2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Туркийн иргэд “барилгын өршөөл”-ийг шүүмжилж байна

Туркэд зохих дүрэм журмыг баримтлалгүй чанаргүй барьсан олон барилга газар хөдлөлтийн үеэр нурж унан мянга мянган хүний аминд хүрсэнд дургүйцэх явдал газар авч буй тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

Ганцхан жишээ дурдахад, Искендерун хотод 2019 онд ашиглалтад орсон орон сууцны барилгыг тухайн үед нийгмийн сүлжээгээр, “Хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн стандартын дагуу дээд зэргийн материал ашиглан чанартай барьсан” хэмээн өргөн цар хүрээтэй сурталчилж байжээ.

Гэтэл тус барилга өнгөрсөн газар хөдлөлтөөр бараг тэр чигтээ нурж унажээ  Мэргэжлийн шинжээчдийн үзэж буйгаар, саяын газар хөдлөлт хэдий хүчтэй байсан ч бүх дүрэм журмыг сахиж барьсан аливаа барилга тэсвэрлэж чадах ёстой байжээ. Лондоны их сургуулийн коллежийн онц байдлын төлөвлөлт, менежментийн профессор Дэвид Александер хэлэхдээ, “Туркэд болсон газар хөдлөлт хөнөөлд хүргэх хэмжээний хүчтэй байсан. Гэвч стандартын дагуу зөв барьсан барилгууд нурах учиргүй юм. Иймд байшин барилгууд олон зуугаараа нурж унасан нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барилга барих онцгой дүрэм журмыг ноцтой зөрчих явдал газар авсныг харуулж байна” гэжээ.

Уг нь Туркэд 1999 онд 17 мянган хүний аминд хүрсэн аймшигт газар хөдлөлтийн дараахнаас барилгын хатуу стандартыг батлан мөрдөж эхэлжээ. Тэрхүү стандартын дагуу газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барилга барихад ган арматураар бэхжүүлсэн дээд зэргийн чанартай бетон ашиглаж, багана болон дам нуруунуудыг чичирхийллийг хамгийн үр дүнтэй шингээхүйц байрлуулах ёстой аж. Гэвч энэхүү дүрэм журмыг ягштал биелүүлдэггүй юм байна. Үүнээс гадна Туркийн Засгийн газар 1960-аад оноос эхлэн хэд хэдэн удаа (хамгийн сүүлд 2018 онд) аюулгүй байдлын сертификатгүй барилга барьсан торгуулиас чөлөөлөх “барилгын өршөөл” гээч арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Засгийн газрыг шүүмжлэгчид ийм өршөөл үзүүлэх нь хүчтэй газар хөдлөлтийн үеэр сүйрэлд хүргэхийг удаа дараа анхааруулсаар ирсэн аж. Энэ оны эхээр тус улсын нэр хүндтэй геологич Желал Сенгор мэдэгдэхдээ, тектоник хавтангийн хагарлуудаар бүрэн сийчүүлсэн хөрсөн дээр орших улс оронд ийм барилгын өршөөл үзүүлэх нь ноцтой гэмт хэрэг гэж байсан билээ. Туркийн Инженерүүдийн холбоо, Архитекторуудын холбооны Стамбул дахь салбарын тэргүүн Пелин Пинар Гиритлиоглугийн хэлснээр, хэдхэн хоногийн өмнө газар хөдлөлтөд нэрвэгдсэн тус улсын өмнөд хэсэгт 75 мянган барилга барьсан компаниуд тийм өршөөлд хамрагдаж байжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img