2024-10-18, Баасан
-10 C
Ulaanbaatar

Фрэнсис Форд Копполa Манайх байнга нүүдэг байсан тул би 24 дунд сургууль сольж суралцсан даа

Америкийн домогт найруулагч, “Оскар”-ын шагналыг зургаа, Каннын кино наадмын “Алтан дал модны навч” шагналыг хоёр удаа хүртсэн Фрэнсис Форд Коппола 1939 оны 4-р сарын 7-нд АНУ-ын Детройт хотод төржээ. Тэрээр юуны түрүүнд мафийн тухай “Загалмайлсан эцэг” хэмээх гурвалсан кино болон Вьетнамын дайны тухай «Өнөөгийн Апокалипс» ( “Apocalypse Now”) кинонуудаараа алдаршсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг ОХУ-ын “Правила жизни” сэтгүүлээс орчуулан хүргэж байна.

-Танайх итали гаралтай гэр бүл. Итали, франц гэр бүлүүдэд багаасаа л дарс уудаг заншилтай гэж үнэн үү?

-Ухаан орсон цагаасаа л манай гэрийн ширээн дээр дарс байнга байдаг байсныг санадаг юм. Дарсыг хүүхдүүдэд ч өгнө. Бид гэхдээ дарсыг ундаатай холиод зөөллөж уудаг байлаа.

-Цагаач гэр бүлүүд нэг хотоос нөгөө рүү их нүүдэг. Танайх мөн адил уу?

-Хүүхэд байхад манайх хагас жил болсон уу, үгүй юу нүүдэг байлаа. Иймд би 24 дунд сургууль сольж суралцсан даа. Найз нөхөд ч гэж байсангүй. Нэгдүгээрт, би үргэлж шинэ сурагч болж ирнэ. Хоёрдугаарт, Фрэнсис гэх эмэгтэй маягийн нэртэй учраас. Тэр үед түүнчлэн ярьдаг луус Фрэнсисийн тухай цуврал кино их алдартай байсныг хэлэх үү.

-Та багадаа аавыгаа айхтар хуураад нэлээд сайн гөвүүлсэн гэл үү?

-Би 12 байна уу, 13 настайдаа цахилгаан холбооны газар ажилладаг байлаа. Тэгэхэд би “Paramount Pictures” кино студийн хөгжмийн хэлтсийн захирлыг Луис Липстоун гэдгийг яагаад ч юм мэддэг байж билээ. Тэгээд аавдаа, “Хүндэт ноён Коппола таныг шинэ киноны хөгжим бичихээр сонголоо. Лос Анжелест яаралтай хүрэлцэн ирнэ үү. Хүндлэн ёсолсон Луис Липстоун” гэж зохиож бичсэн цахилгаан өгсөн юм. Аав минь хичнээн их баярласан гээч! Төд удалгүй би үнэнээ хэлээд ёстой л сайн гөвүүлсэн дээ. Тэр үед хүүхдүүдийг тэлээгээр ороолгодог байлаа. Тэр гэсгээлийг хангалттай хүртсэн шүү. Гэхдээ би аавыгаа тийм утгатай цахилгаан авахыг үнэхээр их хүсдэг байсан тул тэгэхээр шийдсэн юм.

Фрэнсис Форд Коппола

-Найруулагчийн хувьд таны гол чадвар яг юу вэ?

-Надад авьяасаас илүүтэй төсөөлөл их. Би шинэ санаануудыг ёстой л талх жигнэх шиг ар араас нь гаргадаг даа. Яагаад юм бүү мэд.

Нэмж хэлэхэд, бүх юм элбэг дэлбэг, их байхад би дуртай. Хоол хийлээ гэхэд би дэндүү ихийг хийчихдэг юм.

-Киноны ертөнцөд таны хүндэлдэг, шүтэн биширдэг хүн гэвэл?

-Би жил бүр нэг кино зохиол бичдэг Вуди Аллен зэргийн хүмүүсийг биширдэг. Үнэхээр гайхалтай. Түүн шиг тийм чадвартай болохыг би үргэлж мөрөөддөг байлаа.

Ер нь киног номоос хуулбарлан хийх дэмий гэж би үздэг. Аливаа кино зохиолыг цоо шинээр бичих хэрэгтэй.

-Тэгвэл та кино зохиол бичихээ яг юунаас эхэлдэг вэ?

-Юуны түрүүнд кино зохиол бичиж эхлэх цаасан дээр он, сар, өдөр, цаг, байрлаж буй газраа бичдэг зуршилтай.

Фрэнсис Форд Коппола

Энд гэж хэлэхэд бид өөрсдөдөө итгэх итгэл тааруу улс. Зөвхөн залуучууд ч биш, зохиол бичигч бид бүгд. Ямар нэг юм бичиж дуусаад би шууд уншдаггүй. Угаасаа зохиолч хүн дөнгөж бичсэн юмаа үзэн яддаг талдаа. Харин ганц хоёр хоногийн дараа текстээ эргэн хараад, “Дажгүй шүү” гэж бодох нь бий.

