2024-07-13, Бямба
15 C
Ulaanbaatar

Ц.Баясгалан: Яаж Эдит Пиафын амьдрал минийхтэй ойрхон байх юм бэ

Монгол Улсын гавьяат жүжигчин Цэрэндоржийн Баясгалантай уулзаж уран бүтээлийн ийм нэг яриа өрнүүлж байжээ. 1972 онд Увс аймагт төрсөн тэрээр 1990-1994 онд СУИС-д хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Гантөмөрийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөөд 1994-1997 онд ЦДБЭЧ-д, 1997 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаа билээ. Тэрбээр А.П.Чеховын “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Наталья Степановнагийн дүрээр “Мэшил” наадмын шилдэг эмэгтэй дүр, “Жүжигчид дуулж байна” уралдаанд тэргүүн байр, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Мильфордын дүрээр “Дэлхийн сонгодог жүжиг” контенпрейри урсгалд тэргүүн байр, зохиолч С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүрийн дүрээр “Гэгээн Муза-2007” наадмын шилдэг эмэгтэй гол дүр, В.Красногоровын “Солиотой жүжиг” жүжгийн Жаннагийн дүрээр “Гэгээн Муза-2010” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн алтан цомын эзнээр тодорч байсан шилдэг жүжигчин билээ. “Зүрхний улаан торгон дээрх хүний сэтгэл гэгч алтан утаст хээ юм. Жүжигчин хүн гэдэг бусдын сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлч юм” хэмээн ярих гавьяат маань дал гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амилуулжээ.

-Багш минь “Баясаа энгийн нэг цэнхэр дүрүүдэд тоглоод байх хүн биш” гэдэг сэн-

-Таныг бага байхад аав чинь үлгэр их ярьж өгдөг байсан гэж сонсч байсан юм байна. Танай удамд урлагийн хүн байна уу?

-Манай гэр бүлд урлагаар явсан хүн байхгүй л дээ. Гэхдээ би аавыгаа үнэхээр авьяастай, урлагийн хүн байжээ гэж боддог юм. Их сайхан дуулна. Аавын дуулсан дуунууд хуурцагт бичээтэй байдаг. Уртын дуу, ардын дууг гайхалтай дуулдаг, хүчтэй хоолойтой хүн байсан.

Ээж маань ч эвлэгхэн сайхан хоолойтой хүн байдаг. Дөнгөж мэдээ орж эхэлсэн цагаас аав минь бидэнд үлгэр их ярьж өгөхдөө бүх дүрдээ хувирдаг байсан болохоор кино шиг нүдэндээ төсөөлж хардаг байсан. Магадгүй энэ чанар нь намайг урлагт дурлуулсан болов уу. Эх хэлнээ гарсан дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг уншихдаа кино болгож төсөөлдөг байсан. Манай аав Гомбожавын Цэрэндорж гэж зураг, шугам зургийн багш хүн байлаа.

-Ээж нь ямар мэргэжлийн хүн билээ?

-Ээж маань орос хэлний багш. Манай гэрээр дүүрэн “Мурзылка”, “Художника время” сэтгүүлүүд байдаг байсан. Тэр сэтгүүлүүдэд дэлхийн сонгодог зураач Рембрандт ч юм уу, Шишкиний хуснуудын судалбар, Айзовскийн далайн тухай зургууд их гарна. Энэ бүхнээс урлагийн гайхамшигтай мэдрэмж авч өсч. Тэр зургуудыг хараад өмнө нь ийм амьдрал байсан байхдаа ч гэх юм уу, цаашаа ингэж өрнөх болов уу гэж их төсөөлдөг байлаа.

“Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” гэдэг зургийг хараад “Энэ хүү ямар амьдрал туулаад орон гэртээ ирсэн бол” гэж их боддог байсан. Аав, ээжийн минь бидэнд олгосон хүмүүжил намайг урлагт түлхэж өгчээ. Ээж маань одоо хүртэл намайг хүмүүжүүлсэн хэвээрээ л байгаа. (инээв. Л.Б)

Bayasgalan Tserendorj-Ээж хүн ч насан туршдаа л үр хүүхдээ хүмүүжүүлдэг юм шиг байгаа юм аа?

