2024-10-18, Баасан
-7 C
Ulaanbaatar

Өөрийн болон бусдын эрх чөлөөний тэмцэж, боолууд чөлөөлсөн Гарриетийн түүх

Зургадугаар сарын нэгний өдөр Өмнөд Каролинад Гарриет Табменд зориулсан дөрвөн метр өндөртэй алтан хөшөө босгосон юм. Энэ эмэгтэй бол боолчлолтой хийх тэмцэлдээ нугараагүй, гавьяа байгуулсан гэдгээрээ XIX зууны нэгэн бэлгэдэл болсон хүн. Бүр багаасаа л бусдыг аврахын тулд амь насаа эрсдэлд оруулдаг байсан түүнийг “Ард түмний Моисей” хэмээн нэрлэдэг байв. Табмен 700 гаруй боолыг чөлөөлж, Иргэний дайнд цэрэг удирдаж, амьдралынхаа эцэс хүртэл өнгөт арьст хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж байсан түүхийг Forbes сэтгүүлээс авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.

Табмены өвөг дээдсийг Африкаас хүчээр боолчлон, Америкт авчиржээ. Ингээд ирээдүйн тэмцэгч охин 1820-иод онд Мерилэндийн дорнод эрэгт, боол Бэн Росс болон Гарриет Рит Грин нарын гэр бүлд төрсөн байна. Охинд Араминта гэж нэр өгөв, товчоор бол Минти. Түүний гурван эгчийг өөр талбай руу худалдаж, бага дүүг нь ч ийм хувь заяа хүлээж байсан ч ээж нь хүчтэй эсэргүүцсэний ачаар хүү гэртээ үлдээжээ.

“Миний хүү чамд хэрэг болно. Та нар хүчээр авах гэвэл, гэр рүү орж ирсэн эхний хүний толгойг би хага цохино” хэмээн Рит эзэндээ хэлсэн аж. Ээжийнх нь энэ арга ядсан алхмыг харсан Минти эрхийнхээ төлөө тэмцэх ёстой гэдгийг ойлгуулсан аж.

Боолчлолын үед төрсөн Минти охины бага нас хүнд хөдөлмөр эрхэлж, ар гэрээсээ хагацаж, доромжлуулж, өвдөж шаналж өнгөрчээ. Тавхан настай байхад нь л Минтиг өөр айл руу асрагчаар явуулсан аж. Асарч байгаа хүүхэд нь уйлах бүрт Минти охины хүзүү рүү нь ташуурдана. Үүнээс үүдсэн сорви насан туршид нь үлдсэн гэдэг. Арай том болсон хойноо Минти газар хагалж, мод зөөдөг болов.

Минти боолын хувь заяатайгаа огтхон ч эвлэрч чаддаггүй байв, ингээд л өсвөр насандаа ирээд энэ эсэргүүцэгч зангаа гаргаж эхэлжээ. Нэгэн удаа хүнсний лангуун дээр тэр талбайгаас зугтаж яваа боолтой мөргөлдсөн аж. Хянагч нь энэ боолыг барьж авахыг охинд тушаахад Минти татгалзаж, хүүг зугтаалгахын тулд хаалга хаан, хянагчийн замыг хашиж зогсжээ. Уурссан эр лангуунаас төмөр туухай аван боол хүүгийн араас шидсэн ч хүүг биш Минтигийн толгойг онож, толгой нь хагарсан аж.

“Би цусандаа будагдчихсан, ухаангүй болсон үед намайг гэрт минь авчирсан юм билээ. Гэрт ор, хэсэг хэвтчих газар ч байгаагүй. Ингээд намайг нэхмэлийн суурь машины суудал дээр намайг орхисон, би тэндээ хоёр хоног хэвтсэн дээ” хэмээн Табмен хожим дурсаж байв.

Энэ гэмтлээсээ болоод насан туршийн толгойн өвчинтэй болов, толгой нь эргэнэ, хүчтэй өвдөнө, хэт их нойрмоглоно. Тэр хаана ч хамаагүй унтаад өгнө, ийм үед түүнийг сэрээх бараг боломжгүй. Чухамхүү тэр үеэс л тэр зөнтэй зүүд зүүдэлдэг болжээ, Библийн түүх сонсож, бурханд итгэдэг байсан охин зүүдээ зөнтэй гэж итгэдэг байв.

