2024-10-20, Ням
-3 C
Ulaanbaatar

Освенцимийг өршөөсөн нь буюу Ева Мозесын түүх

Гитлерийн дэглэмийн үеийн аймшигт түүх, тэр дундаа бөөнөөр хорих лагерьт хоригдож байгаад тамыг давж, амьдралд эргэн хөл тавьсан Ева Мозес Кор хэмээх еврей эмэгтэйн тухай түүхийг huxley.media агентлагийн эх сурвалжтайгаар хүргэж байна.

Энэ явдал бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний 50 жилийн ойн өдөр (nio.mn: 1995 он) болсон юм. Ева шүүхийн индэр дээр гарч зогсоод, хэдэнтээ гүнзгий амьсгаа авсныхаа дараа дараах үгийг хэлж байв. “Миний эгч Мириам бид хоёр дээр аймшигтай туршилтууд хийж байсан Йозеф Менгеле болон бусад эмч нарыг уучилж байна. Тэд миний эцэг эхийг хөнөөж, гэр бүлийг минь, хүүхэд насыг минь надаас булааж, амьдралыг минь там болгон хувиргасныг нь уучилж байна”

Ева Мозес Кор (1934.01.31-2019.07.04) — Освенцим бөөнөөр хорих лагерьт хүмүүс дээр хийж байсан туршилтаас амьд үлдсэн Румыны еврей.

Евагийн дурсамж

Галт тэрэг хурдаа саан, дохио өгөн зогслоо. Галт тэрэгний сиймхий хавтангийн цаанаас тавдугаар сарын нарны илчгүй тусгал нэвтлэн орж ирнэ. Галт тэрэгнээс хүмүүс буув.
Хэсэг залуу хүмүүс ирсэн хүмүүсийг мал ялгаж байгаа мэт ялгаж эхлэх нь тэр. Хүүхдүүдийг ээжүүдээс нь салгаж байлаа. Хуруугаа хөхдөг, 10 хүртэл ч тоолж сураагүй бяцхан хүүхдүүдийг…

Ихэр эгч дүүс болох Ева, Мириам хоёрыг аав ээж болон хоёр эгчээс нь салгалаа. Ихэр охидыг Йозеф Менгеле эмч туршилтад оруулж эхэлсэн бол тэдний төрөл төрөгсдийг хорт хийгээр утаж, хөнөөснийхөө дараа цогцосыг нь шатаан үнс болгож, ойролцоох эрдэнэшишийн талбай руу цацжээ. Ийнхүү нар жаргав.

Энэ бол Аушвиц-Биркенау байсан юм. Дэлхийн хамгийн аймшигтай газар. Эргэн тойронд цахилгаан гүйдэлтэй өргөст тор, байрнууд нь морины зүчээ л гэлтэй. Өвс нь хүртэл гундуу. Чандарлах газрын яндангаас гарах эхүүн үнэр хаа сайгүй.

Зун цагт өглөөний дөрвөн цагт, өвөл шөнийн гурван цагт хүмүүсийг сэрээнэ. Хоригдлууд хар хурдаараа үсрэн босож, наараа засан, хурдхан шиг нүүр гараа угаан гарах ёстой. Гадаа гараад хэдэн цагаар ч хамаагүй номхон зогсоно. Хөдлөх л юм бол шууд л үхэл. Хоригдол дугаараа удаан хэлвэл мөн л цогцос болно. Эндээс зарим нь ажил хийхээр, нөгөө хэсэг нь өндөр, нуруулаг, сайхан эрд тооцогдох, Менгеле эмчийг зорино.

Менгеле эмч тухайн үед ердөө 33 настай байлаа, гэхдээ түүний уран төсөөлөлд хил хязгаар байсангүй. Залуу эмч одой хүмүүс болон ихрүүд дээр туршилт хийх дуртай байв. Туршилтад орж байгаа хүмүүсийг өөр хооронд нь холбон оёж, царайны өнгийг өөрчлөхөөр төрөл бүрийн химийн бодис цацдаг байлаа. Шүд, чөмгийг судална, удам дамжсан өвчний шалтгааныг хайх гэж тэр.