-Ээж маань багш хүн болохоор ч тэр юм уу сурганых нь зан үйл одоо хүртэл салж өгөхгүй шөнөжингөө л жүжгийн сургуулилтаа хийгээд ирэхэд “Та одоо хэдэн цагт орж ирж байгаа юм бэ” гээд аягүй хэцүү. “Ээж минь ээ, та намайг хангалттай хүмүүжүүлчихээд одоо ажлыг минь хийлгээч ээ. Миний нас ч гуйвж дайвахаасаа өнгөрөөд замаа олсоон” гэнэ шүү дээ.

-Та СУИС-ийн хэдэн оны төгсөгч билээ?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Уртнасан багш, тайзны ярианы багш ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Гантөмөр хоёрынхоо удирдлагад 1994 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Урлагийн зөвлөлийн дарга Тунгалаг эгчийн удирдаж байсан “Орчин үе” театрт ажиллаж байхад 1997 онд төрийн шагналт, ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж найруулагч, Зориг багш хоёр дуудаж Улсын драмын эрдмийн театртаа ирсэн дээ.

-Драмын урлагийн бурхад шахуу улс урьж авчирсныг бодоход таны авьяас тэдэнд ямар нэгэн хэмжээгээр анзаарагджээ дээ?

-Оюутан байхдаа янз бүрийн дүрд тоглож байсан. Оюутны маань хөдөлмөр багш нарт маань анзаарагдсан юм болов уу даа. Оюутан байхдаа уншиж хайсаар “Атга буудай” гэдэг зохиолыг тайзны хэсэг болгож тавьж байсан. Бас Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө” туужийг хэсэг болгож тавьж байлаа. Би чинь хөдөөний хүүхэд болохоор тэр бүрий жүжиг сайн мэдэхгүй, зөвхөн өөрөө л уншиж судалдаг байлаа. Энэ хоёр зохиол СУИС-д олон жил миний открывка (хэсэг) болгосноор явж байгаа.

Тайзны ярианы хичээл дээр А.П.Чеховын “Бэр гуйсан нь” жүжиг дээр Эрдэнэзаантай хамт ажиллаж “Мэшил” наадмын эрэгтэй, эмэгтэй шилдэг дүрийн шагналыг авч, “Сонгодог инээд” тэмцээнд оролцон тусгай байрын шагнал авч байсан. Энэ бүхэн багш нарын минь нүдэнд өртөж байсан болов уу.

Зориг багш маань “Манай Баясаа бол зүгээр нэг энгийн цэнхэр цэнхэр дүрүүдэд тоглоод байх хүн биш, төрөл төрлийн янз бүрийн араншин гаргах характерный жүжигчин” гэж үнэлдэг байсан. Хоёр багш маань театрт авчирснаас хойш маш олон жил олигтой юм хийлгүй явсан.

Bayasgalan Tserendorj-Дэлхийн болоод сонгодог жүжгүүдэд тоглочихсон том цолтой жүжигчдээс эмээж зүрхшээгээд олигтой юм хийж чадахгүй явав уу?

-Монголын үндэсний телевиз гэхэд ганцхан байлаа. Одооныхтой адил “од” болох сурталчилгаа, шоу цэнгүүн ч цөөхөн байж. Одоо манай театрт гэхэд ганцхан сарын дотор долоон жүжиг тавигдаж байна шүү дээ. Тэр үед жилд ганц жүжиг л тавьдаг байлаа. Дөнгөж орж ирсэн жүжигчин, дээр нь Жульеттад тоглохоор ховорхон хүн биш шүү дээ, би. Нэг ёсондоо боломж тэр бүр нээлттэй биш байлаа.

-Хүрд эргүүлэх боломж олдохгүй гэдэг шиг байсан юм байна шүү дээ?

-Тухайн үед тавигдаж байсан жүжгүүдийн жижигхээн дүрүүд оногддог байсан. Тэр жижиг дүрүүдээ л аль болох сайн хийчих юм сан гэж гүйдэг байлаа. 2003 он хүртэл гайгүй дүрд тоглох хүрд эргүүлэх боломж ёстой гардаггүй байсан. Хамтарч ажиллаж байсан мундаг жүжигчдээсээ маш их зүйлийг харин энэ хугацаанд суралцсан. Ганц хоёр гайгүй дүр хийчихээд амжилтад хүрчихсэн бол “арчигдаад” л арилах байсан байх.

-Тайзан дээр тэгж түр зуурын од болж гялалзаад арчигдсан түүх олон байна уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй. Өөр дээрээ л дүгнэж хэлж байгаа юм. Маш олон жилийн турш чанартай бүтээл хийх гэж суралцаж, зүтгэсэн минь миний хувь тавилан байж.

