хувцас, соёл утга зохиол болон бусад олон талаар Хан үндэстнээс ялгаатай. Ард түмний соёлыг эрхэмлэн үзэхгүй бол үндэстэн мөхөхөд хүрнэ” гэжээ.  Хойтон жил нь тэр баруунтан болж цээрлэгдэв. Японд боловсрол эзэмшсэн нь ч сул тал болов.

Ямар нэг юм хэлбэл хорлогдож магапгүй гэсэн айдастай явах болов. Цэвэгмаа  урсгал дагахын оронд “Голыг  харайж гаталъя” хэмээн шийджээ. Садан төрөл нь байдаг  Чита  явахаар болов.   Засаг захиргаанд өргөдөл мэдүүлж, “Төрөл садантайгаа  уулзаад ирэх зорилготой.  Хурдан буцаж ирнэ” гэжээ.  Зөвшөөрөгдсөн хэдий ч нөхрийг нь тэндээс хөдлөхийг зөвшөөрсөнгүй.   1959 онд Б.Цэвэгмаа бяцхан охиноо тэврээд Чита руу хөдлөв. Нөхөр нь удалгүй  Соёлын хувьсгалын үеэр шоронд орж, долоон жил хоригдох болно. Читад хүрч, тэндээсээ буцахын оронд  Монголыг зорьсон галт тэргэнд  суулаа.

Б.Цэвэгмаа Улаанбаатарт ирээд, балчир охиноо Хятадын харьяатаас салгаж, монголчуудын эх оронд тушаахаар ирсэн гэдгээ учирлан гуйжээ. “Монгол хүн монголчуудын эх орондоо ирэхэд яагаад болдоггүй юм бэ” гэж  хэлж байлаа.

Энэ зуур нөхрийнхөө танилынд бууж, БНМАУ-ын холбогдох байгууллагаар явж, өөрийнхөө тухай ярьж,  охин Иминаг ивээлдээ авахыг гуйж байлаа.  Түүний уулзсан албан тушаалтнууд  зовлонг нь хуваалцаж байсан ч чухам яаж шийдэхээ мэдэхгүй байсан бололтой.  Удалгүй Гадаад яамнаас дуудлага иржээ. “Улаанбаатар зочид буудлын жижүүрээр ажилла” гэжээ.  Арван жилийн дараа ээж охин хоёр БНМАУ-ын иргэн болсон.

Имина охин нь өсч, Ленинградын их сургуульд суралцав.

Үндсэрхэг үзэлтэн хэмээн нухчуулсан нөхрийнхөө үхсэн амьдыг мэдэхгүй ч дээж өргөн эсэн мэнд байгаасай хэмээн залбирч иржээ.  Бүрэнсайн профессорыг амьд сэрүүн байна гэдгийг дуулсан нь 1984 оны үе байж.

1985 оны хүйтэн өвөл Бүрэнсайн Улаанбаатарын галт тэрэгний буудалд ирэв. Имина ганцаар угтахаар очжээ. Галт тэрэгний тавцан дээр унаж тусах, бөгтөр нуруутай өвгөн бусдын дэмээр арай хийн царайгаа харуулав. Тэр эцэг нь байлаа.  Авааль нөхөр байсан хүнтэйгээ  26 жилийн дараа уулзахаар хүлээж суусан Цэвэгмаа Иминагаар  сугадуулсаар орж ирж ирсэн хүнийг хараад  олон үг амнаас ч гарахгүй болж, гараа сунган өрөөнд оруулж,  ор  засан хэвтүүлэхэд хүрэв.

Энэ үед Цэвэгмаа эр нөхрөө өөрийнх нь гар дээр амьсгал хураахаар ирсэнийг ойлгожээ…

 Шиба Рёотарогийн анхны зохиол Чингис хааны байлдан дагууллыг харуулсан сэдэвтэй “Говийн Хүннү” байлаа. Харин 50 жилийн дараа бичсэн сүүлийн зохиол нь “Тал нутгийн тэмдэглэл” билээ.    1996 онд Шиба зохиолч өөд болсны дараахан Японы Санкэй сонины нэг буланд Японд сурч буй монгол оюутан Шибад хандан бичвэр нийтлэхдээ  “Хэрвээ дахин төрнө гэдэг зүйл байдаг бол тэнгэрт ойрхон тал хээрийн нутагт эргэж төрөөрэй” гэж бичсэн байлаа. Тэрхүү оюутан  энэхүү номыг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч О.Жаргалсайхан байжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img