-Ямар кино хийхэд содон санаа бодол их орж ирдэг вэ?

-Төсөв бага байх тусам тийм киног хэрхэн бүтээх талаар элдэв санаа бодол жинхэнэ оргилно шүү дээ.

-Та бүтээсэн кинонуудаасаа алийг нь онцлох вэ?

-“Өнөөдөр апокалипсис” маань кинонд хүмүүс юуг тэсвэрлэн өнгөрч болох тухай төсөөллийг тэлсэн гэж боддог юм.

-Тэгвэл “Загалмайлсан эцэг” киноныхоо зураг авалтын талаар дурсаж болох уу?

-“Загалмайлсан эцэг”-ийн зураг авалт эхлэхийн өмнө би жүжигчдээ нэг зоогийн газар дуудсан юм. Тэгээд ширээний голд Марлон Брандог, баруун талд нь Аль Пачиног, зүүн талд нь Жимми Кааныг суулгаж билээ. Коннигийн дүрд тоглох миний охин дүү Талиа тэдний хоолыг зөөсөн. Төд удалгүй бүгд л Марлонтой эцэгтэйгээ юм шиг харьцаж эхэлсэн дээ. Каан түүний анхаарлыг татахын тулд элдэв наргиатай зүйл ярьж, Пачино харин эсрэгээр, нэг ч үг унагахгүй дуугүй сууж, охин дүү маань байдгаараа сандарсан. Тэр үдийн зоог жүжигчдийг дүрдээ ороход нь их үүрэг гүйцэтгэсэн шүү.

Киноны төгсгөл товч бөгөөд тодорхой, уг нь. Майкл Корлеоне бусармагаар эвдэрдэг. Тийм байхад кино студи үргэлжлэлийг нь авахыг хүссэнийг би ойлгоогүй.

-Тэгээд юу болсон бэ?

-Юу болохов дээ. Үргэлжлэлийг авахаар тохиролцсон. Гол маргалдсан зүйл бол үргэлжлэлийн нэр байв. Би зүгээр л “Загалмайлсан эцэг-2” гэж нэрлэхээр шийдсэн юм. Гэтэл продюсерүүд үзэгчид ийм нэрийг хүлээн авахгүй гэж зүтгээд. Аргагүй л дээ. Тэр үед киноны үргэлжлэлийг “Хүн-чоно эргэж ирсэн нь”, эсвэл “Хүн-чонын хүү” зэргээр нэрлэдэг байлаа. Ер нь чухам “Загалмайлсан эцэг”-ээс үргэлжлэлийн нэрэнд 2, 3 зэрэг тоо тавьдаг болсон юм шүү дээ.

-Та жинхэнэ мафийн толгойлогчидтой уулзаж байв уу?

-Би зөөврийн трейлер дотроо “Загалмайлсан эцэг”-ийн хоёр билүү, гуравдугаар хэсэг дээр ажиллаж байхад үүд тогшоод, “Ноён Копполатай Жон Готти танилцахыг хүсч байна” гэсэн юм. Нью Йоркийн Гамбиногийн мафийн гэр бүлийн толгойлогч шүү дээ. Би хариуд нь, “Тэгэх боломжгүй. Би завгүй байна” гэж товчхон хариулж билээ.

Вампируудын талаар нэг яриа байдаг даа. “Вампирууд таны гэрт өөрсдөө орж ирж чаддаггүй. Тэднийг урих хэрэгтэй” гэж. Би тиймэрхүү зарчим баримталсан гэх үү дээ.

-Та баян хүн. Мөнгөнд хэр цамаан бэ?

-Би бусдын мөнгийг их болгоомжтой, аль болох хэмнэлттэй зарцуулдаг. Харин өөрийнхийгөө бол хамаагүй ээ, тоолох ч үгүй үрдэг.

-Үзэгчдийн ямар зан авир танд сонин санагддаг бол?

-Тэдний зарим нь киноны төгсгөлийн титрийг дуустал нь үзэх дуртай. Үүнийг л би гайхдаг. Аль нэг хамаатан садных нь нэр гарна гэж боддог юм байхдаа.

Фрэнсис Форд Коппола

-Тэд дунд эргэм насныхан уу?

-Заавал ч тийм биш л дээ. Гэхдээ дунд эргэм, 45 орчим настай эрчүүд, “Би амжилтад хүрч байж хүүхэдтэй болно” гэж ярихад би, “Хүүхэдтэй болчихвол харин ч амжилтад хүрнэ дээ” гэж хариулдаг юм.

-Танд хамгийн их таалагддаг магтаал гэвэл?

-Надад, “Ийм зүйл урьд өмнө үзэж байсангүй” гэж хэлэх нь дээдийн дээд магтаал.

-Та одоо яг юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Хэд наслахаар төлөвлөж байгаатайгаа аливаад хандаж байх нь чухал. Одоо би яг хийх вэ гэж үү? Арай бага амбицтай зүйл. Их амбиц бага амбицаас л ундардаг гэж боддог учраас.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img