-Та түрүүн “хөдөөнөөс ирсэн оюутан” гэж байсан. Хаанахынх билээ?

-Би Увсынх. Улаангом хотын уугуул. Хоёрдугаар арван жилийн сургуулийг төгсдөг жил “Гарын таван хуруу”-гийн Шагдарын дүрээр олноо алдаршсан Лхасүрэн багш, Зориг багш хоёр маань очиж шалгалт аваад, Увсаас Иньяахүү, Эрдэнэзаан, Батнасан, бид дөрвийг авчирч байсан. Заан бид хоёр дөнгөж дунд сургуулиа төгссөн хүүхдүүд байв.

-Та олон улсын тэмцээнээс моно мюзикл жүжгийн төрлөөр гранпри авчирч байсан. “Би Эдит Пиаф байна” жүжгийн дүрээр авч байл уу?

-“Эдит Пиаф”-ын нээлтийг “Шангрила”-гийн арван долоон давхарт 100 ам.долларын такстайгаар хийж байлаа. Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс арав дахь жилийнхээ ойд олон улсын чанартай зохион байгуулсан үйл ажиллагаанд нэг хүний жүжгийн төрлөөр хэд хэдэн орноос жүжигчид оролцсон. “Эдит Пиаф” жүжгийг надад “Чи дуулдаг юм чинь” гэж санал болгосон. Найруулагч Баатар найруулж, Батбилэг эгч тайзыг нь хийж өгч байсан. Ганхуяг хөгжмийн чимэглэлийг гайхамшигтай хийж өгсөн. УДЭТ-ын менежер Нямсүрэн маань продюссорлож байлаа. Энэ жүжиг маань Косовогийн арван гурван орон оролцсон тэмцээнд оролцсон юм.

Монголын театрын урлагийнхан гадагшаа уралдаан тэмцээнд явахад олон хүний бүрэлдэхүүнтэй жүжгээр оролцоход зардал мөнгө, хэлнээс өгсүүлээд бэрхшээл их байдаг. Долоон дуу нь франц хэлээр, яриа нь монгол хэл дээр тоглогдсон. Аз болоход Эдит Пиаф жүжиг маань дэлхийд маш их түгсэн уран бүтээл юм билээ.

Шүүгчдийн нэрэмжит, шилдэг эмэгтэй, эрэгтэй дүрийн шагнал, шилдгийн шилдэг гран при шагнал гэсэн дөрвөн шагналаас бидний бүтээл гран приг нь авч байсан. Драмын урлагтаа хамгийн анхны олон улсын гран при шагнал авчирсандаа баяртай байдаг даа.

Bayasgalan Tserendorj

-Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдралтай таны амьдрал ойролцоо учраас дүрээ сайн гаргасан гэж цахим ертөнцийнхөн шуугьж байсан. Тэр дуучин амьдралдаа маш их алдаж, оносон бүсгүй гэдэг байх аа?

-Яаж Эдит Пиафын амьдрал минийхтэй ойрхон байх юм бэ, ямар аймаар юм бэ. (элгээ хөштөл инээв. Л.Б) Би чинь хоёрын хоёр сурган хүмүүжүүлэгчийн айхтар мундаг хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай, тухайн үедээ өндөр цалин хангамжтай, элбэг ханалуун амьдралтай, дүү нараа асардаг, хүнийг хайрлаж мэддэг, хайран дунд умбаж өссөн хүн. Гэтэл Пиаф чинь бүүр зоргоороо амьтан. Ээж нь төрүүлэнгүүтээ аавд нь өгөөд хаяад зугтчихсан, эмэг эх нь угжны шилний талд нь дарс, талд нь сүү хийж угжиж өсгөсөн, аавтайгаа гудамжинд дуулж өссөн хүн шүү дээ.

-Өө, хэцүү амьдралтай хүн байж?

-Хэнд ч дурлаж чаддаг, дурлалынх түүхүүдээс дуунууд нь төрж байсан, дурлалгүйгээр хэзээ ч амьдарч чаддаггүй, архинд орж байсан, хайртай хүн нь үхэж байсан, охин нь үхэж байсан эмгэнэлт хувь тавилантай хүн л дээ.