Хүүхдүүдийн арьсан дор зэвэрсэн хадаас, шил, төрөл бүрийн хог суулгаж, янз бүрийн эмчилгээний арга туршина. Хорт бэлдмэлийг үхлийн тунгаар тарьж, туршилтад орж буй хүмүүсийг хэрхэн үхэж байгааг тайвнаар ажигладаг байлаа. Эд эрхтнийг нь тайрна. Хүүхдүүдийг донор болгоно. Гэхдээ цуснаас нь 100-200 граммыг авчихгүй, эцсийн дусал цусыг нь шавхана. Менгеле болон бусад эмч нар амьд хүүхдүүд дээр задлан хийж, эрчүүд болон хөвгүүдэд мэдээ алдуулагч хийлгүйгээр хөнгөлж, эмэгтэйчүүдийн тэсвэр хатуужлыг шалгахын тулд тэднийг цахилгаан гүйдлээр цохиулдаг байв.

Emch
Йозеф Рудольф Менгеле бол Германы Ваффн-СС-ийн офицер, Дэлхийн хоёрдугаар дайны үед ажиллаж байсан эмч. “Үхлийн сахиусан тэнгэр” хэмээх хочтой болсон тэр Аушвиц бөөнөөр хорих лагерьт хоригдлууд дээр үхлийн туршилт хийдэг байж.

Хүмүүс өндөр температурт ямар хариу үйлдэл үзүүлэхийг туршиж, ямар температур дээр үхэж байгааг шалгадаг байв. Өндөр тунтай рентген туяагаар шарж, бэлэг эрхтнийг нь тайрна. Жирэмсэн бүсгүйчүүдийг төрүүлж, хүүхдийг эх барьсны дараахан л ус цүлхийх чимээ сонсогдоно. Ээжүүдийнх нь нүдэн дээр л нярайг торхтой ус руу чулуудаж живүүлж байгаа нь тэр. Тэр бүү хэл нярайгаар өлсгөлөн хархнуудыг хооллоно. Хамгийн хачирхалтай нь, Йозеф ийнхүү нярай хүүхдүүдийг тамлаж байхад өөрийнх нь гэрт дөнгөж төрсөн хүү Рольф нь өлгийндөө үнэгчлэн хэвтэж байдаг байв. Өөрөө нялх хүүхэдтэй ч өрөөлийн хүүхдийг огт энэрдэггүй нэгэн байж.

Хорих лагерийн тамын орчин

Хорих лагерьт төрөл бүрийн чимээ өдрийн турш сонсогдоно. Хүүхдүүд, томчууд чанга хашгирч, орилохын хэрээр лагерийн найрал хөгжим илүү чанга тоглодог байв. Хөгжимчид есдүгээр блокийн өмнө сууж, өдөрт дөрвөн удаа хөгжим тоглоно. Тэр дундаа “Радецкийн марш”, “Освенцимийн танго”-г…

Ева долоо хоног бүр таван удаа тариу тариулдаг байв. Охинд халуурах, хий юм харах шинж тэмдэг дагуулах үхлийн бактери тарьдаг байжээ. Халуун нь 40 гарна. Энэ бүхнийг харсан эмч ихэд баясан “Ямар харамсалтай хэрэг вэ. Ийм залуухнаараа үхлээ дээ. Чамд амьд байх ердөө хоёр долоо хоног л үлдлээ” хэмээдэг байв. Харин Ева гагцхүү амьд үлдэхийг л өөртөө тангаргалдаг байлаа.

Үдэш нь хоригдлууд байрандаа ирж, хэсэгхэн амсхийх завдал гарсанд баярлана. Одоо л нэг чөлөөтэй бие засах боломжтой. Учир нь тэднийг ажиллах үеэр өдөрт ердөө хоёр удаа бие засахыг зөвшөөрдөг байж. Ингээд хоригдлууд сүрлэн дээр хэвтэж нуруугаа амраах бол харгалзагчид нааш цааш явж, хөлийн ариун цэвэр шалгана.

Чөлөөлөгдсөн нь

Үхлийн лагерьт 1945 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш, гурван цагийн үед Зөвлөлтийн цэрэг орж ирэх хүртэл яргалал, тамлалт есөн сар үргэлжилжээ. Хорих газарт долоон мянга гаруй хоригдол үлдсэн байсны 700 орчим нь хүүхдүүд байв. Тэдэнд 10 хоног хоол өгөөгүй байж. Ева ч эгчийнхээ хамт золоор мэнд гарчээ.