1844 онд Минти эрх чөлөөт иргэн болон Жон Табментай гэрлэжээ. Хэдийгээр тухайн үед энгийн иргэн боолтой гэрлэхийг хуулиар хориглодог байсан ч тэд гэрлэж, Минти нөхрийнхөө овгоор овоглох болсны дээр өөрийгөө ээжийнхээ нэрээр, Гарриет гэж нэрлэх болсон байна. Эрх чөлөөнд тэмүүлэх эхнэрийнхээ хүсэл тэмүүллийг нөхөр нь хийсвэр, гэнэн хэмээн үзэж, түүнийг шоолдог байжээ. Таван жилийн дараа Гарриетын эзэн нас барж, бүсгүй оргох төлөвлөгөө боловсруулж эхлэв. Харин нөхөр Жон нь эхнэртэйгээ зугтахаас татгалзав, түүнд Мэрилендэд амьдрахад тухтай байлаа.

Ард түмний Моисей

1849 оны есдүгээр сард Табмен Мэрилендээс хоёр эрэгтэй дүүтэйгээ зугтав. Гэсэн ч тэднийг эрэн хайна гэж айсан хөвгүүд эргээд явжээ. Харин бүсгүй ганцаараа замаа үргэлжлүүллээ. Нөхөр нь хүртэл дэмжлэг үзүүлдэг байсан боол баригчдаас зугтаахын тулд шөнөөр явж, Алтан гадас одоор зүг чигээ олж байв. Табмен 144 км зам туулаад Пенсильвани мужийн Филадельфи хот хүрчээ. Энд боолчлолыг аажмаар халах хууль тухайн үед батлагдаад байв.

“Энэ хязгаарыг давсныхаа дараа би өмнө нь байсан тэр хүн мөн гэдэгтээ итгэхийн тулд хоёр гараа харсан. Би мөн байсан. Хаа сайгүй гайхамшиг, алтан нар мод, талбайг гийгүүлж, би яг л диваажинд мэт байлаа” гэж олон жилийн дараа тэрбээр дурсжээ.

Филадельид тэрээр үйлчлэгч хийж, гэр бүлээ зугтахад нь туслахын тулд мөнгө хадгалж эхлэв. 1850-60-аад онуудад тэрээр Мэриленд рүү 13 удаа явж, ар гэрийнхнээсээ гадна 70 гаруй хүнийг боолчлолоос аварчээ. Гарриет Табмен нөхрөө ч авч явахыг хүссэн ч нөхөр нь аль хэдийнэ дахин гэрлэчихсэн, түүнтэй хамт явахыг хүсэхгүй байв.

Боолууд Табменыг Моисей гэж нэрлэдэг байлаа. Библийн зөнчтэй адил Табмен боолуудыг дагуулан газар зугтаадаг байв. Боолуудыг чөлөөлөхөд хөгжим томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдэг. «Swing Low», «Sweet Chariot» болон «Go Down Moses» дууг дуулж, хүмүүс нэгэндээ Табмен замдаа гарсан гэх мэдээг нууцаар дуулгадаг байж. Харин Табмен замд явж байхдаа аюул тулгарвал дууныхаа хэмнэлийг өөрчилж, дохио өгдөг байсан гэнэ.

Түүнчлэн Табмен араас хөөсөн хүмүүсээс өөрсдийгөө хамгаалах эсвэл эргэж буцах гэсэн боолуудыг айлгахын тулд буу авч явдаг байж.