-Пээ, ёстой хэцүү амьдрал туулж…

-Тайзнаасаа бууж, тайзан дээрээ мандан бадарч байсан, хар тамхинд донтсон, эмчлүүлж эрүүлжсэн, дахин мандан бадарсан, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, эцэст нь цэл залуухан насандаа бурхан болсон ийм түүх намтартай хүн шүү дээ. Тэгэхэд би нэг л хүнийг хайрлаж, нэг л хүнээс хүүгээ төрүүлсэн тэс өөр амьдралтай хүн байгаа биз дээ.

-Тийм юм байна л даа?

-Тэр хүнээсээ хойш өдий олон жил Номунбилэг хүүгээ бөөцийлж, урлагтаа үнэнч явж ирлээ. Тэгэхээр бид хоёрын амьдрал тэнгэр газар шиг зөрүүтэй. “Ээж минь болохгүй болохгүй” гэх асуудлыг байнга тавьж ирсэн гэж би танд ярьсан даа.

-Тэгсэн тэгсэн. Та дүрдээ л сайн орсон юм байна…

-Жүжигчнийхээ хувьд дүрээ харин маш сайн судалсан нь бол үнэн.

-Эдит Пиафын долоон дуунд юуны тухай өгүүлдэг бол?

-Дэлхий нийтэд хүрчихсэн сонсголонтой сайхан дуунууд л даа. “Парисын тэнгэр доор” гэдэг дуу нь гэхэд өмнө зүг рүү галт тэргэнд явж байхдаа нэг залуугийн мөрийг санаандгүй дэрлэн зүүрмэглэж сэрээд дурласнаа яруу найрагч Раймонд Ассод ярин дуу болгуулсан байх жишээтэй.

Bayasgalan Tserendorj-Монголын драмын урлагийн нүүр царай болсон бүсгүйчүүд тантай нэг өрөөнд ажилладаг байсан. Сайхан байсан биз?

-Манай өрөө чинь “Эвтэй таван амьтан” байлаа. “Аравт” кинонд тоглодог гавьяат жүжигчин Ганцэцэг маань гайхамшигтай эмэгтэй. “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаад тоглодог Болормаа эгч маань байсан. Жүжигчин Хулан, “Орхидос” кинонд тоглодог жүжигчин Отгонцэцэг бид тавуулаа энэ өрөөнд суудаг сан. Нэгнийхээ дүрүүдэд их нөлөөлнө. Баяр ёслол, зовлон жаргалаа ч хуваалцдаг байлаа.

-Кинонд тэгтлээ нэг их тоглоод байхгүй харагддаг?

-Кинонд нэг их тоглоод байдаггүй. “Хөрш” гээд теле сериал, “Анирлагч” уран сайхны нэг кинонд тоглож байсан. Найз нөхдөө дэмжих үүднээс тоглосон хэсгүүд өөр кинонууудад бий.

“Анирлагч” кинонд байгаль эх дэлхийгээ хайрлах үзэл санаа шингэсэн аятайхан зохиолтой учраас тоглосон. Уг нь би “Ану хатан” жүжгээ хийчихээд “Ану хатан” кинонд тоглохоор зохиолчтойгоо хамтдаа санхүүжилтээ хөөцөлдөөд явж байсан юм. Тэгж байгаад дундаас нь миний “Ану хатан” болох төлөвлөгөө талаар болсон. (инээв. Л.Б) Түүнээс хойш кино гэж явсангүй.

Би ч амбийц гэдэг юмны төлөө нэг их явдаггүй хүн шүү дээ. Олны танил болъё гэвэл амархан юм биш үү. Олон цацалттай рекламанд юм уу, мөнгөний кинонд тоглочихвол олны танил болох юм билээ. Тэр миний зам биш л байлаа.

Bayasgalan Tserendorj-Та жүжигчний карьер хөөснөөсөө хойш олон шагнал хүртсэн биз?

-Жүжгийн алтан тайз, урлагийн бурханы буянаар олон сайхан шагнал хүртэж байсаан. 2007 онд “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Шүрийн дүрээр “Гэгээн Муза IV” наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал, 2011 онд “Солиотой” жүжгийн Жаннагийн дүрээр “Гэгээн Муза VIII” наадмын шилдэг эмэгтэй туслах эмэгтэй дүр, 2014 онд “Би Эдит Пиаф байна” жүжгээр Косово хотод ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын нэг хүний жүжгийн “МОНОАКТ” фестивалиас гранпри шагнал, мөн ондоо “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ Оросын “Golden Gate” фестивалиас “Хааны болор малгай” цом, 2015 онд “Чөлөөт хос” жүжгийн Антониягийн дүрээр “Гэгээн Муза XII” наадмын хөгжимт төрөл шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал, 2015 онд “Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байсан. Улсын драмын эрдмийн театрынхаа 90 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан даа.