Чөлөөлөгчид ирэх үед охид өндийн, цэргүүд тэдэнд жигнэмэг, шоколад өгсөн аж. Тэр үеэс л хойш эрх чөлөөний амт какаоны амттай салшгүй холбоотой болов. Лагерийг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргүүд үдэш нь сархад хүртэн, зугаацаж, бүжиглэж байлаа. Хүүхдүүд тэднээс зайдуу зогсон, алга ташина.

Хэсэг хугацааны дараа ихэр охинд Румынд гэртээ ирэв. Тэдний гэр танигдахын аргагүй болтлоо тоногджээ. Ингээд хэсэг хугацаанд Клуж-Напока хотхонд амьдарч байгаад Израил руу, дараа нь АНУ руу цагаачиллаа. Ингэж л тэд аймшигт тамлалтыг давж, муслимчууд буддистуудтай зэрэгцэн амьдарч, дэлхийн бүх орны хэлээр ярьдаг тайван амгалан, огт өөр ертөнцөд ирэх нь тэр.

Shoron

Ева нөхөрт гарч, хоёр хүүхэд төрүүлэн, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилд орлоо. Гэсэн ч өнгөрсөн түүх байнга бодогдоно. Нүдээ анимагц хорих лагерьт, ээлжит тарилгаа хийлгэхээр хүлээж байгаа мэт төсөөлөгдөнө. Урт хашаа, хоригдлуудыг зөөж авчирсан галт тэрэг, төмөр зам нүднийх нь өмннүүр хөвөрнө. Харин чихэнд нь нохдын хуцах дуун, “Родецкийн марш”, ээжийнх нь айж сандарсан хоолой сонсогдоно.

Олон жил хар дарж зүүдлэж байлаа. Ингээд эцсийн эцэст бусдыг уучилж, өнгөрсөн үеэ тавьж явуулах хэрэгтэйг Ева ухаарчээ. Энэ явдал бөөнөөр хорих лагерийг чөлөөлсний 50 жилийн ойн өдөр (nio.mn: 1995 он) болсон юм. Ева шүүхийн индэр дээр гарч зогсоод, хэдэнтээ гүнзгий амьсгаа авсныхаа дараа дараах үгийг хэлж байв.

“Миний эгч Мириам бид хоёр дээр аймшигтай туршилтууд хийж байсан Йозеф Менгеле болон бусад эмч нарыг уучилж байна. Тэд миний эцэг эхийг хөнөөж, гэр бүлийг минь, хүүхэд насыг минь надаас булааж, амьдралыг минь там болгон хувиргасныг нь уучилж байна”

Түүний энэ мэдүүлэг ихээхэн шуугиан тарив. Яаж уучилж чаддаг байна аа гэж олон хүн харуусаж байлаа. Харин амьдралаа хянаж, золиосын дүрээсээ гарч, өөрийгөө эрх чөлөөт хүн гэдгээр нь мэдрэх цорын ганц арга нь уучилж өршөөх гэдгийг Ева ойлгож байсан юм.

Харин хорих лагерийн ерөнхий эмч Йозеф Менгеле зугтаж, шүүхээс мултарч чадсан юм. Анхандаа Баварид нуугдан, төмсний ферм дээр ажиллаж байсан бол дараа нь Аргентинд хууль бусаар үр хөндөлт хийж мөнгө олж байгаад хожим нь Бразилд кофены суулгацын талбайд ажиллах болжээ. Гэрээсээ тун ховор гарна, гарахдаа том бүрх малгай өмсөн нүүрээ нуудаг байж. Түүний хүү Рольфын өгүүлснээр, Йозеф хийсэн гэм нүглээ хэзээ ч наминчилж байгаагүй гэнэ. Хэнд ч гай болоогүй, зөвхөн үүрэгт ажлаа л гүйцэтгэж байсан гэж хэлдэг байж.

“Үхлийн сахиусан тэнгэр”-ийг 35 жил эрэн сурвалжилсан ч үхснийх нь дараа л олжээ. Харин Ева урт удаан аз жаргалтай амьдраад, 2019 онд бие барсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img