Генерал Табмен

Табмен боолчлолыг халахын төлөө тэмцдэг байсан хүмүүсийн лидер, оюун санааны удирдагч байв. Хөдөлгөөний анхны цагаан арьст гишүүдийн нэг болох Жон Брауныг БаруунВиржиния дахь Харперс-Феррид байх зэвсгийн агуулахыг эзлэн авах төлөвлөгөө боловсруулахад нь тусалжээ. Үүнийх нь төлөө түүнийг “Генерал Табмен” хэмээн нэрлэх болсон аж. Тэдний төлөвлөснөөр, хөлснийхөн өмнөдийнхнөөс зэвсэг хулгайлж, зэвсгээ боолуудад тараах ёстой байв. Гэвч энэ бүхэн баривчилгаа, Браун цаазлуулснаар төгсжээ. 1859 онд хожим төрийн нарийн бичгийн дарга, Авраам Линкольны зөвлөх болсон, боолчлолыг халахын төлөө тэмцэгч Уильям Сьоард Табменд Нью-Йорк мужийн Оберн дэх жижигхэн газар заржээ. Хожим нь энэ хот Америк дахь боолчлолтой тэмцэх тэмцлийн голомт болсон юм.

АНУ-ын иргэний дайны эхээр Табмен хойдуудын армийн сувилагч, тогоочоор ажиллаж байсан ч удалгүй түүнийг Өмнөд Каролина руу тагнуулд явуулжээ. Бүтэн жилийн туршид тэрээр Комбаха голын эрэг дагуу байх, олон мянган боол будаа тариалдаг байсан талбайнуудын талаар мэдээлэл цуглуулжээ. 1863 оны зургадугаар сарын нэгний шөнө Табмен хурандаа Жеймс Монтгомеритэй хамт гурван хөлөг онгоцтойгоор эрэгт тулж ирэв. Тэд эрэгт ойртон ирээд шүгэлдэн дохио өгч, ингээд 756 боол чөлөөлөгчид рүүгээ гүйж очсон гэдэг.

Табмены дурссанаар, тухайн үед боолууд босож байхад эзэд нь юу ч хийж чадалгүй, боолуудыг цэргүүд хэрхэн хөлөг онгоцонд суулгаж байгааг хараад л үлдсэн гэдэг. Явган цэргүүд эндээс явахдаа тариалангийн талбай болон өмнөдүүдийн гэр орныг шатаажээ. Ингэж л Табмен Иргэний дайнд цэрэг удирдсан цорын ганц африк гаралтай америк эмэгтэй болсны дээр АНУ-ын түүхэн дэх томоохон цэргийн ажиллагаа удирдсан анхны эмэгтэй болжээ.

Ядуу зүдүү амьдрал

Хойдууд ялсны дараа Табмен Америкийн эмэгтэйчүүдэд сонгууль өгөх эрх олгохын төлөө тэмцэж, боолчлолоос чөлөөлөгдсөн хүмүүст ажил олоход нь туслаж байсан бол Оберн дэх түүний гэр ядуусын асрамжийн газар болон хувирчээ. Тэдний дунд ирээдүйн нөхөр, дайнд оролцогч Нельсон Дэвис ч байсан юм. 1869 онд тэд гэрлэж, таван жилийн дараа тэд Герти хэмээх охин үрчлэн авчээ. Мөн онд Сара Хопкинс Брэдфорд “Гарриет Табмены амьдрал” намтар зохиол гарган худалдсанаар байнгын орлогогүй байсан Табменд 1200 доллар авчирсан аж.

Үүгээрээ Гарриет Обернд том газар худалдан авч, ахмадууд болон асрах хүнгүй өнгөт арьстнуудад зориулсан эмнэлэг барьжээ. Таван жилийн дараа эмнэлэг нээгдэж, харин тухайн үед бие нь муудсан Табмен өөрөө энэ эмнэлгийнхээ өвчтөн болсон гэдэг. 1913 оны гуравдугаар сарын 10-ны өдөр тэрээр уушгины хатгалгаар нас баржээ. Хэдийгээр Табмен Америкийн нийгэм, улс төрийн амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ч төрөөс түүнийг шагнаж урамшуулах гэж яарсангүй. Иргэний дайнд оролцсоныхоо төлөө тэтгэмж авах гэж 30 гаруй жил хөөцөлдсөн ч түүнд татгалзаж байсан гэдэг. Харин найз нөхөд, нөлөө бүхий танилууд нь тусалсны ачаар 1895 онд л буюу нөхөр нь сүрьеэ өвчнөөр өнгөрснөөс зургаан жилийн дараа Иргэний дайнд оролцогчийн бэлэвсэн эхнэр гэдгээрээ тэтгэмж авдаг болжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img