Bayasgalan Tserendorj

МУГЖ Ц.Баясгалангийн дүр бүтээсэн тайзны уран бүтээл

  • Худалч эхнэр (1993) – Бейс
  • Тожоо жолооч (1995)- Бадам
  • Хүнд битгий хэлээрэ
  • Бэр гуйсан нь – Наталья
  • Махчин могойн байшин – Тахиа
  • Тожоо жолооч – Бурмаа
  • Худалч эхнэр – Моод
  • Худалч эхнэр – Бейсси
  • Наймаачны паян – Тогос
  • Худалч эхнэр – Кетти Матюрина
  • Буудлын авхай – Олны хэсэг
  • Тамын дурлал – Олны хэсэг
  • Хаан түүх I, II, III – Олны хэсэг
  • Ромео Жульетта – Зарц
  • Ричард ван – Олны хэсэг
  • Ижил хүйстэн – Лариса
  • Хурим – Олны хэсэг
  • Хүслийн тарамвай – Негр жаал
  • Үнсгэлжин – Олны хэсэг
  • Үнсгэлжин – Животта
  • Сарны инээд – Гөлө
  • Улаан дарвуулт хөлөг – Зарц
  • Бардам туулай – Мод, олны хэсэг
  • Цахлай – Горничная
  • Оюутан охидуудад өрөө хөлслүүлнэ – Саруул
  • Надаар тоглосон хайр – Эмч
  • Жаргах гэж дурладаг уу – Охин
  • Үгүйлэгдсэн хайр – Цэцэгээ
  • Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг – Цацрал
  • Бардам туулай – 3-р бүжин
  • Чимээгүй шөнө – Сүмэн хатан
  • Хүйтэн сэнтий – Олны хэсэг
  • Аавын хонгорхон үрс – Т/г төлөөлөгч
  • Гарваа – Үзмээ
  • Найрын ширээний ууц – Одмаа
  • Баавгай – Попова
  • Цагаан дарь эх – Өттэй нохой
  • Хар санаа хайр сэтгэл – София
  • Нүцгэн дурлал (2006) – Кларинс
  • Атга нөж – Шивэгчин, Есүй
  • Нууц амраг чинь болъё (2007) – Шүр
  • Зуны шөнийн зүүд (2000) – Титания
  • Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг (2003) Саруул
  • Садар эрийг номхотогосон нь (2003) – Гитта
  • Эрлэгийн данс (2003)
  • Жаргах гэж дурладаг уу (2003)
  • Саран хөхөө (2004) – Их үгт хүү
  • Чимээгүй шөнө (2004) – Сүмэн хатан
  • Хайрын виз (2006) – Ану
  • Чингис хаан – (2006) – Хуагчин эмгэн
  • Харц хатан – Урангоо
  • Лусын дагина – 3-р эгч, 3-р шувуу
  • Эдип – Шивэгчин
  • Нэргүй од – Эленора Зенпиреску
  • Парисийн дарь эхийн сүм – Флер де Лис, Розина
  • Эхнэрээ зээлээч – Жавзан
  • Шар тэнгисийн тарчлаан – Сарнай
  • Хайрын виз – Ану
  • Бардам туулай – Эмэгчин туулай
  • Солиотой жүжиг – Жанна Колоколчикова
  • Оролмаа эх – Дэлгэр
  • Ану хатан – Ану хатан
  • Эсрэг дурлал – 2-р шивэгчин
  • Би Эдит Пиаф байна – Эдит Пиаф
  • Домогт Ану хатан (2011) – Ану хатан
  • Кихот ноён (2013) – Даамал хатагтай
  • Солиотой (2014) – Колокольчикова
  • Чөлөөт хос (2014) – Антония
  • Би эндээс явахгүй (2017) жүжгийн Дэжид
  • Бүсгүйн зурвас (2018) – Эрхлэгч
  • Надтай үлдээч (2019) – Цэцгээ
  • Анна Каренина (2020) – Олны хэсэг
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img